Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1469

 

Хэргийн индекс: 135/2016/00466/и


Дархан-УулаймгийнСумдундынИргэнийхэргийнанханшатнышүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг,  Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, *** тоотод оршин суух, Т*** С*** /регистрийн дугаар ***/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, *** тоотод байрлах  “*** ” ХХК, 

Хариуцагч: *** албанд холбогдох 

“Байрны дээврийг стандартын дагуу засварлуулах, 1,920,234 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч *** ХХК-ний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч *** албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** , иргэдийн төлөөлөгч А.Б*** , нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:
“...*** алба, *** т ХХК нарын хооронд гэрээ байгуулагдаж Дархан сумын 8 дугаар баг 10 дугаар байрны дээврийг засварласан. Дээрх дээврийн засварын ажлыг *** ХХК нь хийснээс хойш манай гэр лүү дээврээс  ус ихээр алдах болсон. Иймд дээрх дээврийн ажлыг дахин хийлгүүлэхээр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. *** ХХК нь дээврийн ажлыг дутуу хийсны улмаас Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол *** тоот байрны дээврээс удаа дараалан ус гоожиж тааз, хоёр өрөөний ханы обой болон цахилгааны иж бүрэн монтаж шатаж гэмтсэн эвдрэлийг сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэлгээг мэргэжлийн эрх бүхий байгууллагын мэргэшсэн төсөвчин С.Алтангэрэлийн гаргасан барилгын ажлын засварын төсөв 1,238,086 төгрөг, *** тоот орон сууцны дотор гэрэлтүүлгийн засварын ажлын төсөв 682,148 төгрөг, нийт 1,920,234 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч *** ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
“...2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *** албаны дарга Х.Б***с 10 дугаар байрны 1,2-р блокт цанталтаас ус гоожиж байна уу, дээврээс ус гоожиж байна уу гэдэгт дүгнэлт гаргуулах шаардлагатайг иргэн Ч.С*** д*** тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас ***тоот дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтэд “Хар цаасан дээвэр ашиглалтын шаардлага хангаагүйгээс, мөн зоорийн давхарт ус уурны алдагдал их байгаагаас цанталт үүсэж 29 тоот сууцны таазаар ус нэвтэрч байна” гэж дүгнэгдсэн байдаг.
2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *** даргын тамгын газраас орон сууц барилгуудын дээврийн засварын ажил гүйцэтгүүлэх тендер зарлагдсан. Энэ тендерт уг 10 дугаар байрны дээврийн засварын ажил орсон байсан бөгөөд уг ажлыг манай компани хийж гүйцэтгэхээр шалгарсны дагуу *** дарга Г.Э***тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтанд өгсөн байгаа.
2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оршин суугч Ч*** гээс гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч иргэн Ч*** г өөрийг нь байлцуулан уг байрны дээврийн төлөв байдалд төлөвлөгөөт бус шалгалтыг хийж 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот дүгнэлтийг гаргасан байна. Уг дүгнэлтийн 3-т “10 дугаар байрны зоорийн давхрын ус, уурны алдагдал их байгаагаас цанталт үүссэн” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл дүгнэлтээр ус гоожсон байна гэж гараагүй, зөвхөн зоорийн давхрын ус, уурын алдагдал их байгаагаас гэж дүгнэсэн байгаа.
Түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *** албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Р*** ээс 10 дугаар байрны СӨХ-ийн дарга н.С*** д хүргүүлсэн 03/37 албан тоотод “*** тоот иргэн Ч.С*** ы байрны дээврээс ус гоожиж байгааг ГХБХБГ-ийн мэргэжилтэн болон байрны удирдах зөвлөлийг байлцуулан үзлэг шалгалтыг хийхэд “гадны уур цохилтоос хамааран байранд ус гоожиж байгаа...”-д засварыг СӨХ-ийн болон иргэний хөрөнгийн оролцоотойгоор хийж гүйцэтгэхийг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл манай компани гүйцэтгэсэн дээврийн засварын ажлаас шалтгаалаагүйг 03/37 албан тоотоос харж болно.
Хэдий ийм боловч миний зүгээс 2016 оны хавар 4 дүгээр сард орсон хур тундас, борооны дараа 2 удаа уг байрны дээврийг үзэж шалгахад дээврээс ус гоожиж байгаа байдал байхгүй байсан. Харин 2 блокын дундах завсраар зоорийн давхрын ус уурны алдагдал их байгаа нь харагдаж байсан. 
Дээрх мэргэжлийн хяналтын байгууллага, *** алба уг байрны удирдах зөвлөлөөс хийсэн дүгнэлтүүдэд *** тоотын дээврээс гоожиж байгаа нь дээврээс бус зөвхөн  зоорийн давхрын ус, уурны их алдагдлаас шалтгаалж байгаа нотолж байгаа юм.
Иймд иргэн Ч.С*** ы манай компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байгаа болно. Тэгээд ч байрилгын тухай хуулиар гүйцэтгэгч байгууллага нь ашиглалтанд өгснөөс хойшхи 3 жилийн доторх засвар үйлчилгээг хариуцдаг” гэжээ.
 Хариуцагч *** алба шүүхэд гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 10 дугаар байрны дээврийн засварын ажилд *** ХХК нь 2012 онд дээврийн засварын ажлыг гүйцэтгэсэн байдаг. Тус засварын ажилд СӨХ, иргэд, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж улсын комисс хүлээн авч акт үйлддэг. Иргэн Ч.С*** манай 2015 онд гомдол гарган ирүүлж байсны дагуу СӨХ-нд үүрэг өгч цанталтаас үүссэн гэмтлийг засуулж байсан. Монгол Улсын сууц өмчлөлийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “...дээвэр...” орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу СӨХ нь хариуцан засварын ажлыг гүйцэтгэх ёстой. Иймд иргэн Ч.С*** ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ч.С*** нь хариуцагч “Бодь бурхан” ХХК, *** албанд холбогдуулан “Байрны дээврийг стандартын дагуу засварлуулах, 1,920,234 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар 

*** даргын тамгын газар нь Орон сууцны барилгуудын дээврийн засварын ажил /*** багц 3 /-ыг гүйцэтгүүлэхээр тендер зарласан бөгөөд тендерт шалгарсан *** ХХК-тай *** дарга 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны барилгуудын дээврийн засварын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. 
Дээрх гэрээний дагуу хийгдэх засварын ажил тоо хэмжээ /*** багц3/-д Хишиг өргөө СӨХолбоотой  Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 10 дугаар байрны 1, 2 дугаар блокын дээврийн засварын ажилд хийгдэхээр заасан учир *** ХХК нь уг байрны дээврийн засварын ажлыг хийсэн болох нь хэрэгт авагдсан Орон сууцны барилгуудын дээврийн засварын ажлыг гүйцэтгэх гэрээ, Ажлын тоо хэмжээ /хх-146-152/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1285 дугаартай шийдвэр болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 
*** алба нь *** ХХК-ний хөрөнгө хүчээр дээврийг дахин засварлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1285 дугаартай шийдвэрээр “...Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-ыг Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын ёотонгийн 1, 2, 7 дугаар байр, микрийн 10, 11, 12, 13, 14, 16 дугаар байр, Дархан сумын 13 дугаар баг 30, 31, 25, 26, 27, 28, 32, 22 дугаар байрны дээврийн засварын ажлыг өөрийн хөрөнгө, хүчээр хийж гүйцэтгэхийг даалгаж...” шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Цэвэлравжаагийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10-07-026/43 тоот дүгнэлтээр “...Засварын ажлыг технологийн дагуу БНБД, стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн бол ус гоожихгүй. Дотуур ус буулгагчийн шүүрийг хийлгүй орхисон, парапетны төмөр дутуу, дээврийн налуу /хэвийн/ ус тунахааргүйгээр гаргаагүй байдлаар засварласны дараа ус гоожих нөхцөл бүрднэ. Жишээлбэл: Дотуур ус буулгагчийн шүүрийг хийлгүй орхисноос хог шороо орж бөглөрсөн дээвэр дээр их хэмжээний ус цугларч люкээр доош буудаг...” гэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5489 дугаар захирамжаар томилогдсон шинжээч “Арлын ам” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан дүгнэлтдээ “...Уг барилга нь дээврийн ажил чанаргүй хийснээс болж дээврээс ус алдсаны улмаас барилгын хана тааз булан цонхны хэсгээр ус алдсан обой халтартсан, гэрэлтүүлгийн монтаж буудсан гэрэл разетка асахгүй болсон байна. ...1,993,561 төгрөг болохыг тодорхойлов” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.С*** нь шүүх хуралдаанд “...*** ” ХХК нь 2012 онд манай 10 дугаар байрны дээврийн засварын ажлыг муу, чанаргүй хийсний улмаас дээврээс ус алдаж, миний амьдарч байгаа орон сууцны цахилгааны монтаж шатсан, ханын обой, тааз муудсан. Иймд миний хохирол болох 1,920,234 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулахаар шаардлага гаргаж байна. 2012 оноос хойш дахин засвар хийгээгүй, дутагдлаа арилгаагүй учир дээврийн засварын ажлыг стандартын дагуу хийлгэх шаардлагыг хариуцагч аймгийн *** алба, *** ХХК-нд холбогдуулан гаргаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор  учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хоручруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адилнэр, төрөл, чанарын эд хөрөнгөө, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.С*** нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. 
Хариуцагч “*** ” ХХК нь Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу 2012 онд Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 10 дугаар байрны дээврийн засварын ажлыг хийсэн боловч тэрээр засварын ажлыг чанар муутай, технологийн дагуу БНБД, стандартад нийцүүлэн гүйцэтгээгүй, засварын ажил хийснээс хойш дээврээс ус гоождог байдал хэвээр үргэлжилж байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1285 дугаартай шийдвэр, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Цэвэлравжаагийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***тоот дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул хариуцагч “*** ” ХХК нь дээврийн ажлыг зохих ёсоор хийгээгүйн улмаас Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол *** тоот орон сууцанд дээврээс ус гоожиж хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс томилсон шинжээч “***” ХХК нь 1,993,561 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч Ч.С*** нь хохирол төлбөрт 1,920,234 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул хариуцагч “*** ХХК-иас 1,920,234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С*** д олгох зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.С*** нь Дархан сумын 8 дугаар 10 дугаар байрны дээврийн ажлыг дахин хийлгүүлэх шаардлага гаргасан боловч дээрх шаардлагыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1285 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *** ХХК-иас 1,920,234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С*** д олгож, нэхэмжлэлийн хариуцагч *** алба, *** ХХК нарт холбогдох байрны дээврийн ажлыг дахин хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,874 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.С*** д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     З.ТУНГАЛАГМАА

           ШҮҮГЧИД                     Д.АЛТАНТУЯА

                                Д.ОЮУНДАРЬ