| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0556/Э |
| Дугаар | 0200 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0200
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч М.Сүхчулуун /томилолтоор/,
шүүгдэгч З.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З....д холбогдох эрүүгийн 1808 03164 0436 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, ...тоотод оршин суух,
урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 240 дугаар тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэдсэн.
Боржигон Дамбий овгийн ...ын ... /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч З.... нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны ...ын аман дахь иргэн Н....ын эзэмшлийн зуслангийн газрын хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б....эй маргалдан, улмаар бугалга, гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүзний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр буюу хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх10/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-17/Хохирогч Б....ийн мэдүүлэг /хх27-28/, гэрч Н....ын мэдүүлэг /хх53-55/, гэрч Н....н мэдүүлэг /хх61-62/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх31/, гэрч Н....ын мэдүүлэг /хх63-64/ болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртой холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарласан, хассан зөрчилгүй байх тул хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг. Шүүгдэгч З....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баруун салаанд хутаглуулсан хүн байна...” тэмдэглэл /хх10/
2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-17/
3. Хохирогч Б....ийн “... Би 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ..., ...ийн хамт баруун салаанд байдаг ...ын зуслангийн байшинд очсон... ..., ..., ... бид дөрөв 0.75 литрийн архиа байшингийн сүүдэрт хувааж уусан. ... надад ... намайг ийм болтол зоддог гээд духан дээрх сорвио надад үзүүлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүнд гар хүрдэг хүн муухай байдаг юм, би хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрдэггүй гэж ...д хэлсэн. Тэгээд бидний яриа дуусаад гадаа сэрүүхэнд унтах гэж байтал ... намайг хутгалсан. Би тухайн үед хүнтэй маргаагүй. ... бид хоёрын дунд өс хонзон байхгүй. ... миний баруун суганд 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 2 удаа, зүүн өгзгөнд 1 удаа тус тус хутгалсан...” гэх мэдүүлэг /хх27-29/
4. Гэрч Н....ын “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ... бид нарыг хамтдаа зусланд очъё, намайг тариа хийж өг гээд бид нар хамтдаа ...ын амны зуслангийн байшинд очсон. Бид нарыг очиход нэг залуу байсан. Тэр залууг ... манай нөхөр гэж байсан. ..., ..., ... бид 3 хамт архи уусан. Намайг байшинд юм хийгээд байж байхад гадаа орилолдсон чимээ гарсан. Би гараад хартал ... газар хэвтчихсэн байсан. ...аас юу болчихвоо гэтэл манай нөхөр хутгалчихлаа гэсэн. ... гэх залуу нь хашаанаас гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх53-55/
5. Гэрч Н....гийн “...... надад хэлэхдээ зуслангийн байшингийн гадаа зүгээр хэвтэж байсан чинь ... гэх залуу ямар ч шалтгаангүйгээр шууд намайг хутгалсан гэж хэлсэн. ... гэх залуутай чи маргалдсан юм уу гэж асуусан чинь үгүй, ерөөсөө маргалдаагүй гэж хэлсэн. ...ын баруун суга хавьцаа, зүүн гарын дотор булчинд, бөгс зэрэг газар нь хутгалсан юм шиг аймар болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх61-62/
6. Гэрч Н....ын “...Бид 3-ыг ирэхэд өмнө нь хамтран амьдарч байсан ... ирчихсэн байсан. Бид 3 очихдоо нэг шил архи авч очсон. Дахиж нэг шил архи авч уусан. ... ... бид 3 байж байхад ..., ... 2 ямар ч шалтгаангүй хоорондоо маргалдаад эхэлсэн. Нэг харсан чинь ... ах ...ыг бариад авсан байсан. ... нь гартаа хар өнгийн иштэй жижиг хутга барьчихсан байж байгаад шууд бие рүү нь хутгалсан. Би яг хаашаа хутгалсныг хараагүй. ... ах унаад өгсөн. Тэгээд хартал баруун суга, бөгсөн дээр нь хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх63-64/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8511 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ц....ийн биед цээжний баруун хэсгийн хутгалагдаж уутлагдсан шарх, зүүн бугалганд нэвт хатгагдсан шарх, зүүн гуянд гүн хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх31-32/
8. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Б.Цуубилэгийн цээжний баруун хэсгийн хутгалагдаж уутлагдсан шарх, зүүн буглаганд нэвт хатгагдсан шарх, зүүн гуянд хутгалагдсан шарх бүхий гэмтэлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн үед эмнэлэгт хэвтэрийн байдалтай байсан, өвчтөний түүх дээр өгзөгөнд хутгалагдсан шарх гэж дурьдаагүй байсан тул би дүгнэлтээ гаргасан...” гэх мэдүүлэг /хх51-52/
9. З....ын яллагдагчаар өгсөн “...... намайг чи яагаад эхнэрээ хардаад байдаг юм бэ, өмнө нь гар хүрж байсан байна чи гэхээр нь би уурлаад гэр рүү ороод гэрийн хар иштэй хутгыг авч гараад ...ийн эхлээд баруун суга руу хутгаараа хатгасан. ... сэрээд хутга авах гээд ноцолдож байхдаа хутганы ирэнд зүүн гарын шуугаа зүсчихсэн. Тэгээд өндийхөд нь би 2 өгзгөнд днь хутгаараа дахиж хатгачихаад хутгаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх122-123/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч З....:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, шүүх хуралдаанд оролцсон болно.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтаас шүүгдэгч З.... нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны ...ын аман дахь иргэн Н....ын эзэмшлийн зуслангийн газрын хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан /эмэгтэй хүнд гар хүрдэг гэж хэллээ гэж/ хохирогч Б....ийг хэвтэж байхад түүний цээж, бугалга, гуя, өгзөг тус газар нь хутгалсан болох нь хохирогчийн “...Тэгээд бидний яриа дуусаад гадаа сэрүүхэнд унтах гэж байтал ... намайг хутгалсан. ...миний баруун суганд 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 2 удаа, зүүн өгзгөнд 1 удаа тус тус хутгалсан...” гэх мэдүүлэг, гэрч Н....ын “...Намайг байшинд юм хийгээд байж байхад гадаа орилолдсон чимээ гарсан. Би гараад хартал ... газар хэвтчихсэн байсан. ...аас юу болчихвоо гэтэл манай нөхөр хутгалчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н....ын “......, ... 2 ямар ч шалтгаангүй хоорондоо маргалдаад эхэлсэн. Нэг харсан чинь ... ах ...ыг бариад авсан байсан. ... нь гартаа хар өнгийн иштэй жижиг хутга барьчихсан байж байгаад шууд бие рүү нь хутгалсан. Би яг хаашаа хутгалсныг хараагүй. ... ах унаад өгсөн. Тэгээд хартал баруун суга, бөгсөн дээр нь хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хутга хэрэглэн хохирогчид хор уршигийг зориуд учруулсан гэж үзэх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Ц....ийн эрүүл мэндэд “...цээжний баруун хэсгийн хутгалагдаж уутлагдсан шарх, зүүн бугалганд нэвт хатгагдсан шарх, зүүн гуянд гүн хутгалагдсан...” шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8511 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн биед хэрэг учрал болсон цаг хугацаанд гэмтэл учирсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хутга /зэвсэг/ хэрэглэн хохирогчид гэмтэл учруулахдаа түүний биед олон тооны шарх гэмтэлийг зориуд учруулж, шаналал зовиур үүсгэсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул улсын яллагчаас онц харгис хэрцгийгээр гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч З....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Хохирогч Б.... нь эрүүл мэндтэй холбоотойгоор эмчилгээний зардалд 280.000 төгрөг баримтаар нэхэмжилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 610.000 төгрөг хохирогчид төлсөн гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан хохирогчийн гараар бичсэн өргөдөлд шүүгдэгчээс 350.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан тухай дурдсан байх тул тус өргөдлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч З....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээс хохирол төлбөр төлөгдсөн байх тул шүүгдэгч З....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч З....ын хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд олон тооны шарх, гэмтэл бүхий хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай, шүүхийн шатнаас оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...”, 2 дах хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З....д холбогдох эрүүгийн 1808 03164 0636 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүүгдэгч нь шүүхийн шатнаас оргон зайлсан тул 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1349 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн болно.
Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч З....ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0461 дүгээр хорих ангийн цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байх тул тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 418 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болохыг дурьдаж байна.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь “2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр” болох нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон, дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, даавуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комистт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З....ын цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг торгох ялын 8 цагаар тооцон шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох буюу 264 цагийг хасч тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З....ыг 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З....ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжээр тооцон шүүхээс оногдуулсан торгох ялаас 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг хасч, торгох ялыг 895.000 /найман зуун ерэн тав мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, даавууг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР