Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01105

 

ВАТТ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02503 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00039 дүгээр магадлалтай,

ВАТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

БОМ ХХК-д холбогдох,

Түрээсийн үлдэгдэл төлбөр 3.911.158.495,29 төгрөг, алданги 1.955.579.247,65 төгрөг, нийт 5.866.737.742,94 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, түрээсээр худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу төлсөн 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, О.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ВАТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: БОМ ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр RPO15/02-02 тоот, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот түрээсийн гэрээг тус тус байгуулж, сериал дугаартай 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг нэг сарын хугацаатай түрээслүүлсэн. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр тус бүр нэг сарын 773E (KEG00146) 50.000.000 төгрөг, 773E (KEG00129) 50.000.000 төгрөг, 385C (KGB00422) 72.000.000 төгрөг, 773E (KEG00266) 50.000.000 төгрөг, 336DL (KKT01064) 18.676.350 төгрөг, 980H (KZL00665) 26.045.250 төгрөг, 773E (KEG00165) 50.000.000 төгрөг, 773E (KEG00167) 50.000.000 төгрөг, 773E (KEG00174) 50.000.000 төгрөг /НӨАТ ороогүй/ байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7.4-д заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Манай компани түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл, хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удсан. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 60 гаруй нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд түрээсийн төлбөр болон сэлбэг, засвар үйлчилгээ нийт 3.911.158.495,29 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 7.4-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон тул түрээсийн гэрээний дагуу алданги төлөх үндэслэлтэй. Иймд түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл 3.911.158.495,29 төгрөг, алданги 1.955.579.247,65 төгрөг, нийт 5.866.737.742,94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БОМ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компанийн оноосон нэр БОМ ХХК бөгөөд тус нэхэмжлэлд заасан Болор оргил майнс ХХК биш болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна. Түүнчлэн манай компаниас худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах зорилго техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах учраас түрээсээс худалдах гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийг төөрөгдүүлэн тухайн гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч БОМ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Манай компани нь ВАТТ ХХК-тай түрээсээс худалдах гэрээ байгуулж нийт 9 ширхэг машин механизм тоног төхөөрөмжүүдийг тус бүрийг нь өөр өөр үнээр сар бүр тодорхой хуваарийн дагуу урьдчилгаа үнэ төлөхөөр тохиролцсон. Манай компаниас уг автомашинуудыг худалдан авах сонирхолтой байсан боловч урьдчилгаа нэг дор бөөнөөр төлөх боломжгүй байсан. Машины урьдчилгаанд төлөх төлбөрийн хэмжээ тухайн машины үндсэн үнийн 15-30 хувь байдаг. Гэтэл энэ байдлыг ВАТТ ХХК ашиглан дээрх түрээсээс худалдан авах гэрээнүүдийг байгуулах санал тавьсан бөгөөд тайлбарлахдаа түрээсийн гэрээнүүд нь ерөнхийдөө танай компани урьдчилгаанд төлөх мөнгөө техник тоног төхөөрөмжөө ашиглан бүрдүүлж байгаа хэлбэр, хугацааны эцэст танай түрээсэнд төлсөн мөнгийг тоног төхөөрөмжийг худалдах үнийн дүнгээс хасаад танай байгууллагатай лизингийн гэрээ байгуулна гэж ойлгуулан дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулсан. Бид тэдний хэлснээр дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар урьдчилгаа мөнгөө төлж байна гэж ойлгож байсан. ВАТТ ХХК тоног төхөөрөмжүүдийг манай уурхайн талбайгаас хүчээр авч, шүүхэд нэхэмжлэл гаргахад хууртсанаа ойлгосон. Хэрвээ бид худалдан авах сонирхолгүй байсан бол хэзээ ч ийм өндөр түрээс төлж дээрх гэрээг байгуулахгүй байсан. Иймд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн RPO15/02-02 тоот, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн RPO15/03-01 тоот, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн RPO15/05-03 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн RPO15/08-06 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн RPO15/08-07 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн RPO15/09-06 тоот түрээсээс худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн дээрх түрээсээс худалдах гэрээний дагуу буюу бидний хувьд худалдан авч буй машин механизмын үнийн урьдчилгаанд төлсөн 773E (KEG00146) 415.320.842 төгрөг, 773E (KEG00129) 376.354.417 төгрөг, 385C (KGB00422) 595.772.229 төгрөг, 773E (KEG00266) 272.973.319 төгрөг, 336DL (KKT01064) 81.503.142 төгрөг, 980H (KZL00665) 88.549.050 төгрөг, 773E (KEG00165) 68.343.268 төгрөг, нийт 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ВАТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: 2015 онд талуудын хооронд 6 ширхэг түрээсээс худалдах гэрээ бичгээр байгуулан тус гэрээнүүдийн нөхцөл, хугацаа, төлбөр, эрх үүрэг хариуцлагыг харилцан тодорхойлсон байдаг. Тус гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч 9 ширхэг техник тоног төхөөрөмжийг хариуцагчид нэг жил буюу 12 сарын хугацаатай түрээслүүлсэн бөгөөд гэрээнд тохиролцсон түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслэгч БОМ ХХК тухайн техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд худалдах, худалдан авах эсхүл лизингийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгчийн төлсөн түрээсийг төлбөрүүдийг тоног төхөөрөмжийн үнээс хасаж тооцохоор талууд харилцан тохиролцсон. Гэтэл БОМ ХХК нь гэрээний үүргээ зөрчин түрээсийн төлбөрүүдийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүйгээс гадна гэрээгээр тохиролцсон хугацаанд тоног төхөөрөмжүүдийг худалдан авах болон лизингийн гэрээ байгуулаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас харахад хариуцагч нь хугацааны эцэст тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд түрээсэнд шилжүүлсэн төлбөрүүдийг тоног төхөөрөмжүүдийн үнийн урьдчилгаанд тооцохоор заасныг зөв ойлгосон буюу ямар нэгэн байдлаар төөрөгдөөгүй нь илэрхий байна. Манай компани тоног төхөөрөмж худалдан авах бэлэн мөнгөгүй аж ахуйн нэгжүүдтэй түрээсээс худалдан авах гэрээг байгуулснаар түрээслэгч нь 12 сарын турш тоног төхөөрөмжүүдийг түрээсээр ашиглаж, улмаар энэ хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдээ худалдан авах эсхүл лизингийн гэрээгээр өөрийн болгохдоо түрээсэнд төлсөн төлбөрөө худалдах үнээс хасуулан тооцуулах нэн таатай нөхцөл бий болгож байгаа. Дээрх түрээсээс худалдах тухай 6 ширхэг гэрээнүүд нь дээрх шинжийг огт агуулаагүйн дээр урьдчилан санамж бичиг үйлдсний үндсэн дээр байгуулагдсан. Хэлцэл хийх зорилгоор хуурч мэхэлж хийсэн хэлцэл нь аль нэг талын хууран мэхлэх субъектив санаа зорилгоор үүдэлтэй байх учиртай байтал энэхүү гэрээн дээр талуудын санаа, хүсэл зорилго нэгдмэл байгаа нь байгуулсан гэрээ, солилцсон албан бичгүүд, санхүүгийн баримтууд зэргээр нотлогдож байна. Түрээслэгч нь түрээсийн төлбөрт төлж байсан төлбөрүүдээ урьдчилгаанд төлсөн гэж худал бичжээ. Хэрэгт авагдсан тус компаний 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/65 тоот, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/33 тоот албан бичгүүдээр түрээсийн төлбөр төлж байснаа хүлээн зөвшөөрч, илэрхийлж байсан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн урьдчилгаа авах, өгөх асуудал үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02503 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч БОМ ХХК-иас 5.866.737.742,94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ВАТТ ХХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эдгээр гэрээнүүдийн дагуу төлсөн 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах тухай БОМ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.491.638,71 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч БОМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29.491.638,71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ВАТТ ХХК-д буцаан олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.801.000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5.360.246 төгрөгийг хариуцагч БОМ ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00039 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.073.232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...БОМ ХХК-ийн эрх зүйн харилцаанд орсон үндсэн хүсэл зориг нь техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах зорилготой байсан. Хэрэв манай компани дээрх техник тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан бол манай компаний өмч болох байсан нь хэнд ч ойлгомжтой. Энэ нөхцөл байдлаас үзвэл дээрх 6 гэрээ нь түрээсийн гэсэн нэртэй боловч агуулгын хувьд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг зохицуулж байсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буюу хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл гэрээний нэр “Тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах” гэрээ, түрээсийн төлбөр гэж нэрлээд байгаа төлбөр нь тоног төхөөрөмжийн өнөөдрийн зах зээлийн үнээс хасагдах төлбөр буюу хариуцагчид урьдчилгаа төлбөр гэж ойлгуулан түүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөөр байхад гэрээний агуулга, эрх зүйн харилцааг зөв дүгнэлгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн гэрээ гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хариуцагчийн хэрэгцээ шаардлагад дөрөөлөн хууран мэхэлж өөрт ашигтай гэрээг байгуулан асар их хэмжээний ашиг олсон гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэгт авагдсан 6 ширхэг харилцан ойлголцлын санамж бичигт талууд техникийн худалдан авах үнийг тохиролцсон байх бөгөөд энэ нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцсон хэлцэл байх тул анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Үүнээс гадна 6 ширхэг гэрээний 2 дахь хуудас буюу тусгай нөхцөлүүд гэсэн хэсэгт 1 хувийн хүү тооцсон байгаагаас үзвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Дээрхээс үзвэл талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээний зорилго, агуулга нь тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах зорилготой худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа болох нь тодорхой байна.

Зохигчид нийт 6 гэрээний дагуу 9 тоног төхөөрөмж түрээсээс худалдах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн 2017.06.14-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад гэрээ тус бүрийн төлбөр тооцоо, алданги, хугацааг тодорхойлон зааж нэхэмжлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлээд байгаа үнийн дүнгийн задаргаа байхгүй, шүүхэд гаргаж өгсөн тооцоолол нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх ямар баримтаар тогтоосон нь ойлгомжгүй байна. Шүүхээс гарах шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байх ёстой атал ямар ч баримтгүйгээр гэрээний дагуу төлсөн, хүлээн авсан мөнгөн дүн зөрүүтэй байхад чухам ямар баримтад үндэслэж шийдвэр гаргасан талаар шүүхийн шийдвэртээ дурьдаагүй нь илт үндэслэл муутай болжээ. Зарим гэрээний хугацаа дуусаагүй байхад техникийг буцааж татан авч гэрээний үүргийг шаардсан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Алданги тооцох, төлбөр нэхэмжлэх шаардах эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, RРО15/09-06 UB дугаартай гэрээний хугацаа нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр, харин RРО15/05-03 UB дугаартай гэрээ нь 2017 оны 5 сарын 27-ны өдөр дуусах байсан. Харин үлдсэн гэрээнүүдийн хугацаа нь хэдийнээ дууссан байсан. Талууд гэрээ тус бүрээр тооцоо хийж, ямар гэрээнд хэдий хэмжээний төлбөр төлөгдсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, хэрэв үлдэгдлийг төлсөн тохиолдолд техникийг худалдан авах эрх үүсэхийг дүгнээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэх үндэслэлийг баталж байна. Хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн алдангийн тооцоолол 2 үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээний дагуу төлбөр тооцоо байхад тооцоололд сэлбэг, бараа материалын тооцоог оруулсан байх бөгөөд үүндээ нэмж алданги тооцон нэхэмжилсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс сэлбэг, бараа материалыг түрээслэсэн юм уу эсхүл худалдан авсан юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэх бол ийм шаардлага нэхэмжлэгч талаас гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.

Хэргийн 1 дүгээр хавтас 10-12 дугаар талд авагдсан 3.911.158.495.29 төгрөг, мөн алданги 1.955.579.247.65 гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь монгол хэл дээр орчуулагдаагүй байхад шүүх уг баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтад нийцээгүй бөгөөд нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэхгүй. Харин ВАТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Стефен Жон Поттер нь 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 017/05/17 дугаартай итгэмжлэл нь албан ёсны орчуулгагүй, нотариатын тэмдэггүй байх тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэв хүчин төгөлдөр бус байх тохилдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 дахь хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байхад иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байна. Мөн ВАТТ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2017 оны 9 сарын 04-ний өдөр солигдож гүйцэтгэх захиралаар Келвин Эндрью Кокинэн томилогдсон байна. Гүйцэтгэх захирал Келвин Эндрью Кокинэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Anudari, Khatantuul, Saruultsetseg нарт итгэмжлэл олгоогүй байгаа нь эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх үндэслэлийг мөн адил баталгаажуулж байна. Хэрэгт хуульд заасан шаардлага хангаагүй зарим нотлох баримт авагдсан байхад түүнийг хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх Болор оргил майнс ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд уг захирамжаа өөрчлөөгүй. Нэхэмжлэгч 2017 оны 8 сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд хариуцагчийн нэрийг БОМ гэж сольж өгөх хүсэлтийг гаргасан хэдий ч иргэний хэрэг үүсгэсэн захирамжаа өөрчлөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны журам зөрчсөн үйл явдал болжээ. Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах эрх хэмжээг хуулиар олгоогүй. Иймээс энэхүү маргаан бүхий иргэний хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай тогтоолд шүүгч Н.Оюунтуяа гарын үсэг зураагүй байгаа нь хугацааг хууль ёсны дагуу сунгасан гэж үзэх үндэслэлгүй.

Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дугаар сарын 05-ны өдрийн 3  дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлуудыг нэг мөр ойлгогдохоор тайлбарлан зөвлөсөн. Уг зөвлөмжид дурьдсанаар гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно гэжээ. Эндээс үзвэл ВАТТ ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас татан авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Тодруулбал Иргэний хуулийн 320.4-т “түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж заасан. Иргэний хуулийн 320.3-т гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцлаж болно гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзсан явдал болж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх тул энэ бүлэгт түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуулалтыг 320 дугаар зүйлд хуульчилсан байна. Иймээс нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан учир үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан алдангийн тооцоолол буруу, зөрүүтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн дүүрэн шалгаж үзээгүй. Хэргийн 2 дугаар хавтасны 197 дугаар хуудсанд байх БОМ ХХК-ийн алдангийн тооцоолол гэсэн хүснэгтэд анзыг тодорхойлохдоо хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч талын гарган өгсөн хүснэгтийн дагуу 197 дугаар хуудсан дахь алдангийг бодож үзэхэд нийт төлөх төлбөр нь 1.511.721.917.36 төгрөг бус 1.458.554.570.01 төгрөг болох нь тодорхой байна. Ирэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан болохоос биш шууд 50 хувь байна гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл анзыг иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт журмалсаны дагуу тооцох бөгөөд нийт хэмжээ нь уг хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нөгөө талаар нэхэмжлэл тус бүрийн үнийн дүнд алданги тооцох хоног нь харилцан адилгүй байгаа учраас зарим нэхэмжлэлд бодсон алдангид Иргэний хуулийн 232.4 дэх хэсэг хамаарахгүй юм. Талууд хоорондоо нийт 6 гэрээ байгуулсан. Хэргийн 3 дугаар хавтасны 59-63 дугаар хуудсанд байгаа арилжааны банкнаас гарган өгсөн тодорхойлолтууд байгаа. Учир нь манай компани бусдын талбайд туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэж байсан тул түрээсийн төлбөрийг гуравдагч хуулийн этгээдүүдээс тушааж байсан иймээс чухам аль гэрээний нэхэмжлэлд хэдэн төгрөг төлж дуусгасан, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх тооцоолол талуудад байхгүй. Мөн түрээсийн гэх гэрээний үнийн дүн нь бүхэл дүнгээр байхад нэхэмжлэлийн үнийн дүн нь эсрэгээрээ задгайгаар нэхэмжилсэн байгаа нь илтэд зөрүүтэй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...түрээслүүлэгчийн тогтооосон зах зээлийн үнээр түрээсийн тоног төхөөрөмж худалдах үнийг тооцон, худалдах үнээс хасч тооцохоор тохиролцжээ” гэж дүгнэсэн нь талууд худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг тохиролцсон гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйпийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 320.4 дэх заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Мөн магадлалд "...ВАТТ ХХК нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар 2015 оны 5 сарын 27, 2015 оны 9 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2 гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээслэсэн хугацаанд төлбөл зохих төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ” гэж дүгнэсэн атлаа анзыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, гэрээг цэцалсан гэх үндэслэл байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан зэрэг хууль хэрэглээний алдаатай болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4, 176.2.5-т заасны дагуу шийдвэрлэх боломжтой байх тул хяналтын гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ВАТТ ХХК нь БОМ ХХК-д холбогдуулж, тоног төхөөрөмжийн түрээсийн үлдэгдэл төлбөр 3.911.158.495.29 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1.955.579.65 төгрөг, нийт 5.866.737.742.94 төгрөг гаргуулах нэхэмжлэл, БОМ ХХК нь тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлсөн 1.898.816.267 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх алдангид 1.955.579.65 төгрөг гаргуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах” гэж нэрлэгдсэн 6 удаагийн гэрээ байгуулагдаж, нийт 9 тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, төлбөр төлөх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сард эд зүйлээ буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон алдангийн талаархи тооцооллыг гаргасан нь хэргийн 1-р хх-ийн 10-12, 2-р хх-ийн 197-203 талд авагджээ.

Анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллыг хариуцагч няцаагаагүй гэсэн нь хуульд нийцээгүй, шүүх зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа  хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан ба түрээслэгч түрээсийн төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх хугацаа болон хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бол түрээслүүлэгч алданги шаардах эрхтэйг зохигч гэрээгээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан төлбөрийн үлдэгдлийн тооцоонд нэхэмжлэхийн дүн, үлдэгдэл төлбөр, алданги тооцох огноо, алданги тооцох хоног, нийт алдангийн хэмжээг зааснаас бус гэрээ тус бүрээр шилжүүлсэн тоног төхөөрөмж бүрт төлөх ёстой төлбөрийн хэмжээ, хугацаа, төлсөн эсхүл төлөөгүй үлдэгдэл, түүнээс алдангийг хэрхэн тооцсон нь тодорхой бус байна. Иймээс алдангийг хуульд нийцүүлэн гэрээ тус бүрээр тооцох боломжгүй, энэ талаар шүүх тодруулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэв.

Үүнээс гадна алданги тооцсон үнийн дүнд буюу нэхэмжлэхийн дүнд үндсэн төлбөрөөс гадна сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, ажлын хөлсний 898.000.000 төгрөгийн тооцоо орсон болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд, энэхүү үнийг талууд хэрхэн төлөхөөр тохиролцсон, уг зардал нь түрээслэж буй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулагдсан эсхүл бие даасан өөр гэрээний үнэ эсэх нь тодорхой бус байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан эсэх нь ойлгомжгүй болжээ.

Дурдсан үндэслэлээр хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00039 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 29.491.640 /2.000.000+27.491.640/ төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ