Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 124/2020/0020/З |
Дугаар | 221/МА2021/0384 |
Огноо | 2021-07-07 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0384
2021 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2021/0384 | Улаанбаатар хот |
“И.У” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “Х.У” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Ө.Б-Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “И.У” ХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И.У” ХК-ийн “Улсын бүртгэгчийн Дэд өртөөний барилгын өмчлөгчөөр “Х.У” ХХК-ийг бүртгэсэн 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Y-1520003738 дугаартай бүртгэлийн дэд өртөөний барилгад холбогдох хэсэг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Y-1520005327 дугаартай бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Б-Оыг бүртгэсэн Y-1520005327 дугаартай бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, өмгөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
“И.У’’ ХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
Шүүх “Х.У ХХК-иас 2013 онд мэдүүлэг гаргахдаа 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр олгосон 32720 м.кв газар эзэмших эрхийн 102811 дугаартай гэрчилгээ, дэд өртөөний барилгын доорх газрыг кадастрын зургаар баталгаажуулсан кадастрын зураг, барилгын зураг, дэд өртөөний барилгыг үндсэн хөрөнгөндөө бүртгэсэн бүртгэл зэрэг баримтуудыг үндэслэж хийгдсэн 2013 оны 06 сарын 23-ны өдрийн бүртгэлийг хууль бус бүртгэл хийгдсэн гэж буруутгах үндэслэлгүй байна. ... анхны улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн бүртгэл, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно” гэж үзэж дүгнэсэн.
2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Эрхийн улсын бүртгэлийн зарчмыг хуульчилсан байх ба 5.1.2-т заасны дагуу бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдэх ёстой.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энд өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг шалгах үүрэг нь улсын бүртгэгчид хуулиар бий болж байна.
Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн шилжиж байгааг зайлшгүй тогтоох шаардлагатай. Тухайн хөрөнгийг шилжүүлсэн эрх зүйн акт зайлшгүй байх ёстой.
Гэрээний үндсэн дээр, хувьчилж авах, шинээр барьж бий болгосон гэдгийн аль нь болохыг улсын бүртгэгч шалгаж байж аль нэг үндэслэлээр өмчлөх эрхтэй гэж үзэх ёстой байна.
Гэтэл улсын бүртгэгч хуульд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянаж үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 12.5.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүрэгтэй ба мөн хуулийн 13.5 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа юуны өмнө тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргах шаардлагатай.
“Х.У" ХХК нь мэдүүлэг гаргахдаа дэд өртөөний барилгын өмчлөгч гэдгээ нотолсон баримтаа Улсын бүртгэлийн байгууллагад өгөөгүй байдаг.
Хэргийн материалаас харахад “Х.У” ХХК-ийн эхлэлтийн тайлан бланс, хөрөнгийн бүртгэлд маргаан бүхий объект болох дэд өртөөний барилга байдаггүй, үндсэн хөрөнгийг үнэлсэн актад тусгагдаагүй байна. Иргэн, хуулийн этгээд өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авах ёстой.
Маргаан бүхий объектыг хэзээ, хэрхэн, ямар эрхийн актын үндсэн дээр өмчлөх болсон нь тодорхойгүй байхад шүүх “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй" гэх үндэслэлээр тухайн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулсан ба үүнд “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол, хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж хуульчилсан байна.
Улсын бүртгэлийн байгууллага хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн бүртгэл хийж “И.Б” ХК-ийн өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан.
Барилга угсралтын трестийн зохицуулах зөвлөлийн 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Эд хөрөнгө дахин үнэлэх, тооллого явуулсан тухай 4 дүгээр хэлэлцэх асуудлын хүрээнд Гол корпусын орон байрны тухай “дэд өртөөг эрчим хүчинд өгөх ёстой, ... байрыг м.кв-аар нь БММ бааз, БМП хувааж үнэлж авах ... жагсаалтаар байгаа ... зүйлийг харьяалагдах газарт дансаар шилжүүлэхээр боллоо” гэж тэмдэглэсэн.
БММ бааз буюу Барилгын машин механизмын бааз нь одоогийн “И.Б” ХК, БМП буюу Барилгын материалын пүүс нь одоогийн “Х.У” ХХК юм.
Дэд өртөөний барилга нь “И.Б” ХК, “Х.У” ХХК-иуд үүсэж бий болохоос өмнө буюу 1984 онд Увс аймагт Барилгын үйлдвэрлэлийн материаллаг баазыг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалт хийгдэх үед бий болсон хөрөнгө.
Барилга угсралтын тресст 1992 онд хувьчлагдах хүртэл тухайн дэд өртөөгөөр дамжуулан тухайн тресстийн хэд хэдэн үйлдвэр, агуулах, албан контор зэрэг объектыг гэрэл, цахилгаанаар хангагдаж байсан ба өмч хувьчлалаар дэд бүтцийг бүхэлд нь хувьчлаагүй ба зориулалтын дагуу дэд өртөө болон өртөөний барилгыг Барилга угсралтын тресстээс салсан компаниудын дунд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь дээрх хурлын тэмдэглэлээс харагдаж байна.
Шүүх тухайн хурлын тэмдэглэлийг “И.У” ХК-ийг маргаан бүхий дэд өртөөний барилгын хамтран өмчлөгч болохыг тодорхойлсон шийдвэр гэж дүгнэх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Улсын бүртгэлийн байгууллага нь “Х.У” ХХК тухайн дэд өртөөний барилгын өмчлөгч болохоо нотолсон ямар ч баримтгүй байхад түүнийг өмчлөгч гэж үзсэн байхад шүүх түүнийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа Барилга угсралтын трестийн зохицуулах зөвлөлийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “И.У” ХК-иас “Улсын бүртгэгчийн Дэд өртөөний барилгын өмчлөгчөөр “Х.У” ХХК-ийг бүртгэсэн 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Ү-1520003738 дугаартай бүртгэлийн дэд өртөөний барилгад холбогдох хэсэг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-1520005327 дугаартай бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Б-О-ыг бүртгэсэн Ү-1520005327 дугаартай бүртгэл хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий дэд өртөөний барилга нь гуравдагч этгээд “Х.У” ХХК-ийн өмчлөлийн барилга болохыг нотолсон ямар ч баримт байхгүй, өмч хувьчлалаар дэд бүтцийг бүхэлд нь хувьчлаагүй ба зориулалтын дагуу дэд өртөө болон өртөөний барилгыг Барилга угсралтын трестээс салсан компаниудын дунд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул дундаа эзэмших ёстой” гэж маргасан.
Хэдийгээр Барилга угсралтын трестийн зохицуулах зөвлөлийн хурлын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “... Дэд өртөөг эрчим хүчинд өгөх ёстой ...” гэсэн боловч Увс аймгийн ““Ц.Т.С”” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай албан бичгээр “... 6 кв-ын дэд өртөө хуваарилах байгууламжийн барилга нь тус компанийн хөрөнгийн бүртгэлд байхгүй, манай эзэмшлийн хөрөнгө биш” гэж мэдүүлсэн, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий дэд өртөөг чухам ямар журмаар, хэнд, хэрхэн шилжүүлсэн талаар баттай үйл баримт тогтоогдохгүй байна. Гэвч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
Учир нь маргаан бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгосноор тухайн объектын өмчлөх эрхийн маргаан шийдвэрлэгдэхгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар иргэний журмаар тогтоогдсон нөхцөлд улсын бүртгэлтэй маргах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд анх 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Х.У” ХХК-ийн захирал Б.Н төмөр бетон эдлэлийн цех, агуулах, дэд өртөөний барилга, жижиг зүйлийн склад зэрэг нийт 10 ширхэг байшин, агуулахыг компанийнхаа нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасны дагуу эдгээр дурдсан хөрөнгүүдийг Ү-1520003738 дугаарт бүртгэж, 000187168 дугаар гэрчилгээг олгожээ.
Улмаар “Х.У” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор дэд станцын зориулалттай эд хөрөнгийг Б.Н-гийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснээр түүний хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Н-г Ү-1520005327 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Үүний дараагаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Н нь Ө.Б-О-той “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр маргаан бүхий дэд станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Б-О-ыг Ү-1520005327 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.
“Х.У” ХК-ийн 2000 оны санхүүгийн баримтын үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлд дэд өртөөний барилгыг бүртгэж, анхны үнийг 895228 төгрөгөөр тооцсон, 2012 оны Эд хөрөнгийн тооллогын бүртгэлд дэд өртөөний барилга багтсан, болон дээрх үйл баримтуудаас дүгнэхэд эдгээр бүртгэлүүдийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд өмнө нь хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй маргаан бүхий дэд өртөөний барилгыг “Х.У” ХХК-иас анх 2013 онд гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн тус компанийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль / 2003 оны /-ийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14-р зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр” заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН