Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 21

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч             Б.Батзориг

Шүүгчид                          Л.Амарсанаа

                                                                  Г.Давааренчин

                  Оролцогчид:

Нэхэмжлэгч                              Т.Отгонжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   Д.Жаргал

Хариуцагч                                 Д.Сүхбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч     Б.Цэнгүүн

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Т.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Д.Сүхбаатарт холбогдох “7.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Т.Отгонжаргал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Д.Сүхбаатарт Хино ренжер маркийн 63-10 БНХ улсын дугаартай машиныг 37.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцож 21.250.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгч үлдэх 16.250.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож бичгээр хэлцэл хийсэн. Иргэн Д.Сүхбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 9.250.000 төгрөгийг өгсөн одоо үлдэгдэл 7.000.000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд Д.Сүхбаатараас 7.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т.Отгонжаргал, Д.Сүхбаатар нарын хооронд хэлцэл хийгдсэн байдаг. Хэлцэл хийгдэхээс өмнө 2014 оны 06 дугаар сард Т.Отгонжаргал нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж Энхмаа гэх хүнээс палк худалдаж авсан байна.

Учир нь Баянхонгор аймагт 23 ширхэг худаг барих тендерийн ажил авсан тул өөрийн биеэр Мандал суманд ирж палк худалдан авч өөрийн зардлаар Баянхонгор аймаг руу зөөж байсан.

Гэтэл Д.Сүхбаатар нь Т.Отгонжаргалтай тааралдаж түүний эзэмшлийн Хино Ренжер маркийн 63-10 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авах талаар ярилцсан байдаг. Улмаар палкаар машиныг сольж болох уу гэж асуухад Т.Отгонжаргалын хувьд палкаар сольвол Баянхонгор аймагт 1 ширхэг палк нь 25.000 төгрөгийн үнэтэй, машиныг худалдаж авч байгаа бол уг машинаар надад өгөх палкийг зөөгөөд Баянхонгор аймагт руу өөрийн зардлаар хүргэж өг гэж хэлсэн байдаг. Хино ренжер маркийн машиныг 1500 ширхэг палкаар сольж авахаар болсон. Т.Отгонжаргалын эзэмшлийн Хино ренжер маркийн машиныг 37.500.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг мөнгийг Баянхонгор аймагт зарагдаж байгаа палкаар тооцож үзвэл 1500 ширхэг палк болж байгаа юм. Ингээд харилцан тохиролцсоноор 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 850 ширхэг палк, 2014 оны 10 дугаар сард 370 ширхэг палк авсан байдаг. Үлдэгдэл 280 ширхэг палкийг өнөөдрийг хүртэл Д.Сүхбаатараас аваагүй байгаа. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Д.Сүхбаатар, Т.Отгонжаргал нарын хооронд хийгдсэн хэлцэлд Т.Отгонжаргалын өмчлөлийн 63-10-БНХ улсын дугаартай Хино ренжер маркийн хөх алаг өнгийн ачааны автомашиныг нийт 37.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 21.250.000 төгрөгийн үнэ бүхий палкийн урьдчилгаа болгон аваад үлдэх хэсэг болох 16.250.000 төгрөг буюу 650 ширхэг палкийг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ байгаа. Энэ гэрээний үүргээ Д.Сүхбаатар биелүүлээгүй учир 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо 7.000.000 төгрөгийн палкийг Баянхонгор аймаг руу тээвэрлэхэд ач холбогдолгүй болсон. Учир нь палкийг өөр материалаар орлуулж тендерийн ажлаа гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн байгаа. Д.Сүхбаатар, Т.Отгонжаргал нарын хийсэн хэлцэлд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн гээд гарын үсгээ зурсан учир нь энэ өдөр тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрх нь Д.Сүхбаатарт шилжсэн. Хариуцагч нь уг автомашиныг худалдан авсанаас хойш огт тээвэр хийж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 40 дүгээр зүйлд зааснаар нотолж чадаагүй болно. Мөн гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирлын асуудлаа Т.Отгонжаргалд мэдэгдээгүй байж 2015 оны 04 дүгээр сард машин эвдэрхий байсан гэж гомдол хэлэх болсон. Иймд Д.Сүхбаатараас 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Сүхбаатар анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“…2014 оны 08 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд явж байхад Хино ренжер маркийн 63-10 БНХ улсын дугаартай ачааны автомашиныг зарын дагуу холбогдож Т.Отгонжаргалтай уулзаж танилцаад палкаар машиныг солих талаар ярилцаж 1500 ширхэг палкаар солихоор болж Т.Отгонжаргал нь 2 удаа Хино ренжер маркийн машинаар Баянхонгор аймаг руу палк зөөсөн байдаг. Палк зөөгөөд Баянхонгор аймаг руу явахад эхний зөөлтөөр машин нь замдаа 2 цаг гаруй зогссон гэж байсан, 2 дахь удаа палк зөөхөд машиных нь ус халж тостой ус гоожиж усаа цацсан байсан гэж манай хүүхэд хэлсэн. Машины юу эвдэрсэн талаар тогтоож чадахгүй байгаа, машиныг асаахаар ус нь цацаад явж болохгүй байгаа. Машиныг худалдаж авахдаа Т.Отгонжаргалаас машины талаар асуухад зүгээр гэж хэлж байсан. Гэтэл уг машиныг хүмүүст үзүүлэхэд блок нь хагархай, гагнууртай, ус гоождог кропны араа залгадаг оёдлын машин гэдэг нь эвдэрхий, диск нимгэрч эвдэрсэн байна гэж хэлсэн. Уг машин нь зах зээлийн ханшаар 37.500.000 төгрөгийн үнэ хүрэхгүй гэж үзэж байна. Т.Отгонжаргалтай машиныг палкаар солихоор гэрээ хийхдээ машиныг нь 37.500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. 1500 ширхэг палкийг Мандал суманд зарагдаж байгаа 1 ширхэг палкны үнэ болох 12000 төгрөгөөр тооцож бодоход нийтдээ 18.000.000 төгрөг болж байгаа. Гэтэл Т.Отгонжаргал нь 1 ширхэг палкийг 25000 төгрөгөөр тооцож үлдэгдэл 280 ширхэг палкийг нэхэмжилж байна. Т.Отгонжаргал нь надаас 1 ширхэг палкийг 12000 төгрөгөөр тооцож авахад нь уг машиныг палкны үнийг 25000 төгрөгөөр тооцоод биччих учир нь цаад компанид зарах гэж байгаа гэхээр нь 25000 төгрөгөнд тооцоод гэрээ хийсэн. Одоо 280 ширхэг палк өгөх үлдэгдэлтэй байна. Би палк зөөж авахад нь 2.500.000 төгрөгийн бензины мөнгө өгсөн. Энэ тооцоог 280 ширхэг палкаас хасч тооцуулмаар байна. Мөн Т.Отгонжаргалаас худалдаж авсан машиныг засварт оруулахад 1.500.000 төгрөг болсон уг баримтуудаа шүүх хуралдаанд дээр авчирч чадсангүй. Миний хувьд машиныг худалдаж авснаас хойш нэг ч удаа тээвэрт явж чадаагүй. Машины хувьд өндөр үнээр үнэлсэн байгаа тул үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Одоо 280 ширхэг палкийг Зүүнхараагийн ханшаар буюу 12000 төгрөгөөр тооцож 3.360.000 төгрөг болж байгаа. Үүнээс машины засварын 1.500.000 төгрөг мөн Баянхонгор явсан бензинд 2.500.000 төгрөг хасч тооцоохоор би авлагатай болж байгаа юм...” гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Чонос  овгийн Дамдингийн Сүхбаатараас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.920.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэдэн овгийн Төмөрбатын Отгонжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.080.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Д.Сүхбаатарын Т.Отгонжаргалд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхбаатараас 77670 /далан долоон мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.Отгонжаргалд олгож,

 -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргасан юм. Гомдлоо дэмжиж оролцож байна.

Т.Отгонжаргалаас авсан машин нэг ч удаа яваагүй. Сая Улаанбаатараас шинжээч нар ирээд машины эвдрэлийг 4 сая төгрөг болно гэж хэлсэн. Харин Т.Отгонжаргал надаас авсан палкаа хэрэглэж байгаа, машины засварын төлбөр дээр нэмээд бензиний мөнгөө нэхэж байна. Гомдлын үндэслэлийг хууль зүйн талаас нь  өмгөөлөгч маань тайлбарлана гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй харин автомашиныг 1500 ширхэг палкаар сольж, Арилжааны гэрээ байгуулсан талаараа маргадаггүй тул нэхэмжлэгч нь 1500 ширхэг палкийн хувьд худалдан авагч болох бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдан авагчийн эрх үүргийг эдэлнэ.  Иймд хариуцагчаас зөвхөн худалдан авсан палкийг л нэхэмжлэх эрхтэй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг биш үнийг нэхэмжлээд байхад шүүх зохих дүгнэлт хийлгүйгээр төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй.

         Т.Отгонжаргал худаг хийж байгаад хариуцагчийг палкаа өгөөгүй болохоор нь өөр материалаар орлуулсан гэсэн. Гэтэл энэ талаарх нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөөгүй. Тэгээд 250 палкны үнийг Д.Сүхбаатараас нэхэж байгаа нь ойлгомжгүй байна.

        Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.4 дэхь хэсэгт худалдах, худалдан авах гэрээний зүйлийг тодорхой заасан. Харин талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Талуудын хооронд мөнгөн дүнгийн арилжаа явагдаагүй. Зүүнхараад палк 12.000 төгрөг гэдэг. Гэтэл нэхэмжлэгч палкийг 25.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн байдаг. Энэ нь бодит байдалтай нийцээгүй.

         Т.Отгонжаргалаас авсан автомашин доголдолтой байсан бөгөөд доголдолтой холбоотой шинжээчийн дүгнэлтүүд гаргасан. Ингээд сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

            Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Энэ наймаа шүүхээр яваад 2 жил болж байна. Би Д.Сүхбаатараас 7 сая төгрөг гаргуулж авах хүсэлтэй. Машины хувьд тухайн үед зүгээр л байсан. Д.Сүхбаатартай бид хэлцэл хийгээд наймаа хийсэн. Палкийг Баянхонгорын үнээр бодоод тохирсон гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Сүхбаатар, Т.Отгонжаргал нарын хооронд арилжааны хэлцэл бодитоор хийгдсэн.

Тухайн үед Д.Сүхбаатар Т.Отгонжаргалаас машиныг нь гардаад авсан. Т.Отгонжаргал гэрээнд дурьдагдсан мөнгийг тоолоод авсан. Харин үлдэгдэл 250 палкийг нэхэмжлэгч тухайн үед худаг гаргаж байхдаа ашиглах байсан боловч хариуцагч өгөөгүй. Ийм учраас 250 палкны үнийг хариуцагчаас нэхэмжилсэн юм. Өөрөөр хэлбэл тухайн үед хэрэглэх байсан эд зүйлийг өөр зүйлээр орлуулж хийгээд дууссан. Ингээд 7 сая төгрөгөө нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болсон.

Д.Сүхбаатар нь Т.Отгонжаргалаас машины бензиний зардал, засварын мөнгө  нэхээд байна. Гэтэл энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх хуралдааныг хариуцагчийн талаас хэд хэдэн удаа хойшлуулж байсан. Энэ үед нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нотлох баримтаа гаргах үүрэгтэй, гэтэл үүнийгээ өөрсдөө биелүүлээгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэж ярьлаа. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзээд нэхэмжлэгчид 3.920.000 /гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг хангаж шийдвэрлэсэн гэв.

 

Үндэслэх нь:

 

           Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

           Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 145 дугаартай магадлалаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл зохигчдын хооронд эрх зүйн ямар төрлийн харилцаа үүссэн, уг харилцаанд хэн ямар үүрэгтэй оролцож, үүргээ хэрхэн биелүүлсэн болох нь тодорхой бус гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

         Гэтэл анхан шатны шүүх магадлалд дурьдсан ажиллагааг хийгээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчин  хэргийг  хянан шийдвэрлэжээ. 

 

 

       Тухайлбал:  

         Зохигчид нь  “Хино ренжер” маркийн ачааны машиныг  1500 ширхэг  палкаар /дүнзээр/ солихоор харилцан тохиролцож, хариуцагч нь үлдэгдэл 280 ширхэг палк төлөөгүй байгаа талаар талууд маргаагүй байхад зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон,

         Нэхэмжлэгч хариуцагчаас 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд  энэхүү нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодуулаагүй,

         Хариуцагч 2016 оны 03 сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэн баталгаажуулаагүй,  

        Хэргийн оролцогч Д.Жаргалын эрх зүйн байдал тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Отгонжаргал өмгөөлөгч Д.Жаргал нарын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хэрэгт авагдаагүй зөвхөн нэхэмжлэгч Т.Отгонжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар 2015 оны 07 сарын    29-ний өдөр нэг жилийн хугацаатай итгэмжлэлийг Д.Жаргалд  олгосон байхад шүүх  Д.Жаргалыг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн зохигч болон оролцогч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч/ хэн аль нь болохыг тодруулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,

         Шүүх хуралдааныг товлосон тухай эрх зүйн акт гаргалгүйгээр шүүх хуралдаан явуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг тус тус зөрчсөн байна.

          Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар дээрхи  алдааг засах боломжгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016  оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай. 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн    59.3-т зааснаар харуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                    Л.АМАРСАНАА

                                                                    Г.ДАВААРЕНЧИН