| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0361/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/102 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,
Хохирогч Ж.Э-,
Шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-, Г.Б-, Т.М- нарт холбогдох эрүүгийн 1938002690375 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б.
Монгол Улсын иргэн, Д.Т.
Монгол улсын иргэн, Т.М.
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Э-гийн 1 тооны морийг 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Ганц модны ам гэх газраас хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Ганц модны ам” гэх газарт аргамжсан Ж.Э-гийн 1 тооны морийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,
- Б овогтой Г-ын 2018 оны мал тооллогын баримт /хх-ийн 60 дугаар хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Т-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар ашиг хонжоо олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг шалгах ажиллгааг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Ганц модны ам” гэх газраас Ж.Э-гийн 1 тооны морийг аргамжаан дээрээс нь хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 дугаар хуудас/, хохирогч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 27-28, 133, 192 дугаар хуудас/, гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 49 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-131 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 148 дугаар хуудас/, гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 212 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын: “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-ын: “...учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч Т.М-гийн “...гэм буруутай гэж үзэж байгаа бол хохирлыг төлнө” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилго, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Ганц модны ам” гэх газраас Ж.Э-гийн 1 тооны морийг аргамжаан дээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.Э- шүүхийн хэлэлцүүлэгт замын зардал, морь зээлээр худалдаж авсан зээлийн хүү 500.000 төгрөг, морины үнэ 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилж /2-р хх-ийн 11-12/ байх ба хэрэгт авагдсан хохиролын баримтанд үндэслэн хохирол 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэмжээнд нь тохируулан шүүгдэгч нараас хуваан гаргуулан олгож, хохирогчийн бусад нэхэмжлэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангалтгүй, баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т-оос 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ж.Э-гийн Төрийн банкны ... тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх банкны орлогын баримт /хх-ийн 168/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 169/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Т-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж,
Шүүгдэгч Г.Б-, Т.М- нараас тус бүр 350.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-д олгож, хохирогчийн замын зардал, зээлийн хүү зэрэг 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Ж.Э- нь өөрт учирсан хохирол, зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь гэмт хэргийг санаатай нэгдэн, бүлэглэж гүйцэтгэсэн, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бүлэглэж бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн... үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн гүйцэтгэгч нар бөгөөд, энэхүү гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч Г.Б-, Т.М- нарын хувьд хохирол төлбөрөө төлөөгүй байдал, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаан хүртэл гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, шүүгдэгч Д.Т-ын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Г.Б-, Т.М- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь, шүүгдэгч Д.Т- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т-ын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн, хохирол төлж, хохирогчтой эвлэрсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бусад шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, харин шүүгдэгч тус бүрийн хувьд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн учир эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан,
шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Ч.Будхүүгийн “шүүгдэгч Д.Т-од 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх,
шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Б.Батдоржийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх,
шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн “...хохирол төлбөр төлнө, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нарт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Т.М- нараас тус бүр 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, хохирогч Ж.Э- нь өөрт учирсан хохирол, зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-, Д.Т-, Т.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ