| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01385/и |
| Дугаар | 1494 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1494
Хэргийн индекс: 135/2015/01385/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д*** хэлтэс /утас ***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** байр, “*** н” ХХК /захирал Н***/-д холбогдох
“16,188,006 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** , хариуцагч Н.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д*** хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*** н ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос өр үүсч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 10,792,004 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгээд байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 10,792,004 төгрөг, үүнд ногдох алданги нь 5,396,002 төгрөг болж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 16,188,006 төгрөгийг *** н ХХК-иас гаргуулж санг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Хариуцагч *** н ХХК-ний захирал Н.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 10,792,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 5,396,002 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед үндсэн төлбөрөө төлж чадахгүй байхад алдангийг нэмж төлөх санхүүгийн боломж байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д*** хэлтэс нь хариуцагч *** н ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,792,004 төгрөг, түүний алданги 5,396,002 төгрөг, нийт 16,188,006 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *** н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5,396,002 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч *** н ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос хойш өр үүсч, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10,792,004 төгрөгийн өртэй болох нь *** н ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэгдэл, Улсын байцаагчийн албан шаардлага, *** ХХК-ний албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “ажил олгогч нь хөдөлмөр хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”, 20 дугаар зүйлийн 20.1.2-д “ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөр хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч *** ХХК-ний төлөх шимтгэлийн өр 10,792,004 төгрөгт 5,396,002 төгрөгийн алданги ногдуулсан байна.
Хариуцагч *** ХХК нь дээрх шимтгэлийн үндсэн өр 10,792,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч тэрээр “...Алданги 5,396,002 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед үндсэн төлбөрөө төлж чадахгүй байхад алдангийг нэмж төлөх санхүүгийн боломж байхгүй” гэж маргасан болно.
Хариуцагч талын гаргасан дээрх тайлбар нь алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Иймд хариуцагч *** ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,792,004 төгрөг, алданги 5,396,002 төгрөг, нийт 16,188,006 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д*** хэлтэст олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар *** ХХК-иас 16,188,006 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д*** хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 238,890 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА