| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0169/Э |
| Дугаар | 0196 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0196
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Т....нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т....д холбогдох эрүүгийн 2008 00524 0200 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-нд агаарын шугамын монтёр ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч М...., хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Хантайшир овгийн ...ын .../РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т....нь 2020 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хангайн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М....г зодож, эрүүл мэндэд нь “хамрын нурууны хугарал, хоёр доод зовхи, зүүн хацрын шонтон, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч М....гийн мэдүүлэг /хх11-12/, гэрч М....ын мэдүүлэг /хх16/, гэрч Ч....ын мэдүүлэг /хх19/, гэрч О....ын мэдүүлэг /хх21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1694 дугаартай дүгнэлт /хх25/, Т....ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх55-56/, шүүгдэгч Т....ий иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх63/, ажлын газрын тодорхойлолт /хх61/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх64/, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулсан Шийтгэлийн хуудас /хх57/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Т....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч М....гийн “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан ...тоотод оршин суудаг уг хаяган дээр ирээд 3 жил болж байна. Нөхөр ...тэй гэр бүл болоод 6 жил болж байна. Дундаасаа 2 настай охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр ...болон найз ...тай бид нар манай гэрт пиво уусан. Манайх хашаандаа байшин болон байшингийн урд манай нөхрийн танилынх амьдардаг юм. Хамт пиво уугаад нөхөр ...агсраад эхлэхээр нь би айгаад урд айл руу гүйгээд орсон байсан. Урд айлдаа байж байгаад буцаад гэртээ ортол манай төрсөн ... ганцаараа унтаж байсан. ..., ... 2 байхгүй болохоор нь тэр 2 хаачихсан юм бэ гэж асуутал дүү таныг хайна гээд гэрээсээ гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрийн хашаанаас гараад жалга руу уруудаад гүйгээд хайтал нөхөр ...согтуурхаад намайг хөөгөөд байхаар нь гэр рүү буцаж гүйгээд дүү ...д хандаж хувцсаа өмс гурвуулаа явья гэж хэлсэн. Тэгтэл араас нөхөр ...орж ирээд ...ын толгойн тус газар нь 3-4 удаа цохиод, зөрөөд намайг үстээд нүүрэн тус газар 3-4 удаа цохисон. Манай дүү салгах гэтэл ...үстээд унагасан, унасан байхад нь нөхөр эргэж хараад цохисон. Миний хамарнаас цус гарсан байхад нэмээд дахиад 5 удаа цохисон. Эргээд дахиад дүүг маань зодох гэхээр бариад автал, баруун гаруун шуунаас хазаад авсан. Дүү ... зугтаж гүйгээд, би айсандаа хүүхдээ орхиод гараад явсан. Урд айл руу гүйж ороод манай хүүхдийг аваад өгөөч гэж гуйтал айлын хүмүүс хөдөлж өгөхгүй байсан. Урд айлд байхдаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирхэд манай нөхөр унтаж байсан. Цагдаа ирээд аваад явсан ...Миний нүүрэн тус газар цохиод байсан, намайг үстсэн, зүүн гарын далан тус газар цохисон гар даагдахгүй байна, баруун гарын шуу хазсан, нүүрэн тус газар хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, олон удаа цохисон, нүүр хавдаж хөхөрсөн, хамар мурийсан байдалтай байна. ...Урд өмнө намайг зодож байгаагүй. Цагдаагийн байгууллагад анх удаа хандаж байна. ...эмчилгээ хийлгэсэн. Одоо миний бие зүгээр байна. Манай нөхөр өөрөө эмнэлэгт үзүүлж, эмчийн бичсэн эмийг авч өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх11-12/
2. Гэрч М....ын “...Би нөхөр хүүхдийн хамт Багануурт амьдардаг. Улаанбаатар хотод манай эгч ... нөхрийн хамт амьдардаг. Би заримдаа ирж эгчийндээ хонодог байсан. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эгч ...гийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хайрхан ...тоотод очсон. Шинэ ажилд ороод буудлын ресепшнээр ажиллаж хоноод 17-ны өдөр 14 цагийн үед гэрт нь очсон. Гэрт нь очиход эгч ..., ... гэх найз нь ирсэн пиво ууж байсан. Би ядраад унтсан 19 цаг гээд сэрэхэд хүргэн ах ...ирсэн хамт пиво ууж байсан. Зүгээр юм ярьж сууж байгаад ...ах агсраад эхэлсэн, юунаас болсон бэ? гэвэл эгч ... толгой өвдөөд байна уухгүй гэж хэлтэл ...пиво уусангүй гээд уурлаад байсан. Эгч айгаад гэрээсээ гараад явсан. Би араас нь дагаад гартал урд айлд сууж байсан. Намайг ороод дүүгээ хараад байж бай гэсэн. Буцаж ороод дүүгээ ун...аад үлдсэн. ..., ... хоёр эгчийг чинь хайя гээд гэрээс гарсан. Би урд айлд байгаа гэж хэлээгүй юм. Эгч ... буцаж орж тэр хоёр хаашаа явсан юм бэ? гэхэд таныг хайгаад гараад явсан гэсэн. Би унтаж байтал эгч намайг дуудаж сэрээгээд уйлсан хувцсаа өмс явья гэж хэлсэн. Тэгтэл хүргэн ах ...орж ирээд үгийн зөрөө байхгүй толгойн тус газар 2 удаа цохисон би гайхаад та яаж байна вэ? Манай эгч намайг салгатал миний нүдэн дээр үстэж чирээд нүүрэн тус газар 3-4 удаа цохиод, хэвтсэн байхад элгэн тус газар өшиглөсөн, дал руу цохисон, би бас салгах гэтэл ... намайг үстээд хойшоо татаад ор руу унагасан. Намайг унасан байхад дахиж хүргэн ах ирээд миний дээрээс цохиод байсан би гараараа хаасан. Буцаад эгч рүү очоод бас нүүрэн тус газар руу цохисон. Би айгаад зугтаад гарсан. Эгч араас дагаад гараад ирсэн. Бид хоёр айсандаа болоод дүүгээ мартаад гарсан байсан. Айлын хүнээс гуйхад эрэгтэй нь гэр рүү ороод зодоон болох байх гээд нөхөр нь орохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ирээд ...ахыг аваад явсан. ...Миний толгойн тус газар руу олон удаа цохисон гэхдээ би гараараа хаагаад ил харагдах гэмтэл шарх сорив байхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл гарахгүй байх. ...Манай эгчийг бол олон удаа цохисон. Ихэвчлэн нүүрэн тус газар нь цохисон. Нүүр ам хавдсан, элэг рүү өшиглөсөн, дал руу цохисон, үстээд цохиод байсан. Намайг салгаж байхад бас гарыг нь хазсан...” гэх мэдүүлэг /хх16/
3. Гэрч Ч....ын “....Манайх Говь-Алтай аймгаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс нутгийн айл болох ...ийн хашаанд нөхөр Баатарын хамтаар амьдрах болсон. ..., М.... нартай 1 хашаанд амьдардаг хөршүүд. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим нөхөр Баатарын хамт байж байхад ...гийн дүү гэх эмэгтэй та ороод ирээч ..., ...г эгчийг зодоод байна гэсэн. Би тэгэхээр нь согтуу хүмүүсийн хэрүүлд ормооргүй байна гэж хэлсэн. Бид хоёрыг зодвол яах юм бэ? гэсэн. Гуйгаад байхаар нь гэрт нь яваад ортол ..., ...г барилцаад ...дээр нь гарсан байсан. Би салгаад чи одоо боль эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж хэлсэн. ... салаад зөрөөд манай гэр рүү яваад орсон. Би 2 настай нялх хүүхдийг нь тэврээд саа...ж байгаад хүүхдийг үлдээгээд гэр рүүгээ ортол ... манай гэрт байсан. Намайг ороод хүүхэд аваад өг гэхээр буцаад ортол ...хүүхэдтэйгээ хамт ороо засаад унтаж байсан. ...д унтаж байна гэж хэлтэл буцаж гэртээ ороод хүүхдээ аваад явсан. ... нь хамраа дараад байсан, хамар нь хавдсан байсан. Нөгөөдөр нь уулзахад нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх19/
4. Гэрч О....ын “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ...тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. М.... болон түүний нөхөр ...тэй ойролцоо амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ...гийн гэрт өдөр очоод том пиво 2-г уусан. Нөхөр ...нь ажлаа тараад 19 цагийн орчим ирсэн байх. Нийлээд ууж байхдаа ..., ... хоёр маргалдсан юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. ... уурлаад гэрээс гараад явсан. Гэрээс нь гараад ...г харагдахгүй байхаар нь ...д хандаж би харилаа гэж хэлсэн. ...дөхүүлээд өгье гээд бид хоёр цуг хашаанаас гараад манайх руу явсан. Замдаа ...согтоод гар хөлнөөс зуураад явуулахгүй байсан. Энэ асуудлыг хараад ... над руу уурлаад гэр рүүгээ гүйгээд орсон. Би учир байдлыг тайлбарлах гээд ойлгуулах гээд ...тэй хамт гэр рүү ортол ... уурлаад ...үстээд чирээд дүүтэй нь бас чирээд явсан. Би болиоч гээд цагдаа дуудах уу? гэсэн. Миний харснаар ...дээр нь гарсан байхад ...гийн нүдийг зүүн тал нь хөхөрсөн. Яг яаж цохиж, зодож байхыг хараагүй дээр доороо ороод л 3-уулаа ноцолдоод эхэлсэн. Тэгээд ... эхэлж гараад араас нь ...гарсан. Хашаанд нь хамт байдаг эгч нь ирсэн. Би тэгээд нөхрийнхөө дүүг дуудаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх21/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1694 дугаартай “... М....д хамрын нурууны хугарал, хоёр доод зовхи, зүүн хацрын шонтон, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн цохих, хазах үйлдэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх25/
6. Т....ий яллагдагчаар өгсөн “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хайрхан ...тоотод оршин суудаг. 2014 онд ... гэх эмэгтэйдээ танилцаад хамт амьдарч байгаад 2017 оны 5 дугаар сарын 14-нд дундаасаа 1 охинтой болсон. Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирхэд эхнэр ..., найз ... гэх эмэгтэйтэй том савтай пиво ууж байсан. Би ажлаасаа 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Нийлээд 3-лаа уусан энэ хоёр надаас өмнө том пиво хувааж уугаад дууссан. Дахиад нэг том пиво аваад уусан. ... гэх эмэгтэй эхнэрийн хажууд гар бариад эхнэр үүнийг хараад уурлаад хардсан. Гэрээс эхнэр ... гараад явсан. Би араас нь ...тай гараад хайсан боловч байхгүй болохоор нь ...ыг харь гээд эхнэрээ хайх гэж байсан. Эхнэр ... урд айлд байсан юм байна лээ араас гараад ... бид хоёрыг хамт байхыг хараад уурлаад уйлаад буцаад гэр рүү гүйсэн. Би араас нь дагаж орж ирээд тайвшруулах гэтэл би явлаа гээд байхаар уур хүрээд хамран тус газар нь 1 удаа цохисон. Ноцолдоод байхаар нь баруун гарын хазсан. ... эгчийгээ өмөөрөөд над руу дайрхаар нь түлхсэн. Тэгээд эхнэр зодуулсан гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд би саа...агдсан.” гэх мэдүүлэг /хх55-56/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Т....нь 2020 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хангайн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М....г зодсон болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Т....ий үйлдлийн улмаас хохирогч М....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1694 дугаартай “М....гийн биед хамрын нурууны хугарал, хоёр доод зовхи, зүүн хацрын шонтон, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Мөн хохирогч М...., шүүгдэгч Т....нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 6 жил хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т....нь хохирогч М....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Хохирогч М.... нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Т....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, харин санал нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т....ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т....д 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т....нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР