Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1497

 

Хэргийн индекс: 135/2016/01210/И

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч  З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ******* хотхон, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар , утас , /-д холбогдох,

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие нөхөр О.*******тай 2010 онд охинтой болж гэр бүл болсон. Хамтран амьдарч байгаагүй охиноо төрснөөс хойш 2 жил хамтран амьдрах байх гэж харсан хүлээсэн. Аав минь 2015 онд хүнд өвчин тусч хагас жил өвдсний эцэст таалал төгссөн. Энэ хугацаанд нэг ч ирж туслаагүй. Одоо охин минь төрөөд 6 жил нэгэнт болсон. Энэ хугацаанд ээж, ааваараа туслуулаад салангид амьдараад болсон тул цаашид ч хамт амьдрах боломжгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулж насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв.

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“...Ц.*******ийн өргөдөлтэй танилцсан. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй болно. Өөрийн охин Б.Энхмэндийг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Энэхүү хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                          
                                                             ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч О.******* нар нь 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Энхмэнд төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
    Гэрлэгчид нь 2010 оноос хойш тусдаа амьдарсан, эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
    Хариуцагч О.******* нь охин Б.Энхмэндийг өөрийн асрамжид авна гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Энхмэндийг эх Ц.*******ийн асрамжинд үлдээж, эцэг О.*******ас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг О.*******, эх Ц.******* нар нь хүүхэд болох Б.Энхмэнд нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм. 
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Энхмэндийг эх Ц.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Энхмэндийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, төрсөн эцэг О.*******ас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 28,022 төгрөгийг хариуцагч О.*******ас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА