Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 150/2015/00252/И |
Дугаар | 22 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 22
“******* Шохой” ХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ****************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Л.Амарсанаа
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэглдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХК-ний нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-д холбогдох “дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүрэг 33.700.514 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Сайхан суманд байрлах “******* *******” ХХК нь манай компанитай байгуулсан Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний үндсэн дээр дулаанаар хангагддаг. Манай байгууллага Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифын дагуу 2010 оноос 2014 он хүртэлх дулааны 1м3 эзэлхүүний үнийг 720 төгрөгөөр /НӨАТ-тэй 792 төгрөг/, 2014-2015 он хүртэлх дулааны 1м3 эзэлхүүний үнийг 828 төгрөгөөр /НӨАТ-тэй 910.8 төгрөг/ тус тус тооцож худалдахаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл хэрэглэгч “******* *******” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, дулааны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас он дамжсан 2012-2015 онуудын өр үүсээд байна. Хоёр байгууллагын хооронд 2015 оны 06 дугаар сард тооцоо нийлэхэд 34.065.112 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж тооцож акт үйлдсэнээс хойш 364.598 төгрөгийн бараа материалыг өр төлбөртөө суутгуулж 33.700.514 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна.
Хариуцагч байгууллагатай байгуулсан 2012-2013 онуудын дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* гуай өөрөө зураагүй, харин түүний эхнэр ******* зурсан хэдий ч компанийн тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Мөн ******* гуай өөрөө уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч удаа дараа албан бичиг манай байгууллагад ирүүлж байсан. Түүнээс гадна сар сарын дулааны төлбөрийн нэхэмжлэхийг дараа сард нь гардуулан өгч гарын үсэг зуруулаад явж байсан. Уг нэхэмжлэх дээр алданги тооцсон байгаа тул харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтын дүнгээс зөрж байгаа. Гэхдээ удирдлагаас алданги тооцоод хэрэггүй гэсэн учраас алдангийг хасаж нэхэмжилсэн байгаа.
Иймд “******* *******” ХХК-иас дулааны төлбөрийн үлдэгдэл 33.700.514 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч “******* *******” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа:
“…2014 оноос улс орон даяар учирч буй санхүүгийн хямралаас улбаалан ажлын байр түрээслэн ажиллуулдаг иргэд өөрсдийн талбайн түрээсийг төлж чадахгүйд хүрч, зарим нэг иргэд ажлын байраа буцааснаас төлөвлөж байсан түрээсийн орлого огцом буурч орлогын төлөвлөгөө тасалдсан болно. Зарим нэг харилцагч аж ахуй нэгж байгууллагуудад төлөх төлбөрийг мөнгөн хөрөнгийн сөрөг урсгалын улмаас төлж чадаагүй байгаа билээ. “******* *******” ХК-иас өвлийн улиралд халаалт авдаг бөгөөд энэ санхүүгийн хүнд нөхцөл байдлыг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр төлбөрийн график гаргасан, төлөлтийг хэсэгчлэн хийх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа болно. Нэхэмжлээд байгаа халаалтын төлбөрийн үнийг дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно...” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас 33.700.514 /гучин гурван сая долоон зуун мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-нд олгож,
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 326.453 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 326.453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч “******* Шохой” ХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан ******* нь “******* *******” ХХК-г төлөөлж гарын үсэг зурах эрхгүй, төлөөлөх эрхгүй хүн гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэл байсаар байтал шүүх энэ хуулийн заалтыг авч хэрэглээгүй.
Давж заалдах гомдлоо шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргаж байсан бол өнөөдрийн хувьд бид гэрээний хүчинтэй эсэх асуудлаар маргахгүй харин нэхэмжлэлийн үнийн дүн дээр бид маргаантай байгаа. Энэ онуудад манайх дулааны төлбөрт 19.050.000 төгрөгийн төлбөр төлсөн мөн конторын халаалт 343.728 төгрөгийг хасаад үлдэгдэл 12.484.647 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Манайх хариуцагчаас 2012-2015 хүртэлхи он дамжсан дулааны төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч хэдийгээр үнийн дүнг хүлээн зөвшөөрдөггүй боловч гэрч мэдүүлэг болон харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “******* Шохой” ХК нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “он дамжсан дулааны төлбөрт 33.700.514 төгрөг гаргуулах тухай” гэж тодорхойлсныг хэргийн хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх болон төлбөрийн хэмжээний заримыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэргийг судлан үзвэл: Зохигчид нь гэрээний хүчин төгөлдөр эсэх болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаантай байхад шүүх зөвхөн талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас дулааны төлбөрт 33.700.514 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа боловч энэ нь хариуцагчийн хэд хэдэн оны дулааны төлбөр болох, тус төлбөрт нэхэмжлэгч нь алданги тооцсон эсэх, зохигчид нь ”дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-гээ дүгнэн тооцоо нийлсэн эсэх зэрэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байхад шүүх тухайн шаардлагыг тодруулахгүйгээр дан ганц нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг /харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ/ хэрэг шийдвэрлэх үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4, 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар харуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Г.ДАВААРЕНЧИН