Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 147/2017/00387/И |
Дугаар | 001/ХТ2018/01104 |
Огноо | 2018-06-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2018/01104
Д.У-ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147/ШШ2017/00542 дугаар шийдвэртэй,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ДЗШ/04 дүгээр магадлалтай,
Д.У-ий нэхэмжлэлтэй
СБ аймгийн ЗДТГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ч.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Д.У-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй албан тушаалтан. Миний ажлын байрыг бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрүүлэх шаардлага бий болсон гэж намайг чөлөөлчихөөд хэвлэлийн төлөөлөгч гэсэн орон тоо шинээр бий болгож Ч.Осгонбатыг томилж ажиллуулсан. Одоо Оюунзулыг ажиллуулж байгаа зэргээс үзэхэд намайг хууль бусаар халсан гэж үзэж байна. Иймд уг тушаалын Д.У-д холбогдох заалтыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтны үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 09-өөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч СБ аймгийн ЗДТГ-ын төлөөлөгч Ч.Энхцэцэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын бүтэц 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар 45 орон тоотойгоор батлагдсан. Гэхдээ энэ бүтцэд хэвлэлийн ажилтан гэсэн орон тоо байхгүй. Хэдийгээр 45 хүний орон тоо байсан боловч 50 гаруй хүн ажиллаж байсан. 2015 онд Засгийн газрын 09 тоот тогтоол гарч СБ аймгийн ЗДТГ-ыг 37 хүнтэй байхаар тогтоосон. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийсэн. Д.У-ий хувьд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоонд томилогдож хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул ажлаас чөлөөлөх эхний үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэх үүрэг нь тодорхойгүй байсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан шаардлагыг хангаагүй байгаа нь ажлаас чөлөөлөх 2 дахь нөхцөл болсон. Тухайн үед тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Ш.Мандахнар ажлаас халах мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн байсан. Хэдийгээр 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасан болохоос 45 хоног өнгөрсөн тохиолдолд мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хуулийн заалт байхгүй. Хэвлэлийн төлөөлөгчөөр Осгонбатыг томилсон тушаалыг хүчингүй болгож улс төрийн албан тушаалтнаар томилсон шийдвэр гаргасан. Энэ орон тоо тамгын газрын бүтцэд ороогүй, улс төрийн албан тушаал учраас Засаг дарга солигдоход дагаж солигдоно гэж үзэж байгаа гэжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147/ШШ2017/00542 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Чойвоо овогт Д.У-ийг СБ аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан СБ аймгийн ЗДТГ-аас Д.У-ий ажилгүй байсан 222 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 4.958.592 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.У-ий эрүүл мэндийн болон нийгмиийн даатгалын шимтгэлүүдийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу сар дутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг аймгийн Засаг даргын тамгын газар /дарга Ч.Энхцэцэг/-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 92.287 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар тус тус шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ДЗШ/04 дүгээр магадлалаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна”, 33.4-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д "... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж тус тус заажээ. Аймгийн ЗДТГ-ын бүтцийн өөрчлөлтийг Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчилж 2016 оны 09 дүгээр тогтоолоор Аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоож, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 8 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн ЗДТГ-ын дарга 2017 оны А/09 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинээр баталсантай холбогдуулж, уг тушаалын дагуу хуучин бүтэц, орон тоогоор ажиллаж байсан нэхэмжлэгч болоод тус аймгийн Засаг даргын Тамгын газрын бусад ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх нь гарцаагүй байсан. Аймгийн Засаг даргын 2013 оны 9 сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц орон тоог баталсан боловч хэвлэл мэдээллийн ажилтаны орон тоо батлагдаагүй. Д.У-ийг бүтцэд байхгүй орон тоонд 2015 оны 10 сарын 12-ны өдөр Б/12 тоот тушаалаар авч ажиллуулахдаа 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Гэвч хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүргийг тусгаж тохиролцоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцогдохгүй. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал” нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарахаар заасан бөгөөд Д.У-ий эрхэлж байсан ажил нь энэхүү заалтад хамаарах байсныг шүүх харгалзан үзсэнгүй. Иймд нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Энэхүү хэрэгт миний бие хуульд зааснаар нэхэмжлэгчтэй ижил тэгш эрх үүрэг эдлэж хариуцагчаар оролцож байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас намайг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай шийдвэр гараагүй, хэрэгт нотлох баримт хавсаргагдаагүй. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалд намайг хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх мэт өөр өөрөөр нэрлэж, улмаар хэрэгт ач холбогдол бүхий төрийн байгууллагын “хуулбар үнэн" тэмдэг дарсан нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэнтэй холбоотой. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцдэг өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Иргэдийн Талөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан зарлагдсан байсан тул миний биө шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд хүсэлтийг шүүх хуралдаанаас хойш хүлээн авсан мэтээр тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан нь оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Хэрэв миний биө тухайн хуралдаанд оролцсон бол хэрэгт нотлох баримтаар өгөхөөр бэлтгэсэн байсан Ч.Осгонбатыг ажлаас чөлөөлөх, П.Чимэдлхамыг ажилд томилох тухай тушаалын хуулбарууд, цалингийн тодорхойлолт зэргийг өгч, нотлох баримтаар үнэлүүлэх байсан. Учир нь Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 тоот тушаалын хавсралтаар "хэвлэлийн төлөөлөгч” гэсэн орон тоо байсныг “мэдээлэл сурталчилгаа, мэдээлэл, төхнологи сүлжээ хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо болгон өөрчилж, Ч.Осгонбатыг ажлаас чөлөөлж П.Чимэдлхамыг томилсон байсан. Хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий, шийдвэр гарахад нөлөөлнө гэж үзэж байсан дээрх нотлох баримтуудаа одоог хүртэл шүүхэд өгч чадаагүй, шүүхээр үнэлүүлж чадаагүйдээ харамсаж байна. Иймд хэргийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
1.Анхан шатны шүүх Д.У-ий СБ аймгийн ЗДТГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1000 цагт хийхээр товлож, энэ тухай мэдэгдлийг зохигчдод хүргүүлжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч Б.Баярмаа гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 123 дугаар зүйлийн 123.1-д “хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан байна.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлттэй холбогдуулж нэхэмжлэгчийн саналыг сонсоогүй, хүсэлтийг хангах эсхүл хангахаас татгалзах хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж, захирамж гарган шийдвэрлээгүй нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д “шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гээд, 118.2-т “удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана” гэжээ.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцсноор бичигдсэн атал шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байна.
3.Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг илрүүлж засаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй байна.
Дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гомдлын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147/ШШ2017/00542 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ДЗШ/04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ