| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0261/Э |
| Дугаар | 285 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 285
2020 04 09 2020/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дон овгийн Дамдинсүрэнгийн Ад холбогдох эрүүгийн 2011006580294 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, ахын хамт Сонгинохайрхан Дүүргийн 42 дүгээр хороо, Хайрханы 12 дугаар гудамжны 23 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8-260 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551. 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлсэн, Дон овогт Дамдинсүрэнгийн А /РД:.........../,
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамжны 260 тоотод хохирогч М.Ганбаатарын толгой болон зүүн сарвууг нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “...зүүн зулайн хуйх, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Чингэлтэйн 8-260 тоотод байх гэртээ өглөө элэг шарж идчихээд яс авчирч чанаж мөлжих болон өөх авчирч галаа түлэх гээд “Нарантуул-2” зах руу 11 цагийн үед явсан юм. “Сэнгэнаран” гээд дэлгүүрийн тийшээ ах Ганбаатар хэнтэй юм бүү мэд очиж 100 грамм татсан гээд бид 3-тай хамт байж байгаад хариад байж байя гээд гэрлүүгээ түрүүлээд явсан юм. Би Гандансүрэн, Хан-Уул нарын хамт “Нарантуул-2” захаас ясаа авчихаад байж байтал Буурал гэдэг нэртэй ах тааралдаад Мартын-8 болох гэж байна гээд надад 5000 төгрөг өгсөн юм. Би тэр өгсөн мөнгөөр нь “Их монгол” нэртэй 0.75 граммын архийг 6000 төгрөгөөр худалдаж аваад хадам ах Хан-Уулд 0.33 граммын жижиг саванд талыг нь үлдээчихээд хамтран амьдрагч Гандансүрэнгийн хамт гэрлүүгээ явсан юм. Гэртээ 14 цагийн орчимд харьсан бөгөөд гэртээ ороод нөгөө тал архиа Ганбаатар ахтай хамт хувааж уучихаад урд талд Суухайгийнхаас наранцэцэгийн тос, амтлагч, давс, 00-н цаас гэх мэт зүйлсээ 2 хоногийн өмнө үлдээсэн байсан болохоор очиж авах гээд З-лаа хамтдаа явсан юм. Суухаа ахын гэрт очиход манай үлдээсэн юмнуудыг зарчихсан гэсэн бөгөөд тэрнийхээ оронд энэ архийг аваад яв гээд 0.75 граммын “Стандарт” архийг Суухаа ах өгөөд бид нар хөөгөөд байхаар нь Ганбаатар ах усанд яваад харин Гандансүрэн бид хоёр гэрлүүгээ явсан. Удалгүй 15-16 цагийн орчимд Ганбаатар ах гаднаас Оюунбаатарын хамт орж ирэхээд нь бид 4 нийлээд Суухаагийн наранцэцэгийн тосны оронд өгсөн архийг задлаад хувааж уусан юм энэ үед манай нөхөр Гандансүрэн тасраад унтаад өгсөн байсан. Ингээд уг архи талдаа ороогүй байхад Оюунбаатар ах архи дуусаагүй байхад гайгүй байгаа дээр архи аваад ир гээд Ганбаатар ах 5450 төгрөг өгөөд 0.5 “Их Монгол” нэртэй архи аваад ир гээд архинд явуулсан Ганбаатар ах арай гэж 50 төгрөг дутуу гуйсаар байгаад архиа авлаа гээд авчирсан. Тал “стандарт” архиа ууж дуусаад дахиад Ганбаатар ахын авчирсан 0.5 граммын архины талыг нь ууж байгаад тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байсан ба мөн Хан-Уул ах зуухны хажууд сууж байсан, Оюунбаатар ах Ганбаатар ахын хажууд суучихсан түргэн ирчихсэн байсан. Гандансүрэн тасарсан хэвээрээ унтаж байсан юм Ингээд цагдаа нар Төмөр замын эрүүлжүүлэх байр руу хүргэж өгсөн юм...." гэх /хх-ийн 34-36х/,
Хохирогч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А, Оюунбаатар, Гандансүрэн бид 4 нийлээд 1 шил 0.75, 1 шил 0.5 граммын архи уусан юм. Оюунбаатарын утсаар би ээж рүүгээ ярьсан ба харин А мөн утсаар ярьсан. Оюунбаатарын утаснаас болж муудалцах болсон юм. Чи авсан би авсан гээд бие бие рүүгээ чихээд байсан. ...миний биед учирсан толгоны зүүн хуйх орчимд учирсан шарх болон сарвуунд зүсэгдсэн шарх гэмтлийг А намайг Оюунбаатарын утсыг авсан гээд заазуураар цохих үед үүссэн гэмтэл юм. ...Одоо миний биеийн байдал зүгээр болсон бөгөөд надад эмчилгээний зардалд зарцуулсан баримт байхгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэх /хх-ийн 14-15х/,
Гэрч Б.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний утас гэнэт алга болчихсон. Харин би тэр 2 хүнээс утсаа нэхсэн боловч олдоогүй. Сүүлдээ Ганбаатар, А нар хоорондоо хэрэлдэж байгаад заазуур аваад А Ганбаатарын толгой руу 2 удаа цохисон. ...Толгойн оройн хэсэгт язарсан шарх, мөн зүүн гарандаа зүсэгдсэн байсан. Эмч ирээд толгой болон гаранд нь оёдол хийсэн юм...” гэх /хх-ийн 17-18х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3409 дугаартай дүгнэлтэд:
М.Ганбаатарын биед зүүн зулайн хуйх, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь нийлээд болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 28-29х/,
Шүүгдэгч Д.Алтансолонгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53х/,
Шүүгдэгч Д.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 73х/,
Хохирогч М.Ганбаатар шүүгдэгчид ямар нэг гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 69х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 74х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.А 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариул хэсэг нь 10 см ногоон өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дон овогт Д А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариул хэсэг нь 10 см ногоон өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД