Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 1523

 

Хэргийн индекс: 135/2015/01233/и


Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** “***” ХХК /регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, *** тоотод оршин суух, Б*** Б*** /регистрийн дугаар ***/-д холбогдох,
“1,313,148 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***, гэрч М.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Б*** нь манай компанид буудлын ресепшинээр 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа удаа дараа давтан 94 үйлдлээр үйлчилгээний орлогыг кассд дутуу тушааж 1,313,148 төгрөгийн өр авлага үүсгэсэн бөгөөд төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч их бага хэмжээгээр барагдуулахгүй байсан тул эвлэрэн зуучлуулах аргаар тохиролцоонд хүрэхийг эрмэлзсэн боловч зохих үр дүнд хүрээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргав” гэв.

Хариуцагч Б.Б*** шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие “***” ХХК-ний надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Би ***” ХХК-нд 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдөр ажилд ороод 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан. Би тус компаний зочид буудалд нь ресепшинээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад 315 тоот 2 өрөөнд ******* гэж эмэгтэй ээж хоёр хүүхдийн хамт өдөр өдөрт нь хоногийн 75,000 төгрөг төлж байрлаж байсан. 2015 оны 06 дугаар сарын сүүлчээс эхлэн мөнгөө төлөхгүй, удахгүй өгье гэж хэлэх болсон. Энэ талаар менежер *******т хэлж *******ийг буудлаас гаргаж, байрлуулахгүй байх санал тавихад “Иргэний үнэмлэх нь байгаа юм чинь зүйгээрээ” төлөхгүй хаачих бэ гэж хэлээд тоохгүй үргэлжлүүлэн байрлуулсаар л байсан. Би ээлжиндээ гарах болгондоо энэ асуудлаар менежерт ханддаг, бусад ээлжний ресепшинууд ч энэ талаар удаа дараа хэлж менежерт ханддаг байсан. 
    ...Б*** гэж хүний байрласан буудлын төлбөр 1,400,000 төгрөг болсон. Мөн ажиллаж байх хугацаанд өрөөний мини баарны бараа дутагдах, заалны хөргөгчөөс бараа дутах зэрэг асуудал мэр сэр гарч байсан. Энэ нь ганц миний хариуцлагаас шалтгаалахгүйгээр дутагдах асуудал зөндөө гардаг байсан. Энэ тооцооны зөрүү миний амралтын мөнгөнөөс хасагдан тооцогдсон байсан. Иймд надад төлөх ямар нэгэн төлбөр байхгүй. Б*** гэж хүний буудалд үнэ төлбөргүй байрласан асуудал надад холбоогүй, хамааралгүй би зээлээр буудалд байрлахыг мэдэж зөвшөөрдөг хүн биш юм. Хэрэв буудлын ресепшин хариуцах ёстой юм бол яагаад ганцхан би хариуцах ёстой юм бэ. Ганцхан надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Би энэ хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч Б.Б***т холбогдуулан тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа удаа дараа давтан 94 үйлдлээр үйлчилгээний орлогыг кассд дутуу тушаасан 1,313,148 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Б.Б*** нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа үйлчилгээний орлого дутуу тушааж, өр авлага үүсгэсэн бөгөөд 1,616,237 төгрөгийн өр үүсгэснээ хүлээн зөвшөөрч баримтанд гарын үсэг зурсан. Түүний үүсгэсэн өр 1,616,237 төгрөгөөс түүнд олгох амралтын мөнгө 326,000 төгрөгийг суутгаж, үлдэх 1,290,237 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага 1,313,148 төгрөгөөс 22,911 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

Хариуцагч тал “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар 
Хариуцагч Б.Б*** нь “***” ХХК-ний *** зочид буудалд ресепшинээр 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь “***” ХХК-ний дэд захирлын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2/101 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2/34 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч Б.Б*** нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа давтан 94 үйлдлээр үйлчилгээний орлогыг кассд дутуу тушааж 1,313,148 төгрөгийн өр авлага үүсгэсэн учир хариуцагч Б.Б***ээс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”, 135 дугаар зүйлийн 135.1-д “ажилтан 135.1.1-135.1.5-д заасан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ”, 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “***” ХХК нь Б.Б***ийг хөдөлмөрлөх явцдаа удаа дараа давтан 94 үйлдлээр орлогын кассыг дутуу тушаасан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б.Б***ийн хэзээ хэрхэн яаж үйлчилгээний орлогыг дутуу тушаасан үйлдэл гаргасан талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн нэхэмжлэгч *** ХХК нь “хариуцагч Б.Б*** нь 1,616,237 төгрөгийг өр үүсгэсэн, орлого дутааснаа хүлээн зөвшөөрч баримтанд гарын үсэг зурсан учир Б.Б***ээс дээрх төлбөрийг нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулсан бөгөөд нэхэмжлэгч талын дурдаж буй дээрх баримт нь хавтас хэрэгт  авагдсан Бэлэн мөнгөний зарлагын баримт болно. 
Бэлэн мөнгөний зарлагын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай баримтанд “ Байгууллагын нэр: Захиргаа, Мөнгөн хүлээн авагч: Б***, гүйлгээний утга: өр үүсгэв /орлогоос дутаав/, олгосон мөнгөний дүн: 1,616,237 төгрөг, регистр: ТИ***, мөнгө олгосон гүйцэтгэх захирал А.Б***, хүлээн авсан Г.Б***, ахлах нябо С.Б*** гэж гарын үсэг зурж баталгаажуулсан” байх бөгөөд байгууллагаас бусдад мөнгө олгосон талаар энэхүү баримтанд тусгасан байна.
Харин дээрх бэлэн мөнгөний зарлагын баримтанд Б.Б*** нь байгууллагад өр үүсгэснээ хүлээн зөвшөөрч мөнгө төлөх болон байгууллагын өмнө үүрэг хүлээсэн талаар тусгагдаагүй байна. 
Иймд нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б.Б***ээс дээрх өр төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 1,313,148 төгрөгийг хариуцагч Б.Б***ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ний гаргасан хариуцагч Б.Б***ээс 1,313,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА