| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01394/И |
| Дугаар | 01446 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 01446
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө “Амно” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг баг “Хүй зузаан” ХХК-д хариуцагдах 3,760,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ням, хариуцагчийн төлөөлөгч Ч.Очирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанитай Хуй зузаан ХХК-ны захирал Ц.Очирсүрэн нь “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон худалдан борлуулах гэрээг”-г 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулан, Орхон аймаг дахь манай гэрээт төлөөлөгчөөр ажиллаж байсан. Гэтэл Ц.Очирсүрэн нь зээлээр борлуулахаар авч явсан барааны үнийн эргэн төлөлтийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш төлөлгүй манай компанийг хохироож байна. Манай талаас олон удаа төлөхийг шаардсан боловч огт төлбөр төлөлт хийхгүй, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүргэсэн. Иймд манай компани 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон худалдан борлуулах гэрээ”-ний 4 дүгээр бүлгийн 4.1,4.2 дахь заалтын дагуу Ц.Очирсүрэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үлдэгдэл 2,506,900 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 1,253,450 төгрөг нийт 3,760,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 2,506,9200 төгрөгөөс 50,000 төгрөгийг хасч, мөн алдангиас 50 хувь буюу 614,224 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 3,071,124 төгрөг болгон нэхэмжилнэ, хариуцагч тал үндсэн төлбөр болох 2,456,900 төгрөгийг 2016 оны 12 сард багтаан төлөх, алданги болох 614,2240 төгрөгийг 2017 оны 1 сард багтаан төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Амно” ХХК нь хариуцагч “Хүй зузаан” ХХК-д холбогдуулан 3,760,350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 3 071 124 төгрөгний үнийн дүнд зохигчид эвлэрсэн болох нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 75,750 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн /3,071,124/ улсын тэмдэгтийн хураамж 64,088 төгрөгний тал хувь болох 32,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Амно” ХХК-ний 3,760,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 3,071,124 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 75,750 төгрөгийг төрийн санд үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 32,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэжлэгч “Амно” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ