Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0166

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.... даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч Г...., түүний өмгөөлөгч Ж..../ШТЭД-1163/

гэрч Ц....,

шүүгдэгч Д...., түүний өмгөөлөгч Д.... /ШТЭД-0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д....д холбогдох эрүүгийн 1908 04242 1517 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ...тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй

Сартуул овгийн ...гийн ... /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.... нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т....тай маргалдан хамран тус газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Г....ын мэдүүлэг /хх27, 52/, гэрч Ц....ын мэдүүлэг /хх64-65/, гэрч С....ын мэдүүлэг /хх-69/, гэрч Г....гийн мэдүүлэг /хх101/, гэрч Б....ын мэдүүлэг /хх105-106/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1469 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх140/,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулагаас: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх11/, хохирлын баримтууд /хх56-59/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх74-76/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д....аас: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /хх33/, Зохион байгуулагч Д.Долгормаагийн мал тоолуулсан тодорхойлолт /хх34/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх35/, шүүгдэгч Д....ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх38/, Хаан банкны диспозит дансны хуулга /хх39-45/, ял шийтгэл эдэлж байсан эсэхи  хуудас /хх46/, шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримтыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Д....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г....ын “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант руу морьтой явж байхдаа нутгийн ах болох ..., ... нартай таараад ах нараа ганц шил юм уух уу гэж хэлтэл тэр 2 байгаа юм уу гэхээр нь би за би дэлгүүр ороод ирье гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи авчирч ирсэн. Тэгээд бид гурав миний авсан архийг хувааж ууж дууссаны дараа би дахиад дэлгүүр орж 0,75 литрийн Хараа архи аваад буцаж Д...., Ц.... нар дээр очсон. Тэгээд бид гурав авсан архиа ууж байгаад би Ц.... ахтай маргалдаж доошоо суулгаад Ц....ын урдаас хараад сууж байтал зүүн талаас шар өнгийн усны гутлаараа миний хамар руу нэг удаа өшиглөсөн. Миний хамар руу өшиглөж байхад хажууд ... байсан.. гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх27, 52/

2. Гэрч Ц....ын “...Г.... одоо би дэлгүүрээс аваад ирье та нар байж байгаарай гэж хэлээд Хараа нэртэй 0,5 литрийн архи авчраад бид гурав тойруулаад ууж дуусган дахин 0,75 литрийн архи авчраад ууж байхад Г.... намайг чи миний ахыг дарамтлах гээд байдаг шүү гээд зүүн талын шанааруу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн хажуугаас Д.... болиоч гээд салгасан. Тэгээд бид 3 сууж байтал Г.... нь хэл амаар доромжлоод байхаар нь хажуу талаас нь Д.... уурлаад шар өнгийн усны гутлаараа хамар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Г....ын хамраас нь цус гараад, хамрын нь 2 хажуу талд зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх64-65/

3. Гэрч С....ын “...2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орой би ажил дээрээ цутгалт авч байсан чинь манай найз Г.... 85879915 гэсэн дугаараас нэлээн согтуу надруу залгаад маньчинь зодуулчихлаа Партизан Рашаант өртөө дээр хүрээд иргэж хэлээд уйлаад байсан. Тэгсэн Д.... хажуугаас гар утсыг нь булааж авсан юм шиг байгаан надруу юу байна бандиа ах нь Г....ыг чинь ганцхан цохиж байна ... танай Г.... цусаа гоожуулаад газарт хэвтэж байна одоо би найзыг чинь ална гэхээр нь би ажилтай байсан болохоор гар утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх69/

4. Гэрч Г....гийн “...хашааны хаалганы гадаа манай үеэл дүү Г.... хамраас нь цус гарсан хамар нь мурийсан байдалтай уйлсан хашааныхаа гадаа гутлаа сольж байсан. Тэгэхээр нь би очоод наад нүүр амаа яасан юм бэ? Хэндээ зодуулчихдаг байна гэж асуутал ...д цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ... гэж хэн юм бэ гэж асуухад Хүнсний 8-н нэрийн дэлгүүрийн эзэн ...ийн төрсөн дүү Д.... гэх ах хүү миний хамар луу цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд уйлаад байхаар нь би нүүр амыг нь арчиж өгч гэрлүү нь оруулчхаад ээж ...д нь хэлэх гээд гэрт нь очоод Г.... ...эгчийн дүү Д....д хамраа цохиулсан байна хамар нь мурийсан юм шиг байна та цохисон хүнтэй нь уулзахгүй бол болохгүй байх гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх101/

5. Гэрч Б....ын ”... гэртэй байж байтал манай нагац эгч ...гэсэн дугаараас залгаад Г....ыг ...ийн дүү Д.... зодоод хамрыг нь хугалчихсан байна яаж цагдаад дуудлага өгөх үү, эмнэлэгт үзүүлмээр байна чи хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөнд байрлах ... эгчийнд ирсэн. ... ...ын гэрээс гараад хашааны хаалганы гадаа зогсож байтал Д.... цагдаагийн машины арын цонхыг онгойлгоод Г....ыг дуудсан тэгсэн ... очхоор нь би араас нь очтол Д.... машин дотроос ганц цохилт даахгүй ингэж цагдаад өгчихөж байгаа юм уу? ярилцъя гэж хэлэхээр нь би чамтай юу ч ярихгүй хууль дүрмээр нь шийдүүлнэ гэтэл инээгээд тэнд үлдсэн. ... Би Г....аас юу болсон талаар асуухад зүгээр сууж байтал нэг мэдсэн хөл орж ирээд хамар луу өшиглөсөн гэж ярьж байсан. Мөн Д.... миний хамар руу өшиглөсний дараа би найз ... руу залгаад байж байтал Д.... гар утсыг булааж аваад Г....ыг чинь зодчихлоо одоо чи хүрээд ир чамайг ална гэж хэлсэн гэсэн. ... юу гэж ярьсан талаар нь мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх105-106/

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 1469  дугаартай  “...Г....ын биед хамар ёсны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зовхинд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд дурьдсан Г....ын мэдүүлгээр хамар тус газар цохигдох үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Газарт, унах,өвдөг мөргөх зэргийн үед үүсэх боломж муутай...” гэх мэдүүлэг /хх140/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д....:

Шүүгдэгч Д.... болон түүний өмгөөлөгч Д.... нар нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Хохирогч Г.... болон өмгөөлөгч Ж....нар нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дахь хэсэгт заасан хор уршиг арилаагүй, хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг хангуулах байр сууринаас оролцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдлоо:

Шүүгдэгч Д...., хохирогч Г...., гэрч Ц.... нар нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар урьдын харилцааны явцад болсон асуудалтай холбоотой хоорондоо маргалдсан, Д.... нь Т....ын хамран тус газар нь нэг удаа өшиглөжээ.

Энэ нь хохирогч Г....ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсэн “...би Ц.... ахтай маргалдаж доошоо суулгаад Ц....ын урдаас хараад сууж байтал зүүн талаас шар өнгийн усны гутлаараа миний хамар руу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц....ын “...Г.... намайг чи миний ахыг дарамтлах гээд байдаг шүү гээд зүүн талын шанааруу гараараа нэг удаа цохиод авсан. ... бид 3 сууж байтал Г.... нь хэл амаар доромжлоод байхаар нь хажуу талаас нь Д.... уурлаад шар өнгийн усны гутлаараа хамар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Г....ын хамраас нь цус гараад, хамрын нь 2 хажуу талд зулгарсан байсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн дээрх үйл баримтыд дам байдлаар нотолсон гэрч С....ын “...манай найз Г.... ...нэлээн согтуу надруу залгаад мань чинь зодуулчихлаа Партизан Рашаант өртөө дээр хүрээд ирээч... Тэгсэн Д.... хажуугаас гар утсыг нь булааж авсан юм шиг байгаан надруу юу байна бандиа ах нь Г....ыг чинь ганцхан цохиж байна ... танай Г.... цусаа гоожуулаад газарт хэвтэж байна...” гэх мэдүүлэг, гэрч  Б....ын “...хашааны хаалганы гадаа зогсож байтал Д.... цагдаагийн машины арын цонхыг онгойлгоод Г....ыг дуудсан тэгсэн ... очхоор нь би араас нь очтол Д.... машин дотроос ганц цохилт даахгүй ингэж цагдаад өгчихөж байгаа юм уу...” гэх мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г....ын биед “...хамран тус газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт....” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 1469 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д....ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийг эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч бий болгосон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г....д эмчилгээний зардалд баримтаар 226.212 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүнд 230.000 төгрөг хүлээлгэсэн өгсөн нь мөнгө хүлээлцсэн баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.   

Харин хохирогч Г.... нь гэм хорын зардал болох хамрын хагалгаа хийлгэхэд шаардагдах 2.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар бодитоор зардал гараагүй, баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний шүүхийн журамаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, малчин, мал малладаг болох нь тооллогын баримтаар тогтоогдож байгаа тул торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Д.... нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд учруулсан хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад зааснаар “...гэмт хэрэг үйлдсэний дараа ... учруулсан хохирлыг төлсөн…” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан мөн шүүгдэгч Д.... нь бага насны хүүхэдтэй, хувиараа малчин ажилтай  /мал тооллогийн тодорхойлолт/ мөн дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д....д 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-ийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Г.... нь гэм хорын зардалд /хамрын хагалгаа/ 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР