Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 01447

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-6-49 тоотод оршин суух Шааваа овгийн Буянтын Болдын /ОМ-73021216 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Тээвэрчдийн гудамж-5, БСБ сервис компанийн байр, “БСБ электроникс” ХХК-д хариуцагдах 150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Болд, хариуцагчийн төлөөлөгч Б.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Болд хариуцагч “БСБ электроникс” ХХК-аас 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Болд  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Болд 2014-12-26-ны өдөр БСБ сервис ХХК-ний сүлжээ дэлгүүрээс тоос сорогч худалдан авсан юм.Тухайн үед худалдаж авсан бараагаа шалгаж, тоос муу ажиллаж байна, техникийн асуудалтай /халах/ байгааг хэлсэн боловч худалдагч нь мөнгө төлсөн учир сольж болохгүй бас ижил төрлийн тоос сорогч байхгүй гээд 2015 оны 1 сарын баталгаат засварт засуулахаар өгсөн боловч одоог хүртэл засагдахгүй муу сордог хэвээр байгаа тул үүнийг буцааж авахгүй.Би дээрхи байдлыг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төвд удаа дараа хандсан боловч шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэр гаргаж байна.Иймд БСБ сервис ХХК-ний сүлжээ дэлгүүрээс тоос сорогчийн үнэ 109,900 төгрөг мөн нааш цааш явсан унааны зардал болох 40,000 төгрөгийг нэмээд нийт 150,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Би тоос сорогчийг 7 хоногийн дараа авч очсон.Их дуу гараад халаад болохгүй байсан.Нэг залуу үзээд филтерээ цэвэрлэ гээд зааж өгсөн.мөн адилхан халаад тоос сорохгүй байсан.Дахин авч очсон.Баталгаат хугацаандаа байсан тул засварт явуул гээд авч үлдсэн.2 сарын дараа ирж ав гэсэн.Зассан гэх баримт байхгүй байсан.Завсарын хуудас дээр юу ч бичээгүй байсан.Би авахгүй гээд орхисон.Одоо мөнгөө зардлын хамт гаргуулж авна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Болд нь БСБ сервис ХХК-иас худалдаж авсан БСБ брэндийн тоос сорогчоо анх авчирч өгөхдөө тоос сорохгүй байна гэсэн тайлбартайгаар авчирч өгснийг бид баталгаат засварын газар руу явуулж оношлуулахад их хэмжээний хог соруулаад доторх нарийн тоосны филтерийг нь цэвэрлээгүйгээс болж соролтын хүч нь багассан байна, филтэрээ цэвэрлээд хэрэглэхэд ямар нэгэн асуудалгүй ажиллана, үйл ажиллагаанд нь ямар нэгэн доголдол байхгүй гэсэн тайлбар ирүүлсэн.Тоос сорогчийг Эрдэнэт салбар дээр авчраад филтэрийг нь цэвэрлээд ажиллуулахад хэвийн ажиллагаатай байсан учир худалдан авагчид мэдэгдэж тоос сорогчоо ашигласныхаа дараа хог шорог нь цэвэрлээгүйгээс болоод соролт нь муудсан байна, филтерийг нь цэвэрлээд хэвийн ажиллаж байна ямар ч тоос сорогчийг ашигласныхаа дараа тоос шороог нь сайн цэвэрлэж байх шаардлагатай, ялангуяа сүүлийн үеийн тоос сорогчнууд мотор шахахаас хамгаалаад филтер нь нарийн ширхэгтэй болсон тул ойр ойрхон цэвэрлэж байх шаардлагатай болсон гэж мэдэгдсэн болно.Уг барааны ажиллагаа нь хэвийн учир иргэн Болдын нэхэмжлэлийг хүлээн авах болможгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй.Анх хэрэглэхдээ филтерийг нь цэвэрлээгүй тоос шороогоор битүүрсэн байсан.Ер нь бол тоос сорогч ажиллаад ирэхээрээ бага зэрэг халдаг.Манай засварын инженерүүд үзээд “зүгээр” гэсэн.Моторын чадал өндөр тул филтерээ цэвэрлэхгүй бол болохгүй гэж хэлсэн.Ойлгодоггүй.Худалдаж аваад 3 хоногийн дотор бол солих боломжтой одоо бол боломжгүй.Баталгааны хуудас дээр доголдол байгаад засвар хийсэн л бол тэмдэглэгээ хийдэг.Згүгээр бол хийдэггүй.Засварын тухай ямар нэг баримт өгдөггүй,шалгаад л өгдөг.Инженерүүд шалгаад ирүүлсэн тул “зүгээр” гэж  ойлгож тайлбарлаж байна гэжээ.

 

Шүүх хэргээс баталгаат үйлчилгээний карт,төлбөрийн баримт,нэхэмжлэгчийн гар утаснаас засварт явуулсан баримт зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Б.Болд хариуцагч “БСБ электроникс” ХХК-аас 150,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй.

Зохигчдын хооронд 2014-12-26-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж Б.Болд нь БСБ сервис ХХК-ний Орхон аймаг дахь дэлгүүрээс тоос сорогчийн үнэ 109,900 төгрөгний үнэ бүхий  тоос сорогч худалдаж авсан байна. Худалдагч талаас 12 сарын хугацаатай баталгаат үйлчилгээний хуудас олгосон.

Нэхэмжлэгч худалдаж авсан тоос сорогчоо “халдаг,соролт муу “гэсэн шалтгаан хэлж өөр тоос сорогчоор солих хүсэлт гаргаж удаа дараа очсон ч худалдагч тал хүлээж аваагүй ба 2015 -10-13-ны өдөр “БСБ электроникс” ХХК-ны баталгаат засварт илгээсэн байна.

Хариуцагч талын засварчин “засварт бараа хүлээн авсан баримтад” ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн утсанд хадгалагдсан дагалдах хуудасаар нотлогдсон ба хариуцагчийн төлөөлөгч энэ талаар “Баталгааны хуудас дээр доголдол байгаад засвар хийсэн л бол тэмдэглэгээ хийдэг.Зүгээр бол хийдэггүй.Засварын тухай ямар нэг баримт өгдөггүй,шалгаад л өгдөг”гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн  төрлийн эд хөрөнгөөр солиулах,доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх,эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” тул нэхэмжлэгч гэрээг цуцлаж төлбөр гаргуулах тухай шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч тоос сорогчны доголдлын талаархи гомдлын шаардлагаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор...доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуүлийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсний дагуу баталгаат хугацаанд гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Болд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч БСБ сервис ХХК нэхэмжлэгчийн худалдаж авсан тоос сорогчийг “доголдолгүй хэвийн ажиллаж байсан”гэх тайлбараа нотлоогүй,засварчин барааг хүлээн авсан боловч гэмтэл доголдол илэрсэн эсэх талаар дагалдах хуудаст тэмдэглээгүй байх тул доголдолгүй байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Ийнхүү хариуцагч өөрийн худалдсан барааг “доголдолгүй”байсан гэдгийг нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж тоос сорогчны үнэ 109 900 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч бусад зардал 40 000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

        

            1.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан БСБ сервис ХХК-аас 109 900 төгрөг гаргуулан Б.Болдод олгосугай.

 

2. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 40 100 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 5150 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4 Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногт Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ