Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 964

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж  тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “ М” ХХК-д холбогдох хэсгийн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э , түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц , өмгөөлөгч Ц.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , гэрч Ч.Э болд, Л.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

“М” ХХК-ийн захирал Ц.Э э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...”М” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Бичигт хад нэртэй газарт байрлах 333.33 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-014989 дугаартай тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хууль журмын дагуу авсан. 

Бидний зүгээс тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эхлүүлээд явж байтал Монгол Улсын Их Хурлаас “Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан  бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль болон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” батлагдсан бөгөөд дээрх хуулиар хязгаарласан талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр кадастрын бүртгэлд  бүртгэн авч үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан юм. 

Тиймээс Ашигт малтмалын газраас 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №5-723 дугаар албан бичгээр “дээрх хуулиар хориглосон газрын төсөлтэй давхцалтай байгаа тул цуцлагдах магадлалтай байна. Иймд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдсэн “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор тооцох зардлыг  хавсралт дахь маягтын дагуу тухайн тусгай зөвшөөрөл олгосон оноос хойш жил бүрээр гаргаж, 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор Ашигт малтмалын газрын Уул уурхай,  судалгааны хэлтэст ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг ирүүлсэн. 

Улмаар ашигт малтмалын газраас ямар нэгэн байдлаар манай компанид нөхөх олговор болоод тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн байдлаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй байна гэсэн билээ.

Ингээд Монгол Улсын Их хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар манай компанийн тусгай зөвшөөрөл авсан талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. 

Иймээс компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №11/49 дугаар албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №II/69, №II/70 дугаар албан бичгүүдээр  Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт удаа дараа тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтээ гаргасан. 

Энэ хугацаанд Ашигт малтмалын газраас манай хүсэлттэй холбогдуулан ямар нэгэн хариуг ирүүлж байгаагүй.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/3425 дугаар албан тоотод “Танай компанийн тусгай зөвшөөрлийг ... Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр цуцалсан” гэж мэдээлсэн  байх бөгөөд тусгай зөвшөөрлийн цуцалсан талаар компанид өмнө нь огт мэдэгдэж байгаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд 56.1.3-т “Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бүрэн төлсөн” гэж заасан бөгөөд мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын  5.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нөхөн олговрыг төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах журамтай байтал нөхөн олговор олгоогүй байж компанид мэдэгдэлгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байна. 

Компанийн зүгээс өөрийн тусгай зөвшөөрлийг цуцалсанг Ашигт малтмалын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/3425 дугаар албан тоотоор мэдсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №221/ШТ2017/0576 дугаар тогтоолоор нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. 

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын  үүргийн түр орлон гүйцэтгэгч, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Батмагнайгаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Бичигт хад нэртэй газар 333.33 гектар талбайд  геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх шийдвэрийг  Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6-5228 тоот албан бичгээр хүргүүлсэн. 

“М” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой гомдлоор Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. 

2009 онд батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож, батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. 

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын 14989А тусгай зөвшөөрлийн талбай ойн сантай бүхэлдээ, усан сантай хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. 

“М” ХХК нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан уг тусгай зөвшөөрлийн талбай дээрээ нөхөх олговор  авах хүсэлтэй байсан бол Ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлж, тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүрэгтэй байсан. 

Учир нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий  газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл  эзэмшигчид нөхөн олговор олгох журам үйлчилж эхлэхээс өмнө журмаар 90 хоног буюу  2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай мэдэгдлийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхээс мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад  тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байршуулж мэдээллэхээс өмнө тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүргээ биелүүлээгүй учраас “М” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 14989А дугаартай тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тул нэгэнт хүчин төгөлдөр биш тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор олгох тухай асуудал нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Энэ талаар нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалж чадаагүй аж ахуй нэгжүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор  олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна. 

 Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

“М” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын 2009 оны 410 дугаар шийдвэрийн  дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Бичигт хад нэртэй 333,33 га уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байх ба мөн газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу цуцалж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлд хамаарсан тул манай байгууллага нөхөх олговор авах тухай хүсэлтээ гаргасан. Гэтэл нөхөх олговор олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал ... тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх”-өөр тус тус зохицуулсан байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” -ын “Тав” зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална”  гэж заасан байна. 

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрлийн талбайг эрх бүхий этгээдийн шийдвэрээр нөөцөд  авсан бол зохих нөхөх олговор олгох эсэх асуудал шийдвэрлэгдэж улмаар нөхөх олговор олгосны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар байхад хариуцагч нь “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 14989А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “... ээлжит жилийн төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. 

Учир нь Монгол Улсын Их Хурлаас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргаж, Засгийн газраас 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол гарч холбогдох солбицлыг тогтоосноор 14989А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан “нөөцөд авсан талбай”-д тооцогдох бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “ашигт малтмал ашиглах” эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох юм. 

Иймээс дээрх тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зохицуулагдах учиртай. 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч “М” ХХК-ийг “ашигт малтмал ашиглах” эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон талбайд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалаагүй гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч байгууллагын хувьд хуулиар хүлээгээгүй үүргийг хэрэгжүүлээгүйд буруутгасан хууль бус шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, нөөцөд буюу төрийн мэдэлд авсан талбайн хувьд “М” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй, төлбөр төлөх, түүний хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүрэг хүлээхгүй. Иймээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүйд нэхэмжлэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн “...нөхөх олговор авах хүсэлтэй байсан бол үүрэг хариуцлагаа биелүүлж, тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүрэгтэй байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан “тусгай зөвшөөрлийг цуцлах” эрхээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагч нь мөн хуулийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан урьдач нөхцөлийг биелүүлсэн байх шаардлагатай.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн дарга/хуучин нэрээр/ нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө хадгалах эрхийг хангах, хариуцагчид тусгай зөвшөөрөл эзэмшигчийг эрхэд халдахдаа урьдчилан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тус шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр шаардсаны дагуу хариу ирүүлээгүй болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрт байгаа нотлох баримтаа гаргаж үгүйсгээгүй байдлаар тогтоогдож байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг хэсэгчлэн тогтоосон хилийг зааг”-ийг хэсэгчлэн баталсны дагуу Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 240 дугаарт уг хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор авах тухай хүсэлтээ гаргахыг мэдээлсэн байна.  

Үүний дагуу “М” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан маягтын дагуу нөхөн олговор авах хүсэлтээ  гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах”-аар заасан нийцсэн байх бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй 69 аж ахуйн нэгжийн жагсаалтад “М” ХХК-ийг оруулаагүй байна. 

Хэдийгээр Ашигт малтмалын газраас 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5-723 дугаартай албан бичгээр “Танай компанийн эзэмшлийн ...,  14989А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай ... хуулиар хориглосон газрын төсөлтэй давхцалтай байгаа тул цуцлагдах магадлалтай байна. Иймд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдсэн  “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журам”-д тусгагдсан нөхөн олговор тооцох зардлыг хавсралт дахь маягтын дагуу тухайн тусгай олгосон оноос хойш жил бүрээр гаргаж, 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн  хэдий ч Засгийн газрын дээрх тогтоолоор баталсан журмын дагуу хуулийн этгээд нь нөхөх олговор авах тухай хүсэлтээ “... өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор гаргах”-аар зохицуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нөхөх олговор авах тухай хүсэлтээ мэдэгдэлд заасан хугацаанд гаргаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэн үзвэл, Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “М” ХХК-ийг 14989А ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн шийдвэрийг гаргах урьдач нөхцөл шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгч байгууллагад хуулиар хүлээлгээгүй үүргийг биелүүлээгүйд буруутгасан хууль бус шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “14989А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн нэхэмжлэгч байгууллага нь дээрх шийдвэртэй холбогдуулж маргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлан маргаж байх боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5896 дугаартай захирамжаар “Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэртэй холбогдуулан “М” ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0576 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдээгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Мөн хариуцагчаас маргаан бүхий актыг 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-5227 албан бичгийг шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч “М” ХХК нь тухайн мэдэгдлийг хүлээж авсан эсэхийг давхар нотлох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Морт хангай” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “ М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “ М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ