Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 0154

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч/хохирогч П...., түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ШТЭД 2264/, Ц.Батзориг /ШТЭД-3146/,

шүүгдэгч/хохирогч Н...., шүүгдэгч Д....,  С.... тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батбаяр /ШТЭД-1002/,

шүүгдэгч/хохирогч Ш...., түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ШТЭД-1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Хасаг овогт ...ийн ...ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Боржигон овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ажиндай овогт ...ийн ..., Алаг адуу овогт ...гийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан

 Боржигон овогт ...н ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01296 1065  дугаартай, 2 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Хасаг овогт ...ийн ..., Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1991 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд бол...ролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр баг, Хайрхан ...тоотод байнга, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн ...тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД-.../.

2. Боржигон овогт ...ийн ..., Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд 1992 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд бол...ролтой, мэргэжилгүй, Байгалийн чулуун хийц ХХК-д дизайнер, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 22 дугаар баг, ... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ...тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД-.../.

3. Ажиндай овогт ...ийн ..., Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд, 1996 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд бол...ролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэл

-2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД-.../.

4. Боржигон овогт ...н ..., Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд бол...ролтой, авто инженер мэргэжилтэй, “...” ХХК-д холболтын инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагаан ...тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД-.../.

5. Алаг адуу овогт ...гийн ..., Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд бол...ролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД-.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.... нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа, иргэн Н....тай маргалдаж толгойн тус газар нь чулуугаар шидэж зүүн чамархайн ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.... нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа, иргэн Н....тай маргалдаж нүүр рүү нь цохиж зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д...., С....  нар бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа иргэн Ш....тэй маргалдаж, түүний толгойн тус газар нь цохих, хавсарч унагаах зэргээр зүүн чихний зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.... нь 2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа иргэн П....тай маргалдаж эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Н....ын мэдүүлэг /1хх34-36, 2хх24/, гэрч Г....гийн мэдүүлэг /1хх92/, гэрч М.Оюуны мэдүүлэг /1хх96-97/, гэрч Б....гийн мэдүүлэг /2хх26/, гэрч Б....ын мэдүүлэг /2хх70/, шүүх эмнэлгийн 2770 дугаар дүгнэлт /1хх48/, шинжээч О.Болороогийн мэдүүлэг /1хх55/, хохирогч Ш....гийн мэдүүлэг /1хх41/, шүүх эмнэлгийн 2810 дугаар дүгнэлт /1хх57/, шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /1хх64/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх14, 2хх21-22/, хохирогч П....ын мэдүүлэг /1хх45/, шүүх эмнэлгийн 2811 дугаар дүгнэлт /1хх66/, Д...., Н...., С.... нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх194, 204, 224/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан, хохирол төлбөртэй нэхэмжилсэнтэй холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Н....ын хохирогчоор өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз Амгаланбаатартай уулзаад 2,5 литрийн 1 ширхэг пиво уугаад шөнө 00 цаг өнгөрч байхад найз ...той уулзан ... жи баар руу орсон. ...2 согтуу хүнийг хамгаалагч нар гаргаж ирсэн чинь тэр хоёр хүний нэг нь намайг өшиглөж муудалцсан чинь манай найзууд салгаад цааш нь аваад явсан. Тэгтэл хамт явсан үл таних залуу нь намайг тэврээд тавихгүй болохоор нь эргэж хараад уруул хэсэгт мөргөсөн. ...нөгөө хоёрын хэнийг нь мэдэхгүй араас чулуу шидэж бид нар зугтаасан тэгтэл чихний ард толгойн тус газар чулуу онож сонин болоод унасан. Үүнээс хойш хаагуур яаж явсныг санахгүй байна нэг сэрсэн эмнэлэгт 2 хоносон байсан...хувийн эмнэлэгт хэвтэж байхад ээж ирэхдээ намайг зодсон гэх хоёр залуу ирж уулзаад мөнгө өгөөд гарын үсэг зураад явлаа, бид нар зодсон, бид нарын буруу гэж хэлсэн тухай ярьсан. ...П...., Ш.... нараас ...хохиролд 400.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1хх34-36, 2хх24/,

2. Гэрч Г....гийн /БГД-н 2-р хэлтэст хороо хариуцсан цагдаа/ “...2019 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө ...Содон хорооллын баруун талд замын голд нэг хүн хэвтсэн дээр нь нэг хүн гарсан зодож байсан. Хажууд нь нэг хүн том чулуу барьсан зогсож байсан. ...тэр гурван хүн нилээн согтуу байсан тул машиндаа суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр очиж шалгаад харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн. Хохирогч Н....ын нүүр нь шалбарсан, хамарнаас нь цус гарсан бусдад зодуулсан байдалтай байсан бөгөөд нөгөө хоёр хүнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх92/,

3. Гэрч М.Оюуны “...зам дээр нэг эрэгтэй хүн хүний дээр гарсан зодож байсан тэгтэл үл таних эрэгтэй хүн чулуу барьсан тэр хоёрын хажууд байж байсан...... тэр гурвыг салгасан...хохирогч Н....ыг Ш.... дээр нь гарсан нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /1хх96-97/,

4. Гэрч Д.Ганбаярын /Жи баарны зохион байгуулагч/ “...шөнө 01 цагийн үед согтуу хоёр залуу орж ирээд 4 пиво уусан байх тэр хоёр залуу бүжгийн талбай дээр хүмүүстэй маргалдахаар нь салгаад суулгасан. ...хаах үед гаднаас 3-н залуу орж ирээд тэр 2 залуутай зөрж гарахдаа шүргэлцээд маргалдахаар нь хамгаалагч нарын хамт салгаад асуухад эхэлж орж ирсэн 2 залуугийн намхан нь мөрлөж муухай харлаа гээд хэрэлдсэн гэсэн. ...тэгээд цонхоор харсан чинь зам дээр такси барих гээд зогсож байсан нөгөө 3-н залуу дээр сүүлд гарсан 2 залуугийн намхан биетэй нь залуу нь зууралдаад зогсож байсан. ...араас нь очих хооронд хоёулаа явсан залуугийн намхан залууг гурван залуучуудын нэг нь хавираад унагаачих шиг болсон...ер нь хоёулаа явж байсан залуугийн намхан туранхай залуу нь нөгөө гурван залуугийн хойноос хэрүүл хийгээд салахгүй эргэж буцаад байсан түүнтэй хамт явсан залуу нь салгаж байсан. Бас нөгөө гурван залуучуудын нэг нь намхан залуутай хэрэлдээд замын хоёр талд гараад зууралдаад байсныг нөгөө хоёр нь салгаж байсан...” гэх мэдүүлэг /1хх84-85/,

5. Гэрч М....ын /Жи баарны хамгаалалтын ажилтан/ “...тэдгээр гурван залуучуудын өндөр хоёр залуу нь эрүүл байсан хамт явж байсан хохирогч Н.... нь арай илүү согтуу байсан. Миний харснаар замын зүүн талд хоёулаа явж байсан согтуурхаад байсан Ш....г нэг удаа хавирч унагаасан бид нарыг очих хооронд хамт байсан хүмүүс нь салгаад зодолдуулаагүй...” гэх мэдүүлэг /1хх88-89/,

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд “...С.... нь Ш....гийн толгойн тус газар нэг удаа цохисон, ...Д.... хажуунаас нь түүнийг заамдаж аваад 3 удаа хавсарч унагаасан, ...Н.... П.... нар хоёр биенээ хорьж байсан...Ш.... нь Н....ыг өшиглөхөд Ш....г татаж унагаахад П.... салгаж түүний араас баарны хамгаалагч нар ирж хоёр тийш нь салгасан...” нөхцөл байдал тусгагджээ. /1хх14, 2хх21-22/,

7. Ш....гийн хохирогчоор өгсөн “...би баарнаас гараад юу болсон талаар үнэхээр санахгүй байна. Камерын бичлэг харсан чинь хохирогч Н....тай хамт явсан 2 хүний туранхай биетэй залуу нь чих рүү цохиж, нөгөө махлаг биетэй залуу нь 2-3 удаа хавсарч унагаасан байна. Миний биед учруулсан гэмтлүүдийг тэр хоёр залуу учруулсан байна...” гэх мэдүүлэг /1хх41/,

8. П....ын хохирогчоор өгсөн “...би хохирогч Н....аас уучлалт гуйгаад найзыгаа аваад явая гэхэд дайраад байхаар нь хоёр гараараа тулаад зогсож байсан чинь цамцны захаар боогоод уруулан тус газар мөргөсөн би амаа дараад тонгойх хооронд толгой цохисон тэгэхээр нь би алуулах юм байна гэж бодоод хажууд байсан 2 чулуу аваад тэр гурвын зүг рүү шидсэн чинь тал тал тийшээ замын баруун тал руу зугтаасан... би дахиж том чулуу аваад харсан чинь ... ...ын хойноос хөөсөн, би хойноос нь гүйгээд очсон замын баруун талд зам дээр ...ын дээр гараад суусан байсан...тэгээд би буцаад иртэл цагдаа ирсэн байсан бөгөөд бид гурвыг суулгаад ... явсан...” гэх мэдүүлэг /1хх45/,

9. Шүүх эмнэлгийн 2770 дугаар дүгнэлтэд “Н....ын биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн чамархай ясны хугарал нь зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураатай хамт үүсэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хоншоорны урд болон арын хананы хугарал нь зүүн зовхины цус хуралттай хамт үүсэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ /1хх48/,

10. Шинжээч эмч О.Болороогийн “...Н....ын биед учирсан зүүн хоншоорны урд болон арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /1хх55/,

11. Шүүх эмнэлгийн 2810 дугаар дүгнэлтэд “Ш....гийн биед зүүн чих, нуруу, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.  /1хх57/,

12. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Ш....гийн биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1хх64/,

13. Шүүх эмнэлгийн 2811 дугаар дүгнэлтэд “П....ын биед уруулын няцарсан шарх, дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /1хх66/,

14. Д....ын яллагдагчаар өгсөн “...тэр өдөр бааранд тэр хоёртой жоохон маргалдаад салсан. Тэгээд бид 3 баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад дотроос нөгөө хоёр гарч ирээд Ш.... нь нилээн согтуу Н....тай маргалдаад байхаар нь бид 2 салгаад, Ш....г хамт явсан найз нь салгаад тэврээд аваад явсан. Ингээд Ш.... цаашаа явахдаа хэл үгээр идээд орилоод байхаар нь Н.... хойноос нь гүйж очиход П.... дундуур нь орж салгасан, С.... бид хоёр гүйж очиход өөдөөс хэл үгээр доромжлоод байхаар нь С.... зүүн талын чих рүү нь гараараа нэг удаа цохисон, би барьж аваад 2 удаа хавсарч унагаасан энэ үед П.... Н....тай цаана юм яриад зогсож байсан...тухайн үед эрүүл байсан, салгаад байсан залуу П.... нь хүн болгон руу чиглүүлж чулуу аваад шидээд байсан учраас бид гурав зугтаасан...” гэх мэдүүлэг /1хх194/,

15. Н....ын яллагдагчаар өгсөн “...Ш....тэй дахиж маргалдсан чинь хамт явсан хохирогч П.... салгаад юм яриад байж байхад надтай хамт явсан Д...., С.... хоёр ирсэн Ш....тэй маргалдаад түүнийг Д.... 2-3 удаа хавсарч унагаахыг нь харсан. ...баарны хамгаалагч нар салгаад орсон...дахиж Ш....тэй маргалдаж зууралдаж байхад П.... араас тэврээд татахаар нь эргэж хараад түүнийг мөргөсөн. Тэгээд салаад явж байсан чинь араас чулуу шидээд толгойн тус газар онож газар унасан. Түүнээс хойш ямар нэг юм санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх204/

16. С....ын яллагдагчаар өгсөн “...Б.... бид хоёр гүйж очиход Ш.... хэл үгээр доромжлоод байхаар нь би зүүн талын чих рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Б.... барьж аваад 2 удаа хавсарч унагаасан... буцаад замын баруун талд гараад такси барих гээд зогсож байхад согтуу Ш.... Н....тай дахиж хэрүүл хийгээд ...Н.... нь П....тай маргалдаж байгаад урууланд нь нэг удаа мөргөчхөөр нь би салгасан. Н....ыг түлхээд унагачхаар нь би татаж босгож байхад П.... нэг алхамын зайнаас чулуу шидэж Н....ын толгойн тус газар оносон... би замын зүүн тал руу зугтаасан чинь П....ын шидсэн чулуу миний нуруунд оносон. Би зугтаагаад замын зүүн талд гарсан байж байхад миний захын урд төв замын хажууд Ш.... Н....ын дээр гарсан зодож байсан. Энэ үед энгийн машинтай цагдаа ирээд тэр гурвыг аваад явсан...Ш.... цагдаа дуудаад зааж чадахгүй болохоор нь Б.... аваад ярьж байхад чулуу шидээд тэр чигээрээ зугтаасан...Б.... бид хоёр тэр хэдийн хойноос нь хайж очоод гар утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /1хх224/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч нар:

Шүүгдэгч Ш...., Д...., С...., Н.... нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Харин шүүгдэгч П...., түүний өмгөөлөгч нар нь хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлээр мэтгэлцэж оролцсонг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, дүгнэлтээс дүгнэн үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Жи” нэртэй бааранд шүүгдэгч П...., Ш.... нар нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ тухайн үед гаднаас орж ирсэн шүүгдэгч Д...., С...., Н.... нартай маргалдаж, зодолдсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд үйл явдлыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл,

1. шүүгдэгч Ш....гийн эрүүл мэндэд хохирол учруулсан тухайд:

 Шүүгдэгч Ш.... нь бусдаасаа илүү согтолттой, маргааныг түрүүлж үүсгэсэн байх бөгөөд бусдыг хэл амаар доролжиллоо гэх шалтгаанаар шүүгдэгч С.... нь түүний толгойн тус газар нь цохьж, шүүгдэгч Д.... нь хавсарч унагаасан нь гэрч Д.Ганбаяр /Жи баарны зохион байгуулагч/, гэрч М.... /Жи баарны хамгаалалтын ажилтан/ нарын мэдүүлэг болон Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...С.... нь Ш....гийн толгойн тус газар нэг удаа цохисон, ...Д.... хажуунаас нь түүнийг заамдаж аваад 3 удаа хавсарч унагаасан, ...Н.... П.... нар хоёр биенээ хорьж байсан... Ш.... нь Н....ыг өшиглөхөд Ш....г татаж унагаахад П.... салгаж түүний араас баарны хамгаалагч нар ирж хоёр тийш нь салгасан...” гэж тусгагдсанаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д...., С.... нарын үйлдлийн улмаас шүүгдэгч Ш....гийн эрүүл мэндэд “зүүн чих, нуруу, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүх эмнэлгийн 2810 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. Улмаар шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нэмэлтээр өгсөн мэдүүлэгтээ гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тайлбарлажээ.

Шүүгдэгч Д...., С.... нар нь энэхүү үйл баримттай маргаагүй бөгөөд шүүгдэгч нарыг бүлэглэн гэм буруугийн санаатай хэлбэрээр Ш....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.... нь согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан болохыг гэрч М....ын мэдүүлэгт дурдсан, мөн  шүүгдэгч С.... нь энэ талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлсэн, үүнийг үгүйсгэх баримтгүй болохыг дурдав.

2. шүүгдэгч П....ын эрүүл мэндэд хохирол учруулсан тухайд:

Дээр дурдсанаар шүүгдэгч Ш....гийн согтуурсан бусадтай маргалдсан, түүнтэй шүүгдэгч Н.... нь маргалдаж байхад шүүгдэгч П.... салгаж холдуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар шүүгдэгч П.... нь шүүгдэгч Н....ыг хориглож ардаас нь татах үед түүнийг нүүрэн тус газар нь мөргөсөн болох нь тогтоогдож байна.

Энэ нь П....ын хохирогчоор өгсөн “...би хохирогч Н....аас уучлалт гуйгаад найзыгаа аваад явъя гэхэд дайраад байхаар нь хоёр гараараа тулаад зогсож байсан чинь цамцны захаар боогоод уруулан тус газар мөргөсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н....ын яллагдагчаар өгсөн “...дахиж Ш....тэй маргалдаж зууралдаж байхад П.... араас тэврээд татахаар нь эргэж хараад түүнийг мөргөсөн...” гэх мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэхүү үйл баримт нь яллагдагч С....ын “...буцаад замын баруун талд гараад такси барих гээд зогсож байхад согтуу Ш.... Н....тай дахиж хэрүүл хийгээд ...Н.... нь П....тай маргалдаж байгаад урууланд нь нэг удаа мөргөчхөөр нь би салгасан...” гэх мэдүүлэг нь давхар нотлож байна.

Шүүгдэгч Н.Эрдэнбатын дээрх үйлдлийн улмаас П....ын эрүүл мэндэд  “уруулын няцарсан шарх, дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн” хөнгөн хохирол учирсан нь Шүүх эмнэлгийн 2811 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Н.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр согтууруулах ундааны зүйл уусан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

3. шүүгдэгч Н....ын эрүүл мэндэд хохирол учруулсан тухайд:

Дээрх шүүгдэгч Н.... нь П....ын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсанд үйл явдалтай холбоотойгоор шүүгдэгч П.... нь газраас чулуу авч шидсэн, уг шидсэн чулуунд Н.... нь толгойн тус газартаа оногдсон нь хэрэгт авадсан баримтаас тогтоогдож байна.

Тухайлбал, Н....ын хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Тэгтэл хамт явсан үл таних залуу нь намайг тэврээд тавихгүй болохоор нь эргэж хараад уруул хэсэгт мөргөсөн. ...нөгөө хоёрын хэнийг нь мэдэхгүй араас чулуу шидэж бид нар зугтаасан тэгтэл чихний ард толгойн тус газар чулуу онож сонин болоод унасан. Үүнээс хойш хаагуур яаж явсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг, С....ын яллагдагчаар өгсөн “...Н.... нь П....тай маргалдаж байгаад урууланд нь нэг удаа мөргөчхөөр нь би салгасан. Н....ыг түлхээд унагачхаар нь би татаж босгож байхад П.... нэг алхамын зайнаас чулуу шидэж Н....ын толгойн тус газар оносон... би замын зүүн тал руу зугтаасан чинь П....ын шидсэн чулуу миний нуруунд оносон...” гэх мэдүүлэг, Д....ын яллагдагчаар өгсөн “...тухайн үед эрүүл байсан, салгаад байсан залуу П.... нь хүн болгон руу чиглүүлж чулуу аваад шидээд байсан учраас бид гурав зугтаасан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.... нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “чулуугаар цохиулсаныг сайн санаж байна, цохиулсанаас хойш ухаан балартсан, түүнээс хойшхи үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлсэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг хангалттай тодорхой заасан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч С...., Д.... нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь үйл баримтыг харилцан зөрүүгүй байдлаар мэдүүлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 

Түүнчлэн хохирогч Н....ыг газар хэвтсэн, шүүгдэгч Ш.... түүний дээр суусан, шүүгдэгч П.... хажууд нь чулуу бариад зогсож байсанг гэрч Г.... /БГД-н 2-р хэлтэст хороо хариуцсан цагдаа/, гэрч М.Оюун нар харсан талаар мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн нь дээрх үйл баримтыг давхар нотолж байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх эмнэлгийн 2770  дугаар дүгнэлтээр Н....ын эрүүл мэндэд “зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн чамархай ясны хугарал нь зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураатай хамт үүсэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хоншоорны урд болон арын хананы хугарал нь зүүн зовхины цус хуралттай хамт үүсэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэж тогтооосон.

Шүүгдэгч П.... нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт чулуу шидсэн үйл баримттай маргаагүй, шидсэн чулуу оносон эсэхийг мэдэхгүй талаар мэдүүлсэн.

Хохирогч болон шүүгдэгч С...., Д.... нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч П.... чулуу шидэж учруулсан нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч П....ыг согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин Н....ын эрүүл мэндэд учирсан “зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Ш.... түүнийг чулуугаар цохиулан ухаан балартан унасны дараа дээрээс нь очиж цохиж зодон учруулсан нь гэрч, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Тодруулбал, гэрч Г....гийн /БГД-н 2-р хэлтэст хороо хариуцсан цагдаа/ “...замын голд нэг хүн хэвтсэн дээр нь нэг хүн гарсан зодож байсан. Хажууд нь нэг хүн том чулуу барьсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Оюуны “...зам дээр нэг эрэгтэй хүн хүний дээр гарсан зодож байсан тэгтэл үл таних эрэгтэй хүн чулуу барьсан тэр хоёрын хажууд байж байсан...” гэх мэдүүлэг, мөн С....ын яллагдагчаар өгсөн “...Би зугтаагаад замын зүүн талд гарсан байж байхад миний захын урд төв замын хажууд Ш.... Н....ын дээр гарсан зодож байсан. Энэ үед энгийн машинтай цагдаа ирээд тэр гурвыг аваад явсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш....гийн хувьд баарнаас гарснаас хойшхи үйл явдлыг санахгүй согтуу байсан тухай мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлдэг боловч тэрээр гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргадаггүй болохыг дурдаж байна.

 Иймд шүүгдэгч Ш....г гэм буруугийн санаатай хэлбэрээр согтууруулах ундааны зүйл уусан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс шүүгдэгч Ш....гийн гар утсыг авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж нэмэлт ажиллагааны хүрээнд шалгах шаардлагагүй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Ш.... гар утсаараа цагдаа дуудна гэж гаргаж ирсэн, зааж чадахгүй байсан учраас шүүгдэгч Д.... аваад зогсож байхад шүүгдэгч П.... чулуу шидэж, хөөсөн, цагдаагийн ажилтан гэрч Г.... ирэн П...., Ш...., Н.... нарыг авч явсан, шүүгдэгч Д...., С.... нар араас нь такситай явж цагдаагийн хэлтэс дээр Ш....гийн гар утсыг нь өгсөн үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гар утсыг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэйгээр авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч П....ын өмгөөлөгч нарын энэ үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн прокуророос шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл уусан үедээ маргалдаж, гудамж талбайд зодолдсон үйлдлийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээр зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.    

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгч Ш...., П.... нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Харин шүүгдэгч Н....ын хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд зэргийн хохирол учирсанд баримтаар 1.983.053 төгрөг, ажилгүй байсан 4 сарын хугацааны цалинд 4.800.000 төгрөг тус тус нэхэмжилсэн /1хх172-178/.

Шүүгдэгч Ш...., П.... нар нь хохиролд 400.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Н...., түүний өмгөөлөгч нь хүндэвтэр, хүнд хохиролд тус тусдаа ялгаатай байдлаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд хэргийн нөхцөл байдал, хохирлын шинж байдлыг харгалзан хохирлыг Ш...., П.... нар нь хувь тэнцүү байдлаар төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч Н.... нь “...” ХХК-д сарын 1.200.000 төгрөгний цалинтай гэсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргуулсан байх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, эгчийнхээ тус компанид ажиллаж, цалингаа бэлнээр авдаг гэж мэдүүлжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан баримтаар сарын 1.200.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан нь хангалттай нотлогдохгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг тогтоож 1.680.000 төгрөг, мөн баримтаар нэхэмжилсэн 1.983.053 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэв.

Тиймээс шүүгдэгч Ш...., П.... нараас тус тус 1.631.526  төгрөгийг гаргуулж /1.983.053+1.680.00-400.000/ хохирогч/шүүгдэгч Н....ад олгуулж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.... нь хохирол төлөхтэй холбоотой завсарлага авсан хугацаанд 1.640.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д...., С.... нар тус тус 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ад 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....д 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П....ад 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргажээ.

Шүүгдэгч Н...., Д...., С.... нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, бүгд хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан хууль заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах дүгнэлт санал гаргав.

Шүүгдэгч Ш....гийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү.

Шүүгдэгч П....ын өмгөөлөгч нараас шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэлд нөлөөлсөн, хувийн байдлын хувьд эхнэр нь жирэмсэн, “...” ХХК-д мужаанаар ажилладаг тогтмол орлоготой нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү, нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулахгүй боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н...., С...., Ш...., П.... нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С...., Д...., П.... нар нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан нь гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.... нь учруулсан хохирлыг төлсөн гэсэн нөхцөл байдлуудыг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Дээрх нөхцөл байдал, өмгөөлөгч нарын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч П....ын хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай /“...” ХХК-ийн тодорхойлолт/ болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй, ялын сонголтод хэлбэр болох торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ш....гийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов. 

Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг харгалзан шүүгдэгч Н....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, шүүгдэгч Д...., С.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 700 нэгжтэй тэнцэх хэмжнээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэрт хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч ...ийн ..., ...гийн ... нарыг Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

- шүүгдэгч ...н ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр,

- шүүгдэгч Ш....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 (хоёр мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр,

- шүүгдэгч Н....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр,

- шүүгдэгч Д...., С.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 700 нэгжтэй тэнцэх хэмжнээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.... нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Ш.... нь 8 /найм/ сарын хугацаанд, шүүгдэгч Д...., С...., Н.... нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....гээс 1.631.526 /нэг сая, зургаан зуун гучин нэгэн мянга, таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Н....ад олгуулж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг гэм буруутай этгээдүүдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П...., Д...., С...., Н.... нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР