| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01355/И |
| Дугаар | 01454 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 01454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургац 1-13 тоотод оршин суух Боржигон овгийн Ганбатын Сундуй-Очирын /ФБ-84090998/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 50-2 тоотод оршин суух Боржигон овгийн Эрдэнэ-Очирын Товуудоржид /ФД-82031512 / хариуцагдах 926,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Сундуй-Очир, хариуцагч Э.Товуудорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Сундуй-Очир хариуцагч Э.Товуудоржоос 926,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Г.Сундуй-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Сундуй-Очир нь 2014 оны 9 сард засварчин Товуудоржид Истана маркийн машинаа сэв замаск гаргуулахаар 1,500,000 төгрөгөр тохироод урдчилгаа болгож 500,000 төгрөг өгсөн.Уг машиныг хашаандаа оруулаад түүнээс хойш 3 сар өнгөрөхөд ганц ч янзлаагүй ба хүүхдүүдээрээ машин дотор тоглуулах, машины дотор гадна бариул болон цонх өргөгч, урд талын 2 жижиг толийг хагалж, эвдээд байхаар нь аргаа бараад машинаа буцааж аваад, өгсөн 500,000 төгрөгөө авна гэхэд өнөө маргааш гэж худлаа ярьсаар, утсаа авахгүй өдийг хүрлээ.
2016-06-16-нд уулзаад 14 хоногийн дотор мөнгийг өгнө,хэтэрвэл 0,5 хувийн хүүтэй төлнө гэж гарын үсэг зурсан боловч мөн л өгөхгүй байна.Би машинаараа Оюутолгойн хятад ажилчдыг хил хооронд урагшаа хойшоо зөөдөг гэрээтэй байсан.Товуудорж худлаа ярьж 3 сар машиныг минь засахгүй уясны хүчинд би Оюутолгойтой гэрээ цуцлагдан ажилгүй болсон.Энэ хүнээс болж ажил амьдралд минь томоохон өөрчлөлт гарч, гарз хохирол амслаа.Иймд машины эвдрэлд 200,000 төгрөг, урьд өгсөн 500,000 төгрөг, 2016-06-16-наас эхлэн өдийг хүртэл 0,5 хувийн хүүтэй гаргуулж өгнө үү.Нийт 926,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Машиныг маань янзалж өгнө гээд 500 000 төгрөг авсан,янзлаагүй 3 сар болоод би машинаа авсан.2014 оны 10 сард Сэлэнгээ гэж хүнээс 200 000 төгрөгөөр кузов аваад “Товуудоржийг очиж аваарай “гээд би явсан.Товуудоржийг очиж авахгүй байхаар нь Алтангэрэл ах хашаандаа аваачиж тавьсан байсан.Тэндээ 3 сар болсон.Би 5 сард машинаа аваад 8 сард нь кузовыг төмөрөнд өгсөн.Иймд энэ 200 000 төгрөгөө нэхэмжилж байгаа.Мөн хүү төлнө гэж гарын үсэг зурсан тул хүү нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Э.Товуудорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Товуудорж нь 2014 оны 09 сард Сундуй-Очирын Истана маркийн машиныг янзлахаар тохиролцож 14 хоногийн хугацаатай хүлээн авсан.Урьдчилгаа болгон 500,000 төгрөг авсан.Өрөөсөн талын ханыг нь залгах байсан боловч олдохгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Өөрөө ч бас тэр сэлбэгийг хайгаад олдохгүй хэсэг хугацаа өнгөрсөн.Тэгээд арга буюу машинаа харилцан тохиролцсоны үндсэн дээрээс аваад явсан.Би ч тэр машиныг эвдлээгүй, тиймээс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Харин би машинд нь тодорхой хэмжээний ажил хийж гажааг нь гаргаж, сэлбэг нь ирвэл залгаж гагнахад бэлэн болгосон байсан.Гэвч тэр нь олдоогүй удсан.Одоогоор би ажлаа хийж чадахгүй байгаа.Учир нь миний бие өвдөөд сүүлийн хэдэн сар эмнэлгээр яваад гэрээр эмчлүүлж гам барьж байгаа тул ямар ч өрхийн орлогогүй байна.Иймээс 500,000 төгрөгийг хүү бодож өгч чадахгүй.Харин урьдчилгаа болгон авсан 500,000 төгрөгийг эргүүлэн төлөхийг зөвшөөрч байна.Одоогоор хийсэн ажилгүй байгаа тул тодорхой хугацаанд тохирч төлөх хүсэлтэй байна.Миний өөрийн бодол гэвэл 2 сарын хугацаанд төлж барагдуулна.Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 сарын хугацааг тохиролцуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч Э.Товуудорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 500 000 төгрөгийг төлнө.Өөрөө кузовоо авчирч өгөөгүй тул 200 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Алтангэрэлийнд очиж үзсэн,цагаан кузов байсан.Надад угсарч авчирч өгөх байсан.Би зөвхөн будаг замаск хийж сэв гаргадаг засварчин тул кузовыг угсарахгүй. Мөн хүү төлж чадахгүй гэжээ.
Шүүх хэргээс 3-р хуудасны бичмэл баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Сундуй-Очир хариуцагч Э.Товуудоржоос машин засуулахаар өгсөн 500 000 төгрө,кузовны үнэ 200 000 төгрөг,тохиролцсоны дагуу хүү 226500 төгрөг нийт 926,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрсөн.Зохигчдын хооронд 2014 оны 9 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч Истана маркийн машинаа сэв замаск гаргуулахаар 1,500,000 төгрөгөөр тохироод урдчилгаа болгож 500,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь тогтоогдсон.Гэрээ байгуулагдсан талар хариуцагч маргаагүй.
Хариуцагч тохирсон ажлаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч машинаа буцаан авсан ба 500 000 төгрөгөө буцаан шаардсан нь үндэстэй.Хариуцагч зөвшөөрсөн.
Хариуцагч 2016-6-16-ны өдөр “500 000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулна.Хугацаа хэтэрвэл 0.5хувийн хүүтэй төлнө” гэж баталгаа гаргасан болох нь хэргийн 3-р хуудасны баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон.Уг баримтад “хүү”гэж бичсэн байх боловч “0.5%” гэж бичиж тохирсоныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д” Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 %иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсний дагуу алданги төлөхөөр тохирсон гэж дүгнэв.
Хариуцагч гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол...нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”гэсний дагуу нэхэмжлэгч урьдчилж төлсөн 500 000 төгрөг,бичгээр тохирсоны дагуу алданги шаардах эрхтэй,нэхэмжлэлийн эдгээр шаардлага үндэслэлтэй байна.Алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 %иас хэтрэхгүй байх тухай Иргэний хуулийн 232 дугар зүйлийн 232.4 дэх заалтад нийцсэн байна.
Харин кузовны үнэ 200 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.Уг кузовыг хариуцагч хүлээж аваагүй байна.Иймд нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1,186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан Э.Товуудоржоос 726 500 төгрөг гаргуулан Г.Сундуй-Очирт олгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж,хариуцагчаас 21 986 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ