| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01374/И |
| Дугаар | 01455 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 01455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-18-56 тоотод оршин суух Даваасүрэн овогтой Одсүрэнгийн /ГИ-84022301/нэхэмжлэлтэй
Хариуцагч : Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 2-11 тоотод оршин суух Отгонбаяр овогтой Бүдбазарт /ИА-92061010/ холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Одсүрэн хариуцагч О.Бүдбазарт холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Осүрэн миний бие 2013-12-05-нд О.Бүдбазарт Приус маркийн 84-96 ОРО дугаартай машиныг 6,000,000 төгрөгөөр үнэлж, 2,000,000 төгрөг бэлнээр авч, 4,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлж, 2014-08-25-ны дотор төлж барагдуулахаар гэрээ хийсэн.Сар бүр төлөх 500,000 төгрөгөө хугацаа хэтрүүлэн өгч, утсаар залгуулан нэхүүлэн байж 300,000 төгрөгийг хэл ам болж байж авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгийг хугацаандаа өгөлгүй байж байгаад аавтайгаа ажил дээр ирж зээл авах гээд барьцаа хөрөнгө дутаад байна.Машинаа нэр дээр шилжүүлж өгөөч зээлээ аваад шууд өгнө гэхээр нь итгэл хүлээлгэн машинаа нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч мөнгөө өгөлгүй сураггүй болсон.Иймд үлдсэн 1,000,000 төгрөг хугацаа хэтэрсэн хүү тооцож 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Миний машиныг худалдаж авсанаас хойш эвдэрлээ гэж хэлж байгаагүй.Би эвдрэл гэмтэлгүй машин шийлжүүлсэн.Мөнгөө нэхэхээр өгнөө л гэдэг байсан.Аавтайгаа хамт байнга хөдөө явж алт мөнгөний дарханы ажил хийдэг юм билээ.Байнга л унаад явж байдаг.2015 онд мөнгөө нэхэхэд боломжгүй байнаа л гэж байсан.Гэрээнд хугацаа хэтрүүлбэл алданги төлнө гэж заасан тул алданги нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч О.Бүдбазар шүүхэд гаргасан тайлбартаа: О.Бүдбазар миний бие 2013-12-05-нд иргэн Д.Одсүрэнгээс 84-96 ОРО улсын дугаартай Приус маркийн автомашин 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлэн 2,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2014-08-25-ны дотор сар бүр 500,000 төгрөг өгч барагдуулахаар тохиролцон сар бүрийн мөнгийг хугацаанд нь төлж байсан.Нийт 5,000,000 төгрөг төлөөд явж байтал зээл авах хэрэг гараад Одсүрэнгээс нэр дээрээ шилжүүлж авсан.Гэтэл машинд эвдрэл гарч эхэлсэн.Түүний улмаас засварын газар очтол унаж, аваарт орж бүрэн засварт орсон машин болохыг нь мэдсэн.Анх надад зарахдаа Одсүрэн нь ГОК-д ажилладаг миний эгч унаж байсан,1 хүний гараар эдэлсэн, орсон гарсан сэв будаг байхгүй гэж надад зарсан нь худал болж миний санхүү, эдийн засагт том хохирол учруулсан.Тэр бүх эвдрэлийг засахын тулд Одсүрэнд өгөх мөнгөнөөс давсан хэмжээний мөнгө гарсан.Одсүрэнд энэ тухай хэлэхэд тухайн үед чимээгүй болоод хэдэн сарын дараа нэхэмж эхэлсэн.Би унаж хөрвөөсөн машин тухайн үеийн ханшнаас давсан үнээр гэрээ хийж худалдан авсан болохоор 5,000,000 төгрөг хангалттай гэж үзээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн.Ийм учраас миний нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хэргээс нотлох баримтаар автомашин худалдах худалдан авах гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одсүрэн хариуцагч О.Бүдбазараас автомашины үнэ,гэрээнд заасны дагуу алданги,нийт 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.Машин доголдолтой байсан гэж маргасан.
Зохигчдын хооронд 2013-12-05-ны өдөр автомашин зээлээр худалдах худалдах гэрээ байгуулж Д.Одсүрэнгээс 84-96 ОРО улсын дугаартай Приус маркийн автомашин 6,000,000 төгрөгөөр худалдан авч бэлнээр 2,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2014-08-25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар,хэрэгт авагдсан гэрээний хуулбар зэргээр тогтоогдсон.Гэрээ байгуулсан талаар,гэрээний үнийн талаар хариуцагч маргаагүй.
Гэрээ нь хэлбэрийн хувьд хуульд нийцсэн байна.
Хариуцагч “...Би унаж хөрвөөсөн машин тухайн үеийн ханшнаас давсан үнээр гэрээ хийж худалдан авсан болохоор 5,000,000 төгрөг хангалттай гэж үзээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн”гэж тайлбарласан.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчдын байгуулсан гэрээнд автомашины чанарын талаар заагааүй,хариуцагч 3 жилийн өмнө зориулалтаар ашиглах боломжтой автомашин худалдаж авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагчийн худалдан авсан машинд доголдол илэрсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй байдаг.Гэтэл энэ хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байх бөгөөд гэрээний 5 дахь заалтаар 2013-12-05-ны өдрөөс эрсдэл худалдан авагчид шилжихээр заажээ.Иймд хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй бөгөөд төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх үндэстэй.
Зохигчдын байгуулсан гэрээний 5 дахь заалтад төлбөрийн нөхцөлийг заагаад хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна.Хариуцагч гэрээнд заасан хугацаад төлбөрөө бүрэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох үндэстэй.Хариуцагч төлбөрийн үүргийн хугацааг 743 хоногоор хэтрүүлсэг байх тул нэхэмжлэгч 1 000 000 төгрөгний 50%иар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэстэй,Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.
Хариуцагч шүүх хуралдааны тов авсан боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан О.Бүдбазараас 1 500 000 төгрөг гаргуулан Д.Одгэрэлд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38950 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 38950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ