Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.О,

Шүүгдэгч А.О, Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.О, Х овогт Ч.М нарт холбогдох эрүүгийн 1941000410254 тоот хэргийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ... ажилтай, ам бүл 5, 4-25 насны хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, 13,303,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт А.О,

Монгол Улсын иргэн, А аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 2-11 насны  хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О, Ч.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох валют буюу 6 ширхэг, нийт 6,04 кг жинтэй алт /алтан гулдмай/-ыг биедээ буюу өмсөж явсан өмд, гадуур хувцасны халаас, дотуур өмд, хөхний даруулганы дотор талд нууж, явганаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад миний өөрийн 110,000,000 төгрөг байсан, мөн миний бие 2019 оны 08-р сард Т ББСБ-аас 3 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийг зээлсэн байсан. Би ер нь О-с мөнгө аваад валют худалдаж аваад зараад дундаас ашиг олдог байсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед дээрх мөнгөөр доллар худалдаж аваад, Монгол банкинд тушаах юм бол валютын наймаанаас арай ашигтай юм шиг санагдаад байсан тэгээд урт цагааны гудамжинд явж байтал өмнө нь зүс таньдаг байсан алтны ченж Д гэдэг хүнтэй таарсан. Д-тай уулзаад та 600,000,000 гаруй төгрөгөөр алт худалдаад аваад өгөөч гэж хэлсэн чинь хэдэн өдөр цуглуулна ш дээ гэж хэлэхээр нь хамаагүй та цуглуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Д гэдэг хүн надад одоо хураалгасан байгаа 6 ширхэг гулдмайг 3 хоногийн дотор бусдаас худалдаж авч өгсөн. Би Д-с 1 кг алтыг 126,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 691 сая гаруй төгрөг болсон задгай мөнгийг нь санахгүй байна. Ингээд Д-с авсан 6 ширхэг гулдмай алтыг Монгол банкинд тушаах санаатай алтны ханшыг үзэхэд миний авсан үнээс грамм тутамд 1000 гаруй төгрөг унасан байсан. Өөрөөр хэлбэл 7 орчим сая төгрөгөөр шатсан байсан. Тэгээд би алт худалдаж авсан үндсэн мөнгөө ядаж олж авъя гэж бодсон. Би хүмүүсээс БНХАУ-руу алтыг гаргаж зарах юм бол Монголд байдаг үнээс арай өндөр үнэтэй байдаг гэж сонсож байсан. Тэгээд би өөрийн төрсөн дүү болох Ч.М-тай очиж уулзаад болсон явдлыг хэлээд хамтдаа БНХАУ-руу яваад ирье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос төрсөн дүү Ч.М-н хамт өөрийн машин болох ... улсын дугаартай Корола Руймон маркийн суудлын жижиг тэрэгтэй БНХАУ-руу явахаар Замын-Үүдийн боомт руу явсан. Бид хоёр явахдаа хүүхдүүдээ дагуулаад явсан... Бид нар явсаар байгаад 2019 оны 09-р сарын 14-ний өглөө Замын-Үүд суманд очсон. Өдөр 12 цагийн үед Хилийн боомтоор гаргах гэж байгаад боомтын байран дотор цагдаад баригдсан. Тэгээд цагдаа нар үзлэг шалгалт хийгээд алтыг хурааж аваад бид нарыг Улаанбаатар хотод авчирсан... Өмнө нь би хүнд мөнгөө өгөөд хулхидуулаад алдсан, тэгээд банкны хэлэлцээрээр О-с мөнгө аваад валютын зөрүүгээр ашиг олоод хүүхдүүддээ хэрэглээнийх нь мөнгийг олоё гэж бодоод банк орох гэж яваад Д гэх алтны ченж ахтай таараад дүү нь мөнгөгүй хэцүү байна туслаач гээд бүх учраа хэлсэн чинь надад 3, 4 хоног цуглуулж өгсөн, тухайн үед монгол банкинд тушаагаад ашиг гарахгүй юм байна гээд, интернет ашиглаад ханш хараад урагшаа гаргаад зарвал илүү ашигтай ядаж хүний мөнгийг дутаахгүй өгчих юм байна гэсэндээ ийм зүйл хийсэн. Тэр үед О-н амралтын ээлж нь болоод 7 хоног хөдөө явах болоод та нөгөө мөнгөө авах юм уу? гэхээр нь эгчдээ үлдээчих эгч нь долларын ханш харж байгаад зараад буцаагаад өгье гэж хэлээд аваад үлдсэн. Тэгээд ганцаараа явахаас айгаад М-г хамт явъя гээд гуйсан... Штамб даруулчихаад байж байхад цагдаа нар ирсэн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, тухайн үед байсан байцаагчид нэхэмжлэгч бичиг баримтаа өгсөн боловч хавтаст хэрэгт хавсаргаагүй байгаа учир О-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, алтыг улсын орлого болгохгүйгээр О-д өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107-110/,

- Шүүгдэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...Манай эгч О 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр надруу яриад О-н мөнгөөр алт аваад буцаагаад зарах гэсэн чинь ханш нь уначихсан байна, юун ашиг олох үндсэн мөнгөнөөс нь өчнөөн мөнгө дутчихлаа, хоёулаа хамт БНХАУ руу яваад ирье, урд аваачиж борлуулах юм бол арай өндөр үнэтэй байдаг юм байна гэж хэлсэн. Тэгээд би эгчийн гуйлтыг хүлээж аваад хамтдаа явахаар болоод тэр орой нь эгчийн машинтай 2 хүүхдээ аваад явсан. Нэгэнт БНХАУ руу явж байгаа юм чинь 2 хүүхдээ хувцаслаад ирье гэж бодоод хүүхдүүдээ аваад явсан. О эгч ч гэсэн 2 хүүхдээ аваад явсан. Тэгээд шөнөжин явсаар байгаад маргааш өглөө нь буюу 2019 оны 09-р сарын 14-ний өглөө 11 цагийн орчим Замын-Үүд суманд очсон. Тэнд очоод хилээр хүн зөөдөг микро автобусанд суугаад хилээр гарахаар болсон. О эгчийн худалдаж авсан гэх алт нь 6 ширхэг жижиг гулдмай байсан ба эгч бид хоёр хилээр гарах үедээ гурав гурваар нь хувааж авсан. Би 3 ширхэг алтан гулдмайг өмднийхөө 2 халаасанд тус бүр нэг нэгээр нь хийсэн, 1 ширхэгийг хөхөвчнийхөө дотор талд нуугаад хилээр гарахаар явж байгаад боомтын байшин дотор гадаад паспорт дээрээ штамба даруулчихаад цаашаа гарах гэж яваад цагдаад баригдаад алтаа хураалгасан. Цагдаа нарын хамт Улаанбаатар хотруу буцсан... 2019 оны  09 сарын 13-ны өдөр алт авсан байсан эгч нь ганцаараа явахаас айгаад байна 2-уулаа хамт явчихаад ирье гэхээр нь дагаад явсан... О-н мөнгийг гаргуулах хүсэлтэй байна...”  гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 98-101/,

- Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 09 сарын 10-ны үед шиг санагдаж байна. Өдрийг нь мартсан байна. О надтай урт цагааны гудамжинд таарч мэндлээд ахаа алт аймар өссөн юм уу гэж асуухаар нь энэ жил их өсөж байгаа гэж хэлсэн чинь юань, долларын зөрүүнд мөнгө олно гэж байхгүй юм байна, алт аваад дарж байгаад өсөхөөр нь банкинд тушаавал ашигтай юм шиг байна гэж надад хэлэхээр нь би тийм ш дээ одоо аваад өсөхөөр нь банкинд тушаавал ашигтай гэж хэлсэн. Тэгтэл О надад хэлэхдээ би танд мөнгийг нь өгье та алт аваад өгөөч гэж хэлэхээр нь болж байна тэгье харин ямар үнээр авах юм бэ гэж асуусан чинь энд ямар үнээр авч байгаа юм бэ тэр үнээр нь та алт аваад өгөөч би танд ашиг өгнө гэж хэлсэн. Тэгээд би О-д алт худалдаж авч өгөхөөр болж тохирсон. Тэгээд би О-д 3 өдрийн хугацаанд нийт 600 гаруй сая төгрөгөөр 6 орчим кг алт худалдан авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-55/,

- Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...О нь надаас бэлэн мөнгө аваад найман шарга зах дээрээс доллар, юань худалдаж аваад надад өгдөг байсан. Дундаас нь өөрөө бага зэрэг ашиг олдог байсан. Намайг амраад явахад О эгч надаас 530,000,000 төгрөгийг авч үлдээд доллар юань аваад байж байя гэж хэлсэн. Тэгтэл тэр мөнгөөрөө алт аваад Замын-Үүдийн боомтоор гаргах гэж яваад баригдсан талаар нь олж мэдлээ... Манай О банк бус санхүүгийн байгууллага нь хоёр хувьцаа эзэмшигчтэй нэг нь миний бие 60  хувь эзэмшдэг, нөгөөх нь бас л манай хамаатан О, М нарын төрсөн ах Б гэдэг хүн байгаа тэр хүн 40 хувийн хувьцаа эзэмшдэг юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-58/,

- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Гаалийн хяналт шалгалтын даргын баталсан хуваарийн дагуу Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын 1 дээр гарах чиглэлд ажилласан. Хилээр гарахаар гаалийн бүсэд нэвтэрсэн зорчигч нарын биед үзлэг хийж нэвтрүүлдэг. Одоо Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор маань чөлөөт бүс дотор шилжиж байгаа болохоор талбай бага, ялангуяа өчигдөр бол хүн ихтэй байсан, хүмүүс хурдан гарахаар яарч байсан учраас зорчигч болгоны биед үзлэг хийж нэвтрүүлж амжаагүй. Гэхдээ бол сонгоод сэжигтэй хүмүүс байвал үзлэг хийдэг. Тэгээд шилжүүлэн нүүлгэсэнтэй холбогдуулан манай металл илрүүлэгч хаалганд тохируулага хийх ёстой юм, тэр нь БНХАУ-ын иргэн байдаг. Одоогийн ажиллаж байгаа металл илрүүлэгч хаалга маань бүрэн ажиллахгүй байгаа. 2019.09.14-ний 12 цагийн орчим ЭЦА-ны ажилтан намайг дуудаад бичиг баримтаа харуулсан. Тэгээд иргэн А.О-н биед үзлэг шалгалтыг хийсэн. Үзлэгээр салтаанаас нь дотор өмдний дотор талаас 1 ширхэг, хөхөвчний дотор талаас 1 ширхэг, гадуур хувцасны дотор халааснаас 1 ширхэг нийт 3 алт бүхий гулдмай гарч ирсэн. А.О гэдгийг үзлэг хийхийн өмнө биеийн байцаалтыг шалгаж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-67/,

- Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Замын-Үүд дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажлаа хийж байсан...12 цагийн орчим импорт хариуцсан гаалийн байцаагчтай уулзчихаад буцаад ирж байтал Замын-Үүд дэх Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны дарга Б над руу утсаар яриад Эрүүгийн цагдаагийн албанаас хүмүүс ирсэн байна гаалийн байцаагч нараас 2 эмэгтэй хүнийг суллаад үзлэг хийлгээдэх гэсний дагуу Э, Ц, Т нарыг дагуулан Эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн хүмүүстэй уулзаад хүүхдүүдээ дагуулсан 2 эмэгтэй хүн хилээр хориотой бараа нэвтрүүлсэн гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73/,

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2001 оны Улсын Их Хурлын баталсан 85 дугаар тогтоолоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсан байдаг. Үүний хүрээнд Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай тушаалаар “Алт олборлогч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн журам батлагдсан. Тухайн тушаалын 3-ын а-д зааснаар “Алт олборлодог иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд алтыг бие даан экспортлоход нь Улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийж байх журам тогтоон мөрдүүлэх“ гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл алт олборлогч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нь алтыг экспортлохоор бол заавал Улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, түүний дараа татвар төлж, гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд алтыг экспортолж болохоор заасан байгаа. Тэгэхэд А.О, Ч.М нар тухайн журамд зааснаар алтны сорьц тогтоолголгүй, татвар төлөлгүй, гаалийн бүрдүүлэлт хийлгүй алтыг улсын хилээр авч гарсан үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Мөн Вальютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар алт нь Улсын хилээр хязгаарласан бараа бүтээгдэхүүнд хамаарч байна гэж үзэж байгаа. Манай Монгол банкинд алт худалдаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох тушааж байгаа алтны 5 хувьтай тэнцэх төгрөгийг суутган авч улсын төсвийн зохих дансанд шилжүүлдэг байгаа. Монгол банкны тайлан бүртгэлийн газрын захирал Ц.Г-с ирүүлсэн Монгол банкны Эрдэнэсийн санд танай байгууллагаас хадгалуулсан алтны тооцооллоор 6,015.60 грамм алт нь гэмт хэрэг үйлдсэн өдрийн ханшаар 705,257,939.60 төгрөг болж байна. Тухайн алтанд агуулагдаж байгаа мөнгөний жин нь 509.63 грамм байна, тус мөнгөний үнэлгээ нь 750,302.78 төгрөг болж байна. Алтны үнэ болох 704,507,636.82 төгрөг дээр мөнгөний 750,302.78 төгрөгийг нэмж байж нийлбэр дүн гарна. Ингээд нийлбэр нь 705,257,939.60 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 34-35/,

- Стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьц тогтоох газрын химич шинжээч Т.Ш-н дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг /гулдмай/ шаргал өнгийн металл нь алт байна.

2. 6 хэсэг металлд сорьцын тов лабораториос дугаар олгож жин, сорьцыг доорх байдлаар тодорхойлов. Үүнд: 1. 351,85 грамм шар өнгийн металлыг 22 гэж дугаарлан дээж авч шинжилгээ хийхэд 884,68% алт, 95% мөнгө гэж тодорхойллоо.

 2. 791,63 грамм шар өнгийн металлыг 23 гэж дугаарлан дээж авч шинжилгээ хийхэд 943,22% алт, 53% мөнгө гэж тодорхойллоо.

3. 1010,45 грамм шар өнгийн металлыг 24 гэж дугаарлан дээж авч шинжилгээ хийхэд 910,82% алт, 80% мөнгө гэж тодорхойллоо.

4. 1324,49 грамм шар өнгийн металлыг 25 гэж дугаарлан дээж авч шинжилгээ хийхэд 909,54% алт, 88% мөнгө гэж тодорхойллоо.

5. 1064,34 грамм шар өнгийн металлыг 26 гэж дугаарлан дээж авч шинжилгээ хийхэд 886,19% алт, 104% мөнгө гэж тодорхойллоо.

6. 1495,78 грамм шар өнгийн металлыг 27 гэж дугаарлан дээж авч шинжилгээ хийхэд 909,70% алт, 86% мөнгө гэж тодорхойллоо...” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 43/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-25/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 38/,

- Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1хх-ийн 115-116/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 117-129/,

- Монгол банкны Эрдэнэсийн санд Эрүүгийн цагдаагийн газраас алтан гулдмай хүлээн авсан тухай акт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 130-134/,

- Монгол банкны алтны үнэлгээ тогтоосон албан бичиг “2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 килограмм алт 128,900.15 төгрөг, нийт 704,507,636.82 төгрөг“ гэсэн /1хх-ийн 136-137/,

- Шүүгдэгч А.О, Ч.М нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хилээр орсон гарсан лавлагаа /1хх-ийн 223-250, 2хх-ийн 1-6/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, камерийн бичлэг зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О, Ч.М нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч А.О, Ч.М нар нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор  хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох 6015.6 грамм алтыг өмдний карма, хөхөвчиндөө хийж Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлсэн үйл баримт болсон байна.

Нийслэлийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.О, Ч.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан эскспортод гаргаж болно гэж,

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ, 2 “үнэт металл” гэж алт, мөнгө…хэлнэ гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн агуулгаас үзэхэд алтыг олборлогч этгээд Монгол Улсын хилээр гаргаж болохоор байх бөгөөд шүүгдэгч нар нь үнэт металл буюу алтыг хуульд зааснаар олборлох тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш тул бусдаас хувиараа худалдан авсан алтаа гадаад улсад экспортлох эрхгүй байна. Гэтэл шүүгдэгч нар нь хуулиар хязгаарлалт тогтоосон бараа буюу алтыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэднийг хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Шүүгдэгч А.О, Ч.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор  хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох 6015.6 грамм алтыг  Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,  гэрч Х.Д “...О надтай урт цагааны гудамжинд таарч мэндлээд ахаа алт аймар өссөн юм уу гэж асуухаар нь энэ жил их өсөж байгаа гэж хэлсэн чинь юань, долларын зөрүүнд мөнгө олно гэж байхгүй юм байна, алт аваад дарж байгаад өсөхөөр нь банкинд тушаавал ашигтай юм шиг байна гэж надад хэлэхээр нь би тийм ш дээ одоо аваад өсөхөөр нь банкинд тушаавал ашигтай гэж хэлсэн... Тэгээд би О-д алт худалдаж авч өгөхөөр болж тохирсон. Тэгээд би О-д 3 өдрийн хугацаанд нийт 600 гаруй сая төгрөгөөр 6 орчим кг алт худалдан авч өгсөн...” гэсэн,  гэрч Ц.О “... О нь надаас бэлэн мөнгө аваад найман шарга зах дээрээс доллар, юань худалдаж аваад надад өгдөг байсан. Дундаас нь өөрөө бага зэрэг ашиг олдог байсан. Намайг амраад явахад О эгч надаас 530,000,000 төгрөгийг авч үлдээд доллар юань аваад байж байя гэж хэлсэн. Тэгтэл тэр мөнгөөрөө алт аваад Замын-Үүдийн боомтоор гаргах гэж яваад баригдсан талаар нь олж мэдлээ...“ гэсэн, гэрч Э.Э “...Би Гаалийн хяналт шалгалтын даргын баталсан хуваарийн дагуу Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын 1 дээр гарах чиглэлд ажилласан…2019.09.14-ний 12 цагийн орчим ЭЦА-ны ажилтан намайг дуудаад бичиг баримтаа харуулсан. Тэгээд иргэн А.О-н биед үзлэг шалгалтыг хийсэн. Үзлэгээр салтаанаас нь дотор өмдний дотор талаас 1 ширхэг, хөхөвчний дотор талаас 1 ширхэг, гадуур хувцасны дотор халааснаас 1 ширхэг нийт 3 алт бүхий гулдмай гарч ирсэн. А.О гэдгийг үзлэг хийхийн өмнө биеийн байцаалтыг шалгаж мэдсэн...” гэсэн, гэрч Ц.Н “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Замын-Үүд дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажлаа хийж байсан... дарга Б над руу утсаар яриад Эрүүгийн цагдаагийн албанаас хүмүүс ирсэн байна гаалийн байцаагч нараас 2 эмэгтэй хүнийг суллаад үзлэг хийлгээдэх гэсний дагуу Э, Ц, Т нарыг дагуулан Эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн хүмүүстэй уулзаад хүүхдүүдээ дагуулсан 2 эмэгтэй хүн хилээр хориотой бараа нэвтрүүлсэн гэдгийг мэдсэн...” гэсэн, гэрч М.Б “...2001 оны Улсын Их Хурлын баталсан 85 дугаар тогтоолоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсан байдаг. Үүний хүрээнд Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай тушаалаар “Алт олборлогч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн журам батлагдсан. Тухайн тушаалын 3-ын а-д зааснаар “Алт олборлодог иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд алтыг бие даан экспортлоход нь Улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийж байс журам тогтоон мөрдүүлэх“ гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл алт олборлогч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нь алтыг экспортлохоор бол заавал Улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, түүний дараа татвар төлж, гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд алтыг экспортолж болохоор заасан байгаа. Тэгэхэд А.О, Ч.М нар тухайн журамд зааснаар алтны сорьц тогтоолголгүй, татвар төлөлгүй, гаалийн бүрдүүлэлт хийлгүй алтыг улсын хилээр авч гарсан үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Мөн Вальютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар алт нь Улсын хилээр хязгаарласан бараа бүтээгдэхүүнд хамаарч байна гэж үзэж байгаа...” гэсэн мэдүүлгүүд, Стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьц тогтоох газрын химич шинжээч Т.Ш-н дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.О, Ч.М нарт бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.М-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдүүдтэй, шүүгдэгч А.О өрх толгойлсон зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэв.

Шүүгдэгч А.О, Ч.М нарыг 2019 оны 09 сарын 15-ны өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг баривчилсан байх ба шүүгдэгч нар нь 2 хоног баривчлагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний 2 хоног баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тус бүрийн эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 6015.6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж, камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь эд мөрийн баримтаар хураагдсан “... 6015.6 грамм алтыг хураахгүйгээр О ББСБ-д өгнө үү. О ББСБ-аас зээлсэн мөнгөөр авсан. О ББСБ иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан боловч хэрэгт хүсэлт нь байхгүй байна. О ББСБ иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү...” гэх боловч шүүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэж заасан бөгөөд О ББСБ нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлт гаргаагүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, шүүх уг байгууллагыг заавал иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй, шүүгдэгч нар нь О ББСБ-аас зээлсэн мөнгөөр алтыг авсан гэх тул уг гэмт хэргийн улмаас уг байгууллагад шууд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.О нь О ББСБ-аас зээлсэн мөнгөөр алт худалдан авсан гэх боловч уг хөрөнгөө хэрхэн яаж, захиран зарцуулах нь түүний эрх бөгөөд шүүгдэгч нар нь Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж ашиг олохоос өөрөөр худалдан борлуулах, өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль, журамд заасны дагуу худалдан борлуулж, гэмт хэрэг үйлдэж, эрдсдэлд орохгүй байх нөхцөл байдал байсан байна. Гэмт хэргийн эд мөрийн баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйлс бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст зохих эзэмшигч, байгууллагад шүүхийн шийдвэрээр шилжих учиртай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тул улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт А.О, Х овогт Ч.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А.О, Х овогт Ч.М нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Ч.М нарын баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүрийн эдлэх ялаас хасч тооцсугай.

5. Шүүгдэгч А.О, Ч.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг 704,507,636.82 төгрөгний үнэ бүхий нийт 6015,6 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж, 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н