| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0108/Э |
| Дугаар | 0151 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Мөнхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 0151
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б....,
улсын яллагч Т.Мөнхжаргал,
шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч А.Очбадрал / ШТЭД-2185/ оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхжөргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж....ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01802 1515 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоотод оршин суудаг, /урьд 2 удаагийн ял шийтгэлтэй/,
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Сартуул овгийн ...ын ... /РД:.../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.... нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод байх гэрт нь түр хадгалуулахаар итгэмжлэн өгсөн иргэн Н....ийн Мицубиши делика маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Н....ийн мэдүүлэг /хх 14-18/, гэрч Н....гийн мэдүүлэг /хх29-31/, гэрч Н....ийн мэдүүлэг /хх25-28/, гэрч ...ын ...ын мэдүүлэг /хх164/, гэрч Ж....ын мэдүүлэг /хх163/, гэрч Б.... /хх113-114/, яллагдагч Ж....ын хувийн байдлын талаарх баримтууд /хх 45-72/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тодорхойлолт /хх33/, хохирогч Н....ийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх171/, яллагдагч Ж....ын мэдүүлэг /хх 126-129, 160-161/ болон хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ж.... гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Н....ийн “...Би өөрийн гэсэн “Mitsubishi delica” гэсэн маркийн машинтай юм. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... миний машин унтраад зогсчихсон. Тэгээд би ... руу яриад миний машин гэнэт унтраад зогсчихлоо гэж хэлэхэд мотор нь эвдэрчихсэн байх манайд хашаанд аваад ирэхгүй юу гэж хэлэхээр нь машинаа чирүүлээд Сонгинохайрхан 25 дугаар хороонд байрлах ...ын хашаанд аваачиж тавьсан юм. ... зав гарахаараа машиныг чинь янзалж өгнө гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи завтай болохоороо надруу яриарай гэж хэлээд машинаа түгжчихээд гэр рүүгээ яваад өгсөн юм. Би хүүхэд хараад завгүй байсан болохоор тэдний хашаанд машинаа сар байлгачихсан юм. Би машинаа авах гээд гэр рүү нь очтол машин онгорхой машин дотод байсан жанам, астаатар, аржаатар, турбин, данхраад зэрэг зүйлс алдагдсан байсан юм. Тухайн өдөр ...ыг согтуу байсан болохоор эрүүл болохоор нь юу болсон талаар асууя гэж бодоод дараа нь ярихад миний машины эд ангиудыг авчихсан эргүүлж өгнө гэж хэлж байсан. Тэгээд одоо хүртэл өгөхгүй болохоор нь би цагдаад хандсан юмаа. ...би өөрт учирсан хохирлоо барагдуулж аваагүй байгаа. ... хохирлоо барагдуулаад авчихвал ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх14-18, 124-125/,
2. Гэрч ...ын ...ын “...2019 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдрийг нь сайн санахгүй байна. Танил ... гэх эмэгтэй над руу утсаар ярьж Зүүн салаанаас айлын хашаанаас өөрийнхөө ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашинаа авах гэсэн юм. Тус болоод хамт яваад өгөөч гэж хэлэхээр нь за тэгье гэж хэлээд Баянхошууны тойрог дээр очиж уулзсан юм. ...Тухайн айлд очиход гэрт нь хүн байхгүй эзэнгүй цоожтой байсан. Тэгтэл ... машинаа үзээд миний машины эд анги алга болчихсон байна гэж хэлээд нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгээд ...ийн ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашиныг чирэхэд нь туслаад айлын хашаанаас аваад Баруун салаанд гэрт нь хүргэж өгчхөөд гэрлүүгээ харьсан юм. ...Намайг ...тэй ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашин байсан айлд очиход хашаанд нь ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашин байсан. Тухайн тээврийн хэрэгслийг харахад явах эд анги бусад эд зүйлүүд нь бүрэн бүтэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх165/,
3. Гэрч Ж....ын “...2019 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдрийг нь сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо ...тоот гэртээ байж байсан чинь манай хадам ээж болох Н.... над руу утсаар ярьж Зүүн салаанаас өөрийнхөө ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашинаа айлын хашаанаас авах гэсэн юм хамт яваад өгөөч, машинаараа миний машиныг чирээд гэрт хүргээд өгөөч гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Баянхошууны тойрог дээр уулзаж зүүн салаа руу хамт явсан юм. ... Тухайн үед Зүүн салаанд ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашиныг очиж авахад хадам ээж Н.... машинаа онгойлгож үзээд миний машины жанам, статер, радиатор, турбин, данхраад алга болчихсон байна гэж хэлээд утсаар яриад хүнтэй хэрүүл хийгээд байсан. Хэнтэй утсаар ярьж байсныг мэдэхгүй ээ. Тухайн айлд гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. ...Би ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашин байсан айлд очиход хашаанд нь ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашин байсан. Тухайн тээврийн хэрэгслийг харахад явах эд анги бусад эд зүйлүүд бүрэн бүтэн байсан. Хадам ээж Н.... тухайн тээврийн хэрэгслийн цонхоор хараад чи энийг хардаа өөрийнхөн машины эд анги бүрэн бүтэн байна. Миний машины эд ангийг тончихсон байна ямар балиар новш вэ гээд хэлэхээр нь ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашины цонхоор хартал эд анги нь бүрэн бүтэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх163-164/,
4. Гэрч Н....ийн “...Миний санаж байгаагаар 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр санагдаж байна. ...Би гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь манай хашаанд цэнхэр хөх өнгийн ...улсын дугаартай Мицубиши делика маркийн ...ийн автомашин байхаар нь нөхөр ...аас ...ийн машин манай хашаанд юу хийж байгаа гэж асуутал, мотор нь эвдэрчихсэн засах гэж байгаа юм гэж хэлсэн. ...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдрийг нь сайн санахгүй байна. ... над руу залгаж танай хашаанаас машинаа авах гээд ирсэн чинь ... жанам, статер, радиаторын авчихсан байсан. Миний машины эд анги алга болчихсон байна гэж хэлэхээр нь ... та хоёрыг хоорондоо юу гэж ярьсаныг чинь би яаж мэдэх юм бэ гэж хэлтэл, танай нөхрийг цагдаад өргөдөл бичиж өглөө гэж хэлэхээр нь би тэг тэг надад хамаагүй гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд хэд хоногийн дараа гэртээ иртэл, ... манай хашаанаас машинаа аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 25-27, 115-117/,
5. Гэрч Б....ийн “...2019 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдрийг нь санахгүй байна. Би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашинтайгаа Баруун салаанд явж байгаад машинтай мөргөлдөж хамаг юмаа эвдчихээд сэлбэг авах хэрэг болоод нээрээ Ж.... Мицубиши делика машины сэлбэг зарна гэж байсан шдээ гэж бодоод Зүүн салаанд түүний гэрт нь очсон чинь Ж.... халамцуу согтуу байж байхаар нь найз нь мөргөлдчихлөө зарах сэлбэг байна уу гэж асуутал Ж.... би машиныхаа явах эд ангийг зарчихсан гэж хэлтэл, түүний эхнэр ... хажуунаас орж ирээд наад согтуу толгой чинь ...ийн машины жанам, стартер бусад зүйлийг нь тонож аваад зараад архи уучихсан байна гэж хэлсэн... Ж.... ...ийн Мицубиши делика маркийн автомашины эд ангийг тоноод зарчихсан юм шиг байна. Надад жанам, стартер хоёрыг нийлүүлээд 45,000 төгрөгөөр явуулын микро автобустай хүнд зарчихсан гэж архи уучихсан халамцуу байхдаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 113-114/,
6. Яллагдагч Ж....ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 126-129, 160-161/,
7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан: Мицубиши делика маркийн жанам, стартер, турбин, радиотар, данхраат зэрэг эд хөрөнгийг 880,000 төгрөгөөр үнэлсэн. /хх-33/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тухайн тэмдэглэл /хх118-122/,
9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх154-159/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж....:
Шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Н.... нь өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Мицубиши делика маркийн автомашиныг засуулахаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод байрлах шүүгдэгч Ж....ын хашаанд аваачиж өгөн, түүнээр засуулахаар ярьж тохирон үлдээсэн үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Шүүгдэгч Ж.... нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогчийн засуулах гэж үлдээсэн тээврийн хэрэгслийн эд зүйлийг бусдад зарсан болох нь хохирогч Н....ийн “...Би машинаа авах гээд гэр рүү нь очтол машин онгорхой машин дотод байсан жанам, астаатар, аржаатар, турбин, данхраад зэрэг зүйлс алдагдсан байсан юм. ...дараа нь ярихад миний машины эд ангиудыг авчихсан эргүүлж өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч ...ын ...ын “...Тухайн айлд очиход гэрт нь хүн байхгүй эзэнгүй цоожтой байсан. Тэгтэл ... машинаа үзээд миний машины эд анги алга болчихсон байна гэж хэлээд нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б....ийн “...Ж.... Мицубиши делика машины сэлбэг зарна гэж байсан шдээ гэж бодоод Зүүн салаанд түүний гэрт нь очсон чинь Ж.... халамцуу согтуу байж байхаар нь найз нь мөргөлдчихлөө зарах сэлбэг байна уу гэж асуутал Ж.... би машиныхаа явах эд ангийг зарчихсан гэж хэлтэл, түүний эхнэр ... хажуунаас орж ирээд наад согтуу толгой чинь ...ийн машины жанам, стартер бусад зүйлийг нь тонож аваад зараад архи уучихсан байна гэж хэлсэн...” нарын мэдүүлэг болон гэрч Ж...., гэрч Н.... нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж....ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийн эд хөрөнгийг завшсан, шунахайн сэдэлттэй хор уршигийг хүсч учруулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Н....ийн эд хөрөнгөд 880,000 төгрөгийн хохирол учирсан нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн №18/136 дугаар үнэлгээгээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн хохирол, хор уршигийн талаар хохирогч Н.... нь 880.000 төгрөгийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний баримтыг гаргаж өгөн нэхэмжилжээ.
Шүүгдэгч нь хохирогчид 600.000 төгрөгний хохирол төлсөн болох нь банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Ийдм шүүгдэгч Ж....аас үлдэгдэл 280.000 төгрөгийн гаргуулан хохирогч Н....т олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Ж.... нь хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж 2 удаа ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй байх бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдал, мөрдөн шалган ажиллагаанд санаатай саад учруулж байсан болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Ж....ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 70 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завшах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ыг 620 /зургаан зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг нийтэд тустай ажил хийх цагт шилжүүлэн 560 /таван зуун, жаран/ цагийг түүний ялаас хасч тооцон, эдлэх ялыг 100 /нэг зуун/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.... нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж....аас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э....т олгуулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР