| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01426/И |
| Дугаар | 01461 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин тосгоны 9-1б тоотод оршин суух Номт овгийн Цэндийн Нэргүйн /ЙВ-56030113/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ц.Нэргүй нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж нийгмийн даатгалын хэлтэс дээр очсон боловч 1983 оны 10 сараас 1994-12-31 хүртэл ажилласан байдал тогтоогдохгүй байгаа, мөн ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа тул, 1983-10 сараас 1994-12-31- хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн ангид слесарь, манаач, галч, түүхий эд бэлтгэлийн туслахаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нэргүй нь 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарыг дуустал Өвөрхангай аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн ангид слесарь, манаач, галчаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, №072392 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар,Ц.Нэргүйн 1984 оны 1 сараас 1995 он дуустал хугацааны цалингийн дансны талаархи Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013-07-27-ны өдрийн 2553 дугаартай лавлагаа, мөн 2016-02-26-ны өдрийн 94 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1983 оны 10 сарын 26-ны өдрийн 14 дугаартай ажилчдын зөвлөгөөний тэмдэглэл, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хсүэлтийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэнд овогтой Нэргүйг 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн ангид слесарь,галч,түүхий эд бэлтгэлийн туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ