Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү,

Улсын яллагч Б.Д,

Орчуулагч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,

Шүүгдэгч Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-ын Хунань мужийн Шин хуан дүүрэг Дань Дай тосгонд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Ү /Гадаад паспортын дугаар:..., иргэний үнэмлэхийн дугаар ...,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ү гадаад паспортын дугаар ..., иргэний үнэмлэхийн дугаар ... нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн ... дугаар тэмдгээр боомт бус газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ү мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 09 дүгээр сард Монгол Улсад аялалын визтэй монголын зах зээлийг судлахаар ирсэн, бизнес эрхлэх санаатай. Улаанбаатар хотод цагдаа миний паспортыг хурааж авсан. Паспорт маань хаана байгааг мэдэхгүй, ямар цагдаа хураасныг нь мэдэхгүй байна... Би хятадын 58 гэсэн сайтаас Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явна гэсэн зарыг монгол болон хятад хэл дээр бичсэн байсан. Тэгээд зарын доор байрлах ... дугаар луу залгаад жолоочтой яриад Замын-Үүд гэж хэлсэн чинь миний байгаа газар ирээд намайг авсан. Миний амьдардаг газраас 20 минутын зайтай газарт намайг ирж авсан. Хаалгаа хаасан зах шиг газрын гадаа байсан. Тэгээд 60,000 төгрөг өгөөд Замын-Үүд рүү 2020 оны 01 сарын 20-ны орой хар өнгөтэй талх шиг хэлбэртэй машинаар явсан. Би 2020 оны 01 сарын 21-ний өглөө Замын-Үүдэд ирээд буудалд ороод гарч хоол унд идээд буудалдаа хоносон. Маргааш нь зам дээрээс такси аваад хил рүү явсан. Тэр жолоочид би хаашаа явах зүг чигийг нь зааж өгсөн... Би тэндээ зураг авчихаад нөгөө машинтайгаа буцаад Замын-Үүдийн төвд ирсэн. Үдээс хойш буудлаас гарч баруун тийш алхаад ард талд байрлах замаас хар өнгөтэй машиныг зогсоогоод хил рүү явсан. Тэр машинтай 20 минут гаран яваад өглөө зураг авсан газраас өнгөрөөд 2-3 минутын дараа буугаад 20,000 төгрөг өгсөн. Тэр машин буцаад явсан. Цаашаа яваад 3 тор давсан. Их удаан явсан.Би гэр рүүгээ явж цагаан сараа гаргах санаатай байсан. Би 4 сар гэртээ хариагүй... Монгол Улсын хил зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-91/,

- Гэрч О.Н  мөрдөн шалгах ажиллагаанд: “...би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хилийн 0108 дугаар ангид 19-21 цагийн хооронд техникээр хянах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 20 цаг 10 минутанд өөрийн хариуцан хяналт тавьж байсан хэсэг болох ... дүгээр тэмдгийн чиглэлд нэг явган хүн явж байсныг илрүүлж шуурхай жижүүр хошууч Ч.М-д мэдэгдэж тус явж буй хүний хөдөлгөөнд хяналт тавьсан. Ангиас шуурхай бүлэг гарч тус хүнийг саатуулан анги руу хуяглан авчирч би цааш камерын хяналтаа хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цаг 10 минутанд хилийн .... дугаар тэмдгийн чиглэлд нэг явган хүн явж байсныг илрүүлсэн. Хилийн ... тэмдэг дээр саатуулсан... Тэр хүн дотоодоос гадаад руу буюу Монгол улсаас Хятад руу чиглэлтэй хилийн ... дүгээр тэмдэгтээс ... дугаар тэмдэгтийн чиглэлд хилийн боомт бус газраар хил зөрчихөөр явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

- Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...уг хүний хөдөлгөөнд хяналт тавьж, ангийн удирдлагуудад мэдэгдэж, бүлгүүдийг томилж, хил зөрчигчийг саатуулах арга хэмжээ авсан... Хилийн ... дугаар тэмдэг нь Монгол улсын хилийг тодорхойлсон багана юм. Энэ тэмдгийг давсан тохиолдолд улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. Хилийн шугамаар явсан тохиолдолд хилийн зөрчил гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/,

- Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэр хүн дотоодоос гадаад руу буюу Монголоос хятад руу чиглэлтэй явж байсан. Хилийн ... дүгээр тэмдгээс ... дугаар тэмдгийн чиглэлд явж байсан. Намайг очиж байхад гэрлийн үзүүрт замаас гарч гүйж байгаа харагдсан, би хурдтай явж байсан болохоор тойрч очоод тус иргэнийг саатуулсан. Ганцаараа явж байсан, саатуулж байхад Hello hello гэж хэлж байснаа Хятадаар ярьж байсан. Улсын хил хууль бусаар нэвтэрсэнд тооцогдоно...” гэсэн мэдүүлэг /ххийн 60-62/,

- Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...16 цагийн үед байхаа нэг залуу машины маань зүүн урд талд орж ирэн суусан. Тэгээд би гараараа дохихоор нь гурвын хаалт руу явсан... Тэгээд гурвын хаалт жаахан өнгөрөөд зогсох гэхэд нөгөө залуу гараараа дохиод байхаар нь цааш яваад Улаан хонхорын амралтын газар руу явсан... амралтын газар ирээд зогсоход дахиад цаашаа гэж дохихоор нь амралтын газраас хойш барагцаалвал 5 км газар яваад Наран тээгийн нарны зай хураагуурын хажууд зогссон. Тэгээд 5000 төгрөг өгөөд нөгөө залуу буугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65/,

- Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Баянзүрх дүүргийн Монелийн зүүн хойно байрлах өндөр шилэн барилгын урд талаас суусан. Би тэр хятад хүнийг аваад тэгээд шууд Замын-Үүд рүү гарсан. Тэр хятад хүн хөнгөн, жижигхэн үүргэвчтэй явж байсан. Нөгөө 3 хятад нь бөөнөөрөө нэг зэрэг гарч ирж миний машинд суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,

- Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/,

- Камерийн бичлэгт үзлэг /хх-ийн 13-20/,

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 22-33/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 34-47/,

- Ү-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын хил нэвтрэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн ... дугаар тэмдгээр боомт бус газраар явж байсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ү-г 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн ... дугаар тэмдгээр боомт бус газраар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй юм.

Гэтэл шүүгдэгч Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хилийн боомт бус газраар хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсаас Хятад улс руу гарах буюу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсаас гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Н “...би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хилийн 0108 дугаар ангид 19-21 цагийн хооронд техникээр хянах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 20 цаг 10 минутанд өөрийн хариуцан хяналт тавьж байсан хэсэг болох ... дүгээр тэмдгийн чиглэлд нэг явган хүн явж байсныг илрүүлж шуурхай жижүүр хошууч Ч.М-д мэдэгдэж тус явж буй хүний хөдөлгөөнд хяналт тавьсан... 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цаг 10 минутанд хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд нэг явган хүн явж байсныг илрүүлсэн. Хилийн ... тэмдэг дээр саатуулсан... Тэр хүн дотоодоос гадаад руу буюу Монгол улсаас Хятад руу чиглэлтэй хилийн ... дүгээр тэмдэгтээс ... дугаар тэмдэгтийн чиглэлд хилийн боомт бус газраар хил зөрчихөөр явж байсан...” гэсэн, гэрч Ч.М “...уг хүний хөдөлгөөнд хяналт тавьж, ангийн удирдлагуудад мэдэгдэж, бүлгүүдийг томилж, хил зөрчигчийг саатуулах арга хэмжээ авсан... Хилийн ... дугаар тэмдэг нь Монгол улсын хилийг тодорхойлсон багана юм. Энэ тэмдгийг давсан тохиолдолд улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ...” гэсэн, гэрч Ж.О-н “...тэр хүн дотоодоос гадаад руу буюу Монголоос хятад руу чиглэлтэй явж байсан. Хилийн ... дүгээр тэмдгээс ... дугаар тэмдгийн чиглэлд явж байсан. Намайг очиж байхад гэрлийн үзүүрт замаас гарч гүйж байгаа харагдсан, би хурдтай явж байсан болохоор тойрч очоод тус иргэнийг саатуулсан. Ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжлэн судлагдсан хилийн зөрчлийг шалгасан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн хэсэг түүний үйлдэлд тохирч байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч нь 2019 оны 01 сарын 28-ны өдрөөс нийт 24 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч Ү нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг буюу сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-г нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү нь 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/  төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ү-н цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ү нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг буюу 1 ширхэг СД-г  хэрэгт хавсарсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү-д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн  өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н