| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0036/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү,
Улсын яллагч Б.Д,
Орчуулагч М.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т,
Шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн З-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын Лиаоин хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт БНХАУ-ын Лиаоинг мужийн Фү шион хотын Дунжоу дүүрэгт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, З гадаад паспортын дугаар ...,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ өөрийн биедээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтаны жагсаалтанд багтсан нэг тооны Халиу бугын чив 9 хэсэг, 8 хэсэг болгож хуваасан цусан эвэр зэрэг эд зүйлийг нууж, гадаад улс руу гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч З нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 01 сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ өөрийн биедээ хүний эрүүл мэндэд тустай гэх адууны эд эрхтэн гэж бодож байсан эд зүйлийг авч гарах гэж байгаад хил дээр саатуулагдан шалгагдсан юм. Тухайн эд зүйлийг надад БНХАУ-ын иргэн өөрийгөө Л гэж танилцуулсан хүн 2019 оны 10 сард надад өгсөн... 17 хэсэг тухайн эд зүйлийг өндөр градустай архинд хийж уувал бие эрүүл мэндэд сайн гэж надад хэлсэн. Миний бөөр өвддөг би өөрөө уух гэж байсан юм. Миний бие хууль бус эд зүйл гэдгийг мэдээгүй, тухайн эд зүйлийг улсын хилээр авч гарч болохгүй гэдгийг цагдаад шалгагдаж байхдаа мэдсэн. Хийсэн хэргээ ойлгож байгаа. Эклоги эдийн засгийн үнэлгээгээр хохирол төлнө гэдгийг бас мэдэж байгаа, зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...уг хэрэгт Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,
- Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 01 сарын 03-ны өдөр АЗШНЦ-1 зорчигчийн гарах чиглэлд хуваарийн дагуу дотор зааланд ажиллаж байх хугацаанд БНХАУ-ын иргэн З нь өмсөж явсан гадуур хувцасныхаа дотор талын халаасанд мөнгөлөг цаасанд боосон эд зүйл байсныг нь шалгаж үзэхэд амьтны эд эрхтэн болох 9 хэсэг болгож хуваасан, мөн ясан 8 ширхэг эд зүйл байсныг илрүүлж холбогдох шалгалтыг хийсэн. Тухайн хүн нь рентген дээр гар тээшээ шалгуулсан боловч тухайн хүн биедээ нуусан байсан. Тухайн эд зүйлийн талаар гаальд мэдүүлээгүй байсан, мэдүүлсэн байсан ч улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй, шалгуулах шаардлагатай байдаг өөрийнхөө ачаа барааг шалгуулахаас зайлсхийсэн нуусан хаасан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Г-н 2020 оны 01 сарын 20-ны өдрийн дүгнэлтэнд: “... 1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны эд эрхтэний хэсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн амьтны эд эрхтэний хэсгүүд нь Халиу буга /Cervus elaphus/-ийн хатааж, тайрсан чив болон тайрсан цусан эвэр болно.
3. Хүйсийг тодорхойлох боломжтой. Халиун бугын эр бодгальд л хавар цусан эвэр ургаж, намар ясжиж хавар эрт гурван сар орчимд унадаг. Насыг тодорхойлох боломжгүй.
4. Халиун буг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан.
5. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-д зааснаар Халиун бугын эр бодгаль 6,600,000 төгрөг.
6. Ашиглах боломж, эрүүл ахуйн шаардлага зэргийг үнэлэх боломжгүй.
7. Эд эрхтэнийг хятадын уламжлалт анагаах ухаанд эмийн найрлагад ашигладаг.
8. Амьтны чивийг амьтныг үхүүлэхгүйгээр авах боломжгүй, цусан эврийг амьтныг үхүүлэхгүйгээр авах боломжтой. Эвэргүйгээр амьдрах боломжтой.
9. Эд эрхтэнүүд нь халиун бугын нэг бодьгалд хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 9, 11-12/,
- Прокурорын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 5/07 дугаартай “Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 16/,
- З-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: З нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ халиун бугын чивийг хувааж 9 хэсэг, цусан эврийг 8 хэсэг болгон биедээ нууж улсын хилээр гарах гэж байгаад гаалын хяналтын үзлэгээр илэрсэн үйл баримт болжээ.
Шүүгдэгч З-н биедээ нуусан чив, эвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Халиун бугын түүхий эд болох нь Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Г шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч З нь ховор амьтны түүхий эд зүйлийг гадаад улсад гаргасан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.М “...2020 оны 01 сарын 03-ны өдөр АЗШНЦ-1 зорчигчийн гарах чиглэлд хуваарийн дагуу дотор зааланд ажиллаж байх хугацаанд БНХАУ-ын иргэн З нь өмсөж явсан гадуур хувцасныхаа дотор талын халаасанд мөнгөлөг цаасанд боосон эд зүйл байсныг нь шалгаж үзэхэд амьтны эд эрхтэн болох 9 хэсэг болгож хуваасан, мөн ясан 8 ширхэг эд зүйл байсныг илрүүлж холбогдох шалгалтыг хийсэн...” гэсэн мэдүүлэг, Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Г-н 2020 оны 01 сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг ховор амьтны түүхий эд зүйл болох Халиун бугын чив, цусан эвэр зэргийг гадаад улсад гаргасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халиун бугын чив 9 хэсэг, цусан эвэр 8 хэсэг нь ашиглах боломж, эрүүл ахуйн шаардлага зэргийг үнэлэх боломжгүй гэх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж, 37.1-д “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2-д “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З-н улсын хилээр нэвтрүүлсэн халиун бугын чив 9 хэсэг, 8 хэсэг цусан эвэр нь Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Г-н 2020 оны 01 сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 1 бодгаль эр амьтных гэсэн байх бөгөөд Засгийн Газрын 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэг дүгээр хавсралтад халиун бугын эр бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээ 6,600,000 төгрөг гэж үнэлсэн байна. Иймд З-с халиун бугын 1 эр бодгалийн үнэ нийт 6,600,000 төгрөгийг хоёр дахин өсгөж тогтоосонтой тэнцэх хэмжээ буюу 13,200,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн З-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эд зүйлийг гадаад улсад гаргасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-г таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З нь 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халиун бугын чив 9 хэсэг, цусан эвэр 8 хэсэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар шүүгдэгч З-с 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н