Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 24

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс: *****************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

  Даргалагч шүүгч  Б.Батзориг

                                  Шүүгчид                Л.Амарсанаа

                                                                Г.Давааренчин

                           Оролцогчид:

                                   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        *******

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “Гэм хорын хохирол 3.490.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...******* ОРХ улсын дугаартай “Ниссан-Тайна” машиныг эзэмшигч миний зөвшөөрөлгүй ******* унаж явахдаа зам тээврийн осол гаргаж эвдсэн. Хохирлын үнэлгээ 3.364.000 төгрөг, журмын хашааны үнэ 100.000 төгрөг, хохирлын нэмэлт үйлчилгээний хөлс 26.000 төгрөг нийт 3.490.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний хүү ******* нь одоо Мандал суманд ажиллаж байгаа. Тэгээд 2 газарт амьдарч байхаар гээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирж амьдарч байсан. Ингээд ******* байр авсан гэдэг болохоор хоорондоо орж гардаг хүмүүс байсан юм байна лээ. 2014 оны 05 сарын 06-ны орой 23 цагийн үед утас нь дугараад байхаар нь ******* утсаа авахад ******* байна уу?, хүрч ирээд аваач, Болороо эгчид чинь хэлсэн, ороод түлхүүр ав гэсэн.

Тухайн үед миний хүү ******* эхнэр, 2 хүүхэдтэйгээ унтах гээд байж байхад нь дуудахаар нь Билүүн орж ******* ******* ах түлхүүр ав гэсэн гээд аваад замдаа явж байгаад осол гаргасан байдаг. Гэтэл маргааш нь ******* миний хүүд чи намайг дуудсан гэж битгий хэлээрэй, эхнэрийнхээ дугуйг авах гээд явж байсан гэж хэлээрэй гэсэн байдаг. Ер нь бол ******* миний хүүг тэр орой дуудаагүй байсан бол ийм олон сая төгрөгний өрөнд орохгүй байсан.

“******* ” ХХК-ийн гаргасан үнэлгээг бид үзсэн. Болж өгвөл мөнгийг нь өгье гэж бодоод уулзсан боловч бид чадаагүй. Иргэний хуулийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэн өөрөө хариуцлага хүлээхээр байгаа юм.

Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, төлөхгүй гэж үзэж байна. “******* ” ХХК-ийн гаргасан үнэлгээний хувьд маргалдах зүйлгүй. Үнэн зөв гарсан байлгүй дээ. Осол болох үед миний хүү ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэдгийг ойлгож байсан...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“....Миний охин *******гийн 0188 ОРХ дугаартай Ниссан-Тиана машиныг Бадар-Ууган барьж яваад аваар гаргаж тэр чигт нь журмын хашаанд тавьсан байсан.

Уг хэргийг шалгаж байхад ******* ... хохирлыг барагдуулна гомдолгүй гэж хэлж өгөөч гэж гуйчихаад өгөөгүй. Харилцан тохиролцож засвар хийлгэх талаар ярилцсан боловч мөнгө өгөөгүй тийм болохоор хохирлын үнэлгээ 3.364.000 төгрөгийг нэхэмжилж байна. Машины өмчлөгч ******* *******д машин барих эрх олгоогүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүй унаж явсан. Машинд эвдэрсэн эвдрэлийг “******* Билгүүн” ХХК үнэлгээний байгууллагаар тогтоолгосон...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2014 оны 05 дугаар сарын 06-ны орой 23 цаг 20 минутын орчимд эхнэр С.Мөнхдарь, дүү *******ий хамт гэртээ унтаж байхад ******* утасдаж Болороо эгчид нь хэлчихсэн манайхаас миний машины түлхүүр аваад машин аваад Сэлэнгээс намайг ирээд ав гэсэн.

******* дүү *******ий хамт 23 цаг 40 минутын үед Алтанбулаг Сүхбаатарын чиглэлд явж байтал гэнэт адуу гарч ирж энэ осол болсон. Маргааш нь 2014 оны 5 сарын 7-нд ******* *******ыг дуудаж намайг дуудсан гэж цагдаад битгий хэлээрэй эхнэрийнхээ машины дугуйг авах гэж явсан гэж хэлээрэй гэсэн.

*******, *******ыг дуудаагүй бол ийм зүйл болохгүй байсан.  ******* өөрөөс нь түлхүүр авч явж байгаад ийм байдалд хүрсэн. ******* дуудаагүй бол машиныг нь авч явах ямар ч шаардлага байгаагүй. Өөрөө түлхүүр өгсөн байж *******гаас зөвшөөрөл аваагүй гээд байгаа юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. 243-р ангийн хохирлыг барагдуулсан. Тэр мөнгийг С.Отгонбаяраас нэхэмжлэхэд миний нэхэмжлэлийг буцаасан. Цагдаагийн газраас хэргийг хэлэлцэж эхлэх үед ******* Эрдэнэтээс ирж байсан. ******* хүний машиныг өөрийн дураар авч яваагүйг гэрчлэх гэрч олон байгаа. Тиймээс нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******аас 3.390.000 төгрөг гаргуулж *******д олгож, 100.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.390.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 69.190 төгрөгийг *******аас гаргуулж *******д олгож,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“... ******* нь гэртээ амарч байсан *******ыг утсаар дуудсанаас болж энэ асуудал гарсан. ******* утасдахад нь ******* утас авахад Ууганаа ах нь байна уу?, та 2 Сэлэнгээс намайг ирээд аваач, Болормаа эгчид нь хэлчихсэн, манайхаас ороод машины түлхүүр аваад хүрээд ир гэснээр ******* *******ынд орж Отгоо ах түлхүүр аваад намайг ирж ав гэж байна гэхэд ******* өөрөө машины түлхүүрээ өгсөн мөртлөө машиныг зөвшөөрөлгүй барьсан гэж худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна.

******* 2014.05.07-ны өглөө Цагдаагийн газрын гадаа *******д намайг дуудсан гэж битгий хэлээрэй, эхнэрийнхээ дугуйг авах гэж явсан гэж хэлээрэй гэж гуйсан. ******* нь *******ын эзэмшиж байгаа машины түлхүүрийг гэрээс нь хэлэлгүй аваагүй, өөрийн дураар машиныг нь гаднаас нь жолоодож, өөрийнхөө төлөө яваагүй, хүний машиныг авч явах ямар ч шаардлага байгаагүй,

Машины эзэмшигч нь ******* гэдэг нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргаж, 499.3 зүйлийн дараагийн хэсэгт ...өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг харгалзан үзэлгүй ахин түрүүчийн адил шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. ******* машины эзэмшигч болохоор хариуцлага хүлээх ёстой. *******ын дуудсанаар ******* Алтанбулгаас Сэлэнгэ орох замд явж байтал малын гарцгүй газраар гэнэт адуу гарч ирж осол болсон /шөнийн 24 цагийн үед/. “******* Билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 3.350.000 төгрөг ******* төлсөн /баримт хавтаст хэрэгт бий/.

*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, гэрч *******,  *******ы тайлбар, мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад ямар ч нэмэлт ажиллагаа хийгээгүй, Ц.Болормаагийн хэлсэнд үндэслэн шийдвэр гаргасан.

*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа нь хуулийн өмнө хариуцлагагүй хандаж, *******ийг эгч // машины түлхүүрийг өгч байна гэж байна гэж, ******* намайг “МОНБИТ” компаний гадаа биднийг орхиод зугатсан гэх мэтээр удаа дараа худал мэдүүлэг өгсөн.

...*******, Ц.Болормаа нарын 2015 оны 10 дугаар сарын 27-ны итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус учир нь ямар ч нотариатын газар иргэний үнэмлэх үзэхгүйгээр үйл ажиллагаа хийдэггүй, гэтэл энэ итгэмжлэл нь иргэний үнэмлэхийн ажиллагаа хийгдээгүй байх юм. Ц.Болормаа нь шүүх хуралд өнөөг хүртэл хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй оролцож байна...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499.4 зүйлийг үндэслэл болгон анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй, хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан авто ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 3.490.000 төгрөг гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь автомашинд /тээврийн хэрэгслийн/ учирсан хохирлыг эзэмшигч нь өөрөө  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд  зааснаар хариуцлагыг хүлээх ёстой гэж маргажээ.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ******* нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглахдаа өмчлөгч *******гийн зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн унаж  хурд хэтрүүлэн явснаас  осол гаргасан гэж дүгнэн  автомашинд учруулсан гэм хорыг бүрэн хариуцан арилгах ёстой гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол  бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэх зохицуулалт тухайн маргааны нөхцөлд хамааралгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Иргэний хуулийн тухайн эрх зүйн хэм хэмжээ тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргасан этгээдийн бусдад учруулсан гэм хорыг арилгах нөхцөлийг зохицуулсан болохоос тухайн автомашинд өөрт нь учирсан гэм хорд хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд буруугүй тал өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан үндэслэлээр  автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3., 499.4.-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс, эсхүл дан ганц өмчлөгч, эзэмшигчээс шаардах боломжтой.

          Харин ослын улмаас тухайн автомашинд  учирсан хохирлыг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж зааснаар гэм буруутай этгээдээс хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч ******* нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, төв зам дээр “Ниссан Тина” маркийн ******* ОРХ улсын  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн 2.7б, 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг зөрчин осол гаргасны улмаас автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдсон, талууд  осол гарсан эсэх болон автомашинд учирсан хохирлын үнэлгээний талаар маргаагүй байна.

Харин зохигчид тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан эсэх талаар  маргадаг.

Хэргийн үйл баримтаас үзвэл “Ниссан Тина” маркийн ******* ОРХ улсын  дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* бөгөөд осол гарах үед түүний автомашин нь *******ын эзэмшилд байсан, хариуцагч  ******* нь тухайн тээврийн хэрэгслийг *******ын хүсэлтээр жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг эзэмшигчийн зохих зөвшөөрөлгүйгээр  жолоодож явсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан  нь тогтоогдож байгаа боловч  тухайн осол гарахад автомашин эзэмшигчийн хэтэрхий болгоомжгүй эс үйлдэл, өөрөөр хэлбэл жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдэд автомашин жолоодох зөвшөөрөл олгосон нь осол гарахад нөлөөлсөн  гэж үзэж,  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар автомашинд учирсан хохирлын 50 хувийг хариуцуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд талуудын маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар  дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт  хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тус хэрэгт нэхэмжлэгч ******* нь өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэлийг Ц.Болормаад олгосон боловч итгэмжлэлийн хугацаа дууссан байх тул  давж заалдах шатны шүүх хуралдаанд Ц.Болормааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулаагүй болно. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д зааснаар хариуцагч *******аас 1.695.000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 1.795.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “ ...69.190 төгрөгийг... “ гэснийг “42.070 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 1755 дугаартай захирамжаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                    Г.ДАВААРЕНЧИН