Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 793

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус  шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Б.М ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ш  овогт Б ын М  

Хариуцагч: ХУД ЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,  нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш  овогт  Б ын М  миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******,******* тоот хаягт 1985 оноос гурван үеэрээ оршин сууж байгаа билээ. Тус хорооны Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Хорооны Иргэдийн нийтийн ээлжит хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийхээр товлон зарласны дагуу уг хуралдаанд оролцсон болно. 

Хуралдаанаар: 1. Хурлын хуралдааны Дарга, хурлын Тэргүүлэгчид   2. Засаг даргыг тус тус сонгох, эрх бүхий албан тушаалтнаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хорооны Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох иргэний нэр дэвшүүлэхэд хуралд оролцсон иргэдээс намайг дэвшүүлж, санал хураалтыг илээр явуулахад нийт 182 санал хуралтаад оролцсоноос 181 хүний саналаар сонгогдсон юм.

Ингээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу шийдвэр тогтоолоо эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулахаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн.

Хорооноос хүргүүлсэн саналаа баталгаажуулах эсэхийг тодруулахаар  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр лавлахад ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан. Дүүргийн Засаг дарга хорооны Засаг даргыг баталгаажуулан томилсон шийдвэр гаргахад хуулиар тогтоосон хугацаа байхгүй боловч өмнөх Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа 2017 оны 04 дүгээр сард албан ёсоор дуусгавар болсноор дараагийн Засаг даргын томилох нөхцөл бүрдэнэ. Гэтэл дүүргийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б\54 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч хорооноос хүргүүлсэн саналыг шийдвэрлээгүй орхигдуулаж, хорооны  Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон байна.  Үүнийг нь бид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр олж мэдсэн бөгөөд хорооны санал яагаад шийдвэрлэхгүй орхигдуулсан талаар асууж лавлахад “Нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа тиймээс бид эс үйлдэхүй гаргаж байна. Та нар шүүхээр явж шийдвэрлүүлж болно” гэсэн үндэслэлгүй  хариу амаар өгсөн.

Дүүргийн Засаг даргаас өнөөдрийг хүртлэх хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хэрэгжүүлж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан нөхцлийг бүрдүүлж байна.

Ийнхүү дээрх асуудал үргэлжлэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх хугацаа өмнөх Засаг дарга хувьд хэтэрч байгаа бол мөн хугацаагаар хууль ёсоор томилогдох дараагийн Засаг даргыг бүрэн эрх зөрчигдөж байгаа болно.

Мөн дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлагыг хангаж байгаа. Миний Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,...” Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд ажиллах” эрх, хууль  ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Үүний зэрэгцээ энэхүү хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж зааснаар бусад аж ахуй эрхлэх эрх маань хязгаарлагдсан байгаа болно.

Улмаар ганцхан иргэн миний субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхолоос гадна намайг сонгон нэр дэвшүүлсэн Иргэдийн нийтийн хуралд оролцож надад санал өгсөн нийт 181 иргэний сонголт, хүсэл зоригийг ч хөсөрдүүлж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “ сум дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах,” 30.1.9-т “сум дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргад 2017 оны 05 сарын 03-ны өдөр хандсан боловч гомдлыг хуульд заасан хугацаанд бидний гомдлыг шийдвэрлээгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Хан-Уул дүүргийн “Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд дээрх асуудлын бүрэн шийдвэрлэх боломжтой. Дүүргийн Засаг дарга тухайн саналыг хүлээн аваад татгалзах, томилох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэтэл эдгээр шийдвэрийн алийг ч гаргаагүй нь эс үйлдэхүй гэж үзэж байгаа. Яагаад хариу өгөхгүй байгаагаа үндэслэлгүйгээр тайлбарласан. Эс үйлдэхүй нь хууль ёсны гэж байдаггүй. Өргөдөл, гомдол үндэслэлтэй, үндэслэлгүйгээс үл хамаарч заавал шийдвэрлэж зохих хариу өгнө.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад тухайн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурал нь хууль бус байсан гэж тайлбарладаг боловч үнэхээр хууль бус байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хан-Уул дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчийг 11 дүгээр хорооны Засаг даргаар томилоход ямар нэг шалтгаан болон татгалзлаа бичгээр ирүүлээгүй. Хуульд энэ талаар нарийвчлан заагаагүй боловч дараагийн Засаг даргыг томилохдоо энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.

Нэхэмжлэгчийг Засаг даргаар томилуулах саналыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн байхад дараагийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусч чөлөөлсөн. Саналыг 30 хоногийн хугацаанд хангалттай шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.М ын Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн  дөрвөн жилийн бүрэн эрх дуусгавар болоогүй байхад 2017 оны 02 дугаар сард Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр товлон зарласан нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байх тул хууль бус гэж хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А\15 дугаар тогтоол гарсан.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А\36 дугаар захирамжаар Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахыг хориглосон байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.М  нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар Б.М ыг томилсон шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан тул шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж Б.М ыг Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлсэн байхад түүнийг томилсон шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн дөрвөн жилийн бүрэн эрх дуусгавар болоогүй байхад 2017 оны 02 дугаар сард Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр товлон зарласан нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй” гэж тус тус маргажээ. 

1/ “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх бүрэн эрхийг иргэдийн Нийтийн Хурал хэрэгжүүлэхээр зохицуулжээ. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Тэргүүлэгчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр товлож “хорооны Засаг даргын 2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэх, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, Хорооны Засаг даргыг сонгох, бусад асуудлыг” хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

Улмаар 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, тус хорооны Засаг даргад нэр дэвшигч Б.М  олонхийн санал авсан  байх ба тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоол -оор тус хорооны Засаг даргаар Б ын М  100 хувийн саналаар сонгогдсоныг баталж, Засаг даргаар томилуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлжээ .  

Мөн “...Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот зөвлөмжөөр “...тохиолдолд дээд шатны Засаг дарга батламжлахгүй байх эрсдэл үүсч болзошгүйг мэдэгдье”  гэснээс үзвэл хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар Б.М ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчаас энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэхгүй байх ба Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай” А/36 дугаар захирамжаар иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахыг хориглосон” гэсэн тайлбарыг ирүүлжээ. 

Дээрхээс дүгнэн үзвэл, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль зөрчиж явагдсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллага/шүүх/-ын шийдвэр гараагүй, Б.М ыг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тухайн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байхад хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлаас хүргүүлсэн саналыг шийдвэрлээгүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн ... Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох”-оор тус тус зохицуулсантай нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.  

Иймд нэхэмжлэгчээс гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

2/ “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар Б.М ыг томилсон шийдвэр гаргахыг даалгах” шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс энэхүү шаардлагын үндэслэлээ “Хан-Уул дүүргийн Засаг даргаас Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилж шийдвэрлэсэн нь 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Б.М ыг Засаг даргаар томилуулах саналыг татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тус иргэдийн Нийтийн Хурлаас өөр этгээдийг томилуулахаар санал болгоогүй тул энэ татгалзал нь хууль бус” гэж тайлбарлаж байна. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Т”... 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр чөлөөлж , мөн өдрийн Б/55 дугаар захирамжаар “тус хорооны Засаг дарга томилогдох хүртэл хугацаанд” Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Э  томилсон байна. 

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” байхаар хуульчилснаас үзвэл дүүргийн Засаг дарга нь хорооны Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзсан тохиолдолд энэ тухайгаа иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдэж дахин шийдвэрлүүлэх, улмаар дахин нэр дэвшүүлсэн этгээдийг томилох тухай шийдвэр гаргах үүрэгтэй байна. 

Мөн тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай” А/15 дугаар тогтоолд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн 4 жилийн бүрэн эрх дуусгавар болоогүй байхад 2017 оны 02 дугаар сард иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулахаар товлосныг хууль бус” гэж дүгнэсэн байх боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 албан бичигт “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас сонгогдсон Хурлын дарга, Тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа” гэжээ. 

Дээрхээс үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаа томилохоос татгалзаж байгаа эсэхээ иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдээгүй болох нь ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад  шийдвэрлэлтийн байдал нь “санал танилцуулав” гэснээр дууссанаар тогтоогдож байх төдийгүй “Засаг дарга томилогдох хүртэл хугацаанд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилж” шийдвэрлэснээс үзвэл хариуцагч нь “...5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Б.М ыг 11 дүгээр хорооны Засаг даргаар томилоогүй, мөн томилохоос татгалзсан тухайгаа хорооны иргэдийн Нийтийн хуралд мэдэгдэж дахин шийдвэрлүүлээгүйгээс тус хорооны иргэдийн Нийтийн Хурлаас өөр этгээдийг хорооны Засаг даргаар сонгоогүй байх бөгөөд Б.М ыг Засаг даргаар сонгосон 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хүчинтэй хэвээрээ боловч хэрэгжих боломжгүй болсон үр дагаврыг үүсгэсэн, мөн нэхэмжлэгч Б.М ын хувьд “сонгуулийн үр дүнд томилогдон ажиллах эрх” нь зөрчигдсөн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан ... хороо нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бие даасан нэгж байх, ... нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжих үндсэн зарчмыг алдагдуулсан буруутай байна. 

 Иймд нэхэмжлэгч Б.М аас гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар Б.М ыг томилсон шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн хууль тогтоогчоос хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчид, түүнчлэн дүүргийн Засаг даргыг бүрэн эрхийг хуульд нэгбүрчлэн тоочиж зааж өгсөн байхад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчид мөн Засаг дарга нь харилцан бие биенийхээ бүрэн эрхэд халдах, хязгаарлах, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар зөвлөмж, чиглэл өгч байгаа нь нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллагын “тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх” эрх зүйн бодит чадварыг алдагдуулах бодит нөхцөл болж байгааг дурьдахгүй өнгөрч болохооргүй байна. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн Засаг даргын тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар Б.М ыг томилсон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М т олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.