Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00103

 

    2020          03             31                                          2020/ШЦТ/103

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Хохирогч Ө.С-, Д.Ч-,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Ө-,

Шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-т холбогдох эрүүгийн 2038000130108 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Н.

Шүүгдэгч М.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 5 дугаар багийн 34 дүгээр гудамжны урд байрлах асфальт замд Тоёота приус-20 маркийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч С.Ж-ын амь насыг хохироож, иргэн Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч М.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 34 дүгээр гудамжны урд байрлах асфальтан замд Тоёота приус-20 маркийн ... ХӨҮ улын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, хальтиргаатай замын нөхцөлд хурд сонгоогүйн улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч С.Ж-ын амь насыг хохироож, иргэн Д.Ч-ийн эрүүл мэндэд “баруун дунд чөмгөнд далд хугарал, баруун өвдөг, гуя, өгзгөнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулан “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 8-9 дүгээр хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Хохирогч Ө.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн: “...би хүүхдээ алдсанд харамсалтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                 - Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед талийгаач С.Ж-тай 5 дугаар баг 34 дүгээр гудамжинд байх найзындаа таараад удалгүй бид хоёр гэртээ харих гээд гудамжинд гараад явган хүний зам дээр зогсож байтал захын урдаас нэг Приус 20 маркийн машин их хурдтай орж ирсэн. Өнгөрөөд явчихна уу гэтэл гэнэт замаас гараад бид хоёрыг мөргөсөн. Миний баруун тал хэсгээр мөргөөд талийгаач С.Ж-ийг мөргөөд хашаатай дайраад орчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

                 - Иргэний нэхэмжлэгч Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М.Н- , Б.Ү- бид гурав захын хажуу талд нэг пиво хувааж уугаад байж байтал М.Н- миний машинаар юманд яваад ирье гээд ... ХӨҮ улсын дугаартай Приус-20 маркийн машиныг маань жолоодоод Содмонгол колонк руу явсан.Тухайн үед би хэнтэй уулзах гэж байгааг нь мэдээгүй. Түүнээс хойш 5-10 минутын дараагаар М.Н- зам тээврийн осол гаргасан байсан. Миний машины урд хэсэг тэр чигээрээ эвдэрч хэмхэрсэн байсан. ...2018 оны 11 дүгээр сард би машинаа 12 сая 500 мянгаар худалдаж авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Харин машины бичиг баримт эгч Г.Ц-ийн нэр дээр байдаг. ...11 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

                 - Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Дээрх тээврийн хэрэгслийг манай дүү Г.Ө- нь худалдаж авсан хэдий ч ийш тийшээ ажил хийхээр явчихдаг учир тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

                 - Гэрч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө захын урд талд М.Н-, Г.Ө- бид гурав уулзаад Сэнгүр нэртэй том пиво хувааж уусан. ...М.Н- гэртээ хариад ирье гээд Г.Ө-ын машиныг унаад явсан. Түүнээс хойш 10 минутын дараагаар М.Н- хүн дайрчихлаа гэхээр нь Г.Ө- бид хоёр явж очсон чинь М.Н- осол гаргачихсан хүн дайрчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

                 - Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай хашааны урд нэг үе нүүр хэсгийг цагаан өнгийн Приус-20 маркын машин дайрсан. Тэр үед 2 хүн мөргүүлсэн байсан. Нэг нь газар дээрээ нас барсан. Манай хашааг маргааш нь засаад өгчихсөн тул надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

                 - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

                 - Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 07 дугаартай: ”...С.Ж-ын биед цээж хэвлийн хөндий дэх шингэн цус, уушиг цээжний хөндийг дүүрээгүй, авчсан, баруун зүүн уушигны дэлбэнгээр тархмал цус хуралт, элэгний 6,7-р сегментийг хамарсан няцрал, зүүн бөөр няцарсан артер тасарсан, бөөр болон нойр булчирхайн холбогч эдэд цус хуралт, хүзүүний 7 болон сээрний 1 нугламын холбоос салсан, нугас тасарсан, зүүн дунд чөмөгний сэлтэрсэн зөрүүтэй хугарал, дагз хэсгийн хуйханд цус хуралт, баруун тохой, нуруу, зүүн ташаа, баруун шилбэ, зүүн гуя, зүүн баруун өвдгөнд зулгаралт, зүүн сарвууны долоовор хурууны 3 дугаар үенд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. С.Ж-ын биед үүссэн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. С.Ж-ын биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. С.Ж- нь цээж хэвлийн болон нугасны хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

                 - Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 73 дугаартай: “...Д.Ч-ийн биед баруун дунд чөмөгөнд далд хугарал, баруун өвдөг, гуя, өгзөгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Д.Ч-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

                 - Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай: “...2020 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 5-р баг 34-р гудамжны урд байрлах асфальтан замд Тоёота приус-20 маркийн ... ХӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Н- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, Жолооч замын нөхцөлдөө хурдаа сонгоогүй, мөн согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн осол үүсэх шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,

                 - Шинжээчээс иргэний нэхэмжлэгч Г.Ө-ын эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн үнэлгээг 2.360.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

                 - Талийгаач С.Ж-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 78 дугаар хуудас,

                 - Шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би ийм хэрэг хийсэндээ их гэмшиж байна. Д.Ч-т учирсан бодит хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,

- Шүүгдэгч М.Н-ын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 77 дугаар хуудас/,

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчиж, тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч М.Н- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч М.Н-ын хууль бус үйлдлээс болж 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөн ба бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч М.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд

Хохирогч Ө.С- нь хэрэгт талийгаачийн оршуулга, буяны ажилд зарцуулсан 1.864.200 төгрөгийн баримт /хх-ийн 84-85, 88-95/ гаргаж өгснөөс шүүгдэгч М.Н- хохирогч Ө.С-тэй 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “төлбөр барагдуулах зорилгоор 08 93 ХӨҮ улсын дугаартай Т.Алтезза маркын суудлын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн болно. ...Цаашид гомдол саналгүй, хохирлыг бүрэн барагдуулсан болно” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 125-126/,

Мөн шүүх хуралдаанд хохирогч Ө.С- “Нэхэмжлэх зүйл байхгүй” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч Ө.С-д төлөх төлбөргүй,

Хохирогч Д.Ч- нь 10 сая төгрөг нэхэмжилж /хх-ийн 20/ 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Мөнх-Өргөө” ХХК-ийн “Д.Ч- нь Мөнх-Өргөө ХХК-д барилгын туслах ажилтнаар тасралтгүй 3 жил ажилласан. Д.Ч- нь манай компанид гэрээт ажилтан бөгөөд үндсэн цалин 800.000 төгрөгний цалин авч байсан болно” гэх тодорхойлолт /хх-ийн 106/-ыг хэрэгт гаргаж өгсөн байх боловч эмчилгээ сувилгаа, бусад зардалтай холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд уг байгууллагад ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй, цалингийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодохойгүй, бусад холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүй нь иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах боломжгүйд хүрч байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Н-оос дараа нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н- болон түүний өмгөөлөгч нь  хохирогч Д.Ч-ийн ээж С.Д-н ХААН банкны ... дугаарын данс руу 2020 оны 03 дугаарын сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгч /хх-ийн 105/, “хохирогч Д.Ч-ийн эмчилгээний төлбөрт зориулж 1.700.000 төгрөгийг ээжид нь өгсөн” гэж мэдүүлж /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ байх боловч хохирогч Д.Ч- энэ мөнгийг аваагүй, надад ямар ч хохирол төлөөгүй гэж мэтгэлцэж байх тул шүүгдэгч М.Н-ыг хохирогч Д.Ч-т хохирол төлбөр огт төлөөгүй буюу төлвөл зохих хүнд хохирол төлөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Ч- нь хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэх талаар хавтаст хэрэгт баримт тусгуулаагүйн дээр хуульд зааснаар заавал төлөөлүүлэх шаардлагагүй, шүүгдэгчийн 2.700.000 төгрөгийг хохирогчийн ээжид өгсөн талаарх төлбөрийг хохирогч нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 “Тухайн үед хохирогч Д.Ч- нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж, түүний ээж С.Д- нь түүний өмнөөс нь бидэнтэй уулзаж байсан учир эмчилгээний төлбөрт нийт 700.000 төгрөг өгсөн,  мөн дараа нь ээжтэй нь утсаар ярьж, хохирогч Д.Ч- нь банкинд дансгүй гэсэн тул 1.000.000 төгрөгийг ээжийнх нь дансаар өгсөн, тухайн үед Д.Ч- цаана нь яриад сонсож байсан” талаарх шүүгдэгч М.Н-ын мэдүүлэг болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэгийн тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 105/ болон бусад баримтаар шүүгдэгч нь хохирол төлбөр төлөх санаачлага гаргаж байсныг түүний хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой гэж шүүх үнэллээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Ө- нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохиролд 11 сая төгрөгийг нэхэмжилж байх боловч түүний ... ХӨҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн үнэлгээг 2.360.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 57-59/-г шүүх үнэн зөв, бодит хохирол гэж дүгнэж,

                 Мөн иргэний хариуцагчаар тогтоогдсон Г.Ө-ын хувьд өөрийн автомашиныг шүүгдэгчийг жолоодохыг зөвшөөрч, өгч явуулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Г.Ө-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч, шүүгдэгч нарын  мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч ...тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”,

499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”,

 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар Г.Ө-ын буруутай үйлдлээс болж өөрт болон бусдад хохирол учирсан нь тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг түүнээс гаргуулах хуулийн зохицуулалт байгаа хэдий боловч шүүгдэгч болон иргэний хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хор уршиг зэргийг харгалзан, энэ гэмт хэргийн улмаас ... ХӨҮ улсын дугаартай Тоёото Приус-20 тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл 2.360.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Г.Ө-ад хариуцуулж, иргэний нэхэмжлэгч Г.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хойшид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч М.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Н-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тус тус харгалзан үзсэн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Н-ын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4  дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4  дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч М.Н- нь хохирогч Ө.С-д 5.000.000 /таван сая/ төгрөг төлж эвлэрсэн болохыг, хохирогч Д.Ч-т төлөх төлбөргүй болохыг, иргэний хариуцагч Г.Ө- нь өөрт учирсан хохирол болох 2.360.000 /хоёр сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг хариуцах болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Ч- нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Н-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Шүүгдэгч М.Н-ыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ