| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0042/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.У-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б аймгийн Г суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 9-20 насны хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б.У,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 10, 11 дүгээр сарын эхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ... тоотод байрлах автомашины гражид Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан 550.2 кг дэрвэгэр жиргэрүү ургамалыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Манайх Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт байдаг бөгөөд БНХАУ-ын Эрээн хотруу байнга зорчдог учир танил Б гэж дууддаг Өвөрмонгол хүн 2019 оны 11 сарын эхээр намайг хил дээр явж байхад миний ... дугаарын утас руу ... дугаарын утсаар залгаад танайх гражтай юу? бараа түр хадгалуулах гэсэн юм хөлсийг нь өгнө гэхээр нь хувцас, бараа эд зүйл юм байх гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгээд гэрийнхээ хаягийг зааж өгөөд манайд хүүхэд байгаа аваачаад орхичих гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн хүнийг би юу авч ирж орхисоныг нь хараагүй, мэдээгүй тэгтэл 2019 оны 12 дугаар сард Цагдаагийн ажилтнууд ирээд үзлэг шалгалт хийгээд ургамал байна гэж хэлсэн, миний хувьд ямар ургамал гэдгийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,
- Насанд хүрээгүй гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны намар байх тухайн үед би гэртээ ганцаараа байж байх үед гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд ээж чинь гражийн түлхүүр аваад ир гэнээ гэхлээр нь би гражийн түлхүүр өгөөд гаргасан би араас нь гарч хараагүй, утсаар тоглоод сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/,
Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие ачааны авто машинтай холын тээвэрт явчихдаг учраас гэртээ байх цаг хугацаа их бага байдаг юм. Улаанбаатар хотоос ирээд 1 хоночихоод БНХАУ-ын Эрээн хот руу гарчихдаг. 2019 оны 12 сарын 25-ны өдөр цагдаагийн албан хаагчид ирээд граж үзсэн чинь олон шуудайтай зүйл байсан тэгээд бүгдийг нь хурааж авсан... Өвөрмонгол хүн авч ирж орхисон гэж манай эхнэр Б.У надад хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/,
- Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргасны дараа тухайн 550.2 кг жинтэй дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг цаашид устгах эсхүл улсын орлого болгож ашиглахыг шийддэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 33/10/2-23 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-25 /,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.У-н Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах автомашины гражид 550.2 кг шуудайтай зүйл хадгалаатай байсан нь цагдаагийн байгууллагын үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байх бөгөөд гражид хадгалсан 550,2 кг шуудайтай зүйл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 33/10/2-23 дугаар шинжээчийн дүгнэлтээр Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс нь тогтоогдсон байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтын 350-д уг Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь бичигдсэн байна.
Шүүгдэгч Б.У нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох 550.2 кг дэрвэгэр жиргэрүүг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах автомашины гражид хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч З.О “... 2019 оны 12 сарын 25-ны өдөр цагдаагийн албан хаагчид ирээд граж үзсэн чинь олон шуудайтай зүйл байсан тэгээд бүгдийг нь хурааж авсан... Өвөрмонгол хүн авч ирж орхисон гэж манай эхнэр Б.У надад хэлсэн юм...“ гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 33/10/2-23 дугаар шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамалыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Б.У-д зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 550,2 кг дэргэвэр жиргэрүүг хураан авсан боловч хатаж 485,1 кг болсон байх бөгөөд уг ургамал нь ашиглагдах боломжтой гэх тул улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.У-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамалыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Б.У-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.У-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь тэнсэнгийн хугацаанд дээрх хүлээсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 485.1 кг дэрвэгэр, жиргэрүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н