Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01465

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 44 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Далантай овгийн Хуягбаатарын Уранжаргалын /ЦА88021763/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-27-62 тоотод оршин суух Мөнхбат овгийн Мөнхбатын Борхүүд  / УМ-90102353/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Уранжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагч М.Борхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, гуравдагч этгээд Б.Оюунзул,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Уранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Уранжаргал миний  бие Мөнхбатын Борхүүтэй 2012.12.02-ны өдөр гэрлэж дундаасаа 20012.10.21-ний өдөр охин Б.Тэргэлийг төрүүлж элэг бүтэн амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2014 оны 06 сараас нөхөр М.Борхүү намайг охины  хамт орхин салж  яваад одоо тусдаа  амьдарч байгаа юм. Иймээс  гэрлэлтээ цуцлуулна. 3 настай  охин Б.Тэргэлийг өөрийн асрамжид авна. Хүүхэддээ  тэтгэлэг тогтоолгоно. Бидний  дундын  өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532 м2 газар болон 8*10 м-ийн харьцаатай блокон орон сууцны байшинг үнэлүүлэн хүүхэд болон миний хувийг уг хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргав. М.Борхүүтэй эвлэрч дахин амьдрах талаар цаг хугацаа хүлээсэн боловч эвлэрэх ямарч боломжгүй болох нь тодорхой  болсон тул энэ  нэхэмжлэлийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:...Энэ хэргийг шийдвэрлэх явцад Борхүү болон түүний ээж Оюунзул нар намайг хуурч мэхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бэлэглэлий гэрээ байгуулан өөрсөддөө шилжүүлэн авсан,тухайн эд хөрөнгийг надад болно миний охин Тэргэлд огт хамаагүй мэт болгож байгаа тул 2014-1-03-ны өдрийн газар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгч Х.Уранжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Борхүү хот явсанаас хойш өөрчлөгдөж маргалдах болсон.2014 оны 2 сараас тусдаа амьдарч байгаа,эвлэрэх боломжгүй.Гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно.Хүүхдээ өөрөө авна.

Эд хөрөнгийн тухайд:2013 оны 6 сард 2 айлын газар авч байсан.Борхүү Тавантолгойд ажиллаж байсан.Тэгээд хашаа,байшин барьсан.Энэ үед би  1 настай хүүхэдтэй ажилгүй байсан.Нөхрийн талаас барьж өгч байна гэж ойлгосон.Доторлогоо хийх гэхэд мөнгөгүй байсан тул ээжийн нэр дээр шилжүүлж зээл авъяа гээд 2014 оны 1 сард ээжийн нэр дээр шилжүүлсэн.Би 2 сараас тусдаа амьдрах болсон.Хашаа байшингаас оногдох хувийг гаргуулна гэжээ.

Хариуцагч М.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Уранжаргалтай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэж, дундаасаа 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Тэргэлийг төрүүлж, ажлын шаардлагаар ирж очин амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2014 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс өмнө хэл амаар доромжилж, ажил төрөлд явуулахгүй удаа дараа хэрэлдэж, өөрөө эхэлж салах санал гаргасан. Ирж очин амьдрах хугацаанд бидний дундаас үл хөдлөх хөрөнгө, нэг ч бий болоогүй. Энэ нэхэмжлээд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12а-6, 12б-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1450м2 газар болон 7х8 харьцаатай блокон орон сууцны байшин нь миний хөрөнгө биш миний ээж Б.Оюунзулын мэдлийн хөрөнгө юм. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, 3 настай охин Б.Тэргэлийг Х.Уранжаргалын асрамжинд өгөх, тэтгэлэг тогтоолгохыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлээд байгаа хашаа байшин нь бид 2-ын өмч биш учраас надаас нэхэмжлэх үндэслэлгүй юмгэжээ.

Хариуцагч М.Борхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлтээ цуцлуулж,хүүхдийн тэтгэлэг тогтоохыг зөвшөөрч байна.2014 оны 2 сараас тусдаа амьдарсан.Байнга хэрүүлтэй байх болсон.Хэл үгээр их доромжилдог,ээжийг оролцуулдаг,хүүхдээ авна чиний хэрэг байхгүй,гөлөг гэх мэтээр хараадаг, загнадаг.Би яаж амьдрах вэ.Цаашид амьдрах боломжгүй гэж шийдсэн.Ээжийн цалингийн зээлээр 2013 оны 5 сард 2 айлын газар авсан.Би бага цалинтай,ажил сул зогсолт ихтэй, мөнгөгүй байсан.7 сараас хашаа байшин барьж эхэлсэн.Доторлогоо хийж чадаагүй. 9 сард нэмж зээл авч тааз зэргйиг хийсэн.Хөрөнгө дутсан тул зээл авах шаардлага гарч ээжийн нэр дээр шилжүүлсэн.Ээж зээл аваад байшинг барьж дуусгаад өөрөө амьдарч байгаа.Уранжаргал бид 2 оос хөрөнгө гараагүй.Хашаа байшинд амьдарч байгаагүй.Барьж байхад нь 1 сар хэртэй хоол унд хийсэн.Бид 2 сараас тусдаа байх болсон.Хуваана гэж байгааг ойлгохгүй байна,зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Оюунзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хашаа байшин хуваана гэж байгаад гомдолтой байна.Би энэ газрыг хүнээс өөрөө авч байсан.Тэгээд Борхүүг гэр бүлтэй болох гэж байна гэхээр нь энэ 2 -ын нэр дээр гэрчилгээ авсан.Би 2013 оны 5 сард 1 500 000 төгрөгний зээл авч хашааг барьсан.Байшин барих гэтэл энэ 2-т зээл олдоогүй тул би өөрийн нэр дээр шилжүүлж цалингийн зээл аваад байшинг барьсан.Энэ 2 2014 оны 2 сараас муудалцаж тусдаа болсон.2014 оны 9 сард би нэмж зээл аваад байшингаа доторлосон.Одоо би өөрөө  зундаа амьдарч байна.Миний цалингаар боссон хашаа байшин,би өөрийн нэр дээр гэрчилгээ авсан тул хуваахыг зөвшөөрөхгүй.Энэ 2-оос нэг ч төгрөг гараагүй.Уранжаргал 1 сар орчим хоол унд хийж тусалж байсан.Би энэ 2-ыг салах гэж байгааг мэдсэн бол юу гэж бэлэглэлээр авах вэ худалдаж авна биз дээ.Үндэсгүй зүйл ярьж байна.Дунд нь би хохирохыг хүсэхгүй байна гэжээ.

Шүүх хэргээс гэрлэлтийн болон хүүхдийн төрсөний гэрчилгээ,эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл,газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүд,Б.Оюунзулын зээлийн гэрээ дансны хуулга,хашаа байшингийн үнэлгээ,улсын бүртгэлийн лавлагаа,газар бэлэглэлийн гэрээ,хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,зарлагын баримтууд,өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Уранжаргал хариуцагч М.Борхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох, газар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох,дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж  гэр бүл болж тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Тэргэл төрсөн болох нь Г-32 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, Г-266 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.Тэд хоорондын таарамжгүй харилцаа,үл ойлголцол,үл хүндэтгэх байдлаас шалтгаалж хамт амьдрах боломжгүй болж 2014 оны 2 сараас тусдаа амьдарсан байна.

Зохигчид хэн алин нь цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Тэргэлийг өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.Тиймээс охин Б.Тэргэлийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газар болон 8х10 хэмжээтэй байшингаас охин Б.Тэргэл болон өөрт оногдох хэсгийг гаргуулах, 1532м2 газрыг 2014 оны 01 дүгээр сарын 03-нд М.Борхүүгийн ээж Б.Оюунзулд бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчингүй болгоно уу гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч,гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Б.Оюунзул 2013 оны 05 сард 1 500 000 төгрөгний зээл авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газрыг худалдан авсан,уг газрыг 2013 оны 11 сарын 11,16-ны өдрүүдэд  Т.Борхүү, Х.Уранжаргал нарт өмчлүүлсэн хариуцагч гуравдагч этгээд нарын тайлбар,өмчлөх эрхийн гэрчилгээ,хэргийн 34 дүгээр хуудаст авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдсон.

Гуравдагч этгээд “Би 2013 оны 9 сард нэмж зээл аваад уг газар дээрээ 8х10 хэмжээтэй байшин барьсан”гэх гуравдагч этгээдийн гэсэн нь зохигчдын тайлбар,хэргийн 34-35 дугаар хуудасны зээлийн дансны хуулга,зээлийн гэрээ зэргээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “2013 оны 6 сард 2 айлын газар авч байсан.Борхүү Тавантолгойд ажиллаж байсан.Тэгээд хашаа,байшин барьсан”гэж тайлбарлаж байх боловч,Т.Борхүү “Би бага цалинтай, ажил сул зогсолт ихтэй, мөнгөгүй байсан” байсан гэж тайлбарласан.Хэргийн 117 дугаар хуудаст авагдсан Т.Борхүүгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулгаар тэрээр,2012 оны 5 сараас 2013 оны 2013 оны 5 сар хүртэл тогтмол биш дундаж орлоготой ажил эрхэлж байсан болох нь харагдаж байх боловч Т.Борхүү,Х.Уранжаргал нар Б.Оюунзулыг газар авч хашаа байшин барихад мөнгөн хөрөнгө оруулсан гэж дүгнэх өөр нотлох баримтгүй байна.

Зохигч гуравдагч этгээдийн тайлбараар,байшингаа барьж дуусгах зорилгоор Б.Оюунзулаар зээл авахуулах шаардлагатай болсон тул  Т.Борхүү,Х.Уранжаргал нар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн 2014-1-03-ны өдөр газар бэлэглэх гэрээ байгуулан өмчлөлийн газраа Б.Оюунзулын өмчлөлд шилжүүлсэн байна.

Зохигчид 2014 оны 2 дугаар сараас  тусдаа амьдрах болсоноос хойш 2014 оны 9 сард Б.Оюунзул нэмж зээл аваад байшингаа доторлож дуусгасан болох нь тогтоогдсон.

Дээрхи байдлаар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газрын болон 70.2 мкв хувийн зориулалттай сууцны  өмчлөгч нь Б.Оюунзул болох нь 000210792, 000210793 тоот газар өмчлөх эрхийн,000502283 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул Б.Оюунзулын өмчлөлийн газар,хашаа байшинг Х.Уранжаргал, М.Борхүү нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Уг газар хашаа, байшин зэрэг хөрөнгө нь Х.Уранжаргал, М.Борхүү нарыг гэр бүл болсоны дараа бий болсон хөрөнгө байх боловч Б.Оюунзулын хөрөнгөөр бий болсоны зэрэгцээ,зохигчид байшин барих хөрөнгийн боломжгүй тул Б.Оюунзулыг зээл авч байшин барихыг зөвшөөрч сайн дураар түүний өмчлөлд газрыг шилжүүлсэн,улмаар Б.Оюунзул байшинг барьж дуусгаж өөрөө амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.Иймд уг хөрөнгүүдийг Т.Борхүүгийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн зохигчидын өмчлөлд газрыг 2013 оны 11 сард шилжүүлснээс хойш 2014 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд хамт амьдарсан нь харгалзан үзвэл зохих нөхцөл болохын зэрэгцээ,Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан болно.

Нэхэмжлэгч эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул үнэлгээгээр тогтоосон 16100 000 төгрөгний 2 хүнд оногдох хэмжээ болох 10 733 333 төгрөгнөөс тооцогдох 186 683 төгрөгний төлөгдөөгүй зөрүүг гаргаж төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар төлүүлэхээр зааж тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг зааснаар Х.Уранжаргал, М.Борхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Тэргэлийг эх Х.Уранжаргалын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч М.Борхүүгээс охин Б.Тэргэлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 130 дугаар зүйлийн 130.1-д заасан үндэслэлгүй тул гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 116 483 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч М.Борхүүгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Н.Хуланд даалгасугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ