| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0083/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/104 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Хохирогч Ш.Б-,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1938004300328 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б.
Шүүгдэгч Н.Б- нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.А, 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан иргэн С.О-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайрхан” авто засварын урд талын засмал замд өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.А “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан иргэн С.О-ыг мөргөж амь насыг нь хохироож “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Хохирогч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 сарын 06-ны өдөр байсан. Би энэ өдөр гэртээ байхгүй хөдөө яваад ирсэн чинь манай нөхөр О- нь гэрт байхгүй байсан. Тэгээд би нөхрөө хайгаад олоогүй. Ингээд эрэл сурал болсоор Хөвсгөлийн цагдаа М- гэж хүнд нөхрийгөө бүртгүүлсэн юм. Түүнээс хойш чимээгүй байж байгаад сая авто осолд орж нас барсан талаар мэдэж байна. Зургийг нь харахад миний нөхөр О- яг мөн байна. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Хүний амь насыг хохироосон жолоочид туйлын гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 сарын 13-ны өдөр байсан. Манай дүү Б.Ц- миний эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай хөх өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахад нь араас нь согтуу хүн машинаараа мөргөсөн байсан. Машины маань ар тал чихэгдэж гупер тэр чигээрээ хагарч рам нь эвдэрсэн. Нөхөн сэргээгдэх боломжгүй болсон. Тиймээс машинаа төлүүлж авмаар байна. ...Одоо машинаа 8.500.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би Төмөрбулаг сумаас эхнэр Д-, хүү А- нарын хамтаар Мөрөн суманд орж ирсэн. Тэгээд эмнэлгээр явж хүүхдээ үзүүлээд орой 00 цаг болж байхад 12 дугаар хороонд байх найз Б-гийнд очсон. Тэнд хэсэг байж байгаад буцаад харихаар гэр рүүгээ Хайрхан авто засварын урд асфальтан замаар явж байсан чинь явган хүн зам хөндлөн гарч байсан. Би машинтайгаа явган хүн замаар хөндлөн гарахаас өмнө гараад толиндоо харж байсан чинь нөгөө явган хүнийг хар өнгийн Приус 20 маркийн машин мөргөөд мөн миний машины араас мөргөөд зогссон. Миний машин зам дээр хөндлөн зогссон. Би машинаасаа буугаад харахад нөгөө хар өнгийн ... ХӨҮ гэсэн улсын дугаартай Приус 20 маркийн машин шон мөргөж зогссон байдалтай дотроос нь шал согтуу залуу бууж ирсэн. Тэр машинд өөр хүн байгаагүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-30 дугаар хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 89 дугаартай: ”1. Амь хохирогч С.О-ын цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл, баруун шилбэ болон тахилзуур ясанд ил хугарал, нүүр, дух, сарвуунд зулгаралт, хэвлий, баруун шилбэнд шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Амь хохирогч С овогтой О- нь авто ослын улмаас гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 5. Үхлийн шалтгаан нь авто ослын улмаас хатуу мохоо зүйлийн /хүний биеийн хүчнээс давсан/ хэт хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.М-н 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай: “1. 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг “Хайрхан” авто засварын арын замд Тоёота приус маркын ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. 2. Жолооч Н.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн хөдөлгөөнд аюул, саад бие болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг үйлдлээс болж зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв. 3. Жолооч тухайн замд явах зөвшөөрөгдөх хурдны дээд хязгаар 6Окм/цаг байна. Жолооч хурдаа тохируулж, сонгож хөдөлгөөнд оролцоно. 4. Уг зорчих хэсгийн ойр орчимд явганы гарц байхгүй бөгөөд амь хохирогч С.О-а нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврййн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркын хөх өнгийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зураг /хх-ийн 53-58 дугаар хуудас/,
- Тоёота Приус-20 маркын хөх өнгийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Н.Б-ы эзэмшлийн Тоёота Приус-20 маркын хар өнгийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зураг /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 80 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркын хөх өнгийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийг 4.530.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 114-115 дугаар хуудас/,
- Амь хохирогч С.О-н нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 132 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлынхаа газрын залуутай 2 пиво хувааж уугаад 12 дугаар хорооноос гараад 10 дугаар хороонд байдаг хадам ахындаа очиж хонох гээд ... ХӨҮ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркын машиныг жолоодоод 12 дугаар хорооны урд талын асфальтан замаар явж байсан чинь гэнэт хажуунаас хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд тоормозоо гишгээд хажуу тал руу дарсан чинь тухайн хүнийг шүргэх шиг болсон. Тэр хүн шуудайтай зүйл үүрч явсан. Тэгээд машинаа зогсоох арга хэмжээг аваад замын хажуунаас орж ирсэн Приус-20 маркын машиныг мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад тухайн мөргүүлсэн хүнийг харахад нас барсан байдалтай байсан. Тухайн хүн шуудайндаа лааз хийсэн байсан болохоор би хог түүдэг хүн надад дайруулчихлаа гэж бодсон. Тэгсэн урд талд мөргүүлсэн приусын жолооч буугаад ирэхээр нь би эмч дуудаарай, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэр залуу түргэн, цагдаа дуудсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд тухайн мөргүүлсэн хүнийг нас барсан байна гэж хэлсэн. Би тухайн үед юу болоод байгааг сайн ойлгоогүй. Шоконд орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 85 дугаар хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/,
- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчиж, тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Н.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.Б-ы хууль бус үйлдлээс болж 1 хүний амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын амь насанд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж, 1 хүний амь насыг хохироож төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Н.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний амь нас хохирч, бусдын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд
Хохирогч Ш.Б- нь шүүх хуралдаанд “Боломжоороо мөнгө төгрөг өгсөн учраас хохиролгүй гэж үзэж байна” гэх мэдүүлгийг өгч, “...Н.Б- бидэнд оршуулга, буян хийх, аймаг сум явах зардалд нийт 6 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Цаашид бидний хохирлыг барагдуулна гэсэн тул бидний зүгээс хохиролгүй болохыг баталж байна” гэх баримт /хх-ийн 145/,
Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн: “...өөрийн эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай автомашинд учирсан хохиролд шүүгдэгч Н.Б-ы эзэмшлийн Тоёота Приус-20 маркын хар өнгийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцож авсан” гэх хүсэлт /хх-ийн 146/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Г.Ш.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Б- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Б-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ