Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/113

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2038001720122 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Э.

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутгаас хохирогч Ц.О-ийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Э.Э- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг Эндэрт гэх газраас хохирогч Ц.О-ийн 1 тооны үхрийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 12 дугаар сарын 17-ны орой Өвгөд багийн нутаг Дээд түрүүнд өвөлжиж байгаад манай үхэр орой 19 цагт хашаандаа орж ирсэн. Тэр орой бид нар үхрээ бүртгээгүй маргааш өглөө нь босоод үхрээ бүртгэсэн чинь хөх сувай үнээ, хар бяруу, улаан бяруу нар байхгүй болсон байсан. Тэгээд би 2 өдөр үхрээ хайж байгаад 2 бяруугаа олж авсан. Тэгээд хэд хоногийн дараа Өвгөд багийн нутаг Эндэрт гэх газар эзэнгүй айлын хашаанд нядлагдсан үхрийн гэдэс байсан олж харсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
  • Гэрч Ё.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 15-20-ны үед гэртээ байж байсан чинь миний танил Э.Э- утсаар яриад хөдөө гэрээсээ мах оруулж ирэх гэсэн юм гэхээр нь би зөвшөөрч Э.Э- орой 16 цаг өнгөрч байхад ирээд явах уу гэхээр нь би маргааш явж болох уу орой болж байна гэсэн чинь өнөөдөр л явмаар байна гэхээр нь манай гэрт байсан А- гэх залууг аваад бид гурав хамт Э.Э-ын гэр болох Майнт гэх газар руу явсан. Надтай ярихдаа айлын гадаа соёолон гунаа нядалсан гэж ярьсан. Замд явж байхдаа өвчин тусаад айлын эзэнгүй хашаан дээр гаргасан гэхээр нь би хулгайн юм биш биз гэж асуухад үгүй миний үхэр өвчин тусаад явахгүй болохоор нь нядалсан. Сум оруулж хүнд өгнө гэж байсан. Э.Э- зам заагаад уулын энгэр хэсэгт цас шуурсан хашааны үүдэнд хөндлөн зогсоод Э.Э- өөрөө хашаа руу орж мах гаргаж өгөөд бид 2 машинд ачсан. Тухайн газраас арьс толгой шийр байхгүй 4 хэсэг хуваасан мах ачсан. Тэндээсээ сумын төв орсон. Тэгээд Б.Х- ченжид аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 онд Цагаан Уул сумын иргэн Э.Э- надаас мотоцикль зээлээр худалдаж авсан. Тэгээд надад 150.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаад 2019 оны намар нэг өдөр мал маханд ажиллаж 45.000 төгрөгөө дараад 105.500 төгрөгийн өр үлдсэн. Тэгээд 2019 оны 12 сарын 17-ны орой надад үхрийн мах зах зээлийн ханшаар 1 килограммыг нь 6.000 төгрөгөөр бодож 146 килограмм мах авчирч өгсөн. Махны үнэ 876.000 төгрөг болсон. Э.Э- надад өр болох 105.500 төгрөгөө үлдээгээд 770.500 төгрөг дансандаа хийлгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлсэн ‘‘...Ц.О-ийн хулгайд алдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнэ 900.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 сарын 14-ны орой 23 цагийн үед өөрийн малаа хайгаад явж байтал Буянтын түрүүний ам гэдэг газар Баянзүрх гэдэг уулын ар тал толгой өвөр дээр айлын эзэнгүй хаваржаа байсан. Тэр хаваржааны урд талын хамар дээр 3 тооны  үхэр хэвтэж байхаар нь би эзэнгүй хашаа руу туусан чинь нэг хөх халзан үхэр нь хашаа руу яваад орчихоор нь би тэр үхрийг мяндсан аргамжаагаар тушиж унагаагаад хутгаар нугасалж алаад шууд тэр даруйдаа алсан үхрийг ганцаараа өвчөөд, махыг нь 4 хэсэг хуваагаад хаваржаан дотор мод өрж тавиад махыг нь модон дээр тавьж орхиод үхрийн толгой, арьсыг нь ойрхон газарт аваачиж хаяаад гэдэс дотрыг нь үхэр нядалсан хашаан дотор орхиод тэр шөндөө гэртээ очиж амарсан. Маргааш нь сумын төв орж Гоозоо гэж дууддаг жолоочийг Истана маркийн машинтай нь гуйгаад буцаж үхэр нядалсан газраа ирж үхрийн махыг нь машин дээр ачсан. Махыг ачихдаа би хашаанаас гаргаад машин дээр ачсан. Тэр үед Гоозоо жолоочтой бас нэг хүн явж байсан. Тэр хүн машинаас ерөөсөө гараагүй. Тэгээд би махаа сумын төв оруулаад Цагаан-Уул сумын харъяат Б.Х- ченжид 1 килограмм махыг 6.000 төгрөгөө бодож нийт 146 килограмм махыг би Б.Х-д 876 мянган төгрөгт өгсөн. Тэр мөнгөнөөсөө 20.000 төгрөгийг жолооч Гоозоод өгсөн. Мөн би Б.Х- ченжид 150.000 төгрөгний өртэй байсан. Тэрийгээ би суутгаж үлдсэн мөнгийг нь авсан. ... Би Б.Х- ченжид 150.000 төгрөгний, мөн Мааяа гэдэг хүнд 415.000 төгрөгний өртэй байсан. Би өрөө дарах гээд бусдын малыг хулгайлж нядлаад махыг нь зарсан. ... би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. 2020 оны 03 сарын 04-ний орой би нядалсан үхэрнийхээ оронд өөрийн халтар зүсмийн нас гүйцсэн үнээгээ өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Э-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтын хуулбар /хх-ийн 41-43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар ашиг хонжоо олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Э.Э- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Э- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг Эндэрт гэх газраас хохирогч Ц.О-ийн 1 тооны үхрийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/, хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ё.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Э-ын мэдүүлж байгаа “...Би хүнд өртэй байсан учраас өрөө дарах гэж хулгай хийсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Э.Э- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг Эндэрт гэх газраас хохирогч Ц.О-ийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 900.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Ц.О-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн “миний хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/ хуудас болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Э- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 40/-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Э-д ял оногдуулахдаа улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг ялыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Э.Э-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ