Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01473

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Орхон аймгийн “Эрдэнэт-Чандмань” ХХК-д хариуцагдах  “128,000,000 төгрөг гаргуулах”хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаа, хариуцагч С.Мишиг, Прокурор Б.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 2-28-р байрны иргэдээс Орхон аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад гаргаж байсан удаа дараагийн гомдол хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээг авахаар тухайн байрны нөхцөл байдалтай танилцахад уг байрны инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаагүй материалаар хийж гүйцэтгэсний улмаас оршин суугчид хүнд нөхцөлд амьдарч байгаа болох нь тодорхой болсон юм. Тухайн байрны засварыг “Эрдэнэт-Чандмань” ХХК хариуцан хийх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 577 дугаартай захирамж биелэгдээгүй буюу “Эрдэнэт-Чандмань” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс оршин суугчид хохирч байсан учраас Орхон аймгийн Засаг дарга “Хөрөнгө гаргах” тухай захирамж гаргаж засварын ажлыг 128,000,000 /нэг зуун хорин найман сая/ төгрөгний төсвөөр хийж гүйцэтгэсэн. Иймд хариуцлага алдаж иргэдийг хохироож байсан компанийн хийх ёстой ажлыг Орхон аймгийн Засаг даргын төсвийн хөрөнгөнөөс гаргаж хийгдсэн тул дээрх зардлыг “Эрдэнэт-Чандмань” ХХК-иас гаргуулж, төсөвт буцаан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2-28-р байрны сантехникийн засварыг Засаг дарга хөрөнгө гаргаж 128 000 000 төгрөг Эрдэнэт-Ус компаниар хийлгэсэн тул Эрдэнэт чандмань ХХК-с гаргуулахаар шаардаж байна.Эрдэнэт чандмань ХХК 2-28-р байрыг худалдан авч орон сууц болгон засаж 2010 онд ашиглалтад өгсөн. Инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаагүй материалаар хийж гүйцэтгэсний улмаас оршин суугчид хохирч байсан туд Эрдэнэт-Амьдрал ХХК 2012 онд шүүхэд хандаж эвлэрсэн захирамж гарч байсан.Эрдэнэт чандмань ХХК  тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр эвлэрсэн боловч хийгээгүй,энэ шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдээгүй, улмаар Эрдэнэт -Амьдрал ХХК татан буугдсан байдаг.2013-12-07-нд Эрдэнэт чандмань ХХК-д эрүүгий хэрэг үүсгэн шалгаад 2015-11-03-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.Иймд нэхэмжлэлийг хангана уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаагийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэн тайлбарлах нь: 1. Орхон аймгийн 2-28 дугаар байрыг 2009 оны 8 дугаар сард техникийн комиссоор ашиглалтанд оруулж 2010 оны 01 дүгээр сарын 21-нд Улсын комиссоор давтан оруулсан бөгөөд 2009 оноос хойш дулаан ба цэвэр ус хэвийн ажиллагаатай байсан ба Барилгын тухай хуулиар барилгын баталгаат хугацааа 2013 оны 01 дүгээр сарын 21-нд дуусаж түүнээс хойш дахин 3 жил өнгөрсөн байна.2.2009 оноос 2010 оны өвлийг гэмтэл согоггүй өнгөрөөсөн. Сантехникийн систем Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн техникийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас эвдэрч, ажиллагааны горим алдагдсанаас маргаан үүссэн бөгөөд энэ талаар 2012 онд Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн нэхэмжлэлээр шүүх уг маргааныг хянан үзээд Сум дундын шүүхийн 577дугаар захирамж гарч, уг захирамжийн 3-рт “Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай” гэсэн байгааг анхааран үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Уг орон сууцыг 2009 онд барьж дууссан.50 айлын орон сууц болгож засварласан.2010 оны 10 сард улсын комисс хүлээн авсан.2010 онд сантехникийн системийг Эрдэнэт-Амьдрал ХХК-д хүлээлгэн өгсөн.ҮҮний дараа гарсан зөрчлийг засаж байсан.Эрдэнэт -Амьдрал ХХК халаалтын шугамыг хөлдөөж тайрч авсан байсан.Ялтсан дулаан солилцооны тохиргоог өөрчилж горим нь алдагдсан,хэрэглээний халуун ус +90 градус хүрсэн байсан,маргаан үүссэн.Эрдэнэт -Амьдрал ХХК-ний ерөнхий инженер манайхыг буруутгах болсон.2012 онд Эрдэнэт -Амьдрал ХХК шүүхэд хандсан.Эвлэрлийг баталсан захирамж гарсан.Дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй.1. Барилгыг ашиглалтад өгсөн.2.Дулаан солилцооны горимыг алдагдуулсан.3.Шүүхийн 577 дугаар захирамж гарсан.Уг захирамжид дахин маргахгүй гэсэн байгаа.4.128 сая төгрөгний төсвийг юуг үндэслэсэн бэ?Төсөвчний тамгагүй байна.5.Засварын ажлын зураг хэрэгт байна,гэтэл актад зураггүй гэсэн байна.6.Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ компаний ерөнхий инженер баталж,Баясгалан,Баянцогт гэдэг хүмүүс зургийг хийсэн байна.Барилгын тухай хуулийг зөрчсөн.Энэ 3 хүн барилгын зураг хийх эрхгүй.Зурагт магадлал хийлгээгүй байна.7.Зураг төсвийн үнэ зөрүүтэй байна.8.Барилгын тухай хуулиар баталгаат 3 жил өнгөрсөн байна.9.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.Засвар хийх гэж байгаа тухай надад мэдэгдээгүй.Хонгилын системгүй байсан.Тийм юм хийсэн гэсэн.Дотуур явсан түгээлтийн шугамыг гадуур болгосон гэсэн үг гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байгаа.Эрдэнэт чандмань ХХК чанар муутай барилга ашиглалтад өгсөн.Энэ асуудлаар 2013-12-06-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,2015-12-03-нд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болгосон.Нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 577 дугаартай шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажлын үнийг хасаж болох юм.Уг байрны оршин суугчдад учирсан гэм хорыг Эрдэнэт чандмань ХХК хариуцах нь зүйтэй гэжээ.

Шүүх хэргээс нотлох баримтаар, Орхон  аймгийн ШШГА-ны тодорхойлолт,2012-7-07-ны 577 дугаартай шүүгчийн захирамж,Прокурорын тогтоол,МХЕГ-ын шинжээчийн дүгнэлт,АИТХ-ын 2013-7-04-ний өдрийн Компаниудыг нэгтгэх татан буулгах тухай  тогтоол,Засаг даргын захирамж,2-28-р байрны инженерийн шугам сүлжээний засварын ажлын төсөв,ажлын гэрээ,төлбөрийн хүсэлт,санхүүжилтийн мэдэгдэл,улсын комиссын акт,хурлын тэмдэглэл,засварын ажлын зураг болон бусад баримтыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга хариуцагч Орхон аймгийн “Эрдэнэт-Чандмань” ХХК-аас,Орхон аймгийн Баян-Өндөр сум 2-28-р байранд төсвийн хөрөнгөөс гаргаж хийсэн инженерийн шугам сүлжээний засварын ажлын зардал 128,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Тухайн байрны засварыг “Эрдэнэт-Чандмань” ХХК хариуцан хийх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 577 дугаартай захирамж биелэгдээгүй буюу “Эрдэнэт-Чандмань” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс оршин суугчид хохирч байсан учраас Орхон аймгийн Засаг дарга “Хөрөнгө гаргах” тухай захирамж гаргаж засварын ажлыг 128,000,000 /нэг зуун хорин найман сая/ төгрөгний төсвөөр хийж гүйцэтгэсэн” гэжээ.

“Эрдэнэт-Чандмань” ХХК 2007 онд Баян-Өндөр сумын Оюут багийн 28-р байрыг худалдан авч өөрийн компаний хөрөнгөөр сэргээн засварлаж,инженерийн шугам сүлжээг шинэчлэн 2010 оны 1 сард улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь,уг орон сууцны инженерийн шугам сүлжээг стандарт шаардлага хангасан материалаар Эрдэнэт чандмань ХХК-иар дахин хийлгэх тухай нэхэмжлэлийг Эрдэнэт-Амьдрал ХХК 2011 оны 10 сард шүүхэд гаргасаныг шүүх шийдвэрлэж,2012-7-07-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан болох нь зохигчдын тайлбар,Аймгийн прокурорын тогтоол,шүүгчийн захирамж зэргээр тогтоогдсон.

Дээрхи шүүгчийн захирамжаар/хх35/ Эрдэнэт чандмань ХХК “хэрэглээний халуун усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих,2К худгаас байрны оруулгын шугамыг ревиз тавьж цэвэрлэх боломжтой болгох,хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих,давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх,нэмэлт усны насосын хэвийн ажиллагааг халаалт тавьсаны хойно шалгаж хийхээр үүрэг хүлээж ” зохигчид эвлэрсэн байна.

Хариуцагч шүүх хуралдаанд, дээрхи хийх ёстой ажлуудаас, хэрэглээний халуун усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих,2К худгаас байрны оруулгын шугамыг ревиз тавьж цэвэрлэх боломжтой болгох гэсэн ажлуудыг хийсэн, хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих,давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх ажлуудыг хийгээгүй” гэж тайлбарласан.

      Орхон аймгийн Засаг дарга 2015-7-07-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргаж,2-28-р байрны сантехникийн засварт шаардагдах хөрөнгийг 128 000 000 төгрөгөөр баталсан ба “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ний өөрсдийнх нь  гаргасан төсөв, зургийн дагуу “захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан аваарын ажлын гэрээ”байгуулж 128 000 000 төгрөг шилжүүлэн,инженерийн шугам сүлжээг тунелийн сувагт угсрах/ халаалт,хэрэглээний халуун ,хүйтэн ус,бохир усны шугам сүлжээ,гэрэлтүүлэг/ барилгын дотор шугам угсрах,дотор заслын ажил гүйцэтгүүлж ажлыг 2015 оны11 сарын 11-нд комисс хүлээн авсан байна.Энэ үйл баримт хэргийн 53-86 дугаар хуудаст авагдсан баримтуудаар нотлогдсон.

Эрдэнэт чандмань ХХК-ний хийж гүйцэтгэсэн 2-28-р байрны инженерийн шугам сүлжээнд чанарын доголдол илэрч оршин суугчдаас гомдол гарч байсан, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцсан Эрдэнэт-Амьдрал ХХК-наас шүүхэд хандаж байсан,Орхон аймгийн Цагдаагийн газар захирал С.Мишигт холбогдуулан “чанар муутай барилга бариулах,ашиглалтад оруулсан”үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх боловч эдгээр нөхцөл байдал нь шүүгчийн 577 дугаартай захирамжийн биелэлтийг хангахын тулд Эрдэнэт-Чандмань” ХХК-ний хийх ёстой ажлыг өмнөөс нь Засаг дарга гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Сум дундын шүүхийн 2012-7-07-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамж гарсанаас хойш 1 жилийн дараа буюу 2013-7-15-нд Эрдэнэт-Амьдрал ХХК-ийг татан буулгаж,үйл ажиллагааг нь Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д нэгтгэсэн болох нь хэргийн 51-52 дугаар хуудасны баримтаар нотлогдсон.Энэ нь шүүгчийн 577 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах боломжит хугацаа байсныг харуулах ба хэргийн 34 дүгээр хуудаст авагдсан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгээр дээрхи захирамжийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Эрдэнэт-Амьдрал ХХК гүйцэтгэх бичиг баримт бичүүлээгүй болох нь нотлогдож байна.

Дээрхи нотлох баримтуудаас үзвэл,Орхон аймгийн Засаг дарга 2-28-р байрыг ашиглалтад улсын комисс хүлээн авсанаас 5 жилийн дараа,Сум дундын шүүхийн 2012-7-07-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамжаар Эрдэнэт чандмань ХХК хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн ажлуудаас өөр ажил шинээр гүйцэтгүүлсэн буюу инженерийн шугам сүлжээг гадна тунелийн сувагт угсрах,барилгын дотор шугам угсрах ажлыг гүйцэтгүүлжээ.Өөрөөр хэлбэл 2-28-р байрны инженерийн шугам сүлжээг урьд хийснээс өөр байдлаар шийдэж шинээр угсралт хийсэн байх тул 577 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээсэн үүрэгт нь холбогдуулан 128 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэсгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан үндэслэл,түүний гаргасан дээрхи нотлох баримтууд зөрүүтэй байна.Өөрөөр хэлбэл,нэхэмжлэлд дурдсанчлан, шүүгчийн 577 дугаартай захирамж биелэгдээгүй буюу “Эрдэнэт-Чандмань” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс Орхон аймгийн Засаг дарга “Хөрөнгө гаргах” тухай захирамж гаргаж засварын ажлыг 128,000,000 /нэг зуун хорин найман сая/ төгрөгний төсвөөр хийж гүйцэтгэсэн” гэж дүгнэх үндэслэлгүй байна.

         Нөгөө талаар, Засаг дарга хөрөнгө гаргахдаа барилгын зураг төсвийг Барилгын тухай хуулийн дагуу хийгдсэн эсэхийг хянаагүй,барилгын ажлыг эрх бүхий этгээд гүйцэтгэх тухай шаардлагыг анхаараагүй байна.Барилгын тухай хуулийн 4.1.1-д зааснаар орон сууц....түүний инженерийн шугам сүлжэээ нь барилга байгууламжид хамаарах ба 4.1.11-д “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх,бүрдэл хэсгийг угсрах,шинэчлэн барих,буулгах,засварын ажил гүйцэтгэх,тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг”ойлгоно гэж заасан тул Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ний хийж гүйцэтгэсэн дээрхи ажил нь барилга байгууламжид хамаарах бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар барилгын ажлын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх ёстой болно. Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК барилгын ажил гүйцэтгэх эрхтэй эсэх нь болон уг компаний  хийсэн барилгын зураг/ хх 81/,төсөв/ хх 55-68/ зэрэг нь Барилгын тухай хуулийн 19.1.1-д заасан барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн эрхтэй этгээд зураг төсөл хийх,мөн хуулийн 24.2-д заасан “Улс орон нутгийн төсвийн...хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэрэгшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгэх” тухай  заалтуудад нийцсэн эсэх нь тодорхойгүй энэ талаар нотлох баримтгүй байна.

             Хэргийн 43 дугаар хуудаст авагдсан МХЕГазрын дүгнэлтэд,”цаашид сантехникийн тоног төхөөрөмж,дотор шугам сүлжээ,инженерийн байгууламжийн шинэчлэн солих зураг төслийг тусгай зөвшөөрлийн эрхтэй,мэрэгжлийн зураг төслийн байгууллагаар хийлгүүлж,улсын магадлагаагаар баталгаажуулж,тусгай эрх бүхий барилга угсралтын байгууллагаар ажлыг гүйцэтгүүлэх нь зүйтэй”гэж,мөн барилгын захиалагч,хөрөнгө оруулагч,гүйцэтгэгч нар нь Барилгын тухай хууль болон холбогдох норм дүрэмд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас энэ асуудал үүссэн гэж үзэж байна” гэж дүгнэсэн ба Барилгын тухай хуулийн 14.7-д “Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч,зураг төсөл зохиогч,гүйцэтгэгч,материал ханган нийлүүлэгч,зэмшигчийн аль буруутай этгээд арилгаж хохиролыг барагдуулна” гэж заасны дагуу 2-28-р байрны инженерийн шугам сүлжээнд доголдол гарсаны буруутай этгээд тогтоогдоогүй ба дараа нь барилгын инженерийн шугам сүлжээний засварын ажлыг хийлгэхдээ ч хууль зөрчсөн,эрх бүхий этгээдээр хийлгээгүй гэж үзнэ. Эрдэнэт чандмань ХХК-ний захирал С.Мишигт 2013-12-16-нд эрүүгийн хэрэг үүсгэн 2 жил орчим шалгаад 2015-11-03-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэм буруутай этгээд тогтоогдоогүйг харуулна.Эдгээр үйл баримт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

            Хариуцагч,нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба 2012 онд нэхэмжлэл гаргасан,2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2015 онд хэрэгсэхгүй болгосон зэргээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй,хугацааг дахин шинээр тоолно” гэсний дагуу  нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Орхон аймгийн Засаг даргын 128 000 000 төгрөг Эрдэнэт чандмань ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч хурамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай..

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.