Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 01475

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Надежда хотхоны 7-5-11 тоотод оршин суух Цэрэн-Очир овогтой Болормаагийн /ЧЗ-76092105/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Эрдэнэ баг Туулын 10-2 тоотод оршин суух Цагаан гэрийнхэн овгийн Цээлхамын Цогтгэрэлд /РД-77040816 / хариуцагдах 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,  нэхэмжлэгч .Болормаа, хариуцагч Ц.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  Ц.Болормаа хариуцагч Ц.Цогтгэрэлээс хохирол 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ц.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Болормаа  2016-07-15-нд Хөвсгөлийн Мөрөн сумаас Эрдэнэт орох тендерийн таксинд /3135 ОРХ /3 хүний хамт сууж ирсэн ба тухайн 3 хүн Булгийн 33-4 д айлд очно гээд замд буухад жолооч Цогтгэрэл миний авч явсан ачаа чемоданыг андууран тэдний суусан таксинд ачиж явуулсан байна.Миний ачаанд орифлэймийн зарахаар авч явж байсан гоо сайхны бараа, CD, DVD бичлэг 40 ш, цүнх, хүүхдийн хувцас,миний авч явсан хувцас, гутал, куртик гэх мэт 1,200,000 төгрөгийн эд зүйл байсан.Иймээс бидний хоорондын маргааныг шийдвэрлэн өгч, миний хохирлыг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжиж байна.Чемоданд 225000 төгрөгний орифлеймийн ком бүтээгдэхүүн,нарны тос,пудр,40ш CD,хүүхдийн хувцас,миний өөрийн хувцас зэргүүд байсан.Би үнэн ярьж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Цогтгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа : Миний бие Ц.Цогтгэрэл нь иргэн Болормаагийн нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч Ц.Цогтгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.Гэхдээ 400 000 төгрөгнөөс илүү төлж чадахгүй.Камерын бичлэг шүүгээд олоогүй юм.Амраад явж байгаа гутал хувцас байсан гэж байснаа сүүлд бичлэг устсан болохоор орифлеймийн бүтээгдэхүүн байсан гэж яриад эхэлсэн.Би үнэмшихгүй байна гэжээ.                                               

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Ц.Болормаа хариуцагч Ц.Цогтгэрэлээс хохирол 1,200,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрсөн.

Зохигчдын хооронд 2016-07-15-нд зорчигч тээврийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч Хөвсгөлийн Мөрөн сумаас Орхон аймаг орохоор хариуцагчийн 3135 ОРХ улсын дугаартай суудлын автомашинд сууж 1ш тээш /чемодантай эд зүйл/ ийг хариуцагчид хүлээлгэж өгсөн,жолоочийн хайнга үйлдлээс тээшийг өөр зорчигчид өгч явуулсан ба үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.Энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1,499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирол арилгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч өөрийн үйлдлийн улмаас учирсан гэм хорыг зөвшөөрсөн боловч түүний хэр хэмжээний талаар маргасан.

Нэхэмжлэгч хариуцагчаас 1 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч өөртөө ийм хэмжээний хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй байна.Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нотлогдоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулах,гаргаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд хангах үндэстэй гэж дүгнэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1,499 дүгээр зүйлийн 499.1 -д зааснаар Цээлхамын Цогтгэрэлээс 400 000 төгрөг гаргуулан Ц.Болормаад олгосугай.

 

2.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 -д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 33500 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 12650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ