Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 0149

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяанагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э....д холбогдох эрүүгийн 2008 00063 0128 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт ...ын ... /РД:.../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.... нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед иргэн М....г хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний булгарал, баруун 2-р шүдний сулрал, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч М....гийн мэдүүлэг /хх 11-12, 92/, гэрч З....гийн мэдүүлэг /хх20-21/, гэрч Б....ийн мэдүүлэг /хх28-29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 671 дугаартай дүгнэлт /хх14-15/, Э....гийн ял шалгасан хуудас /хх77/, Э....гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх86/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Э....г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч М....гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед найз ...тай гар утсаар ярихад ... намайг хүрээд ир гэсэн. ... Тэгэхээр нь би дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг худалдаж аваад гэрт нь очиж ууж байгаад сэрээд дахин архинаасаа уух гэхэд орохгүй байхаар нь доод автобусны буудал дээр байдаг караоке орж нэг, нэг 0.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад ууж сууж байгаад хажуугийн ширээнд сууж байсан 2 залуу хоорондоо бид хоёрыг хөгшин гарууд гээд яриад байсан. ...Тэгээд намайг дууны код харах гээд зогсож байхад нөгөө залуу буцаж ирээд гараад ирээч гэхээр нь дагаар гарсан чинь ах хүү дүүгээ түлхэж бариад байна уу гээд байхаар нь би ах нь чамайг түлхсэн зүйл байхгүй гэж хэлсэн чинь үгийн зөрөөгүй миний нүүр рүү цохичихсон. Энэ үед хамт явж байсан залуу нь салгаад бид маргалдаж байхад манай найз караокены үүдээр ороод алхаад явахад түрүүлж намайг дуудаж гаргасан ... гэх залуу эргэж хараад миний шүд рүү нэг удаа цохисон бөгөөд тухайн үед миний үүдэн 2 шүд хугарсан. Тэгээд цагдаа дуудахад удалгүй цагдаа нар ирээд ... гэх залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,

2. Гэрч З....гийн “...Тэгээд дуулаад байж байхад шөнө дунд ... дууны албом авах гээд текэн дээр очиход текэн дээр зогсож байсан залуутай хамт гараад явсан. Тэгэхээр нь би дуугаа дуулаад сууж байсан чинь ...тай хамт гарсан залуутай цуг явж байгаа залуу мөн гараад явахаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод араас нь гарсан. Намайг гарсан чинь ... энэ залуу миний нүдний шилийг хагалчихлаа гээд нэг залуу маргалдаад байж байсан. Тэгээд очоод салгаад дотор орсон чинь ...тэй түрүүлж гарсан залуу буюу сүүлд нэрийг нь мэдэж авсан ... ...гийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

3. Гэрч Б....ийн: “...Хэсэг хугацааны дараа ... дуу захиалхаар текэн дээр очсон чинь нөгөө 2 ах мөн текэн дээр зогсож байсан. Тэгээд ... нэг ахыг нь дагуулаад караокенээс гарахаар нь би ширээндээ хэсэг сууж байгаад араас нь гарсан намайг гарсан чинь ... нөгөө ахыг цохичихсон байсан бөгөөд маргалдаад байхаар нь салгасан чинь хамт байсан ах нь араас гараад ирсэн. Тэгээд бид маргалдаж байгаад буцаж караоке ороход ... гараараа дахин нүүр хэсэгт нь цохисон чинь нөгөө ах миний шүд унахчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх28-29/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 671 дугаартай “М....гийн биед үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний булгарал, баруун 2-р шүдний сулрал, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэсэг газар цохигдох үед үүсгэдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэх дүгнэлт /хх14-15/,

5. Э....гийн яллагдагчаар өгсөн “...дуу дуулж байхдаа микрофон булаацалдаж маргалдаад улмаар ... гэх хүнийг гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх85-86/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.... нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед М....тэй муудалцан нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э....гийн үйлдлийн улмаас хохирогч М....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 671 дугаартай “...үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний булгарал, баруун 2-р шүдний сулрал, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэсэг газар цохигдох үед үүсгэдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э....гийн хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Э....г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э....г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.МӨНХБААТАР