Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Монгол Оросын хувь нийлүүлсэн “Убтз” нийгэмлэг

Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б холбогдох 

Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б-гийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №11-06-040/08 “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч П.А, Ж.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч МОх н “Убт з” нийгэмлэгийн шүүхэд гаргасан гомдол болон түүний төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь ХНН “УБТЗ”-ын салбар нэгж болох Сайншанд өртөөн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. 

Улсын байцаагч нь энэхүү шалгалтаар Сайншанд өртөөг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх заалтад “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөрт 5.184.000 төгрөгийг гаргуулах, 1500 нэгжээр торгох шийтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11-06-040/08 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан байна. 

Энэхүү 11-06-040/08 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх заалтад “.... ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. 

М-О хн “Убтз” нийгэмлэгийн харьяа салбар нэгжүүд нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй этгээд юм.

Зөрчлийн тухай хуулиар дээр дурдсан зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллага буюу хуулийн этгээдийг торгох шийтгэл ногдуулахыг тодорхой зохицуулсан байхад улсын байцаагч нь Сайншанд өртөөг бие даасан аж ахуй нэгж, байгууллага буюу хуулийн этгээд гэж үзэж торгууль ногдуулсан нь хууль зөрчиж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 11.3-т “Энэ хуулийн 11.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газар тогтооно” гэж заасан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №26 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүйн орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлж байхаар журамласан байна. 

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь УБТЗ-ын салбар нэгж болох Сайншанд өртөөнд 2015, 2016 оны байдлаар шалгалт хийхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №07 тоот тогтоолоор  тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөг/ баримтлах ёстой байсан. 

Гэтэл улсын байцаагч нь Сайншанд өртөөний 2015-2016 онд хөгжлийн бэрхшээлтэй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот тогтоолоор тогтоосон /240000 төгрөг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл /Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний бүрэн эрх/-ийн 9.3.1-д Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавина гэж Мэргэжлийн хяналтын байгууллагын хэм хэмжээг тогтоож өгсөн байна. 

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийхдээ дээр дурдсан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн байна. 

Манай байгууллага нь энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Дорноговь аймгийн прокурорын газарт гомдол гаргасан ба Аймгийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/738 тоотоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрсөн гомдлоо Захиргааны шүүхэд хандаж гаргана уу гэсэн хариу ирүүлсэн болно. 

Иймд дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг хянан үзэж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бгийн №11-06-040/08 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн ажиллуулаагүйн төлбөрийг нийгэмлэг төвөөсөө бүх ажиллагсдын тоогоор тооцоолон төлбөрийг төлдөг” гэв. 

Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-Ох н “Убт з” нийгэмлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Миний бие Сайншанд өртөөнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/28 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд 11-06-040/08 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

М-Ох “УбТз” нийгэмлэгийн харьяа салбар нэгжүүд нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй гэж нэхэмжлэлдээ дурджээ. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь заавал бие даасан аж ахуй нэгж, хуулийн этгээдийг төлөвлөж хяналт шалгалтыг хийдэггүй, эрсдэл өндөртэй салбар нэгж, объектыг сонгож эрсдэлийг бууруулах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Улсын байцаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа илрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах үндэслэл байвал тухай бүр шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж зөрчил арилгуулах арга хэмжээг авах үүрэгтэй байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт /хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэнэ/ гэж зааснаар хяналт шалгалтанд хамрагдах аж ахуй нэгж байгууллага нь хэд хэдэн объектоос бүрдэж байвал зөвхөн эрсдэлийн шалгуурт үндэслэн тухайн объектыг төлөвлөн хяналт шалгалтыг хийдэг. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд ямарваа нэгэн салбар нэгжийг бүртгэх талаар зохицуулалт байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж тус тус заасан байдаг. Жишээлбэл Төрийн банк дээрээ нэг удирдлагатай, нэг гэрчилгээтэй байдаг. Гэтэл Сайншанд дахь тухайн банкны захирал асуудлыг өөрөө шийдвэрлээд явдаг. Мөн Монголын алт компаний Дорноговь аймаг дахь Элдвийн уурхай гэж байдаг. Энэ дээр хяналт шалгалтыг төлөвлөхөд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч төлөвлөдөг юм. Мөн компаний Өмнөговь аймагт Нарийн сухайтын уурхай гээд байдаг. Нэг улсын гэрчилгээтэй обьект байдаг. Энэ дээр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт шалгалтыг төлөвлөж шалгалт хийдэг. Тэрнээс биш Монгол алт ХХК-ийн захиралуудаас зөвшөөрөл авч хяналт шалгалт хийдэггүй.. Ийм учраас хууль зөрчөөгүй

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь 2015, 2016 оны байдлаар нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас зөрчил 2017 онд дахин үргэлжилсэн байгаа нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Сайншанд өртөө нь УБТЗ-н харъяа салбар нэгж хэдий боловч эрх бүхий албан тушаалтантай, эрх бүхий албан тушаалтан нь ажилчид албан хаагчидтайгаа Сайншанд татах хэсгийн дотоод журамд зааснаар хамтын гэрээ буюу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаалд томилж, ажлаас чөлөөлж, хариуцлага алдсан албан хаагчиддаа сахилгын шийтгэл оногдуулж, дээд байгууллагаасаа төсөвлөгдөж ирсэн хөрөнгө санхүүг бие даан захиран зарцуулж байдаг нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Салбар нэгж гэж хэлээд байгаа бол нягтлан бодогч гэж хэрэг байхгүй, хүний нөөцийн алба байх шаардлагагүй. Мөн сар бүр төлбөрөө төлөөд явсан бол гомдол гаргаад байгаа асуудал өнөөөдөр гарч ирэхгүй байсан. Хууль тогтоомжийг биелүүлдэггүй нь харагдаж байна. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч одоогоос 3-4 жилийн өмнө яг энэ байдлаар акт тавьсан байдаг юм. Тэр актыг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг график гаргаад төлсөн байдаг юм. Мөн Дархан-Уул аймагт нөхөн төлбөрийн акт тавигдаж байсан байдаг. 

Сайншанд Өртөө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 111.4 дэх хэсгийг биелүүлж ажиллаагүй байдал нь Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой зөрчил илэрсэн үеийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /240000/ нөхөн төлбөр тавьсан. 

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: /Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно/ гэснийг үндэслэн улсын байцаагч зөрчлийг илрүүлэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 240000 / хоёр зуун дөчин мянган төгрөг/ байснаар нөхөн төлбөр тавьсан нь хууль зөрчөөгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №11-06-040/08 шийтгэлийн хуудсаар  М-Ох н “Убтз” нийгэмлэгийн Сайншанд өртөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь зүйлд заасан “хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүйн төлбөрийг” 2015, 2016 онуудад тус тус төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх зүйлд “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан нөхөн төлбөрт 5.184.000 төгрөгийг гаргуулж, 1500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Зөрчилд холбогдогч Сайншанд Өртөөний удирдах байгууллага болох М-Ох н нг “Убтз”-аас /цаашид “УБТЗ” гэх/ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын шаардлагынхаа үндэслэлийг “УБТЗ-ын нэгж болох Сайншанд өртөө нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, бие даан хуулийн  хариуцлага хүлээх чадамжгүй, нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөс тооцсон нь буруу, 192.000 төгрөгөөс тооцох ёстой” гэх агуулгаар, харин хариуцагч Д.Б нь гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ “улсын байцаагч нь заавал бие даасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлөвлөж хяналт шалгалтыг хийдэггүй, нөхөн төлбөрийг тухайн зөрчлийг илрүүлэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр тооцсон нь хууль зөрчөөгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/28 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн  дагуу УБТЗ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж болох Сайншанд Өртөөний үйл ажиллагаанд холбогдох шалгалтыг хийж 2015, 2016, 2017 оны 10 дугаар сарын байдлаар тус Сайншанд Өртөө нь хөгжлийн бэрхшээлтэй буюу одой 4 хүн авч ажиллуулахаас нэг ч иргэн авч ажиллуулаагүй, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлбөл зохих төлбөрийг төлөөгүй зөрчлийг илрүүлж, улмаар хариуцагч нь уг зөрчилд холбогдуулан тухайн зөрчлийг гаргасан УБТЗ-ын Тээвэрлэлт удирдлагын төвийн нэгж болох Сайншанд Өртөөнд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, 2015, 2016 онуудад тус тус 4 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийн хэмжээг 240.000 төгрөгөөс тооцон нийт 5.184.000 төгрөгийг Сайншанд өртөөнөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж зааснаас үзвэл шийтгэлийг хүнд эсхүл хуулийн этгээдэд оногдуулахаар байх ба хуулийн этгээд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл…” гэж заажээ.

Зөрчил үйлдсэн гэх УБТЗ-ын Сайншанд Өртөө нь хариуцагчийн тайлбарт дурдаж байгаачлан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрхлэн явуулж буй этгээд байх боловч тэрээр дээр дурдсан Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагуудыг хангасан хуулийн этгээд бус харин М-Охн УБТЗ нэртэй хуулийн этгээдийн Тээвэрлэлт удирдлагын төвийн нэгж болох нь М-О х н н Уб т з даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/71 дүгээр тушаал, уг тушаалын хавсралтаар,  мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар  тус тус тогтоогдож байна. Иймээс Сайншанд Өртөөг хуулийн этгээд гэж үзэн хариуцлага хүлээлгэж нөхөн төлбөр гаргуулж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, харин зохион байгуулалтын бүтцийн нэгжийнхээ гаргасан зөрчилд УБТЗ өөрийн нэрээр үүрэг хүлээхээр байгааг дурдах нь зүйтэй. 

2. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдэд оногдуулах...албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн Албадлагын арга хэмжээ гэсэн Дөрөвдүгээр бүлгийн 4.3 дугаар зүйлд “Хохирол, нөхөн төлбөр гаргуулах”, уг зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдээс ... нөхөн төлбөрийг гаргуулж ... улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж тус тус заажээ. “Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлбөл зохих төлбөрийг нөхөн гаргуулах” асуудал нь Зөрчлийн тухай хуульд зааснаар албадлагын арга хэмжээний нэг төрөл байх ба тухайн маргааны хувьд уг “албадлагын арга хэмжээ” болох нөхөн төлбөрийн хэмжээг дээр дурдсанаар зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Гомдол гаргагчийн холбогдсон зөрчил нь цаг хугацааны хувьд 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн гэж үзэхээр байх боловч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №11-06-040/08 “Шийтгэлийн хуудас”-ны нөхөн төлбөрийн тооцоог нарийвчлан гаргасан хавсралтад  2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар дуустал хугацаагаар тооцсон байна. Ийнхүү нөхөн төлбөрийн хэмжээг хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгөөс, Монгол Улсын Засгийн газрын “Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолд заасны дагуу 30 хувиар тооцож гаргуулахаар байна. Гэтэл нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэл болгож 240.000 төгрөгөөс тооцсон нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг ч мөн адил тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр” заасан байхад хариуцагч нь “хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг төлөөгүй” зөрчилд шийтгэлийг оногдуулахдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь зөрчил үйлдэгдсэн хугацааг хариуцагч нь 2015-2016 оныг дуустал гэж тодорхойлсон ба уг зөрчлийг дээр дурдсанчлан зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна”, 111.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө”, 141 дүгээр зүйлийн 141.1.5-д “энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч...торгох” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр байснаас гадна Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “зөрчилд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулж байсан” 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтлан шийтгэл оногдуулахаар байна.

Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх үед Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болж, мөрдөж эхэлсэн ба мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.5 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт  заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заасантай холбогдуулан тухайн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хувьд дүйцүүлэн тооцоход зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байна.

Харин тухайн үед дагаж мөрдөж байсан 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заасан. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Зөрчлийн тухай хууль нь зөрчил үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль болох тул зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь үндэслэлтэй. 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа нь сүүлийн зөрчил гарсан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тооцоход 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байх тул уг зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан нь хууль бус байна гэж үзлээ.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №11-06-040/08 “Шийтгэлийн хуудас”-аар УБТЗ-ын Сайншанд Өртөөнөөс нөхөн төлбөрт 5.184.000 төгрөгийг гаргуулан, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Шүүхээс хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 3, 5 дахь зүйл, 1992 оны Захиргааны хариуцлагын тухай 5 дугаар зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан М-Охн н “Уб т з”-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №11-06-040/08 “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.894 /ерэн долоон мянга найман зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 27.694 /хорин долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж М-О х н н “Уб т з”-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОТГОНТУЯА