Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 60

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батмөнхийн Сэлэнгэд холбогдох эрүүгийн 2031000120036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 3-53 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, 2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ний 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 3.Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Батмөнхийн Сэлэнгэ /РД:МЖ76112919/ 2 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Сэлэнгэ нь 2019 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Мангиртын бригад” гэх газраас иргэн Ө.Цогтбаярын өмчлөлийн адуунаас хөвчтэй нуман тамгатай хар зүсний шүдлэн үрээ, бундан тамгатай хонгор зүсний шүдлэн үрээ, сартай хонгор зүсний шүдлэн үрээ, хонгор зүсний нуман тамгай хязаалан үрээ, хээр зүсний нар саран тамгай нас гүйцсэн морь зэрэг 5 тооны адууг хулгайлж, 4.450.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Сэлэнгэ нь 2019 оны 12 дугаар сарын 17- ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Мангиртын бригад” гэх газраас иргэн Ө.Цогтбаярын өмчлөлийн адуунаас хөвчтэй нуман тамгатай хар зүсний шүдлэн үрээ, бундан тамгатай хонгор зүсний шүдлэн үрээ, сартай хонгор зүсний шүдлэн үрээ, хонгор зүсний нуман тамгай хязаалан үрээ, хээр зүсний нар саран тамгай нас гүйцсэн морь зэрэг 5 тооны адууг хулгайлж, 4.450.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Сэлэнгэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Сэлэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газар нутаг “Мангиртын бригад” гэх газарт ирээд пойлонд байсан адуунаас 5 толгой адуу тууж ДарханУул аймагт гэртээ авч ирэн аргамжсан. Тэгээд 3 адууг нь махны ченжед зарсан. Гурав дахь адуугаа зарж байгаад Дархан-Уул аймгийн цагдаа нарт баригдсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Ө.Цогтбаярын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар баг гэх газарт хөдөө байдаг бөгөөд тухайн газарт мал аж ахуй эрхэлж амьдардаг юм. Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн адуунаас унах морьдоо барьж аваад бусад адуугаа бэлчээрт нь гаргасан. Тэрнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл адуугаа эргүүлж татаагүй бөгөөд бэлчээрт нь явуулж байсан чинь тухайн өдөр манай эхнэр Цэнгэлмаа руу манай ойролцоо оршин суудаг малчин Уламбаяр гэх залуу утсаар залгаад “Зүүнбүрэн сумын цагдаа Насаа ярьж байна, манай энэ хавиас алдагдсан адуу байна уу? хэрэв тийм бол мэдэгдээч, гэж хэлж байна. Танай хэдэн үрээ морьдууд чинь байгаа юу зүс ойролцоо үрээ голдуу морьд яригдаад байна” гэж хэлсний дараа би эхнэрээс сонсож адуундаа мордоод Мангиртын 300 пойл гэх газарт байсан адуун дээрээ очтол манай адуу 3 дундаас хөвчтэй нуман тамгатай, хар зүсмийн шүдлэн үрээ, бундан тамгатай, хонгор зүсмийн шүдлэн үрээ, бундан тамгатай, шүдлэн насны сартай хонгор үрээ, нуман тамгатай, хязаалан насны хонгор үрээ, нар саран тамгатай, нас гүйцсэн хээр морь зэрэг 5 тооны адуу алга болсон байсан тул ойр хавиар айлын адуун дунд нийлсэн байж магадгүй гэж бодон хайж үзтэл олдоогүй тэгээд эргээд цагдаад мэдэгдсэн. Би тухайн 5 тооны адууг заралгүй шилж авч үлдсэн байсан мөн угшил сайтай адуу байсан тул зардаггүй байсан. Зах зээлийн ханшаар хэдэн төргрөгний үнэтэй талаар сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16- 17 дугаар тал/ Гэрч Л.Даваадоржийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг Мухана гэх эрэгтэй “маханд явах уу” гэхээр нь хамт хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна /зааж өгч чадна/ нэг айлд очиход Сэнгээ гэх залуу өөр нэг танихгүй залуугийн хамт байсан. Тэгээд махыг Муханатай хамт хэмжиж үзэхэд 138 кг адууны мах байхаар нь мах зардаг Энхчулуун гэх эмэгтэйтэй утсаар яриад “адууны мах авах уу” гэж асуусан чинь “үзье” гээд дүүгээ тухайн газар луу явуулсан хэсэг хугацааны дараа Энхчулууны дүү нь саарал өнгийн соната-6 маркийн машинтай ирээд тухайн адууны махыг багажиндаа ачаад манай ажил дээр авч очоод Энхчулуунд үзүүлээд “550.000 төгрөгөөр худалдаад авчих гэсэн чинь 500.000 төгрөгөөр худалдаж авна муу мах байна” гэж байгаад бэлнээр 500.000 төгрөг Муханад өгөөд явсан. Тухайн мөнгөнөөс би нэг төгрөг ч аваагүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагийн орчимд Сэнгээ гэх залуу над руу утасдаад “адуугаа гаргаад дуусчихлаа ирээд аваадах” гэхээр нь би такси аваад Толгойтод Сэнгээгээр хаана байгааг нь заалгуулаад бас нэг айлын хашаанд явж очсон чинь Сэнгээ урьд өдөр цуг байсан үл таних залуугийн хамт дахиад нэг адуу гаргаад махлачихсан байхаар тухайн махыг нь таксинд ачаад ажил руу явахад Сэнгээ араас чинь яваад очно гэхээр нь би ажил руугаа явж очоод байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ Гэрч Д.Батбаярын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед Мухаан ах миний утас руу залгаад “бирж дээр ирээд манай өрөөнд машины гупер наагаад өгөөч” гэж дуудсан юм. Ингээд Мухаан ахын мах авдаг өрөөнд нь очиж машиных нь гуперыг нааж байтал Мухаан намайг “Даваа эгчтэйгээ хамт юманд яваад ир” гэсэн. Ингээд Даваа эгч миний унаж явсан аванте ХD маркийн хар өнгийн машинаар зурагтын арын толгой руу айлд очиж мах ачаад буцаж бирж дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ Гэрч Э.Наранболдын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эхнэрийн хийсэн салатыг зарахаар Орхон сумаас Дарханд 13 цагийн үед орж ирээд бирж дээр явж байгаад Сэлэнгээ ахтай таарсан чинь “хамт архи ууя” гэхээр нь зөвшөөрөөд биржийн хойно 1 шил 0.5 литрийн хараа архи хувааж ууж дуусаад дараа нь дахиад 0.5 литрийн “түмний хишиг” архи авч ууж байгаад оройны суудлаас хоцорсон тул Сэлэнгээ ах “манайд очиж хоноод өглөө явахгүй юу” гэхээр нь Сэлэнгээ ахтай хамт зурагтын ард хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй гэр лүү явж байх замдаа нэг шил 0.5 литрийн “хараа” архи аваад гэрт ороод архиа хувааж уучихаад унтаж амраад өглөө сэрсэн чинь 2-лаа “нэг адуу алаад махлая, ах нь чамд мөнгийг нь өгнө” гэхээр нь хонгор зүсмийн /тамгыг хэлж мэдэхгүй/ адууг алаад махалж дуусаад байж байтал хар өнгийн машинтай эгч ирээд аваад явсны дараа ойролцоо амьдардаг айлын нэг ахын мал руу нь нохой дайраад байхаар нь хонийг нь Сэлэнгэ ах болон нөгөө хонины эзэн ахын хамт Сэлэнгээ ахын хашаанд хашиж байгаад нохойнуудыг хөөж явуулсан. Тэгээд Сэлэнгээ ахын гэрт нөгөө хонины эзний хамт 1 шил архи хуваагаад 4 ууж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/ № Төрөл Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэгжийн үнэ, төг Нийт үнэ, төг Тайлбар 1 Шүдлэн адуу ш 3 800000 2.400.00 3 настай 2 Хязаалан адуу ш 1 850000 850.000 4 настай 3 Нас гүйцсэн адуу ш 1 1200000 1.200.000 Нийт дүн, төгрөг 4.450.000 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар тал/ Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 04-06 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09 дүгээр тал/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ Б.Сэлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 93-93 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Сэлэнгэ нь 2019 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Мангиртын бригад” гэх газраас иргэн Ө.Цогтбаярын өмчлөлийн адуунаас хөвчтэй нуман тамгатай хар зүсний шүдлэн үрээ, бундан тамгатай хонгор зүсний шүдлэн үрээ, сартай хонгор зүсний шүдлэн үрээ, хонгор зүсний нуман тамгай хязаалан үрээ, хээр зүсний нар саран тамгай нас гүйцсэн морь зэрэг 5 тооны адууг хулгайлж, 4.450.000 төгрөгний хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. 5 Шүүгдэгч Б.Сэлэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн ба энэхүү хуулинд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан “олон тооны мал” гэдэг ойлголтонд найман бог, хоёр бог түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан байна. Шүүгдэгч Б.Сэлэнгийн гэмт үйлдэл нь 2019 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд үйлдэгдсэн байх тул Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв гэж үзсэн болно. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна. Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шйидвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Сэлэнгэ гэмт үйлдлийн улмаас Ө.Цогтбаярт 4.450.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогч Ө.Цогбаярын нэхэмжилсэн 4.450.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ө.Цогтбаяраас ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Сэлэнгэ нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялын хэмжээнээс доош тататж 06 сарын хорих ялыг 6 оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Сэлэнгэд оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Сэлэнгийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Сэлэнгэд 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Сэлэнгэд оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Ялтан Б.Сэлэнгэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Ялтан Б.Сэлэнгэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ЭРДЭНЭХИШИГ