Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 01305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, ундаргын 9 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФЖ69030413/, Боржигон овгийн Дамбацэрэнгийн Даваагийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, 1 дүгээр гудамж, 1а тоотод оршин суух, /регистрийн дугаар: ПВ86102931/, Бээл овгийн Нямаагийн Батсоёлд холбогдох

“1,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016-09-15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч Д.Даваа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Даваа би Н.Батсоёлын хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр картын бараа тараана гэж 1,866,500 төгрөгийн бараа зээлж аваад түүнээс хойш бага багаар өгч байгаад алга болсон тул одоо үлдсэн 1 сая төгрөгийг Н.Батсоёлоос гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Даваа нь хариуцагч Н.Батсоёлоос 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Шүүх Д.Даваагийн нэхэмжлэлийг 2016-09-15-ны өдөр хүлээн авч 2016-09-22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагчийг шүүхэд мэдэгдэх хуудасаар дуудаж, хариуцагч Н.Батсоёл нь 2016-09-22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх үүрэгтэйгээ  танилцсан байх бөгөөд 2016-10-06-ны өдөр хариу тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн боловч дээрх хугацаанд тайлбар ирүүлээгүй байна. Түүнчлэн иргэний хэргийг шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5305 дугаар хэлэлцүүлэх захирамжаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагт товлон хариуцагч Н.Батсоёлд оршин суух хаягаар нь болон 94229969 дугаарын утсаар нь хурлын тов мэдэгдэх гэсэн боловч оршин суух хаягтаа байхгүй, утас нь холбогдох боломжгүй байсан тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагийн шүүх хуралдааныг хариуцагчийн мэтгэлцэх эрхийг нь хангах зорилгоор 2016-10-18-ны өдрийн 08 цагт хүртэлх хугацаагаар хойшлуулж,  хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Ийнхүү хариуцагч нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Батсоёлоос 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваад олгосугай.

2. Монгол Улсын ИХШХШтухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамжинд төлсөн 28,550 төгрөгийг  Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Батсоёлоос  28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН