Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 01313

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 15 дугаар байрны 20 тоотод оршин суух, /регистрийн дугаар: 530976398/, Е.М Чуклиновагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 19 дүгээр байрны 13 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТВ66022700, 95350805/, Боржигон овгийн Ламжавын Нарангэрэлд холбогдох

“2,020,000 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е.М Чуклинова шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь Орос 19 дүгээр сургуульд багшийн ажилтай, бөгөөд манай сургуулийн 6а ангид сурдаг Солонго гэдэг охины ээж Л.Нарангэрэлтэй сайн танилын харьцаатай байсан юм.

Л.Нарангэрэл нь 2015 оны 12 дугаар сарын дундуур манай гэрт ирж надад булган шуба үзүүлсэн юм. Шуба нь  уг нь надад таалагдсан боловч арай том юм шиг санагдаад авах эсэхдээ эргэлзэхэд тэрээр маш гоё байна. Зүгээр гэсээр намайг ятгаж авахуулсан юм. Уг шуба нь 1000 ам долларын үнэтэй гэж хэлээд надаас тэр дор нь мөнгийг нь аваад явсан юм. Тэр оройгоо би тухтай өмсөж үзэхэд том байсан тул эргэж Нарангэрэлтэй яриад авахаа больё доо гэхэд ирээд шубыг авч явсан юм. Тэгж ирэхдээ өөр хүнд зараад мөнгийг нь таньд аваад өгье гээд шубыг авч явсан юм. Тэгээд түүнээс хойш мөнгөө авъя гэхэд шубыг зарчихсан, удахгүй мөнгийг нь аваад өгнө гэсээр маш их удсан. Сүүлдээ утсаа авахаа больж, утасных нь дугаар өөр хүнийх болсон байсан. Охиноос ээж нь байгаа эсэхийг асуухад байгаа л гэдэг байсан. Ингээд одоо хүртэл энэ хүнээс мөнгөө авч чадахгүй байна. Иймд Нарангэрэлээс 1000 ам доллар буюу 2,020,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Нарангэрэл миний бие Чуклинова Е.М-д нэхэмжилсэн мөнгө өгөхөө зөвшөөрч байна. Одоогоор эрхэлсэн ажил, орлогогүй байна. Хүнээс авах ёстой мөнгөө авсны дараа төлнө гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чуклинова Е.М нь хариуцагч Л.Нарангэрэлээс 2,020,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Е.М Чуклиновагийн нэхэмжилсэн 2,020,000 төгрөгийг хариуцагч Л.Нарангэрэл нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Нэхэмжлэгч Е.М Чуклиновагийн нэхэмжлэлийн шаардлага 2,020,000 төгрөгийг хариуцагч Л.Нарангэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Хариуцагч Л.Нарангэрэл нь нэхэмжлэгч Е.М Чуклиновагийн 2,020,000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

         3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 24,275 төгрөг, төрийн сангаас 24,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.М Чуклиновад олгосугай.

        4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ                                  Б.БЯМБАСҮРЭН.