| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0853/Э |
| Дугаар | 261 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 261
2020 03 26 2020/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
хохирогч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1809011360878 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сутайн буянт” автобус баазад жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ц /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2-р эмнэлэгт 2016 оны 02 дугаар сард иргэн Б.Оюун-Эрдэнээс “Бүгд Найрамдах Солонгос Улсын визийг циркийн шугамаар гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож дансаар болон бэлнээр нийт 11.790.000 төгрөгийг залилж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт “…Би хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Б.Оюун-Эрдэнэ бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Би гарсан хохирлыг хүлээн зөвшөөрч одоо төлж байгаа. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолтой холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй, надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-45-46/,
Хохирогч Б.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “…Би банк бус байгууллагад хүү төлж мөнгө авсан тэр мөнгөө шүүгдэгчээс нэхэмжилж байна. Би нэр бүхий 60 хүнээс мөнгө авч шүүгдэгчид 11.750.000 төгрөгийг 3 удаа хувааж өгсөн. Би 3.250.000 төгрөг буцааж авсан тул одоо 8.540.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хүү, алданги болох 3.250.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд би нийт 11.540.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Би гомдолтой байна...”гэв.
мөрдөн байцаалтад өгсөн “...Анх манай урд талын лангууны Алтай гэж эгчийн нөхөр нь Солонгос явуулж өгдөг найдвартай хүн олсон тэр хүний утасны дугаарыг нь авах уу гэхээр нь ямар сайн юм тэгье дугаарыг нь өгөөч гэсэн чинь 86545401 гэсэн дугаар өгсөн. Тэгээд энэ дугаар руу ярьсан чинь Цогтбаяр гэж залуу байсан тэр Цогтбаяр гэж залуутай Бөмбөгөр худалдааны төвийн орчимд уулзаад ярилцсан чинь Солонгос улс руу циркийн шугамаар явуулдаг гэсэн тэгээд би 2 хүүхдээ явуулна гээд тохиролцоод 1 хүний 2.500.000 төгрөг 2 хүний 5.000.000 төгрөг гэсэн тэгээд би тийм их мөнгө байхгүй байна гэсэн чинь за яахав эхлээд бүртгэлийн 500.000 төгрөг өгчих гээд авсан тэгээд тэрнээс хойш янз бүрийн шалтгаанаар мөнгө цувуулж авсаар байгаад нийт 11.750.000 төгрөгийг надаас авчихсан байсан…” гэсэн мэдүүлэг /1хх-29/,
Гэрч П.Байгалмаагийн "...Миний хүү Цогтбаяр нь тэр Оюун-Эрдэнэ гэдэг хүнээс цувуулж хэд хэдэн удаа хувааж мөнгө төгрөг авсан юм шиг байгаа юм. Миний хүү цаашаа БНСУ-руу гаргаж өгнө гэж тэр мөнгийг нь аваад цаашаа хүнд дамжуулаад материалыг нь өгсөн чинь тэр хүн нь БНСУ руу гараад явчихсан, олдохгүй байгаад байгаа юм. Энэ талаар би нарийн сайн ярьж хэлэх зүйл өөр алга аа…” гэсэн мэдүүлэг /1хх-35/,
Гэрч Б.Энхболдын "...Оюун-Эрдэнэ нь "Би цаашаа хүнээр дамжуулж Солонгосын виз гаргуулдаг юм. Өмнө нь хэд хэдэн хүний виз гаргуулсан, одоо бол гүйцчихсэн байгаа. Удахгүй дахиад хүмүүсийн виз гаргаж магадгүй, тэгэхээрээ хэлье" гэж хэлээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. 2017 оны 5 дугаар сард уулзаад би өөрийн хадам талын дүү болох У.Төрмөнхтэй цуг гаргуулъя гээд 2 хүний 200.000 төгрөгийг Оюун-Эрдэнэд бэлнээр өгсөн. 1 cap орчмын дараа гэхээр 2017 оны 6 дугаар сард 100.000 төгрөгийг аваачиж өгсөн. Тэрнээс хойш 3-аас 4 сарын дараа дахиад Оюун-Эрдэнэд 2 хүний мөнгө гээд 100.000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ манай дүү Төрмөнх бид хоёрын нийлсэн 400.000 төгрөгийг би гардаж Оюун-Эрдэнэд өгсөн. Тэгээд нилээн удаж байгаад 2018 оны 01 дүгээр сард Оюун-Эрдэнэ надтай утсаар яриад "Цаад мөнгийг нь авсан хүн нь Солонгос руу зугтаад явчихсан байна, наанаа зуучилж өгч байсан эрэгтэй хүн энд байгаа юм байна гээд ер нь бүтэхгүй болсон шүү гэдгийг хэлсэн. Тэрний дараахан 100.000 төгрөгийг Оюун-Эрдэнэ над руу дансаар шилжүүлж буцаан өгсөн. Үлдсэн 300.000 төгрөгөө одоогоор аваагүй байгаа. Оюун-Эрдэнэ гэхдээ надтай байнга холбоотой байдаг, миний хувьд энэ Оюун-Эрдэнэд гаргах гомдол санал байхгүй ээ. Оюун-Эрдэнэ өөрөө цаад хүмүүстэйгээ учраа олж мөнгө төгрөгөө олж авах байх гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг /1хх-37-38/,
Транскапитал банкны мөнгө зээлсэн зээлийн гэрээ, дансны хуулга /1хх-249-250, 2хх-1-47/,
Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн тодорхойлолт /1хх-146/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-56/, Транкскапитал банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дансны хуулга /1хх-249-250/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-59-60/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2-р эмнэлэгт 2016 оны 02 дугаар сард иргэн Б.Оюун-Эрдэнээс “Бүгд Найрамдах Солонгос Улсын визийг циркийн шугамаар гаргаж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож дансаар болон бэлнээр нийт 11.750.000 төгрөгийг авсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Оюун-Эрдэнэ, гэрч П.Байгаль, Б.Энхболд нарын мэдүүлэг, Транскапитал банкны мөнгө зээлсэн зээлийн гэрээ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн тодорхойлолт дансны хуулга, шүүгдэгч Б.Цын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Цын хохирогч Б.Оюун-Эрдэнээс “Бүгд Найрамдах Солонгос Улсын визийг циркийн шугамаар гаргаж өгнө.” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Оюун-Эрдэнэд 11.750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нийт 3.250.000 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Цаас 8.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оюун-Эрдэнэд олгох зүйтэй байна.
Харин шүүх хуралдаанд хохирогч Б.Оюун-Эрдэнийн зүгээс зээл, зээлийн хүү, алданги гэж шүүгдэгчээс 3.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Прокурор яллах дүгнэлтэдээ шүүгдэгч Б.Цын бусдад учруулсан хохирлыг 11.790.000 төгрөг гэснийг шүүх 11.750.000 төгрөг гэж зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Цыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цаас 8.500.000 төгрөгийг гаргуулж Б.Оюун-Эрдэнэ /РД:НЙ80081306/-д олгосугай.
5.Хохирогч Б.Оюун-Эрдэнэ нь гэм буруутай этгээдээс бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР