Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0601/З |
Дугаар | 874 |
Огноо | 2017-11-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 874
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар`
Нэхэмжлэгч: “Ц” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори
Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №0023353 дүгнэлтэд коксжих нүүрс гэж ангилсан нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн шинээр дүгнэлт гаргахыг даалгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , хариуцагчийн төлөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Баруун Ноён Уул нүүрсний уурхай эзэмшдэг бөгөөд 2014 оноос нүүрсэн бүтээгдэхүүнийг экспортолж байгаа. Засгийн газрын тогтоол, Гаалийн ерөнхий газрын даргын “Гаалийн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу экспортоор гаргаж буй нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох зорилгоор “коксжих” болон “сул коксжих” нүүрс гэсэн ангиллыг тодорхойлох шаардлагатай болдог. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын дагуу экспортоор гарч буй нүүрснээс гаалийн байгууллагаас дээж авч битүүмжлэн Гаалийн төв лабораторид, эсхүл итгэмжлэгдсэн өөр лабораторид өгч шинжлүүлдэг.
2017-TU-KINGHO-004 дугаартай гадаад худалдааны гэрээний дагуу 2017 оны 05 дугаар сард 26,583 тонн, 06 дугаар сард 33,417.25 тонн нүүрс борлуулахдаа лабораторийн шинжилгээнд хамрагдаж, Гаалийн төв лабораторийн 0023353 дугаар дүгнэлт гаргуулсан.
Уг дүгнэлтээр 2017-TU-KINGHO-004 дүгээр гэрээний нүүрсийг “коксжих” нүүрс гэж тодорхойлсон нь холбогдох хэм хэмжээ тогтоосон Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол болон заавал дагаж мөрдөх Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 стандартын зүйл, заалттай зөрчилдсөн, хуулийн үндэсгүй гэж үзэж байна. Учир нь “коксжих” болон “сул коксжих” гэсэн хоёр өөр ангиллын нүүрсийг гагцхүү тэдгээр дэх дэгдэмхий бодисын гарцын (Vdaf) үзүүлэлтийг аль ангилалд хамааруулахыг тодорхойлогч үзүүлэлт болгосон байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс нүүрснээс дээж авсан процесс, шинжилгээний үр дүнтэй холбогдуулан маргаагүй. Геологийн төв лабораторийн манай бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүн хавтаст хэрэгт авагдсан.
Тодруулбал дэгдэмхий бодисын гарц (Vdaf) нь > 28 гэсэн үзүүлэлттэй бол сул коксжих нүүрс, харин (Vdaf) нь ≤ 28 гэсэн үзүүлэлттэй нөхцөлд коксжих нүүрсний ангилалд хамруулна гэж Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2 дахь хэсгийн 9 дэх заалтаар тогтоож өгсөн бол ангилал MNS 6457:2014 стандартын 2-р хүснэгтээр мөн нэг адил шалгуур үзүүлэлтийг хэрэглэсэн байна.
Манай 2017-TU-KINGHO-004 дүгээр гэрээний нүүрсний дээжийг Гаалийн төв лабораторийн захиалгаар Геологийн төв лабораторид хоёр удаагийн сорьцын шинжилгээ хийлгэхэд дэгдэмхий бодисын гарц Vdaf = 28.30 болон Vdaf = 28,36 гэж гарсан нь Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий Шинжилгээний дүнгийн хуудсанд заасан. Энэ үзүүлэлт нь Засгийн газрын 2011 оны 193-р тогтоолын 2.2 дахь хэсгийн 9 дэх заалтаар “сул коксжих” нүүрсний ангилалд хамрагдаж хуулийн үндэстэй байна. Иймд Гаалийн төв лаборатори нь 0023353 дугаар дүгнэлтдээ “коксжих” нүүрс гэж ангилсан нь хэм хэмжээ тогтоосон Засгийн газрын тогтоолтой зөрчилдөж байгаа тул тэр хэмжээгээрээ хууль ёсны бус, үндэсгүй гэж үзэж байна.
Нөгөө талаас коксжих болон сул коксжих нүүрсний ангилал, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг Гаалийн төв лаборатори тогтооно гэсэн хуулийн заалт, эрх хэмжээ тус байгууллагад олгогдоогүй бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 683 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ын хавсралтын 5.9 дэх хэсэгт зааснаар “...шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж заасан тул Гаалийн төв лаборатори нь 0023353 дугаар дүгнэлт гаргахдаа Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий Шинжилгээний дүнг үндэслэл болгох үүрэгтэй.
Иймд Гаапийн төв лаборатори нь 0023353 дугаар дүгнэлт гаргахдаа нэг бол Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэл болгоогүй эс бөгөөс Засгийн газрын 2011 оны 193-р тогтоол болон MNS 6457:2014 стандартыг буруу тайлбарлан ойлгож, хэрэглэсэн байна.
Бид 0023353 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлаар 2017 орны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/1463 албан бичгээр Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газарт хандсан боловч хуулийн үндэслэл бүхий хариу аваагүй тул Гаалийн ерөнхий газрын даргын нэр дээр 2017 оны 06 сарын 28-ний өдөр 01/1533 албан бичгээр гомдол гаргасан. Гэвч манай гомдлыг хянан шалгах явцдаа Гаалийн ерөнхий газрын зүгээс хуулийн үндэсгүйгээр уурхайн нүүрс борлуулалтыг зогсоож, нүүрсний дээжийг дахин авч шинжлүүлэх зэрэг хуулийн үндэсгүй арга хэмжээ авч, эцэст нь нэмэлт мэдээ шаардлагатай гэдэг үндэслэлээр асуудлыг шийдэлгүй орхисон.
Лабораторийн шинжилгээ болон гаалийн дүгнэлтийн зорилго, эрх зүйн шууд үр дагавар нь Засгийн газрын 2011 оны 193-р тогтоолын хавсралтын 1.1 болон 1.3, мөн түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2015 оны 08 сарын 18-ны өдрийн А/201 тушаалд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тооцох зорилготой. Эс бөгөөс гаалийн лабораторийн дүгнэлт болон түүнд заасан нүүрсний ангилал нь гаалийн болон бусад татвар, хураамж, гаалийн хилээр тусгай зөвшөөрөл, лицензтэй нэвтрүүлэх зэрэг давуу эрх олгох, ямар нэг хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх зэрэг үр дагавар байхгүй. Харин төрийн холбогдох байгууллага хууль тогтоомж буруу ойлгож хэрэглэсэн, хуульд заасан шинжилгээний дүнд үндэслэлгүйгээр “коксжих нүүрс” гэж буруу ангилснаас үүдэн “Ц” ХХК нь 287,858 ам.долларыг хуулийн үндэсгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нэмж төлөх үндэслэл болж буй уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37.5-ийн дагуу нэхэмжлэгч компанид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсгийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 0023353 тоот дүгнэлт нь хуульд үндэслэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн дагуу хууль бус захиргааны акт болно.
“Ц” ХХК нь 2017-TU-KINGHO-004 дүгээр гэрээний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зах зээлийн ханшаар тооцож төлөх бөгөөд 2017 оны 05 болон 06 дугаар саруудын “сул коксжих” болон “коксжих” нүүрс хоорондын зөрүү нь эх бүхй эх сурвалжид нийтэлснээр (https://www.mof.gov.mn/category/эз-ийн-мэдээ/эз-ийн-байдал/Зах-зээлийн-үнийн-мэдээлэл) бол тонн тутам 4.5 ам. долларын зөрүүтэй бөгөөд нийт гэрээний хувьд 287,858 ам.доллар болно.
“Ц” ХХК нь 2017-TU-KINGHO-004 дүгээр гэрээгээр борлуулсан нүүрс нь Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий Шинжилгээний дүнд заасны дагуу “сул коксжих” чанартай нүүрс бөгөөд бид ийнхүү “сул коксжих” нүүрс борлуулж гадаад орлого авсан хэрнээ хууль зүйн үндэсгүйгээр “коксжих” нүүрсний 2017 оны 5 болон 6 дугаар саруудын зах зээлийн үнийн ханшаар тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нөхцөл байдалд хүрсэн тул уг алдаатай, хууль бус Гаалийн төв лабораторийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргуулахыг даалгуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дэх хэсгийн 106.3.12-т заасны дагуу манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ, 252.2-т магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ гэж зааснаар Гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх эрхийг олгосон байна.
Гаалийн лаборатори нь барааны ангиллын кодыг тодорхойлох зорилгоор дүгнэлт гаргаж байгаа. Монгол улс 1991 онд “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” гэсэн конвенцод нэгдэн орж, 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн. “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ангиллын кодыг тодорхойлох гол үүрэг нь Гаалийн төв лабораторид байдаг. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд заасны дагуу барааны ангиллын кодыг тодорхойлдог. Барааны ангиллын кодыг тодорхойлох нь барааг зөв үнэлэх, барааг зөв тодорхойлсонтой холбогдуулан татварыг зөв ногдуулан, барагдуулах болон хязгаарласан буюу хориглосон барааг тогтоох зорилготой байдаг.
Шивээ хүрэн дэх гаалийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1517L00105 бүртгэлийн дугаартай “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл”-ээр сул коксжих нүүрсний 2701.12.12 ангиллын кодоор мэдүүлсэн. Гаалийн тухай хуульд зааснаар дээжийг гаалийн улсын байцаагч авч, тухай аж ахуйн нэгж мэргэжлийн туслалцаа үзүүлнэ гэж заасан байдаг. Гаалийн байцаагч мэдүүлэгч буюу тухай аж ахуйн нэгжийн төлөөлөгчийг байлцуулан дээжийг авч, дээжийг хүргүүлсэн. Дээжтэй холбоотой асуудлаар манайд гомдол гаргаагүй, дээжийг буруу авсан гэсэн асуудал яригдаагүй. Бид ирүүлсэн дээжид л шинжилгээ хийдэг. Засгийн газрын 193 дугаар тогтоолын хавсралтад Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын төвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно гэж заасан.
“Ц” ХХК-ийн экспортолж буй нүүрснээс дээж авч, RS380196 дугаартай битүүмжлэлтэй ирүүлсэн нүүрсний дээжийг Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ХФ2017/0635 тоот захиалгын шинжилгээний дүнгээр нийт чийг Wt (%)-3.16-3.18%, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг Qm mmf (ккал/кг)-8249-8295 ккал/кг, бодит илчлэг Qar net (ккал/кг)-6090-6113 ккал/кг, хүхэр Sd t (%)-0,64-0,65%, үнслэг (Ad) -22,57-22,61%, дэгдэмхий бодисын гарц (Vdaf)-28,30-28,36%, хөөлтийн зэрэг (FSI)-4.0-4.5, барьцалдах чанар (Gi)-55-56 тус тус агууламжтай гарсан. Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д шинжээч шинжилгээний үндсэн дээр дүгнэлтийг бичгээр гаргана, Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журамд шинжээч шинжилгээний дүн болон холбогдох стандарттай харьцуулан дүгнэлт гаргана гэж заасан.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дүгнэлт гаргах гол зорилго нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох асуудал гэж байна. Энэ нь буруу, барааны ангиллын кодыг тодорхойлох зорилготой байдаг.
Засгийн газрын 2011 оны 193 тоот тогтоол, 2015 оны102 тоот тогтоол болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2014 стандартад коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28 /бүхэл оронгоор/-тай тэнцүү буюу бага (Vdaf <28), сул коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28-аас их (Vdaf >28) гэхдээ 28 орохгүй байхаар заасан. Бид үүнийг тогтоогоогүй, бид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Геологийн төв лабораторын шинжилгээний үр дүнгийн дэгдэмхий бодисын хэмжээ Vdaf (%)-28.30, 28.36 үзүүлэлтийг “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2014 стандартад заасны дагуу 28 бүхэл оронд шилжүүлэхэд 28-тай тэнцүү гарч байгаа тул бүх үзүүлэлтээрээ коксжих нүүрсний шаардлага хангаж байгааг үндэслэн “коксжих нүүрс” ангилалд хамааруулан 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №0023353 тоот дүгнэлтийг гаргасан. MNS 0654: 1979 стандартын 4.5-д аналитик дээж бүрд дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох туршилт хийхдээ уул дээжээс авсан хоёр сорьцод зэрэг хийнэ. Энэ зэрэгцээ туршилтаар тодорхойлсон үр дүн зөвшөөрөх хязгаарлалдаа байвал тэдгээрийн арифметикийн дунджийг эцсийн үр дүн болгон авч хэрэглэнэ гэж заасан. Үүний дагуу хоёр сорьцод шинжилгээ хийсэн учраас 28.30, 28.36 гэсэн дүн гарсан байгаа. Энэ нь шинжилгээ үнэн зөв явагдаж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой юм. Мөн шинжилгээний дүнг зууны хувийн нарийвчлалаар гаргана гэж заасан байгаа. Дээрх стандартын 4.6-д нэг аналитик сорьцоос авч зэрэг хийсэн хоёр туршилтын үр дүнд тодорхойлсон дэгдэмхий бодисын гарын үзүүлэлт хооронд зөвшөөрөх зөрүү хувиар дор заасан хэмжээнээс илүүгүй байх ёстой. Үүнд 9-өөс бага бол 0.3, 9-45 байвал 0.5, 45-аас их бол 1.0 гэж заасан. Тэгэхээр нэг шинжээчийн хийсэн зэрэгцээ дээжийн шинжилгээний хариу хоорондоо 0.5 хувиас ихгүй байх ёстой. Шинжилгээний дүн 28.30, 28.36 гэж гарсан нь 0.5-аас бага буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа учраас шинжилгээ зөв хийгдсэн байна. Бид шинжилгээний үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргасан, стандарттай харьцуулсан. Бүхэл тоог бутархай тоотой харьцуулж болохгүй. Дунджаар гарсан 28.34 гэсэн тоог 28 гэсэн бүхэл тоотой харьцуулж болохгүй. Бүхэл тоотой харьцуулахын тулд 28.34 гэсэн тоог бүхэл тоонд шилжүүлэх ёстой. Математикийн үндсэн таних тэмдгүүд MNS 2608: 1978 стандартын 1.6-д бүдүүвчилсэн тоог ялгаж тэмдэглэх гэсэн хэсэгт орхих тооны эхний цифр нь 5 тай тэнцүү буюу их байвал урд оронг нэгээр их болгож уг орны дээд талд зураас тавьж тэмдэглэнэ гэж заасан. Тэгэхээр 28.5 буюу түүнээс их гарсан бол 28 гэдэг тоог нэг орон шилжүүлээд 29 болгоно. Хэрэв 5-аас бага байвал уг тоог орхиж үлдэж байгаа орны тоог өөрчлөлгүй бичиж доогуур нь зурна гэж зааснаар 28.5-аас бага гарсан бол 28 болно гэж стандартад заасан байна. Тэгэхээр 28.34 тоог бүхэл тоонд шилжүүлэхэд 28 гэсэн тоо гарна.
Бид гаалийн үнэлгээг тогтоодог болохоос Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцдоггүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Татварын ерөнхий газар гаалийн мэдүүлгийг үндэслэн тооцдог. Тэгэхээр Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт, мэдүүлэг бичихдээ ашигладаг. Уг мэдүүлгийг үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцдог. Засгийн газрын 193 дугаар тогтоолд Гаалийн төв лабораторийг оруулсан нь төрийн талаас хяналт тавих зорилготой байсан. Нэхэмжлэгч компани шиг олон компаниуд өөрийн коксжих нүүрсийг сул коксжих нүүрсний ангилалд оруулж улсад төлөх татварын хэмжээг багасгаж улсыг алдагдалд оруулах болно.
Хоёр шинжилгээний хоорондох дэгдэмхий бодисын гарцын үзүүлэлт 0.5-иас илүүгүй байх ёстой, алдаа гардаг учраас 28.0 гэдэг тоог тавьж өгөөгүй, 28 гэж бүхэл тоогоор оруулсан.
Хоёр лабораторийн хариуны зөрүү 1 хувиас ихгүй, 2 шинжээчийн хариу 0.5 хувиас ихгүй байдаг учраас бүхэл тоогоор тавьсан. Бүхэл тоог бутархай тоотой харьцуулж болохгүй учраас бутархай тоог бүхэл тоонд шилжүүлж дүгнэлтээ гаргасан.
Гаалийн төв лаборатори нь тус компанийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 07/537 тоот албан бичгийг ашигт малтмалын чиглэлээр бодлого боловсруулж, хяналт тавьж буй Ашигт малтмал, газрын тосны газарт тус компанийн зах зээлд экспортолж байгаа нүүрсний орд ( коксжих, сул коксжих, коксжих чанаргүй)-ын талаар тодорхойлолт гаргаж өгөх талаар албан бичиг хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2743 тоотоор ирүүлсэн албан бичигт “Цагаан-Өвөлжөө” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших MV-017162 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Баруун ноён уул-1 нэртэй нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд гадаад зах зээлд коксжих болон эрчим хүчний нүүрс нийлүүлдэг болохыг тодорхойлж байна” гэжээ.
Тус компани нь коксжих нүүрс, сул коксжих нүүрсний зах зээлийн ханш, АМНАТ-ын төлбөр өөр байдаг, мөн 287.858 ам долларын зөрүү гарна” гэдгийг мэдсээр байж “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 6.2-дах заалтад заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №0023353 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн дүгнэлтээр бүрдүүлэлт хийхгүйгээр гомдол гаргаж, асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх ёстой байсан боловч тус компани нь коксжих нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийлгэж, экспортод гарсан нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд хүргэж байна. Иймд “Ц” ХХК-ийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий эрх зүйн актын үйлчлэл дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , хариуцагчийн төлөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т ийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цагаан-Өвөлжөө” ХХК нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталжээ.
Аргачлалд үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ гэж заасан байна .
Уг аргачлал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход хэрэглэгдэх бөгөөд 2.2-ын 9-д боловсруулаагүй нүүрс /антрацит, чулуун болон хүрэн нүүрс/ гэж тусгагджээ.
Уг заалтад Монгол улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулжээ .
Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.2 дахь заалтыг үндэслэн “Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалт”-ыг баталсан байх бөгөөд жагсаалтад чулуун нүүрс тусгагдсан байна .
“Цагаан-Өвөлжөө” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Баруун ноён уул нэртэй нүүрсний уурхай эзэмшдэг байх бөгөөд Нүүрс экспортоор худалдан борлуулах 2017-TU-KINGHO-004 гэрээгээр 20 хувийн үнслэгийн агууламж бүхий 60000 тонн нүүрсийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний хооронд тонн тутмыг 69.78 ам.доллараар худалдахаар БНХАУ-ын хуулийн этгээдтэй харилцан тохиролцсон байна .
Шивээхүрэн дэх гаалийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1517l00105 бүртгэлийн дугаартай Шинжилгээнд хамруулах барааны мэдээллээр “Ц” ХХК-ийн экспортолж буй нүүрсний БТКУС-ийн кодыг тодорхойлуулахаар хүсэлт гаргажээ .
“Ц” ХХК-иас сул коксжих нүүрсний 2701.12.12 ангиллын кодоор мэдүүлсэн экспортолж буй нүүрснээс дээж авч, RS380196 дугаартай битүүмжлэлтэй ирүүлсэн нүүрсний дээжийг Геологийн төв лабораторид шинжлүүлсэн байна.
2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ХФ2017/0635 тоот захиалгын дугаар бүхий 2 удаагийн шинжилгээний дүнгээр G индекс буюу барьцалдах чанар нь 55-56, Vdaf буюу дэгдэмхий бодисын гарц нь 28.30-28.36, Ad буюу хуурай масс-д тооцсон үнслэг чанар 22.57-22.61, St d буюу хуурай масс-д тооцсон нийт хүхрийн хэмжээ 0.64-0.65, Wt буюу нийт чийг 3.16-3.18, Qar буюу илчлэг 6090-6113 гарчээ .
Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтээр дээрх шинжилгээний дүн болон улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нүүрс экспортлох гэрээ, үнийн нэхэмжлэх, сав баглаа боодлын жагсаалт, АМГТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2743 тоот албан бичигийг үндэслэн боловсруулаагүй коксжих нүүрс гэж дүгнэжээ .
Нэхэмжлэгч шинжилгээний дүнгээр “Ц” ХХК-ийн экспортолж буй нүүрс “сул коксжих нүүрс” гэж гарсаар байхад Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори дүгнэлт гаргахдаа “коксжих нүүрс” буюу 2701.12.11 гэж барааны ангиллын кодыг тодорхойлсон нь манай компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү төлөхөд хүргэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан гэж маргаж байна.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь нүүрснээс дээж авах үйл явц болон шинжилгээний дүнд маргаагүй, үнэн зөв гарсан гэж байх бөгөөд коксжих болон сул коксжих нүүрс нь зөвхөн дэгдэмхий бодисын гарцын үзүүлэлтээрээ хоорондоо ялгагддаг , түүний тоон илэрхийллийг бүхэлчилж дүгнэлт гаргасан талаар маргаж байна.
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Стандартчиллын баримт бичигт дараахь баримт бичиг хамаарна:, 5.1.1.Монгол Улсын /цаашид “үндэсний” гэх/ стандарт; 6 дугаар зүйлийн 6.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө.” гэж заасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай байгууллага техникийн баримт бичиг болох стандартыг баримталсан гэсэн тайлбарыг өгч байна .
MNS 6457:2014 Монгол улсын стандартаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилалыг тогтоожээ . Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход хэрэглэгдэх Монгол улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолд стандартад заасан үзүүлэлтийг тусгасан боловч 2015 оны 102 дугаар тогтоолд коксжих нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг <28 буюу 28-аас бага гэж стандартаас өөрөөр тусгажээ .
Коксжих болон сул коксжих нүүрсний стандартад заасан чанарын үзүүлэлтийг шинжилгээний дүнтэй харьцуулан харуулбал:
Чанарын үзүүлэлтүүд | Коксжих нүүрс /түүхий нүүрс/ | Сул коксжих нүүрс /түүхий нүүрс/ | 2017 оны 5- р сарын 4-ний өдрийн ХФ2017/0635 шинжилгээний дүн |
Барьцалдах чанар | ≥50 | ≥50 | 55-56 |
Дэгдэмхий бодисын гарц | ≤28 | >28 | 28.30-28.36 |
Үнслэг | <12,5 | <12,5 |
|
12,5<15 | 12,5<15 |
| |
>15 | >15 | 22.57-22.61 | |
Хүхэр | ≤1,5 | ≤1,5 | 0.64-0.65 |
Нийт чийг | <10,0 | <10,0 | 3.16-3.18 |
Илчлэг | - |
| 6090-6113 |
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатороос “Ц” ХХК-ийн шинжлүүлсэн нүүрсний дэгдэмхий бодисын гарц 28.30-28.36 гарсан бүхэлчлээд 28 гарсан тул коксжих нүүрсэнд хамаарч байна гэжээ.
Ийнхүү 28 гэж бүхэлчлэх болсон үндэслэлээ “Математикийн үндсэн таних тэмдгүүд MNS 2608:1979 Монгол улсын стандартын 1.6 Бүдүүвчилсэн тоог ялгаж тэмдэглэх. Орхих тооны эхний цифр нь 5-тай тэнцүү буюу их байвал урдах оронг нэгээр их болгож, уг орны тооны дээд талд зураас тавьж тэмдэглэнэ. Хэрэв 5-аас бага бол уг тоог орхиж, үлдэж байгаа орны тоог өөрчлөлгүй бичиж доогуур нь зурна.” гэснийг үндэслэж, 2 шинжилгээний дундаж 28.3 гарсан. Бүхэл орны арын тоо 5-аас бага байсан тул 28 гэж авч үзэж, MNS 6457:2014 Монгол улсын стандартаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын дагуу дэгдэмхий бодисын гарцыг 28-тай тэнцүү гэж үзэж, “коксжих нүүрс” гэж барааны ангиллыг тодорхойлсон дүгнэлтийг гаргасан гэж тайлбарлаж байна.
Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 Монгол улсын стандартаар коксжих түүхий нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг ≤28 буюу 28-аас бага буюу тэнцүү, их биш, сул коксжих түүхий нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг >28 буюу 28-аас их гэж тогтоожээ .
Чулуун нүүрс ба кокс-Дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох MNS ISO 562:2001 Монгол улсын стандартын 8.. Үр дүнг зэрэгцээ тодорхойлолтын дунджаар 0.1% нарийвчлалтай илэрхийлнэ... гэж заасан байх бөгөөд 9.1 Нэг ижил ерөнхий шинжилгээний дээжээс авсан хоёр шинжлэх хэсэгт нэг лабораторид нэг лаборант нэг ижил багаж хэрэгсэл хэрэглэн хийсэн зэрэгцээ тодорхойлолтын үр дүнгүүд нь 1-р хүснэгтэд үзүүлсэн хэмжээнээс их зөрүүгүй байх ёстой гээд чулуун нүүрсний дэгдэмхий бодис 10 хувиас их бол /10%</ хамгийн их зөвшөөрөгдөх зөрүү 3% үр дүнгийн дунджын гэж заасан байх бөгөөд 28.30%, 28.36% хоёрын хоорондын зөрүү 0.06% буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байна .
Хүрэн ба чулуун нүүрс антрацит, дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох арга MNS 0654:1979 Монгол улсын стандартын 4.4-т “Түлшний аналитик дээжийн туршилт мөн түүнчлэн шатах жишмэл жинд шилжүүлсэн үр дүнгүүдийг бүхлийн таслалаас хойш зууны хувиар нарийвчлан тооцож эцсийн үр дүнг гаргахдаа аравны хувь оруулна.” 4.5-д “Аналитик дээж бүрт дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох туршилт хийхдээ уул дээжээс авсан хоёр сорьцод зэрэг хийнэ. Энэ зэрэгцээ туршилтаар тодорхойлсон үр дүн зөвшөөрөх хязгаарлалдаа байвал тэдгээрийн арифметикийн дундажийг эцсийн үр дүн болгон авч хэрэглэнэ” гэж зааснаар 2 сорьцын шинжилгээний дүн 28.30, 28.36 гарчээ.
Мөн 4.6-д “Нэг аналитик сорьцоос авч зэрэг хийсэн хоёр туршилтын үр дүнд тодорхойлсон дэгдэмхий бодисын гарцын хоорондох зөвшөөрөх зөрүү хувиар дор заасан хэмжээнээс илүүгүй байх ёстой гээд дэгдэмхий бодисын гарц хувиар 9-45 бол 0.5 хувийн зөвшөөрөх зөрүүгийн хязгаартай байх бөгөөд уг шинжилгээний дүн зөвшөөрөх зөрүүгийн хязгаарт байна .
Шинжилгээний дүнг аравны хувь руу оруулж, арифметикийн дундаж болох эцсийн үр дүнг гаргахад 28.3 байх бөгөөд Гаалийн төв лаборатори “дэгдэмхий 28.3%” гэж дүгнэлтдээ тусгаж өгчээ .
Гэтэл Геологийн төв лабораторийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ХФ2017/0635 тоот 2 удаагийн шинжилгээний дүнгээр Vdaf буюу дэгдэмхий бодисын гарц нь 28.30-28.36, дундаж нь 28.3 буюу 28-аас их гарсан байхад Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтээр 28-тай тэнцүү гэж үзэж, коксжих нүүрс гэж тодорхойлсоныг зөв гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.”Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ. 252.2.Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ.” гэж зааснаар Геологийн төв лаборатори шинжилгээг хийлгэсэн, дээр дурдсанчлан шинжилгээний дүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.
Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.8.”Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох, дүгнэлт гаргах журам, шинжээчид тавигдах шаардлагыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.” гэж зааснаар Гаалийн ерөнхий газрын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 683 дугаар тушаалаар “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ыг /цаашид журам гэх/ баталжээ.
Журмын Тавын 5.9-д “Магадлан шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана.” 5.5-д “Дүгнэлт гаргах шинжээч нь сорилтын дүнг үндэслэн ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж, дүгнэлтийг ахлах шинжээчээр хянуулж, санал нэгдсэн тохиолдолд эрхлэгчид танилцуулна. Ангиллын кодыг тодорхойлсон санал нэгдээгүй тохиолдолд энэхүү журмын 6.1-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.
Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “Шинжээч шинжилгээний үндсэн дээр дүгнэлтийг бичгээр гаргана” гэж заасан болон дээрх журам, стандартын заалтуудаас үзэхэд Гаалийн төв лаборатори шинжилгээний дүнг үндэслэн барааны ангиллын кодыг тодорхойлох үүрэгтэй болохоос шинжилгээний дүнг өөрчлөх, тодруулбал “28.3”-ыг “28” болгон бүхэл оронд шилжүүлэх эрх Гаалийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол, 2015 оны 102 дугаар тогтоол, Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014, Чулуун нүүрс ба кокс-Дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох MNS ISO 562:2001 Монгол улсын стандарт, Хүрэн ба чулуун нүүрс антрацит, дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох арга MNS 0654:1979 Монгол улсын стандартуудаар түүнд олгогдоогүй байна.
Хариуцагч бүхэл тоог бутархай тоотой харьцуулж болохгүй байсан, стандартад 28-ын ард .0 /цэг тэг/ гэж бутархай орныг зааж өгөөгүй учир бүхэлтгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Дээр дурдсанчлан чулуун нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох стандартаар шинжилгээний дүнг зууны нарийвчлалтай гаргаж, аравтын орон руу шилжүүлнэ гэж зааснаар зууны нарийвчлалтай буюу 28.30-28.36 гаргасан нь Журмын Тав-ын 5.3 “Шинжээч нь эрхлэгчийн хуваарийн дагуу шинжилгээг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэнэ” гэж заасныг баримталсан байх бөгөөд хариуцагч байгууллага 28-аас их гарсан шинжилгээний дүнг багасган бүхэлтгэж, 28-тай тэнцүү гэж барааны ангиллыг буруу тодорхойлсон дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл нүүрсний төрөл, бүлгийг тогтооход баримталдаг Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 Монгол улсын стандартаар дэгдэмхий бодисын гарцыг ≤28 буюу 28-аас бага буюу тэнцүү, их биш бол коксжих, >28 буюу 28-аас их бол сул коксжих нүүрс гэж тогтоосон стандартыг зөрчиж, дүгнэлт гаргажээ.
Мөн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2743 тоот албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд уг албан бичигт “Ц” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших MV-017162 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Баруун ноён уул-1” нэртэй нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд гадаад зах зээлд коксжих болон эрчим хүчний нүүрс нийлүүлдэг болохыг тодорхойлж байна” гэжээ. Уг албан бичгийн талаар нэхэмжлэгчээс тодруулга хүсэхэд “... Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 1/2743 тоот албан бичиг нь гаалийн магадлан шинжилгээ хийхэд удирдлага болох үндэслэлгүй болно. Мөн тус албан тоотод дурдагдсан “коксжих нүүрс” гэсэн тодорхойлолт нь “сул коксжих” чанартай нүүрсийг хамруулан тодорхойлсон гэжээ .
Дээрх хууль, Засгийн газрын тогтоол, журмаас үзэхэд Гаалийн төв лаборатори Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийг биш, шинжилгээний дүнг үндэслэх ёстой ажээ.
Иймд “Ц” ХХК-ийн RS380196 дугаар битүүмжлэлтэй ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнгээр нүүрсний дэгдэмхий бодисын гарц 28.3% гарсан байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/73 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын зарим үндэсний кодод оруулах нэмэлт өөрчлөлтийн 12-т заасны дагуу 2701.12.12 сул коксжих нүүрс гэсэн ангилалд хамаарч байна .
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байсан, “Ц” ХХК нь нүүрсээ улсын хилээр гаргасан тул уг дүгнэлт хэрэгжсэн, одоо хүчин төгөлдөр биш гэж маргаж байна.
0023353 тоот дүгнэлт нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гарч, хүчинтэй хугацаа 1 сар, дүгнэлтийн хугацааг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар “Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны дэлгэрэнгүй жагсаалт”-ыг баталсан байх бөгөөд 2-р хавсралтад 2701.12.12 боловсруулаагүй сул коксжих нүүрс гэж тусгаснаас үзвэл дээрх хугацаа нь тухайн барааг улсын хилээр нэвтрүүлэхэд үйлчлэх хугацаа байна.
Харин Монгол улсын Засгийн газрын 2011 оны 193-р тогтоолоор баталсан аргачлалд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход...энэхүү аргачлалыг баримтална. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ. Энэхүү аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана.” гэж заажээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2011 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг баталсан байх бөгөөд аргачлалын Гурав-ын 3.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд улирал бүр тухайн улиралд худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гарган, эцсийн тооцоог харъяалах татварын албатай хийнэ.” гэж зааснаас үзвэл уг дүгнэлт нь “Ц” ХХК-иас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөд эрх зүйн шууд үр дагаварыг үүсгэж байгаа хүчин төгөлдөр захиргааны акт байна.
Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар “Гаалийн төв лаборатори шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлтээ гаргаагүй” гэж гомдол гаргажээ.
Гаалийн ерөнхий газраас нүүрсний талбайгаас дахин дээж авч, “Ханлаб” ХХК болон “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” лабораториудаар шинжилгээ хийлгэж , барьцалдах чадвар нь коксжих болон сул коксжих нүүрсний стандартыг хангаагүй гэсэн үндэслэлээр “Ц” ХХК-ийн нүүрсийг өдөр тутам шинжилдэг “Бюреау Веритас Монголиа” ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүнг ирүүл гэсэн байна .
Гаалийн тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дахь заалтуудаас үзвэл шинжээчийн дүгнэлт тодорхой бус, бүрэн гүйцэд гараагүй тохиолдолд дүгнэлт гаргасан шинжээч, эсхүл өөр шинжээч, байгууллагаар нэмэлт магадлан шинжилгээг, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэх хуулийн зохицуулалттай байна.
Мөн Хүрэн ба чулуун нүүрс антрацит, дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох арга MNS 0654:1979 Монгол улсын стандартын 4.7-д зэрэгцээ хоёр туршилтаар тодорхойлсон үр дүнгийн хоорондох зөрүү 4.6-р зүйлд заасан /0.5/ хэмжээнээс илүү байвал гурав дахь туршилтыг хийнэ гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт буюу Геологийн төв лабораторийн дүгнэлтэд маргаагүй зөвхөн уг дүгнэлтийг үндэслээд барааны ангиллын кодыг буруу тодорхойлсон гэж маргаж байхад Гаалийн ерөнхий газар дээрх шаардлагыг тавьсан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд шинжилгээ үнэн зөв хийгдсэн, шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа удаа дараа илэрхийлжээ.
Мөн “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын Гурав-т дээж авах журмыг заасан байх бөгөөд дээж авсан үйл явц болон шинжилгээний дүнтэй маргаагүй байхад манай компанийн шинжилгээ хийдэг лабораторийн дүгнэлтийг шаардаж байгаа нь хууль бус, түүнчлэн зэрэгцээ 2 өөр дээжийг хооронд нь жиших боломжгүй, тухайн дээжийн шинжилгээний дүн тухайн дээжид л хамааралтай гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шинжилгээний дүнтэй маргаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Бюреау Веритас Монголиа” ХХК-ийн лабораторийн дүгнэлтийг шаардан гаргуулаагүй болно.
Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Цагаан-Өвөлжөө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүн буюу дэгдэмхий бодисын гарц 28.3% гэж гарсан үзүүлэлтийг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.3, 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 252.8, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Цагаан-Өвөлжөө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүн буюу дэгдэмхий бодисын гарц 28.3% гэж гарсан үзүүлэлтийг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатороос 70200 төгрөгийг гаргуулж, “Цагаан-Өвөлжөө” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ