Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 228

 

Ч.Бээжинхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Банзрагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар магадлалтай, Ч.Бээжинхүүгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Бээжинхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Ихэр нева” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн өмнөөс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 тоот тушаалын хавсралтын тодорхой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн дагуу тус шүүхээс захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэн нь дангаараа Компанийн тухай хууль болон Компанийн дүрмийг зөрчин 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр буюу намайг нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн жилийн дараа компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Мөнхжаргалыг томилсон.

Ч.Мөнхжаргал нь хууль бусаар гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа “Ихэр нева” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг шүүх 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хангаж шийдвэрлэсэн. Гэхдээ шүүхээс Ч.Бээжинхүү намайг компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан билээ. Иймд Ч.Бээжинхүү би “Ихэр нева” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасанчлан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх журмыг “хэрэглэх боломжтой” гэж үзэхгүй байна. Учир нь анх би “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэнгийн хууль бус үйл ажиллагаанд гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот албан бичгээр “Б.Лхагвасүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу авсан бөгөөд үүний дагуу компанийн гүйцэтгэх захирал Ч.Бээжинхүү миний гаргасан нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүх энэхүү маргааныг үүсгэсэн. Иймд “Ихэр нева” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэсэн үндэслэл нь одоо гаргаж буй миний нэхэмжлэлд мөн адил хамаарах юм.

Түүнээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гаргасан тушаалын талаар дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Засгийн газар, Ерөнхий сайдад хандан гомдол гаргах боломжгүй юм. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй гэж үзэж байна. “Ихэр нева” ХХК нь 2008 оны 201 тоот Байгаль орчны сайдын тушаалын дагуу Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 661 дүгээр гэрчилгээгээр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших Богд-Хан уулын Зайсангийн аманд 3.3 га газрыг ашиглах эрхийг авсан юм.

Гэтэл манай компанийн уг газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 тоот тушаалаар “Далай-Омбо” ХХК-д шилжүүлсэн нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр бөгөөд уг шийдвэрийн улмаас “Ихэр нева” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч миний Компанийн тухай хууль, тус компанийн дүрэм, холбогдох гэрээгээр хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг маань зөрчиж байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна.

Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дагуу газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэхийг хориглодог. Тухайлбал Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлээр газар ашиглагчид хориглох үйл ажиллагааг зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1-д газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж нь “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглах”-ыг хориглосон байдаг. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ” гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Харин Газрын тухай хуулийн 35.1.4 буюу газар ашиглагчийн эдлэхгүй эрх нь “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” юм. Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зөвхөн эзэмших эрхийг шилжүүлэх тухай зохицуулалт байдгаас газар ашиглах эрхийг шилжүүлэх тухай зохицуулалт байхгүй. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 тоот тушаал нь дараах байдлаар дээр дурдсан хуулийн зүйл, заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, А-138 гэсэн дугаар бүхий нэг захиргааны актаар газар ашиглах эрхийг дуусгавар болгон мөн уг газрыг ашиглах эрхийг өөр этгээдэд олгосон нь газар ашиглах эрхийг шилжүүлсэн болохыг нотолдог. Уг тушаалын 1 дэх заалтаар “Ихэр нева” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлан, харин хоёр дахь заалтаараа тухайн газрыг “Далай Омбо” ХХК-д олгосон байдаг.

Хэрэв газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа бол Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.2-т заасан үйл ажиллагаа хийгдсэн байх ёстой. Мөн шинээр газар ашиглах эрх олгож байгаа бол Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 2, 3 дугаар заалтад заасан журмын дагуу газар ашиглуулах тухай акт гарах ёстой. Гэтэл эдгээрийг зөрчин нэг актаар хоёр эрх зүйн үр дагавар үүсгэсэн нь үнэн хэрэгтээ газар ашиглах эрхийг нэг компаниас нөгөө компанид шилжүүлсэн болох нь илэрхий байна.

Сайдын тушаалын үндэслэл нь “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэнгийн хүсэлт /2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот/ байдаг. Уг хүсэлтэд “...уг газартай холбоотой “Далай Омбо” ХХК-ийн захирал Л.Золбоогийн гаргасан хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлж байгаа бөгөөд дээрх газрыг ашиглах “Ихэр Нева” ХХК-ийн гэрчилгээг цуцалж “Далай-Омбо” ХХК-д олгоход манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно” гэснээс үзвэл уг хүсэлт нь өөрийн компанийн ашиглаж буй газрыг бусад компанид шилжүүлэхийг хүссэн нь илэрхий байна. Гэтэл хүсэлтийг үндэслэн газар ашиглах эрхийг бусад компанид шилжүүлэх, “шинээр олгох” хууль зүйн үндэслэл байхгүй. Сайдын тушаалын эрх зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь уг зүйлд “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр газар эзэмших буюу ашиглах эрх дуусгавар болохоор заасан. Гэтэл “Ихэр Нева” ХХК-ийн хүсэлтэд “...уг газартай холбоотой “Далай Омбо” ХХК-ийн захирал Л.Золбоогийн гаргасан хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлж байгаа бөгөөд дээрх газрыг ашиглах “Ихэр нева” ХХК-ийн гэрчилгээг цуцалж “Далай Омбо” ХХК-д олгоход манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно” гэснээс үзвэл энэ нь газар ашиглагчийн газар ашиглах гэрээг цуцлах тухай хүсэлт биш харин гэрчилгээг цуцлах тухай хүсэлт байна. Хамгийн гол нь “Ихэр нева” ХХК-ийн газар ашиглах гэрээг тус компанийн захирал Ч.Бээжинхүү хийсэн байдаг бөгөөд хүсэлт тавих үед тэрээр захирал хэвээрээ байсан. Иймд гэрээг цуцлах эрх бүхий этгээд нь Ч.Бээжинхүү юм.

Гэтэл тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэн нь дангаараа шийдвэр гаргаж, захирал Ч.Бээжинхүүгийн өмнөөс “-г” хэмээн гарын үсэг зурсан нь тус компанийн газар ашиглах гэрээг цуцлах эрхгүй этгээд байсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 34.1, 59-66, 68, 89, 91, 92 зэрэгт заасан хувьцаа эзэмшигчийн эрх, гүйцэтгэх захирлын эрх, мөн тус компанийн дүрмийг зөрчсөн хууль бус шийдвэр юм. “Ихэр нева” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь би бөгөөд уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ анх газар ашиглах эрхийг компанийнхаа нэр дээр авсан юм. Ингээд уг газар дээрээ аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж барих зураг төсөл хийлгээд цаашид хамтран ажиллахаар “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнтэй 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн.

Уг гэрээгээр Б.Лхагвасүрэн нь компанид хөрөнгө оруулсныхаа төлөө компанийн хувьцааны 60 хувийг эзэмших, Ч.Бээжинхүү нь 40 хувийг эзэмших, мөн гэрээний 1.3-т “компанийн нэр дээр олгогдсон тусгай зөвшөөрөл, газар ашиглах эрх нь зөвхөн компанийн нэр дээр хадгалагдана” гэсэн үүрэг хүлээсэн. Гэтэл Б.Лхагвасүрэн нь уг гэрээ болон дээр дурдсан Компанийн тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчин өөрийн төрсөн хүү Л.Золбоо болон өөрөө хувьцаа эзэмшдэг “Далай-Омбо” ХХК-д манай компанийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн юм. “Далай-Омбо” ХХК нь манай компанийн гэрээ, гэрчилгээг ашиглан өөрийн компанийн нэр дээр хуурамч гэрээ, гэрчилгээ үйлдэн мөн манай компанийн аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж бариулахаар зохиолгосон байсан зураг төсөл болон бусад баримт бичгийг өөрийн компанийн нэр дээр болгон скайнердаж барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар авч “орон сууцны зориулалтаар” барилга барьж эхэлсэн байдаг.

Энэхүү “Далай Омбо” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 277 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хуурамч газар ашиглах гэрчилгээг үндэслэн гарсан, өөрөөр хэлбэл газар ашиглах эрхгүй этгээд барилга барих зөвшөөрөл авсан байдаг. Энэ бүх бодит нөхцөл байдлууд нъ “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэн нь компанийн газар ашиглах эрхийг өөрийн хүү Л.Золбоогийн компанид зориуд, зохион байгуулалттайгаар өөртөө ашигтайгаар шилжүүлсний улмаас хувьцаа эзэмшигч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болохыг нотолж байгаа юм.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон бодит нөхцөл байдлыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалт, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтуудыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Газар ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 03-ны А-138 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан байдаг.

Газар ашиглах шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын албан ёсны хүсэлт, холбогдох материалуудыг үндэслэн гаргадаг. Тэдгээр баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд хуулиар эрх олгогдоогүй. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй, хэн төлөөлөх төлөөлөхгүй талаарх иргэний маргаантай асуудлыг бид шалган тогтоох боломжгүй. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хууль ёсны дагуу гаргасан хүсэлтийг үндэслэн газар ашиглах шийдвэр гаргаж байгааг анхаарах нь зүйтэй, “Далай Омбо” ХХК-д газар ашиглуулах шийдвэрийг гаргахдаа дараах хүсэлт материалуудад үндэслэсэн байдаг.

Үүнд, Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд гаргасан “Далай Омбо” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 тоот “2008 оны 8 дугаар сарын 25-ны 661 гэрчилгээг цуцалж, өөрийн нэр олгох тухай” хүсэлт, Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд гаргасан “Ихэр нева” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот “манай ашиглах эрх бүхий 3.3 га газрын гэрчилгээг цуцалж, “Далай Омбо” ХХК-д олгоход татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт, Төрийн хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга, мэргэжилтэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Хүрэлсүх болон гуравдагч этгээдийн төлөөллийг байлцуулан хийсэн 2013 оны 5 дугаар сарын 14-ний хурлын тэмдэглэл, 2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг бусад хангалттай баримт материал байдаг.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд “Далай Омбо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Далай Омбо” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын /хуучнаар/ 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 тоот тушаалын үндсэн дээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богд-Хан уулын Зайсангийн аманд 3.3 га газрыг хууль ёсоор ашиглаж байгаа болно.

Ч.Бээжинхүү нь 2008 онд “Далай Омбо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Золбоотой дээрх газарт 650 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж урьдчилгаа 400 мянган ам.долларыг төлсний дараа гэрчилгээг манай нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцон, урьдчилгааг төлсөн хэдий ч өөрийн “Ихэр нева” ХХК-ийн нэр дээр газрын гэрчилгээг гаргаж аваад алга болсон бөгөөд тухайн үед залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн тул “Далай Омбо” ХХК-ийн захирал Л.Золбоогийн эцэг Б.Лхагвасүрэн Цагдаагийн байгууллагад хандсанаар Цагдаагийн байгууллага дээр түүний гуйлтаар эвлэрлийн гэрээ байгуулан урьд хэлсэн ёсоор газраа шилжүүлэхээ амлаж баталгаа болгож “Ихэр нева” ХХК-ийн хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлэн тамга тэмдэгтэй нь хүлээлгэн өгсөн учир, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө татан авсан юм.

Ч.Бээжинхүү нь дээрх хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой дагалдаж ирэх бусад зүйлийг хууль ёсоор шилжүүлээгүй, энэ талаар уулзахыг хүссэн ч янз бүрийн хүмүүс явуулан өөрөө үргэлж худал хэлэн зугтаадаг атал шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргаж ёс суртахуунгүй хандаж байгаад харамсалтай байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ашиглах эрхтэй газрыг эзэмших эрхтэй газар шиг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу шилжүүлсэн мэтээр тайлбарлажээ. Гэтэл бодит байдал дээр угаас газар ашиглах эрхийг шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд газар ашиглах эрх бүхий “Ихэр нева” ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах хүсэлт гарган хууль тогтоомжийн дагуу хүсэлт гаргасан учир Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалаараа “Далай Омбо” ХХК-д газар ашиглах эрх олгосон юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь Ч.Бээжинхүүгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/132 дугаартай албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандаж түүний дагуу яамнаас 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7/2716 дугаар албан бичгээр хариу өгсөн ба түүнээс хойш дахин уг асуудлаар гомдол гаргаагүйгээр тогтоогдож байгаа билээ.

Уг нөхцөл байдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдолд хамаарах юм. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан явдал нь тухайн этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдана гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-138 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтын “Ихэр нева” ХХК-д, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтын “Далай Омбо” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 287 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар иргэн Ч.Бээжинхүүгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, иргэн Ч.Бээжинхүүгийн “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтын “Ихэр нева” ХХК-д, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтын “Далай Омбо” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын үндэслэл нь “Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. 3.3, 9.2. 9.3, 86.1, 86.2 гэх заалтуудаас үзвэл компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн шийдвэр гаргах

ажиллагаанд өөрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр оролцдог байх, хувьцаа эзэмшигчийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл тухайн компанийн холбогдох буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх эрхийг тусгайлан зохицуулж өгснөөс бус хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, тухайлбал, компанийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг бие даан эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх эрх олгогдоогүй байна.

Эндээс дүгнэвэл ““Ихэр нева” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, бусдад шилжүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалд иргэн Ч.Бээжинхүү хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй” гэснийг дараах тайлбараар үгүйсгэж байна.

Компанийн тухай хуулийн дээрх заалтууд нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын, эсхүл компани болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын, түүнчлэн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны хоорондын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан хувийн эрх зүйн хэм хэмжээ бөгөөд хувьцаа эзэмшигч буюу компани, захиргааны байгууллага хоорондын харилцааг уг хуулиар зохицуулаагүй, зохицуулах ч үндэслэлгүй юм. Нэгэнт хуулийн зорилго өөр учир эдгээр заалтууд нь компанийн хувьцаа эзэмшигчийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллага болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Харин ч Компанийн тухай хуулийн 86.2-т заасны дагуу компани болон компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Тэгвэл хувьцаа эзэмшигчийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байх нь ойлгомжтой. Гэтэл шүүх магадлалдаа компанийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн компанийн удирдлагаас хохирлоо нөхөн төлүүлэхийг л шаардах эрхтэй, харин захиргааны хууль бус үйл ажиллагааг дуугүй хүлээн зөвшөөрөх ёстой мэтээр тайлбарласан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэхдээ мөн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-т заасныг удирдлага болгон Ч.Бээжинхүүг “хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэжээ. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу “хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох” бөгөөд хувьцаа эзэмшигч нь энэхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй. Тэгвэл “Ихэр нева” ХХК-д байсан цорын ганц эд хөрөнгийн эрх нь маргаан бүхий газрыг ашиглах эрх юм. Энэхүү газрыг ашигласнаар олох орлого ашгийг уг компанийн хувьцаа эзэмшигчид, тухайлбал нэхэмжлэгч Ч.Бээжинхүү авах эрхтэй.

Гэтэл энэхүү эрх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж байхад шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчөөгүй гэж үзсэн нь бодит байдлаас хэтэрхий зөрсөн дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч Ч.Бээжинхүү нь энэхүү маргаантай холбоотой анхны нэхэмжлэлээ гаргах үед, одоо ч “Ихэр нева” ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирал байгаа. Иймээс тэрээр дээр дурдсан хувьцаа эзэмшигчийн хувьд ч, гүйцэтгэх захирлын хувьд ч өөрийн болон компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалын нэгдүгээр заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын “Зайсангийн ам”-нд аялал жуулчлалын зориулалтаар 3.3 га газар ашиглах “Ихэр нева” ХХК-ийн эрхийг цуцалж, хоёрдугаар заалтаар уг газрыг ашиглах эрхийг “Далай Омбо” ХХК-д олгожээ.

Нэхэмжлэгч Ч.Бээжинхүү нь “тусгай хамгаалалттай газрын газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэхийг хуулиар хориглосон, “Ихэр нева” компанийн хувьцааны 60 хувийн эзэмшигч Б.Лхагвасүрэн нь компанийн захирлын нэрийн өмнөөс хууль бусаар хүсэлт гаргасан, хуурамч баримт үйлдэж барилга барих зөвшөөрөл авч газар дээр барилга барьсан, үүний улмаас тус компанийн хувьцааны 40 хувийг эзэмшдэг миний хууль, дүрэм, гэрээгээр хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Ихэр нева” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч, үүсгэн байгуулагч Ч.Бээжинхүү болон иргэн Б.Лхагвасүрэн нар 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, Б.Лхагвасүрэн нь компанид 400000 ам.долларын хөрөнгө оруулах, Ч.Бээжинхүү нь компанийн хувьцааны 60 хувийг түүнд шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, уг гэрээ нь хэрэгжсэн, хувьцаа эзэмшигч нэмэгдсэнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулсныг 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 2015 оны 2 дугаар 16-ны өдрийг хүртэл Ч.Бээжинхүү байсан зэрэг нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ч.Бээжинхүү нь “Ихэр нева” ХХК-ийг төлөөлөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Байгаль орчин, ногоон  хөгжлийн сайдын гаргасан дээрх тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тус компанийн шинээр томилогдсон захирал Ч.Мөнхжаргал нь уг нэхэмжлэлээс татгалзсаныг шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд ингэж шийдвэрлэснээр маргаантай тухайн  асуудлаар “Ихэр нева” ХХК-ийн хувьцааны 40 хувийг эзэмшигч Ч.Бээжинхүүгийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй гэж үзжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Байгаль орчны /хуучнаар/ сайдын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 201 дүгээр тушаалаар иргэн Ж.Цэрэндагвад олгогдсон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс “Зайсангийн ам”-ны 3.3 га газар ашиглах эрхийг түүний үүсгэн байгуулсан “Ихэр нева” ХХК-ийн нэр дээр шилжүүлсний дагуу тус компани нь улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 661 дүгээр гэрчилгээ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан газар ашиглах гэрээний үндсэн дээр маргаан бүхий газрыг ашиглаж байсан нь тогтоогджээ.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ” гэж, 86 дугаар зүйлийн 86.1-д “компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Компанийн хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон үндсэн эрх болон компанийн дүрмээр тогтоогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан нь иргэний эрх зүйн маргаан боловч компанийн хувьцаа эзэмшигч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо захиргааны байгууллагын актын улмаас зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцсэн байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Ч.Бээжинхүүгээс шаардлага, үндэслэлээ “төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй нөгөө хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэн нь компанийн захирал миний нэрээр хүсэлт гаргасан, газар ашиглах эрхийг шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэж тодорхойлж, “газар ашиглах эрхийг шилжүүлсэн” захиргааны акттай маргасан байхад давж заалдах шатны шүүх нь энэ маргаанд хамааралгүй, хэрэглэх ёсгүй “компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, хүлээх хариуцлага, хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигч болон компанийн эрх бүхий албан тушаалтанд холбогдуулж компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах харилцаа”-г зохицуулсан Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэж, улмаар Ч.Бээжинхүүг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Зүй нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын шийдвэр гаргах ажиллагаа нь хууль, эрх зүйн актаар тогтоогдсон журмын дагуу явагдсан эсэхийг хянаж, маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхээс хамаарч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эс хангах талаар шийдвэр гаргах учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Ихэр нева” ХХК нь өөрийн эзэмшдэг “улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 661 дугаартай гэрчилгээ”-г цуцлуулах асуудлаар тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Бээжинхүү, Б.Лхагвасүрэн нар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлээгүй, компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Бээжинхүү нь “цуцлах хүсэлт” гаргах эрхийг Б.Лхагвасүрэнд олгоогүй, “Ихэр нева” ХХК-ийн захирал Ч.Бээжинхүү гэдэг нэрийн өмнө “г”-ийг гэж гарын үсэг зурагдсан уг хүсэлтэд “уг газартай холбоотойгоор “Далай Омбо” компанийн захирал Л.Золбоогийн хүсэлтийг хүлээн авч,” Ихэр нева” компанийн газар ашиглах гэрчилгээг цуцлан, ”Далай Омбо” компанид олгоход татгалзахгүй” гэж, “Далай Омбо” ХХК-ийн гаргасан хүсэлтэд “...2007 онд Ч.Бээжинхүүтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн “Ихэр нева” компанийн 661 тоот гэрчилгээг цуцалж, “Далай Омбо” компанид олгож өгөхийг хүсье” гэж дурдсан зэрэг нь тогтоогджээ.

Үүнээс үзвэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гаргасан 2013 оны А-138 дугаар тушаал нь “Ихэр нева” ХХК-ийн захирлыг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтэд үндэслэсэн, “Ихэр нева”, “Далай Омбо” компаниудын “хөрөнгийн маргаан”-тай асуудлыг зохицуулсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхтэй этгээдэд ашиглах гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байхад үүнийг зөрчиж гаргасан хууль бус шийдвэр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ         

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ