Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 2020          03           30                                      2020/ШЦТ/276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2009001700147 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монголын усны форум ус хэлц” ТББ-д оффис менежер ажилтай, ам бүл-2, найз залуугийн хамт тоотод түр оршин суудаг,

          2019 оны 01 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ц.Д /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Репаблек" гэх ресторанд зөөгч ажилтай Б.Ариунзултай төлбөр тооцооны асуудлаас үүдэн маргалдаж, улмаар тус рестораны гадна Б.Ариунзулын дух, зүүн нүд, шанаан тус газарт нударч цохих, маажих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг орчим, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 10 цаг өнгөрч байхад ресторан орж үйлчлүүлсэн. Манай найзууд ер нь орж үйлчлүүлдэг тул  тийшээ дагаж орсон. Ороход Ану гэх эмэгтэй сууж байсан ба бид нар тек рүү тооцоо хийхээр явсан. Манай найзууд тооцоо бичдэг газар гэж байсан. Төлбөрийн баримтаа авахад 2 сэнгүр, 1 текила шот нийлээд 17.500  төгрөг гарна гэж хэлсэн. Гэтэл төлбөрийн баримтан дээр 27.500 төгрөг гарсан байсан. Тэр хүн нь дахиад 2 пиво авсан гэж хэлэхэд би аваагүй гэсэн. Би тухайн үед найз залуугаа 2 пиво авсан гэдгийг мэдээгүй тооцоог нэмж бичсэн гэж ойлгосон. Ариунзул, Анударь нар нь намайг “төлбөрийн чадваргүй гуйлгачин, ийм байсан юм бол яах гэж үйлчлүүлсэн юм бэ” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би найз залуугаа 2 пиво авсныг мэдээд тооцоогоо бүтнээр нь төлж хохирогчоос уучлалт гуйгаад түрүүлээд гарсан. Араас манай найз залуу гарч ирэх хооронд Ариунзул, Анударь нар текний хажуу талын хаалгаар терраза руу гарсан байсан. Намайг гарахад өмнөх шигээ хэл амаар доромжлоод над руу заагаад чичлэж, инээгээд яриад байсан. Би Ариунзул дээр очоод “чи яагаад түрүүнээс хойш намайг доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд нүүрэн тус газар сарвайсан. Маажсан гэмтлийг учруулсан гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Гэрч нарын мэдүүлэг өгснөөр би самардаж, заамдаж, ноцолдоогүй. Хэрвээ тэгсэн бол тэр газар нь хажуу тийшээ харсан том цонхтой байсан. Ийм том асуудал үүссэн бол дотор сууж байсан манай найз нар харах байсан. Би хохирогчийг өмнө нь таньдаг байсан ба хоорондоо муудалцаж байгаагүй. Би гараа сарвайгаад Зулаа руу харахад духан дээр нь цусны нарийн зураас үүссэн байхаар нь би уучлалт гуйсан. Надад Зулааг цохиж зодох ямар ч бодол байгаагүй. Тэгээд би Зулаагаас холдсон. Төгсбилгүүн гэх бармен залуу нь текний хажуу талын Ариунзул, Анударь нарын гарч ирсэн хаалгаар гарч ирсэн. Тэр залуу Зулааг аргадаад зогсож байсан. Тэнд байсан эмэгтэйчүүд над руу дайрсан ба энэ үйл явдал хурдан болсон. Тэр хооронд манай найз залуу гарч ирсэн. Анударь цагдаа дуудна гэсэн. Би цагдаа ирээд асуудлыг шийдвэрлэх байх гэсэн чинь ямар нэгэн асуудал үүсээгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би Ариунзул дээр очоод чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гээд  гараараа нүүр рүү нь заахад Ариунзул хойшоо ухарсан. Тэгсэн чинь Ариунзул уйлаад чи манайхаар дахиж битгий үйлчлүүлээрэй гээд уйлахаар нь би яанаа уучлаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

Хохирогч Б.Ариунзулын мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед би ажлаа хийж байтал манай ресторанд үйлчлүүлж байсан зүс таних Даваадулам гэх эмэгтэй нэг эрэгтэйн хамт үйлчлүүлж байгаад тооцоогоо авъя гэсэн. Тэгэхлээр нь би тооцоог нь бодож өгтөл тэр эмэгтэй буруу бодсон байна, илүү мөнгө нэмчихсэн байна гэх мэтээр маргаан үүсгээд байсан ба над руу уусан архиныхаа шотыг шидчихсэн. Гэхдээ намайг онолгүй газар унасан. Тэгэхлээр нь би өөр хүмүүс үйлчлүүлж байна, аятайхан үйлчлүүлээч ээ, таньдаг зүс мэддэг байлаа гээд төлбөр авахгүй байна гэсэн асуудал байхгүй шүү дээ гэж хэлтэл над руу муухай хараад суугаад байсан. Ингээд би Ану эгчтэй хамт тамхи татах гээд гадаа гартал Даваадулам гэх эмэгтэй араас гарч ирээд бид хоёр луу инээгээд ирж байхаар нь уучлалт гуйх гэж байна гэж бодтол ирээд шууд миний дух, зүүн нүд орчимд гараараа нудраад маажчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

 

Гэрч Ш.Төгсбилгүүний “...би өөр хүмүүсээс тооцоогоо авах гээд явсан байх хойгуур эмэгтэй нь ширээн дээр байсан архины жижиг шотыг Ариунзул руу шидсэн ба оносон эсэхийг мэдэхгүй байна. Ингээд бөөн хэрүүл болоод эрэгтэй нь тооцоогоо төлсөн ба Ариунзул тамхи татахаар гадаа гарсан байсан нөгөө тооцооны хэрүүл хийгээд байсан эмэгтэй Ариунзулыг заамдаад зогсож байсан ба би очоод салгатал Ариунзулын нүүр нь цус болчихсон, маажуулсан байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

 

Гэрч Э.Анударийн “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой би Репаблик нэртэй пабын баарны ард талд зогсож байтал нэг шил хагарч дугарах шиг болсон. Тэгэхээр нь харахад Зулаа гэн тэнд ажилладаг охин руу нэг эмэгтэй шил шидсэн байсан. Тэгэхээр нь би очоод Зулааг аваад наад эмэгтэй чинь согтуу байна гарч тамхилъя гээд аваад гартаа нөгөө шил шидсэн эмэгтэй араас гүйж ирээд Зулаагийн нүүр хэсэгт маажчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

 

Шинжээч эмч Т.Сэлэнгийн “...зүүн хөмсөг орчим, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хумс нь мохоо зүйл хамаарна. Тухайн өвчтөний үзүүлэгчийн зовиур, үзлэг, шинжилгээг үндэслэж тархи доргилт гэмтлийг тогтоосон, өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1077 тоот актын “…Хохирогч Б.Ариунзулын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөг орчим, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэн боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-13/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-19/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирлын баримт /хх-50-52/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-49-51/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-61-62/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Репаблек" гэх ресторанд зөөгч ажилтай Б.Ариунзултай төлбөр тооцооны асуудлаас үүдэн маргалдаж, улмаар тус рестораны гадна Б.Ариунзулын дух, зүүн нүд, шанаан тус газарт нударч цохих, маажих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг орчим, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Ариунзул, гэрч Ш.Төгсбилгүүн, Э.Анударь нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1077 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ц.Дын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.   

Шүүгдэгч Ц.Дын хохирогч Б.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Дын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад компьютерт томографийн оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт нэхэмжилснийг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

Харин хохирогч Б.Ариунзул нь сорви арилгуулна гэж 1.725.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гэж 264.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн хэдий боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх эдгээр нэхэмжлэлүүдийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ц.Дын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч Б.Ариунзул нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй. 

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР