Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.А

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2019 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын Ланжоу мужын Жиу чуаны техникийн коллежийн ... курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суух, Х овогт Д.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэлгүй 100 граммын савалгаатай 10 ширхэг, 1 кг “Декстореторфан гидробромид” гэх бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би БНХАУ-ын Гансу мужийн Жиу чуан хот дахь Жиу чуаны техникийн коллежоос ирсэн тодорхойлолтоо БНХАУ-ын Эрээн хотын шуудангаас авах ажлаар 2019 оны 06 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирээд тэр өдрөө улсын хилээр гараад БНХАУ-ын Эрээн хот руу 09 цагийн үед ороод Б өгсөн хятад утасны дугаараар нь холбогдоход өвөрмонгол эрэгтэй хүн утсыг нь авсан тэгээд “Б илгээмжийг авах гэсэн юмаа” гэсэн чинь тухайн үедээ буудлын нэр хэлж байсан, таксины жолоочтой цаад хүн нь холбогдоод хаяг зааж өгөөд нэгэн зочид буудлын урд уулзахад 30-35 орчим насны өвөрмонгол эрэгтэй хүн надад жижиг цаасан хайрцганд хийсэн зүйл өгөөд, “бичиг баримт нь энэ” гээд тусдаа хавтастай бичиг баримт өгсөн. Тэгээд сургуулиасаа ирсэн тодорхойлолт илгээмжээ аваад 14 цагийн үед зээлийн гаднаас УАЗ-31512 маркийн автомашинд суугаад БНХАУ-ын хилээр гараад Монгол улсын хил дээр ирээд штамбаа даруулчихаад авч явсан гар тээшээ шалгуулахад гаалийн байцаагч нь “юу байгаа” талаар асуусан. Тэгээд би “миний хувцас, эд зүйл байгаа мөн илгээмж түүний дагалдах бичиг баримт байгаа гээд үзүүлсэн чинь өвөрмонгол хүний өгсөн илгээмжийг тусгайлан шалгах шаардлагатай гэж үзээд лабораторийн шинжилгээнд явуулна гээд холбогдох шалгалтыг хийсэн. Миний бие тухайн эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгааралсан бараа гэдгийг мэдээгүй, найздаа тус болох гээд энэ илгээмжийг нь авсан юм гэжээ. /хх-ийн 49-50/

Шүүгдэгч Д.А шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 02-нд Эрээн хотоос Н-н илгээмжийг аваад хилээр гарч байгаад саатуулагдсан. Миний авч явсан илгээмж нь улсын хилээр зорчигч импортлож болохгүй бодис байсан юм билээ. Миний өөрийн хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Н ээжийн хамт гуйгаад байсан учир өөр хүний нэр хэлсэн юм. Миний байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оноож өгнө үү гэв.   

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Нөхөр маань 2019 оны 01 сард нас барсан. Түүнээс хойш би 2-21 насны 4 хүүхдийн хамт үлдсэн. Ингээд 2019 оны 05 сард би гоо сайханы салон ажиллуулдаг дүүтэйгээ хамтарч ажиллах гээд интернетээр дамжуулж сайтаас Glutathione гэх нэршилтэй бодисыг захиалсан. Ингээд өөрийн хүү Н-с “ээж нь урдаас илгээмжээ авмаар байна. Наашаа явах хүн байвал захичихмаар байна” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө бие өвдөөд эмчилгээ хийлгэж байсан тул тариа маань тасрах гээд байсан тул өөрөө явж чадаагүй. Хэд хоногийн дараа хүү маань надад хэлэхдээ “РС тоглодог  Б гэж хүүхэд байдаг юм. Тэр хүүхэд урагшаа явах хүн байна уу асууж өгье гэж надад хэлсэн” гэсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа миний хүү Н-н утас руу А гэх хүүхэд залгасан. Тэр хүн “би илгээмжийг чинь авч явж байгаад гааль дээр саатуулагдчихлаа. Би өөрөө утсаа гээгдүүлсэн. Гаалийн байцаагчийн утсаар ярьж байна” гэж хэлсэн. Ингээд би тухайн утасны эзэн гаалийн улсын байцаагч Б гэх хүнтэй холбогдож юу болсон талаар асуухад “Таны энэ илгээмж чинь эмийн хэрэгсэл байна. Энэ бодисыг оруулах аж ахуй нэгжийн зөвшөөрөлийг чинь хугацаа дууссан байна. Үүнийг хувь хүн импортлох ёсгүй. Та бичиг баримтаа бүрдүүлж байж бараагаа аваарай. Би энэ зүйлийг чинь өөр дээрээ хадгалах боломжгүй тул материалын хамт прокурорт өглөө” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хүнээс “би одоо ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ” гэхэд “тухайн барааг хилээр нэвтрүүлэх аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, байгууллагын лицензийг явуулаарай. Энэ А гэх хүн чинь холбогдох утасны дугааргүй юм байна.” гэсэн. Би А-тэй тэр өдөртөө гаалийн байцаагчийн утсаар холбогдож байсан. Хэрэг прокуроор руу шилжсэнээс хойш аль алинтай нь холбоо тасарсан. Би өөрөө тухайн барааг захихдаа Ц ХХК-ний бичиг баримтыг ашигласан ба үүнийг Ц ХХК мэдэхгүй тул тухайн компани дээр  яаж очихоо мэдэхгүй байсан. Манай нөхөр 2017 онд уг бичиг баримтаар энэ бодисыг  оруулж ирж байсан тул болох л юм байх гэж бодсон. Тэгээд би 1 дүгээр эмнэлгийн урд байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төв гэх газарт очиж уулзаад “би ийм зүйлийг интернетээс захиалж авсан юм. Тэгтэл гааль дээр хураагдаж байна. Энэ лицензийг авахад яах ёстой вэ” гэж асуухад “хувь хүн дээр лиценз олгогдохгүй, та албан газар, аж ахуйн нэгжээр дамжуулж лиценз авах боломжтой. Энэ бодисыг импортлоход 100 гр-ыг л оруулж ирэх зөвшөөрөлтэй байдаг” гэж хэлсэн. Ингээд би яах учраа олохгүй, хаана хэнтэй уулзахаа мэдэхгүй байсаар 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн. Би тухайн барааг гоо сайханы масканд хольж ашилгах гэж интернетээр захиалсан юм гэжээ. /хх-ийн 29-31/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сард ээж маань Alibaba.com нэртэй сайтаас Glutathione гэх нэршилтэй зүйлийг 10 уут буюу 1 кг-ыг захиалсан. Тухайн бараа нь хямдраад 1 кг нь 200 доллар болсон байсан. Гэрийнхээ хаягаар захиалах гэсэн боловч үнэтэй байхаар нь хятад дотороо хүргэлт хийлгэхээр болсон. Ингэхдээ Эрээнээс Монгол руу ачаа бараа явуулдаг каргоны ажилтаны хаягийг өгсөн юм. Тухайн ажилтан нь өвөрмонгол хүн байсан ба би тэр хүнийг танихгүй боловч ээжийнхээ өмнөөс we chat-аар хүсэлт явуулж бараагаа авахуулсан. Ингээд ээж маань “Эрээнээс бараагаа авмаар байна. Явах хүн байна уу” гэж асуухаар нь би өөрийн зүс таних Б гэж найзаасаа “БНХАУ-руу явах хүн байна уу? эрээнээс илгээмж авч ирүүлэх гэсэн юм” гэж асуусан. Б эгч нь гэр ахуйн барааны дэлгүүртэй тул Б барааг нь авахаар үе үе БНХАУ-ын Эрээн хот руу явдаг гэж надад хэлж байсан. Ингээд би түүнийг Эрээн хот руу явж магадгүй гэж бодоод асуусан. Тэгтэл Б “би хэд хоногоос явна” гэж байсан боловч өөрөө яваагүй миний илгээмжийг А гэх хүнд захисан байсан. Ингэхдээ А-д миний утасны дугаарыг өгсөн байсан гэжээ. /хх-ийн 32-33/

Шинжээч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 100 граммын савалгаатай 10 ширхэг /1 кг/ эд зүйлийг хүлээн авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторит дэжийг хүргүүлж шинжлүүлэхэд “Декстореторфан гидробромид” болох нь тогтоогдсон ба энэ нь ханиалгын төвийг дарангуйлах ханиалага намдаах үйлчилгээтэй эмийн түүхий эд байсан. Эм эмнэлэгийн хэрэгсэлийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаар эм эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм эмнэлэгийн хэрэгслийг экспортлох, импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байдаг, тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд нь Монгол улсын хилээр эм, эмийн түхий эд, биологийн идвэхит бүтээгдэхүүн, онош багаж тоног төхөөрөмж зэргийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байна гэж заасан байдаг гэвч “Декстореторфан гидробромид” гэх нэртэй эмийн түүхий эд нь бүртгэлгүй байна. Иймд “Декстореторфан гидробромид” нэртэй эмийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдээгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 117-119/     

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/

Замын-Үүд дэх гаалийн газар Гаалийн салбар лабориаторийн дүгнэлт /хх-ийн 10-14/

Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /хх-ийн 21/

Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24/

Шинжээчийн 2019 оны 07 сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 38-42/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, ... дугаартай гадаад энгийн паспорт, иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 52, 57-59/

А ХХК-ны бодисын үнэлгээ /хх-ийн 92-94/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 114/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэлгүй 100 граммын савалгаатай 10 ширхэг, 1 кг “Декстореторфан гидробромид” гэх бодсыг хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжээч С.М “...Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторит дэжийг хүргүүлж шинжлүүлэхэд “Декстореторфан гидробромид” болох нь тогтоогдсон ба энэ нь ханиалгын төвийг дарангуйлах ханиалага намдаах үйлчилгээтэй эмийн түүхий эд байсан. Эм эмнэлэгийн хэрэгсэлийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаар эм эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм эмнэлэгийн хэрэгслийг экспортлох, импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байдаг, тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд нь Монгол улсын хилээр эм, эмийн түхий эд, биологийн идвэхит бүтээгдэхүүн, онош багаж тоног төхөөрөмж зэргийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байна гэж заасан байдаг гэвч “Декстореторфан гидробромид” гэх нэртэй эмийн түүхий эд нь бүртгэлгүй байна. Иймд “Декстореторфан гидробромид” нэртэй эмийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдээгүй тул цаашид ашиглах боломжгүй” гэх мэдүүлэг, Замын-Үүд дэх гаалийн газар Гаалийн салбар лабориаторийн дүгнэлт /хх-ийн 10-14/, Шинжээчийн 2019 оны 07 сарын 01-ний өдрийн дүгнэлт: 1.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабориаторийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 2019-871 дугаартай сорилтын дүнгээр Декстореторфан гидробромид агуулсан бодис байна. 2.Дээрхи бодис нь хүний эмэнд үйлчлэгч бодис болон хэрэглэгддэг. 3.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, оношлуур багаж тоног төхөөрөмжийн экспортлож, импортлоход дараахи эрх зүйн баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой. 1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтанд /Хүн эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм,тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно/ тусгагдсаны дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага экспортлож, импортлоно. 2.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь заалтуудад тусгагдсаны дагуу Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур импортлох лиценз авна. 3.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтанд “Монгол улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэж тусгагдсаны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, бүртгэлийн гэрчилгээ авна. 4.Декстореторфан гидробромид гэх бодис нь Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэлгүй тул улсын хилээр импортлохыг хориглоно. 5.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабориаторийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 2019-871 дугаартай шинжилгээний дүнгээр SH190508 цувралын дугаартай “DXM Powder” эмийн түүхий эд нь химийн шинжилгээгээр USP 36 /эмийн хяналтын лабориатрийн ISO/IEC17025:2005 стандарт/-ын шаардлага хангаж байна. 6.Декстореторфан гидробромид. 7.Декстореторфан гидробромид гэх бодисыг агуулсан Алкафен назал эмийн үйлдэлийг хавсралтанд тусгав /хх-ийн 38-42/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү Декстореторфан гидробромид буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн буюу импортлосон үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байхын дээр түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцэж байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч Д.А нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний өрхийн орлого тодорхойгүй байгаа нөхцлөөс хамаарч торгох ял шийтгэх нь тохиромжгүй учир дээрх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болох эмийн түүхий эд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эд байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмийн түүхий эдийг хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан /SH190508/ цувралын дугаартай 100 граммын савлгаатай 9 ширхэг мөнгөлөг ууттай 900 грамм нунтаг цагаан бодис Декстореторфан гидробромид буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Э.Б