Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         03         27                                   2020/ШЦТ/541

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.ӨсөхБ. нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

            иргэдийн төлөөлөгч П.Тулга,

             улсын яллагч А.Ариунаа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э., түүний өмгөөлөгч Д.Амаржаргал /ҮД:2714/,

            шүүгдэгч М.С., түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг /ҮД:1050/,

            шүүгдэгч Б.Н., түүний өмгөөлөгч Д.Халзан /ҮД:1100/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.С.д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Н.т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05352 1941 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт М.ын С..

            2. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон суманд 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Ц. овогт Б.ын Н..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч М.С. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1б-6-205 тоотод Д.Э.ыг шалтгаангүйгээр толгойн тус газар нь архины шилээр цохиж, цээжний хөндий рүү архины шилээр дүрж, хагарсан архины шилээр нүүр, биеийн хэсэгт нь хатгаж, зүсэн цээжний баруун хөндий нэвтэрч, баруун уушигны дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх, баруун уушигны авчилт, нүүр, их бие, мөчдийн олон тооны хатгаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл учруулснаас цус алдаж, Д.Э.ын амь насыг хохироон хүнийг алсан,

шүүгдэгч Б.Н. нь 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1б-6-205 тоотод Д.Э. нь цээж, нүүр, их бие, мөчдөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас  цус алдаж, бусдын туслалцаа шаардлагатай, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                        

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.С. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Н. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би дүүгийнхээ хүүхдийн үсний найранд орчихоод амь хохирогчийн гэр  лүү очсон боловч амь хохирогч гэртээ байгаагүй. Тэгээд би хүргэн ах Ц.Энхболдтой уулзаад дэлгүүрийн урд явж байхад амь хохирогч Д.Э.ын найзтай нь таараад, дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи худалдаж аваад гарсан чинь М.С. нэг залуутай ирээд, хамт уусан. Тэгсэн чинь амь хохирогч ирээд намайг “чи яагаад ийм хүмүүстэй архи уугаад байгаа юм бэ?” гэж загнаад, амь хохирогчийн гэр лүү явсан. Бид хэд дахиад дэлгүүрээс 0.5 литрийн архи худалдаж аваад, амь хохирогчийн хашааны гадаа уучихаад, би амь хохирогч Д.Э.ын гэр лүү ороод түүнтэй хамт гарсан. Тэгээд хүргэн ах Ц.Энхболд, М.С. хоёрыг амь хохирогч өөрийнхөө гэрт оруулаад, энэ хоёрыг түгжээд, амь хохирогч бид хоёр дэлгүүр ороод 1 шил архи аваад, амь хохирогч намайг “чи наад архиа аваад хүргэн ах, М.С. хоёрт аваачиж өг” гэж хэлэхээр нь би аваад явсан. Амь хохирогчийн гэрт орсон чинь М.С. “хаалга түгжлээ” гэж уурлахаар нь “манай найз Ц.Энхболд та хоёрыг гараад явсан гэж бодоод цоожилсон” гэж хэлээд хүргэн ах, М.С. бид гурав авсан архиа уугаад, би тасраад унасан. Шөнө сэрсэн чинь М.С. нэг хүн зодоод байхаар нь би салгах санаатай очоод “чи болиоч ээ, хүн аллаа” гэж хэлсэн чинь намайг “чамд хамаагүй” гэж хэлээд нэг цохихоор нь би манараад унасан. Тэгээд би гэрээс нь хөл нүцгэн зугатаад явсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Би амь хохирогчийн төрсөн дүү нь юм. Гомдол, саналын хувьд бол маш их гомдолтой байна. Баримт цуглуулдагийг мэдээгүй. Нэхэмжлэх зүйлийн хувьд оршуулгын зардал 3.393.100 төгрөгийн баримт өгсөн, оршуулгын зардалд гарсан 15.000.000 гаруй төгрөг байгаа, үүнийг нэхэмжилнэ. Шүүгдэгч нарт зохих ялыг нь оноож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч О.Доржпаламаас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 7/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий 11-27/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Д.Э. нь миний төрсөн ах байгаа юм. Манайх эцэг, эхээс тавуулаа ба талийгаач Д.Э. айлын ууган ганц эрэгтэй. Манай талийгаач ах минь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цэргийн хотхон”-ы 1б хэсгийн 6-205 тоотод аав, дүү хоёртой хамт амьдардаг байсан. Манай хашаанд тусдаа жижиг байшин байдаг ба ах хааяа архи уусан үедээ болон оройтож ирсэн үедээ тэнд хонодог байсан. Гэхдээ хоол унд, цайгаа аавынхаар идэж уудаг байсан. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг руу явсан ба 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө над руу манай нөхөр ярьж, ахыг өнгөрсөн талаар мэдсэн. Бага ч биш, их ч биш дундаж хэрэглэдэг байсан. Гэхдээ бүр хэтрүүлэн хэрэглэж, ямар нэг гэмт хэрэг, зөрчил гаргаж, эрүүлжүүлэх дуудах хэмжээнд хүртэл бол хэрэглэж байгаагүй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бол ямар нэгэн агсам зан авир байхгүй, жаахан инээж байгаад л унтаад өгдөг хүн байсан. Б.Н. гэх хүнийг танина. Манай ахтай хамт блок хийдэг газарт ажилладаг байсан ба өнгөрсөн наадмаар Тэрэлжид байх манай амралтын газарт талийгаачийн хамт очиж байсан. М.С. гэх хүнийг бол огт танихгүй. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Ахын шарилыг харахад маш хэрцгий, балмадаар зодож, хөнөөсөн байна лээ. Миний хувьд гурван дүүдээ шарилыг харуулаагүй ба би өөрөө талийгаачийн царайг харсан. Энэ хэргийг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- Гэрч О.Доржпаламын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг, 6-205 тоот хашаанд өөрийн төрсөн охин, хүргэн нарын хамт амьдардаг. Хажуу байшинд миний төрсөн хүү Д.Э. амьдардаг байсан. Тэгээд орой 22:00 цагийн үед манайд орж ирээд хоол идэх гээд сууж байтал хуучин хамт хэд хоног ажил хийсэн гэх Б.Н. гэдэг залуу орж ирсэн. Тэгээд манай хүү тэр залууг дагаад гарсан ба удалгүй орж ирээд хоосон сууж байгаад эргээд гарсан. Тэгээд тэрнээс хойш удалгүй нохой хуцаад байхаар нь би хүү Д.Э.ын гэрт ороход Б.Н. гэх залуу болон үл таних эмэгтэй нар байсан. Тэд нар архи уучихсан, согтуу юм шиг харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёр хүнийг нь “гар, явцгаа” гээд хөөсөн. Тэр үед үл таних эмэгтэй нь хонох газар байхгүй, явахгүй гээд байсан. Тэгээд би байшингаас нь хөөж гаргаад явуултал манай хүү Д.Э. нь тэр хоёрыг дагуулаад үүд рүү явж байсан. Гэр дотор байхад Д.Э. нь тэр хоёрыг бас хөөгөөд байсан болохоор гаргачихаад эргээд орж ирээд унтах байх гэж бодоод би гэртээ ороод унтсан. Тэрнээс хойш би чимээ болон ямар нэг зүйл сонсоогүй. Би хүүгээ тэр хоёрыг гаргаад эргээд орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07:00 цагийн үед “цайгаа уу” гэж хэлэх гээд ортол цус болсон хүн хэвтэж байсан, би цагдаа дуудсан. Ер нь архи уувал уучихдаг байсан. Миний хүү Д.Э.той эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй хүн нь 30 гаран настай тарган Б. царайтай, бараан хувцастай хүн байсан. Тухайн эмэгтэйг би өмнө нь харж байгаагүй, одоо харвал сайн танихгүй. Эрэгтэй нь туранхай Б. царайтай хүн байсан. Өмнө ганц хоёр удаа харж байсан. Тэр залуу нь манай хүүтэй хамт нэг ажил хийж байсан гэсэн, нэрийг нь Б.Н. гэдэг, өөр зүйл сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ий 52-53/,

- Гэрч Д.Энхтүвшингийн өгсөн: “Манай хажууд төрсөн ах Д.Э. маань байдаг. Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байсан. Тэгээд ах маань над дээр орж ирээд “хоол байна уу, хүнд хоол хийж өгөх гэсэн юм” гэж асуусан. Тэгээд би “хэн юм?” гэж асуухад “Нараа л байна” гэж хэлж байсан. Нараа буюу Б.Н. нь зун айлын блок хамт хийж байсан гэсэн. Манайхаар ганц нэг удаа ирж байсан. Өөрөөр бол сайн танихгүй. Тэгээд 21:00 цагийн үед нохой хуцаад, хүмүүс шуугиад байхаар нь би ааваас юу болсон талаар асуухад ахын чинь гэрт нөгөө залуу чинь хүүхэн дагуулаад ирчихсэн байна. Хөөж явуулах гэхээр хонох газаргүй гээд явахгүй байна. Ах бид хоёр чинь хөөгөөд байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш би нөхрийн хамт 00:05 минутын үед бие засах гээд гарахад ямар нэг чимээ сонсоогүй ба бие засаад гэртээ орж ирээд бид хоёр унтсан. Архи уудаг болохоос хүнд их тусархүү хүн байсан. Манайх энэ хашаандаа амьдраад 20-иод жил болж байхад хүнтэй маргаж, хэрэг төвөгт орж байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

- Гэрч Б.Гомбодоржийн өгсөн: “Миний бие нь найз эмэгтэй Д.Энхтүвшингийн гэр болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цэргийн хотхон”-ы 1б-6-205 тоотод түүний аав О.Доржпаламын хамт амьдардаг. 20:00 цагийн орчимд манайд талийгаачийн танил Б.Н. гэх хүн орж ирсэн. Би нөгөө өрөөнд хэвтэж байсан Д.Энхтүвшингээс “хэн орж ирсэн бэ?” гэхэд Б.Н. орж ирээд “Д.Э. ахын хамт гарлаа” гэж хэлсэн. 21:00 цагийн орчимд ах гэртээ орж ирээд ус аваад гарсан. Би 23:00 цаг өнгөрөөгөөд гарч 00 орсон ба би Д.Э. ахын гэр лүү анзаараагүй, надад ямар нэгэн зүйл сонсогдоогүй, би эргэж орж ирээд 00:00 цагийн орчимд унтсан. Би өглөө 06:30 минутанд босоод 07:00 цаг гээд ажилдаа явсан. Би замдаа явж байтал над руу Д.Энхтүвшин залгаад, Д.Э. ах нас барсан байна гэхээр нь би эргэж гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

- Гэрч Я.Энхтөрийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урд хөтөл” нэртэй дэлгүүрийн үүдэнд талийгаач Д.Э.той таарахад “Төрөө ах аа, манай гэрт оръё, надад 6000 төгрөг байна, нэг архи авъя” гэж хэлэхээр нь “Золбоо” нэртэй дэлгүүрээс “Хандгай” нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэгээд бид хоёр гэр лүү нь ороход гэрт нь гэзэгтэй, 1,75 метрийн өндөртэй, туранхай Б. царайтай үл таних залуу, тарган, Дундговь аймгийн харьяат, 29 настай үл таних эмэгтэй нар орон дээр хэвтэж байсан. Талийгаач Д.Э. нь худалдаж авсан “Хандгай” нэртэй архи задлаад, надад түрүүлээд аяганд хийгээд өгөхөөр нь би уусан. Улмаар би “тамхи авчихаад ирье” гэж хэлээд гарч явчихаад дахин буцаж ороогүй, шууд гэр лүүгээ явсан. Согтуу хүмүүстэй хамт байх шаардлага байхгүй. Тухайн үеэс хойш талийгаач бид хоёр уулзаагүй. Гэр лүү ороход байсан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унтаж байсан ба ямар нэгэн харилцаа тогтоогоогүй. Мөн талийгаач Д.Э. нь надтай таарахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

- Гэрч Ц.Энхболдын өгсөн: “Б.Н. манай хадам дүү, би хүргэн ах нь байгаа юм. Б.Н. бид хоёр манай хүүгийнд тал шил архи хувааж уугаад би Б.Н.ыг хүргэж өгөх гээд хүүгийнхээсээ гараад Сансарын колонк дээр ирэхэд Б.Н. өөрөөсөө мөнгө гаргаад нэг шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авсан. Б.Н. нэг эрэгтэй хүнтэй хамт дэлгүүрээс гарч ирээд, дэлгүүрийн ард архиа хувааж ууж байхад нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж уусан. Би тэгээд тасарчихсан, нэг сэрэхэд гэртээ сэрсэн. Нэг айлд очсон байсан, би хаана ямар айлд очсоноо мэдэхгүй байна, нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан, гэртээ ирэхэд 23:00 цаг өнгөрч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65, 76/,

- Гэрч Д.Нямжанцангийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Золбоо” нэртэй дэлгүүрийн урд талд Д.Э., Б.Н. хоёртой таараад “Хараа” нэртэй 0.750 литрийн архи уусан. Тухайн архиа уугаад сууж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд архи ууж дуусаад бид нар салсан. Дахин тааралдаж уулзалдаагүй. Д.Э., Б.Н. бид гурав тэр хоёр хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

- Гэрч Б.Дэлхийцэцэгийн өгсөн: “Манай нөхөр хааяа нэг архи уудаг. Архи уухаараа элдэв янзын авир гаргадаггүй, унтаад өгдөг. Тухайн өдөр би гэртээ байсан, манай нөхөр Ц.Энхболд нь гэртээ 23:00 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхдээ нэлээн согтуу байсан. Би орж ирэхээр нь “унт” гэж хэлэхэд унтаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 72/,

- Гэрч Б.Баянбатын өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Б.Н.тай уулзаагүй. Улмаар тухайн өдрийн оройн 01.00-02:00 цагийн хооронд манай гэрт ирээд түлхүүр аваад, надаас 3 ширхэг тамхи аваад гарсан. Хөл нүцгэн гуталгүй орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-32/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1981 тоот:

1. Талийгаачид цээжний баруун хөндий нэвтэрч, баруун уушигны дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх, баруун уушигны авчилт, нүүр, их бие мөчдийн олон тооны хатгаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалганы цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд шархнууд нь их үзүүртэй, 0.5-5.0 см урттай зүйлээр хатгах, зүсэх, шүргэх олон удаагийн, баруун бугалганы цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Цээжний хөндий рүү нэвтэрч, уушиг гэмтээсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд, бусад шархнууд нь цус алдуулж, шоконд оруулсан тул мөн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачид тогтоогдсон олон тооны шархнууд нь цус алдагдуулж үхэлд хүргэжээ.

4. Цус нь 4-р бүлэг байна.

5. Олон хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 78-81/,

- Шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн: “Архины хагархай шилээр хатгах, зүсэх үед үүсгэгдэж болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 128/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5117 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх “Хараа” гэсэн бичигтэй 0.75 мл-ийн хэмжээтэй архины шил, хар өнгийн түрийтэй хос гутал, шар өнгийн канттай цэнхэр өнгийн тэлээ, хөх өнгийн дотоож, хар эрээн өнгийн шорт, Б. өнгийн түрийвч, цэнхэр өнгийн ажлын өмд, №1, 2, 3, 6, 7 гэж дугаарласан цагаан цэнхэр өнгийн шалны хулдаасны хэсгүүд, хүрэн өнгийн матрасны хэсэг, бинтэнд бэхжүүлсэн арчдасууд, архины шилний хүзүү, архины шилний хагархайн хэсгүүд, шар өнгийн хуванцар аяга, цэнхэр өнгийн хөнжлийн даавуу, цагаан эрээн өнгийн хөнжлийн даавуу, цагаан өнгийн хос пүүз дээр цус илэрсэн. АВО системээр АВ(IV) бүлгийн харьяалалтай байна.

2. Цэнхэр өнгийн захтай ноосон цамц, богино ханцуйтай хүрэн өнгийн футболк, цагаан өнгийн даавууны хэсэг, №8, №45, №10 дугаартай гялгар ууттай тамхины ишнүүд дээр цус илрээгүй.

3. №8 дугаартай гялгар ууттай тамхины ишнүүдээс авсан “Улаан шонхор” тамхины иш нь АВО системээр АВ(IV) бүлгийн харьяалалтай байна. Esse тамхины иш нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай байна.

4. №45 дугаартай гялгар уутанд байх “Улаан шонхор” тамхины иш нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай байна.

5. №10 дугаартай гялгар ууттай тамхины ишнүүдээс авсан LD болон Mevius тамхины ишнүүд нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай байна. “Улаан шонхор” тамхины иш нь АВО системээр АВ(IV) бүлгийн харьяалалтай байна. Parliament болон нэр нь тодорхойгүй тамхины ишний бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 82-84/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5118 тоот:

1. Шинжилгээнд “11” дугаартай “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1Б хэсэг, 6-205 тоотод Доржпаламын Энхболд нь нас барсан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн архины шил 1 ширхэг. Ахлах шинжээч, хошууч Г.Ганхүлэг” гэж хаягласан “Хараа” нэртэй 0.75 мл-ийн архины шилэнд байх 3 мл өнгөгүй, шингэн зүйл нь хүнсний зориулалтаар ашигладаг этилийн спирт агуулсан шингэн байна. Хүчтэй хүчил шүлтийн агуулга илрэхгүй байна.

Этилийн спиртийн найрлага бүхий архи, согтууруулах ундааны бусад хольц, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй байна. 2-26 дугаартай эд зүйлд архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний шаардлага хангахгүй тул 2-26 дугаартай асуултанд хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг дүгнэлтийн хамт буцаав” гэх дүгнэлт /хх-ийн 95-96/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5354 тоот:

1. Шинжилгээнд: М.Сувд-Эрдэнийн баруун болон зүүн гараас авсан гэх 10 ширхэг хумсыг тус бүрд нь цагаан өнгийн цаасан дугтуйд хийж хаяглан ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна.

2. Цус мөн эсэхийг “BLUESTAR FORENSIC latent bloodstain detection kit” ашиглан харанхуй орчинд шинжлэв.

3. “BLUESTAR FORENSIC latent bloodstain detection kit” ашиглан шинжлэхэд шинжилгээнд ирүүлсэн хумснуудад гемоглобины исэлдэлт явагдахгүй байх тул цус илрээгүй гэж дүгнэлт өгөх үндэс болов” гэх дүгнэлт /хх-ий 98-99/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5355 тоот:

1. Шинжилгээнд: Б.Н.ын баруун болон зүүн гараас авсан гэх 10 ширхэг хумсыг тус бүрд нь цагаан өнгийн цаасан дугтуйд хийж хаяглан ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна.

2. Цус мөн эсэхийг “BLUESTAR FORENSIC latent bloodstain detection kit” ашиглан харанхуй орчинд шинжлэв.

3. “BLUESTAR FORENSIC latent bloodstain detection kit” ашиглан шинжлэхэд шинжилгээнд ирүүлсэн хумснуудад гемоглобины исэлдэлт явагдахгүй байх тул цус илрээгүй гэж дүгнэлт өгөх үндэс болов” гэх дүгнэлт /хх-ийн 101-102/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4645 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:

- Хар эрээн цамцанд гарсан 6х5мм, 6х3мм, 1,5х1,5мм, хар пүүзэнд гарсан 8х3мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогодох, татах хүчний үйлчлэлээр гарсан байна. Хар эрээн цамцанд гарсан 6х5мм, 6х3мм, хар пүүзэнд гарсан 8х3мм цоорхой шинэ, хуучин эсэхийг тогтоох боломжгүй байна.

- Хар эрээн цамцанд гарсан 2см, 1,5см, 2см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна” гэх дүгнэлт /хх-ийн 103-106/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5356 тоот:

 1. Шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй эрээн цэнхэр өнгийн хормойтой цамц, цоохор эрээн цамц зэрэгт цус илэрч байна.

Саарал өнгийн өмд, хар өнгийн пүүз зэрэгт цус илрээгүй.

2. Илэрсэн цус нь хүний цус байна.

3. Цоохор эрээн цамцанд илэрсэн цус нь Д.Э.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Цэцэгтэй эрээн цэнхэр өнгийн хормойтой цамцанд илэрсэн цус нь Д.Э.ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 108/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5357 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн зузаан цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн өмд зэрэг цус илэрч байна.

2. Илэрсэн цус нь хүний цус байна.

3. Илэрсэн цус нь Д.Э.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 111/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5961 тоот:

1. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Н., М.С. нарын гэх хөлийн улны хээний дардсууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

Харин шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дэх гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан “2”, “6”, “7”, “13” гэж дугаарласан мөрнүүдийн папиляр шугамуудад ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд илрэхгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилж буй дээрх мөрүүд  нь шинжилгээнд тэнцэхгүй тул харьцуулах шинжилгээ хийх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 114-121/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 420 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн хатуу диск /хард/ нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хатуу дискэнд /хард/ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07:00 цагийн хооронд дахь дүрс бичлэг харагдаж байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хатуу дискэнд хадгалагдаж байгаа 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 00:00:04 секундээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07:00 цагийн хооронд дахь дүрс бичлэгүүдийг /6,47GB/ хөрвүүлэн авч, 1 ширхэг DVD хуулбарлан хавсаргав” гэх дүгнэлт /2-р хх-ийн 6-10/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 11-16/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 41-43/,

-  Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлт /хх-ийн 90/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1294 тоот:

1. М.С. нь 2008 оноос эхлэн одоог хүртэл СЭМҮТөвд нийт 14 удаа хэвтэн эмчлүүлж байсан байна.

2. Одоо М.С. нь Ds: F20.8-Бусад хэлбэрийн шизофрени сэтгэцийн өвчтэй байна.

3. Энэ өвчин нь удамшдаг сэтгэцийн өвчин юм.

4.  М.С. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. М.С. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. М.С.д сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 91-94/,

- Шинжээч эмч Д.Дэжидмаагийн өгсөн: “М.Сувд-Эрдэнийг 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзсэн, мөн хэргийн болон өвчний түүхийг уншиж танилцсан, мөн өөрийг нь асууж, өөрөөс нь болон хэргийн талаар өөрөөр яриулахад бүх зүйлийг үйл явдлыг өөрөө ярьж байсан учир, мөн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг үнэлж, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/,

- Шинжээч эмч Б.Энхчимэгийн өгсөн: “Ямар учраас ийм үйлдэл гаргасан талаар асуухад 2 эрэгтэй хүний дунд нэг эмэгтэй хүн үлдэхэд намайг оролдох нь тодорхой учир урьдаад цохисон. Манай өвчтөн Б.маатай хамт явж байсан гэж ярьсан. Б.маагаас л боллоо гэж ярина. Ерөнхийдөө өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай явж байсан гэж үзнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/,

- Гэрч А.Бат-Эрдэнийн өгсөн: “Бид хоёр гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Бид хоёр гэр бүл болоод 2007 онд нэг хүүхэдтэй болсон. М.С. надтай анх суухдаа ер нь бол өвчтэй байсан. Бие нь өвдөхөөрөө Улаанбаатар хот руу яваад өгдөг. Тэгээд ээж, эгч нар нь авчирдаг байсан. Жил болгоны 4 сард өвддөг. Сүүлдээ ядаргаа гээд 8, 9 сард бие нь өвдсөн. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр бие нь өвдөөд хот руу явсан. Манай аймагт мэдэхгүй хүн байхгүй, бие нь өвдөхөөрөө догшин ааш авиртай болдог, хэлж байгаа юмаа мэдэхгүй, орилж хашгирдаг, зодох гээд дайрдаг, юу хийж байгаагаа мэддэггүй. Надтай сууснаасаа хойш Шар хадны эмнэлэгт олон хэвтсэн, мэдэхгүй хүмүүс бол согтуу байна гэж харна, мэддэг хүн бол бие нь өвдсөн байна гэж хардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- Яллагдагч Б.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн үед тэр эмэгтэй талийгаачийг заамдан цохиж байхад нь би болиоч, чи хүн аллаа” гэж хэлсэн. Тэгэхэд “чамд хамаагүй” гээд намайг миний нүүрэн тус газар нүд рүү цохисон. Улмаар цохиход нь би хальтраад унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 142/,

- “Суварга баян” ХХК-ийн үйлчилгээний захиалгын хуудас, “Уужим өргөө” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 245-246/,

- Б.Н.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181/,

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 214/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

   М.С. нь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цэргийн хотхон”-ы 1б-6-205 тоотод Д.Э.ыг шалтгаангүйгээр толгойн тус газар нь архины шилээр цохиж, цээжний хөндий рүү архины шилээр дүрж, хагарсан архины шилээр нүүр, биеийн хэсэгт нь хатгаж, зүсэн цээжний баруун хөндий нэвтэрч, баруун уушигны дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх, баруун уушигны авчилт, нүүр, их бие, мөчдийн олон тооны хатгаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл учруулснаас цус алдаж, Д.Э.ын амь насыг хохироон хүнийг алсан,

Б.Н. нь 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цэргийн хотхон”-ы 1б-6-205 тоотод Д.Э. нь цээж, нүүр, их бие, мөчдөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас  цус алдаж, бусдын туслалцаа шаардлагатай, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт М.Сувд-Эрдэнийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би зүс мэдэх нэг ахтай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд, гудамжинд гурван эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Бид хоёр тэнд очсон ба тэд нар 0.5 литрийн “Хараа” архи ууж байсан. Тэгээд хамт архи уусан. Тэгээд дахин архи авсан, ямар хэмжээтэй,  ямар нэртэй архи байсан талаар би мэдээгүй, тэр архийг уусан. Тэгж байтал үсээ дээрээ боосон залуу нэг хашаа руу яваад орчихсон. Би гурвуулаа үлдээд, нөгөө сахалтай эрэгтэй хүн тасраад унтсан. Би хөгшин эрэгтэй хүнтэй хамт босоод, үсээ боосон залуугийн орсон хашуу руу алхаж явтал өөдөөс үсээ боосон залуу бас нэг эрэгтэй хүний хамт гараад ирсэн. Тэгээд уг хашаа руу дөрвүүлээ орж, нэг жижиг байшинд орсон. Тэгээд нөгөө гэзэгтэй үсээ боосон залуу, байшингийн эзэн хоёр гарч явсан ба гарахдаа нөгөө хөгшин хүний хамт намайг гаднаас цоожилчихоод явсан. Хэсэг хугацааны дараа үсээ боосон залуу орж ирсэн ба ирэхдээ 0.75 литрийн багтаамжтай шилтэй архи бариад ганцаараа орж ирсэн. Тэгээд архийг хуваагаад ууж байхад тэр хөгшин өвгөн миний нурууг элээд байхаар нь би “нас намбандаа байгаач” гэж хэлээд жижиг сандал аваад холдож суусан. Гэзэгтэй эрэгтэй хүн нөгөө настай эрэгтэй хүнийг “эртхэн харьж амар” гээд байсан ба гаднаас гэрийн эзэн гэх залуу орж ирсэн. Архийг бид нар хувааж ууж байгаад нөгөө настай эрэгтэй хүнийг хамт байсан гэрийн эзэн болон гэзэгтэй эрэгтэй хоёр дагуулаад гарсан ба явуулчихсан байх. Би гэр  нь ойрхон байдаг юм байна гэж бодсон. Жижиг байшин дотор матрас, гудас байсан ба түүн дээр би суусан байдалтай, миний урдуур үсээ боосон залуу хэвтсэн, гэрийн эзэн сандал дээр суугаад, архи хундагалж байсан. Тэгж байхад гаднаас нэг хүн орж ирсэн ба “та нар архи уухаа боль” гэж хэлсэн. Намайг гаднаас цоожилсон болохоор нь миний уур хүрээд байсан, газар матрасны урд байсан хоосон архины шилийг аваад гэрийн эзний толгой руу нэг удаа цохитол дээшээ хараад матрасны урдуур унасан. Тэгэхээр нь дахиад архины шилээр цээж хэсэг рүү нь цохитол архины шил хагарч, нүүр, толгой хэсэг болон баруун цээжний дээд хэсгээс нь цус гарсан. Би уурандаа мөн толгой хэсэг рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Миний баруун гарын алганы хэсэг архины шилэнд зүсэгдсэн, мөн гар хөхөрсөн байсан. Би гэрээс шууд гараад алхсан ба гарах үед миний зодсон гэрийн эзэн болон нөгөө гэзэгтэй залуу хоёр үлдсэн. Намайг гарах үед миний зодсон хүний хөл нь хөдлөөд, цус гараад байсан. Би гарахдаа дээр нь хөнжил байхаар нь түүнийг аваад дээр нь тавьчихсан. Мөн намайг гарах үед гэзэгтэй эрэгтэй хүн матрас дээр суугаад үлдсэн.” гэх мэдүүлэг,

- Б.Н.ын өгсөн: “Тухайн өдөр би дүүгийнхээ хүүхдийн үсний найранд орчихоод амь хохирогчийн гэр  лүү очсон боловч амь хохирогч гэртээ байгаагүй. Тэгээд би хүргэн ах Ц.Энхболдтой уулзаад дэлгүүрийн урд явж байхад амь хохирогч Д.Э.ын найзтай нь таараад, дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи худалдаж аваад гарсан чинь М.С. нэг залуутай ирээд, хамт уусан. Тэгсэн чинь амь хохирогч ирээд намайг “чи яагаад ийм хүмүүстэй архи уугаад байгаа юм бэ?” гэж загнаад, амь хохирогчийн гэр лүү явсан. Бид хэд дахиад дэлгүүрээс 0.5 литрийн архи худалдаж аваад, амь хохирогчийн хашааны гадаа уучихаад, би амь хохирогч Д.Э.ын гэр лүү ороод түүнтэй хамт гарсан. Тэгээд хүргэн ах Ц.Энхболд, М.С. хоёрыг амь хохирогч өөрийнхөө гэрт оруулаад, энэ хоёрыг түгжээд, амь хохирогч бид хоёр дэлгүүр ороод 1 шил архи аваад, амь хохирогч намайг “чи наад архиа аваад хүргэн ах, М.С. хоёрт аваачиж өг” гэж хэлэхээр нь би аваад явсан. Амь хохирогчийн гэрт орсон чинь М.С. “хаалга түгжлээ” гэж уурлахаар нь “манай найз Ц.Энхболд та хоёрыг гараад явсан гэж бодоод цоожилсон” гэж хэлээд хүргэн ах, М.С. бид гурав авсан архиа уугаад, би тасраад унасан. Шөнө сэрсэн чинь М.С. нэг хүн зодоод байхаар нь би салгах санаатай очоод “чи болиоч ээ, хүн аллаа” гэж хэлсэн чинь намайг “чамд хамаагүй” гэж хэлээд нэг цохихоор нь би манараад унасан. Тэгээд би гэрээс нь хөл нүцгэн зугатаад явсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э.ын өгсөн “Б.Н. гэх хүнийг танина. Манай ахтай хамт блок хийдэг газарт ажилладаг байсан ба өнгөрсөн наадмаар Тэрэлжид байх манай амралтын газарт талийгаачийн хамт очиж байсан. М.С. гэх хүнийг бол огт танихгүй. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Ахын шарилыг харахад маш хэрцгий, балмадаар зодож, хөнөөсөн байна лээ. Миний хувьд гурван дүүдээ шарилыг харуулаагүй ба би өөрөө талийгаачийн царайг харсан. Энэ хэргийг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

- гэрч О.Доржпаламын өгсөн: “...Тэгээд тэрнээс хойш удалгүй нохой хуцаад байхаар нь би хүү Д.Э.ын гэрт ороход Б.Н. гэх залуу болон үл таних эмэгтэй нар байсан. Тэд нар архи уучихсан, согтуу юм шиг харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёр хүнийг нь “гар, явцгаа” гээд хөөсөн. Тэр үед үл таних эмэгтэй нь хонох газар байхгүй, явахгүй гээд байсан. Тэгээд би байшингаас нь хөөж гаргаад явуултал манай хүү Д.Э. нь тэр хоёрыг дагуулаад үүд рүү явж байсан. Гэр дотор байхад Д.Э. нь тэр хоёрыг бас хөөгөөд байсан болохоор гаргачихаад эргээд орж ирээд унтах байх гэж бодоод би гэртээ ороод унтсан. Тэрнээс хойш би чимээ болон ямар нэг зүйл сонсоогүй. Би хүүгээ тэр хоёрыг гаргаад эргээд орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07:00 цагийн үед цайгаа уу гэж хэлэх гээд ортол цус болсон хүн хэвтэж байсан, би цагдаа дуудсан. Миний хүү Д.Э.той эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй хүн нь 30 гаран настай тарган Б. царайтай, бараан хувцастай хүн байсан. Тухайн эмэгтэйг би өмнө нь харж байгаагүй, одоо харвал сайн танихгүй. Эрэгтэй нь туранхай Б. царайтай хүн байсан. Өмнө ганц хоёр удаа харж байсан. Тэр залуу нь манай хүүтэй хамт нэг ажил хийж байсан гэсэн, нэрийг нь Б.Н. гэдэг, өөр зүйл сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

- гэрч Д.Энхтүвшингийн өгсөн: “...Тэгээд 21:00 цагийн үед нохой хуцаад, хүмүүс шуугиад байхаар нь би ааваас юу болсон талаар асуухад ахын чинь гэрт нөгөө залуу чинь хүүхэн дагуулаад ирчихсэн байна. Хөөж явуулах гэхээр хонох газаргүй гээд явахгүй байна. Ах бид хоёр чинь хөөгөөд байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш би нөхрийн хамт 00:05 минутын үед бие засах гээд гарахад ямар нэг чимээ сонсоогүй ба бие засаад гэртээ орж ирээд бид хоёр унтсан. Архи уудаг болохоос хүнд их тусархүү хүн байсан. Манайх энэ хашаандаа амьдраад 20-иод жил болж байхад хүнтэй маргаж, хэрэг төвөгт орж байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Гомбодоржийн өгсөн: “...20:00 цагийн орчимд манайд талийгаачийн танил Б.Н. гэх хүн орж ирсэн. Би нөгөө өрөөнд хэвтэж байсан Д.Энхтүвшингээс “хэн орж ирсэн бэ?” гэхэд Б.Н. орж ирээд “Д.Э. ахын хамт гарлаа” гэж хэлсэн. 21:00 цагийн орчимд ах гэртээ орж ирээд ус аваад гарсан. Би 23:00 цаг өнгөрөөгөөд гарч 00 орсон ба би Д.Э. ахын гэр лүү анзаараагүй, надад ямар нэгэн зүйл сонсогдоогүй, би эргэж орж ирээд 00:00 цагийн орчимд унтсан. Би өглөө 06:30 минутанд босоод 07:00 цаг гээд ажилдаа явсан. Би замдаа явж байтал над руу Д.Энхтүвшин залгаад, Д.Э. ах нас барсан байна гэхээр нь би эргэж гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг,

- гэрч Я.Энхтөрийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урд хөтөл” нэртэй дэлгүүрийн үүдэнд талийгаач Д.Э.той таарахад “Төрөө ах аа, манай гэрт оръё, надад 6000 төгрөг байна, нэг архи авъя” гэж хэлэхээр нь “Золбоо” нэртэй дэлгүүрээс “Хандгай” нэртэй 0.750 литрийн архи авсан. Тэгээд бид хоёр гэр лүү нь ороход гэрт нь гэзэгтэй, 1,75 метрийн өндөртэй, туранхай Б. царайтай үл таних залуу, тарган, Дундговь аймгийн харьяат, 29 настай үл таних эмэгтэй нар орон дээр хэвтэж байсан. Талийгаач Д.Э. нь худалдаж авсан “Хандгай” нэртэй архи задлаад, надад түрүүлээд аяганд хийгээд өгөхөөр нь би уусан. Улмаар би “тамхи авчихаад ирье” гэж хэлээд гарч явчихаад дахин буцаж ороогүй, шууд гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг,

- гэрч Ц.Энхболдын өгсөн: “Б.Н. манай хадам дүү, би хүргэн ах нь байгаа юм. Б.Н. бид хоёр манай хүүгийнд тал шил архи хувааж уугаад би Б.Н.ыг хүргэж өгөх гээд хүүгийнхээсээ гараад Сансарын колонк дээр ирэхэд Б.Н. өөрөөсөө мөнгө гаргаад нэг шил “Хараа” нэртэй 0.750 литрийн архи авсан. Б.Н. нэг эрэгтэй хүнтэй хамт дэлгүүрээс гарч ирээд, дэлгүүрийн ард архиа хувааж ууж байхад нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж уусан. Би тэгээд тасарчихсан, нэг сэрэхэд гэртээ сэрсэн. Нэг айлд очсон байсан, би хаана ямар айлд очсоноо мэдэхгүй байна, нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан, гэртээ ирэхэд 23:00 цаг өнгөрч байсан.” гэх мэдүүлэг,

- гэрч Д.Нямжанцангийн өгсөн: “...Тухайн архиа уугаад сууж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд архи ууж дуусаад бид нар салсан. Дахин тааралдаж уулзалдаагүй. Д.Э., Б.Н. бид гурав тэр хоёр хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Баянбатын өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Б.Н.тай уулзаагүй. Улмаар тухайн өдрийн оройн 01.00-02:00 цагийн хооронд манай гэрт ирээд түлхүүр аваад, надаас 3 ширхэг тамхи аваад гарсан. Хөл нүцгэн гуталгүй орж ирсэн” гэх мэдүүлэг,

- шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн: “...Архины хагархай шилээр хатгах, зүсэх үед үүсгэгдэж болно” гэх мэдүүлэг,

- шинжээч эмч Д.Дэжидмаагийн өгсөн “М.Сувд-Эрдэнийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзсэн, мөн хэргийн болон өвчний түүхийг уншиж танилцсан, мөн өөрийг нь асууж, өөрөөс нь болон хэргийн талаар өөрөөр яриулахад бүх зүйлийг үйл явдлыг өөрөө ярьж байсан учир, мөн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг үнэлж, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг,

- шинжээч эмч Б.Энхчимэгийн өгсөн: “Ямар учраас ийм үйлдэл гаргасан талаар асуухад 2 эрэгтэй хүний дунд нэг эмэгтэй хүн үлдэхэд намайг оролдох нь тодорхой учир урьдаад цохисон. Манай өвчтөн Б.маатай хамт явж байсан гэж ярьсан. Б.маагаас л боллоо гэж ярина. Ерөнхийдөө өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай явж байсан гэж үзнэ.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5117, 5118, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1981, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4645, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5356, 5357, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 420, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1294 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.С., Б.Н. нарыг прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.С.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б.Н.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнээс гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдсон 3.393.100 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.С.эс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э.од олгож, Д.Э. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч М.С., Б.Н. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Шүүх шүүгдэгч М.С., Б.Н. нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Н.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн урьд баривчлагдан, цагдан хоригдсон нийт 197 хоног, шүүгдэгч Б.Н.ын баривчлагдсан 1 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, урт нь 23 см, өргөн нь 8 см хэмжээтэй 1 ширхэг гутлын мөр бүхий цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 21 см, өргөн нь 10.5 см нүцгэн хөлийн мөр, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 22 см, өргөн нь 9 см мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт  нь 22 см, өргөн нь 7 см мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 22 см, өргөн нь 7 см мөр бүхий цагаан цэнхэр хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй 8 ширхэг, “Эссэ” гэсэн бичигтэй 1 ширхэг, нийт 9 ширхэг тамхины ишнүүд, “ХТЕР” гэсэн бичигтэй цагаан өнгийн, гол хэсгээрээ улаан өнгийн оруулгатай эрэгтэй хүний хос пүүз, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Хандгай” нэртэй архины шилний хагархайн хэсгүүд, цагаан өнгийн даавууны хэсэг, “ЛД клаб” гэсэн бичигтэй 12 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй 1 ширхэг, нийт 13 ширхэг тамхины иш, “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 8.5 см урт хагарсан архины шилний хүзүүний хэсэг мэт зүйл 1 ширхэг, хөлийн мөр бүхий 9х8 см хэмжээтэй хулдаасны хэлтэрхий, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс 12х11 хэмжээтэй хайчилсан даавууны хэсэг 1 ширхэг, Б. саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, шар өнгийн аяга 1 ширхэг, Б.Н.ын өмсч байсан гэх хар эрээн өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, М.Сувд-Эрдэнийн өмсч байсан гэх энгэр задгай, товчтой, эрээн өнгийн урт цамц 1 ширхэг, эрээн өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, 39 размерын хар өнгийн эмэгтэй хүний хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт М.ын Сувд-Эрдэнийг хүнийг алах гэмт хэргийг,

шүүгдэгч Ц. овогт Б.ын Н.ыг бусдын туслалцаа шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С.д 12 жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н.т 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.С.д оногдуулсан 12 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Н.т оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн урьд баривчлагдан, цагдан хоригдсон нийт 197 хоног, шүүгдэгч Б.Н.ын баривчлагдсан 1 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.С.эс 3.393.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жансав овогт Доржпаламын Э. /РД:ЙУ80040401/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, урт нь 23 см, өргөн нь 8 см хэмжээтэй 1 ширхэг гутлын мөр бүхий цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 21 см, өргөн нь 10.5 см нүцгэн хөлийн мөр, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 22 см, өргөн нь 9 см мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт  нь 22 см, өргөн нь 7 см мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 22 см, өргөн нь 7 см мөр бүхий цагаан цэнхэр хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй 8 ширхэг, “Эссэ” гэсэн бичигтэй 1 ширхэг, нийт 9 ширхэг тамхины ишнүүд, “ХТЕР” гэсэн бичигтэй цагаан өнгийн, гол хэсгээрээ улаан өнгийн оруулгатай эрэгтэй хүний хос пүүз, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Хандгай” нэртэй архины шилний хагархайн хэсгүүд, цагаан өнгийн даавууны хэсэг, “ЛД клаб” гэсэн бичигтэй 12 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй 1 ширхэг, нийт 13 ширхэг тамхины иш, “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 8.5 см урт хагарсан архины шилний хүзүүний хэсэг мэт зүйл 1 ширхэг, хөлийн мөр бүхий 9х8 см хэмжээтэй хулдаасны хэлтэрхий, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс 12х11 хэмжээтэй хайчилсан даавууны хэсэг 1 ширхэг, Б. саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, шар өнгийн аяга 1 ширхэг, Б.Н.ын өмсч байсан гэх хар эрээн өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, М.Сувд-Эрдэнийн өмсч байсан гэх энгэр задгай, товчтой, эрээн өнгийн урт цамц 1 ширхэг, эрээн өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, 39 размерын хар өнгийн эмэгтэй хүний хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С., Б.Н. нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,                                                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

                       

                                            ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

                                                      

                                            ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБ.