| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0298/И |
| Дугаар | 347 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 347
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47 байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөнд холбогдох
“Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 3,305,663 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20216238, 20216292, 23083495 тоот гэрээ байгуулан 99052441, 99054246, 99103960 дугааруудтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy S5, Iphone 6S, Iphone 5S утаснуудыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 3,305,663 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр миний бие нь Улаанбаатар хотод сургалтанд оролцож байгаа тул намайг эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 20216292 гэрээний дугаартай 99054246 дугаартай хэрэглэгч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагад 1,160,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд энэ мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч байна. Үлдэх 2 дугаарын үнэ болох 2,145,663 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэндолгор шүүх хуралдаанд: “Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2,145,663 төгрөгийг төлөхийн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Замын-Үүд өртөөнд холбогдуулан 3,305,663 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч байгууллагын төлсөн 1,160,000 төгрөгийг хасч 2,145,663 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэндолгор нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ын нэхэмжлэлийн шаардлага Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 2,145,663 төгрөгийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд нэгдсэн өртөө нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,841 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд нэгдсэн өртөөнөөс 67,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ