| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2019 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтаан, биечлэн 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил 4 сар 5 хоногийн ялыг өршөөн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хил болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 98-46 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр 9 шуудай бүхий нийт 450 кг жинтэй Натрийн нитрит нэртэй химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд 2012 оноос хойш Замын-үүд, БНХАУ-ын Эрээн хотын хооронд хүн, ачаа тээвэрлэх ажил төрөл эрхэлж байна. Би 2016 оноос хойш Ш.У-н Уаз-31512 маркийн машиныг түрээслэж байгаа бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг машинаар Замын-Үүдээс 4 хүн авч Эрээн хот руу хүргэж тэндээ хоноод маргааш өглөө нь 09 цагийн үед Эрээн хотын манайхны нэрлэдэгээр “Зээл” захын үүдэнд Замын-Үүд явах хүн олохоор очсон. Тэр захын үүдэнд хятад 2 хүнтэй уулзаад зам дээр хайлуулдаг давс гэх 50 килограммаар савласан, цагаан өнгийн ууттай давс гэх зүйлийг 20 юаниар Замын-Үүдэд хүргэж өгөхөөр тохироод 9 шуудайг авсан. Тэгээд Хятадын хилээр гараад Монголын хил дээр орж ирэхэд Ц гээд гаалийн байцаагч машины ачаа бараа шалгаад лабораторийн шинжилгээнд өгнө гээд уг давснаас дээж авч, миний машиныг гаалийн нохойны хашаанд оруулж тавиулсан. Тэгээд маргааш өглөө ирж уулз гээд намайг явуулсан. Маргааш нь түүнтэй очиж уулзахад тусгай зөвшөөрөлтэй авч явах ачаа авч явсан байна. Бид нар чамайг мэдэхгүй гэсэн. Хэд хоногын дараа цагдаагаас намайг дуудаж уулзсан. Тухайн үед би болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн ийм л зүйл болсон. Би тэр 2 хятад хүнийг зүс л танина. Тэр 2 хятад “зээл” захын үүдэнд байнга л ачаа тараагаад явж байдаг юм. Тэр 2 ачаагаа миний машинд ачсаныхаа дараа Замын-Үүд дээр очоод яриарай гээд ... гэсэн утасны дугаар өгсөн. Карго дээр очиж ачаагаа буулгаад мөнгөө аваарай гэсэн. Надад ямар каргон дээр очиж ачаагаа өгөх талаар хэлээгүй. Химийн хорт, аюултай бодис импортлох тусгай зөвшөөрөл байхгүй. Би уг бодисийг натрийн нитрит гэх химийн хорт, аюултай бодис болохыг мэдээгүй. Тухайн үед тэр 2 хятад замын мөс хайлуулдаг давс гэсэн болохоор нь л авч явсан юм. Уутных нь гадна талд хятад үсэгтэй байсан. Нодлин миний машиныг авч явсан хүн Эрээнээс шуудаатай зүйл авч яваад гааль дээр саатуулагдаад шалгагдсан. Тэр асуудал нь хэрэгсэхгүй болсон. Би уг асуудалд ямар ч хамаарал байхгүй. 2017 оноос хойш Ш.У-с 1 өдрийн 100 юаниар түүний УАЗ-31512 маркийн, ... улсын дугаартай автомашиныг түрээслэж байгаа юм гэжээ. /хх-ийн 117-118/
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Эрээнд зээлийн хажууд явж байтал ачаа өгдөг хятад шуудаатай ачааг жолооч нарт тараагаад өгч байсан. Шуудайтай зүйлийг цас хайлуулдаг давс гэж хэлсэн. Тэрнээс нь би 9 шуудайг аваад машиндаа хийсэн. Би давс л гэж ойлгосон. Хил дээр ирээд шалгуулсан чинь химийн хортой бодис гэж хэлсэн. Юу ачиж улсын хилээр орж ирж байгаагаа би шалгаагүй миний буруу гэв.
Иргэний нэхэмжлэгч Ш.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний нэр дээр ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Энэ машиныг би 2017 оны намар сар өдрийг нь сайн санахгүй байна хувь хүнээс 2 сая гаран төгрөгөөр худалдан авч байсан болохоор энэ нь миний өмч хөрөнгө байгаа юм. Би Б-г ахыг таньдаг болоод 3 жил гаран болж байна. Саяхнаас буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 маркийн бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг өдрийн 100 юаниар бодож өнөөдрийг хүртэл түрээслэж байсан юм. Бид 2 дундаа ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй амаараа тохиролцоод явж байсан. Б ах ч гэсэн мөнгөө хугацаанд нь өгөөд явж байсан. Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би Дорноговь аймгаас баруун хойш 7-8 км зайтай хөдөө явж байхад 11 цаг 53 минутанд Б ах над руу ... гэсэн өөрийнхөө утаснаас залгаад “би сая машинаа хураалгачихлаа чи цагдаа дээр очоод байцаалт өгөх боломж байна уу” гэсэн утгатай юм хэлсэн болохоос биш яг ямар зүйл болоод байгаа талаар огт хэлээгүй. Тэгээд сая таныг хэлэхэд л мэдэж байна. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд би шаардлагагүй гэж үзэж байгаа учраас оролцохгүй. Мөн хэргийн материалтай танилцахгүй гэжээ. /хх-ийн 36-37/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: За би ойлголоо энэ бодис нь би мэргэжлийн үүднээс хэлэхэд судалгаа шинжилгээний байгууллагад химийн урвалд ашигладаг мөн уул уурхай тэсрэх бодис чиглэлд үйлдвэрлэх чиглэлд ашигладаг. Жишээлбэл хүнсний чиглэлээр хиам үйлдвэрлэлд ашигладаг юм. Натрийн нитрит нь химийн хортой бодис мөн байгаль орчны яамнаас энэ төрлийн бодисийг оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай байдаг. Дээрх натрийн нитрит гэх бодис нь химийн хортой бодис учир байгаль орчин болон хүний биед хортой бодисийн жагсаалтанд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр МУ-ын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 дугаартай тушаалд жагсаалтанд оруулсан одоо хүчинтэй мөрдөгдөж байгаа. Дээрх 450 кг натрийн нитрит бодис оруулж ирэх талаар манай байгууллагад Б.Б гэж иргэнээс хандах тусгай зөвшөөрөл хүссэн асуудал бол байхгүй гэжээ. /хх-ийн 38-39/
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09:00 цагаас орой 20:00 цаг минутын хооронд БНХАУ-аас Монгол улс руу орох чиглэлд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байх хугацаанд буюу үдийн өмнө 10, 11 цагийн орчимд ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад авто машины ар талын багаж хэсэгт тус бүр 50 кг-ийн савалгаатай 9 шуудай хаяг шоштой, нунтаг цагаан өнгийн бодис химийн бодис мэт эд зүйл байсан бөгөөд тухайн бараа эд зүйлийг ямар учиртай бараа болох талаар асуухад жолооч Б.Б нь “миний бараа биш, хүний дайвар ачаа” гэж тайлбарлаж байсан. Ингээд бараа эд зүйлд нь дүгнэлт, шинжилгээ гаргуулахаар тээврийн хэрэгслийг түр саатуулж холбогдох арга хэмжээг авсан. Гаалийн ямар нэгэн мэдүүлэг бөглөөгүй байсан надад хэлэхдээ “тоортны цаасан хайрцагтай явж байгаа” гэж хэлж байсан, түүнд бараа эд зүйлийн дагалдах бичиг, тусгай зөвшөөрөл гэх мэт зүйл байгаагүй гэжээ. /хх-ийн 40-41/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гаалийн салбар лабораторит ажил үүргийн дагуу ажиллаж байхад манай ажлын Гаалийн улсын байцаагч С.Ц шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хамтаар цагаан өнгийн нунтаг дээжийг шинжилгээнд өгсөн. Тухайн дээжийг шинжлэн үзэхэд натрийн нитрит нэртэй химийн бодис байсан тул ... дугаартай сорилын дүнгээр хариуг хүргүүлсэн. Тухайн химийн бодис нь олон төрлөөр ашиглаж болдог. Уул уурхайн тэсэлгээний бодисын найрлагад ордог. Амьтаныг хордуулахад ашиглана, цемент бетон зуурмагийг нэмэлтээр хэрэглэдэг. Энэ бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад багтсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байсан. Тухайн химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвхөн тусгай зөрчилтэй аж ахуй нэгж байгууллага нэвтрүүлэх эрхтэй гэжээ. /хх-ийн 42/
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Танина. Б бид хоёр багадаа сагсан бөмбөг тоглож танилцаж байсан. Багаас нь мэднэ найз нөхөд Сайншанд суманд төрж өссөн. Нэг нутгийн хүмүүс. Ямар нэг төрөл садангийн холбоогүй. Б нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Бага насандаа тус сумын ерөнхий боловсролын сургууль төгссөн. Б нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ямар нэг муухай зан авиргүй. Даруухан зантай хүн. Найз нөхдийн дунд нэр хүнтэй, хүнд тусархуу хүн. Бага насандаа сагсан бөмбөг их тоглодог хүүхэд байсан. Миний мэдэж байгаагаар нэг удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар мэднэ. Өөр зүйл мэдэхгүй гэжээ. /хх-ийн 173-174/
Шинжээч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гаалийн салбар лабораторит ажил үүргийн дагуу ажиллаж байхад манай ажлын Гаалийн улсын байцаагч С.Ц шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хамтаар цагаан өнгийн нунтаг дээжийг шинжилгээнд өгсөн. Тухайн дээжийг шинжилж үзэхэд Натрийн нитрит нэртэй химийн бодис байсан тул №0003505 дугаартай сорилын дүнгээр хариуг хүргүүлсэн. Тухайн химийн бодис нь олон төрлөөр ашиглаж болдог. Үүнд уул уурхайн тэсэлгээний бодисын найрлаганд ордог, амьтаныг хордуулахад ашиглана, цемент бетон зуурамгийн нэмэлтээр хэрэглэдэг, хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлтээр хэрэглэдэг. Энэ бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад багтсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байсан. Тухайн химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага нэвтрүүлэх эрхтэй. Тухайн химийн бодис нь олон сар зориултын бус газар хадгалагдсан, мөн бодис нь өөрөө урвалын идвэхтэй учраас чанар нь муудсан байгаа. Тухайн бодисыг дахин ашиглаж болох талаар шинжилгээг илүү нарийвчилсан лабораторид шинжлүүлэх шаардлагатай гэжээ. /хх-ийн 189-190/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06/
Замын-Үүд дэх Гаалийн газар салбар лабораторийн сорилтын дүн /хх-ийн 10/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33/
А ХХК, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 50-53/
Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 69-71/
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбарууд, шүүгдэгч Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78-79, 81, 82/
Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 111-112/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 116/
Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 178-187/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 194/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хил болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр 9 шуудай бүхий нийт 450 кг жинтэй Натрийн нитрит нэртэй химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэм буруутай болох нь гэрч С.Ц “....улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад авто машины ар талын багаж хэсэгт тус бүр 50 кг-ийн савалгаатай 9 шуудай хаяг шоштой, нунтаг цагаан өнгийн бодис химийн бодис мэт эд зүйл байсан бөгөөд тухайн бараа эд зүйлийг ямар учиртай бараа болох талаар асуухад жолооч Б.Б нь “миний бараа биш, хүний дайвар ачаа” гэж тайлбарлаж байсан ингээд бараа эд зүйлд нь дүгнэлт, шинжилгээ гаргуулахаар тээврийн хэрэгслийг түр саатуулж холбогдох арга хэмжээг авсан.” мэдүүлэг, гэрч Б.Г “...Гаалийн улсын байцаагч С.Ц шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хамтаар цагаан өнгийн нунтаг дээжийг шинжилгээнд өгсөн. Тухайн дээжийг шинжлэн үзэхэд натрийн нитрит нэртэй химийн бодис байсан тул №0003505 дугаартай сорилын дүнгээр хариуг хүргүүлсэн. Тухайн химийн бодис нь олон төрлөөр ашиглаж болдог. Уул уурхайн тэсэлгээний бодисын найрлагад ордог. Амьтаныг хордуулахад ашиглана, цемент бетон зуурмагийг нэмэлтээр хэрэглэдэг. Энэ бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад багтсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэхүү натрийн нитрит нэртэй химийн бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад багтсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байх тул шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Эд мөрийн баримтар хураагдсан натрийн нитрит нэртэй химийн бодис нь шинжээч Б.Г “...олон сар зориултын бус газар хадгалагдсан, мөн бодис нь өөрөө урвалын идвэхтэй учраас чанар нь муудсан байгаа” /хх-ийн 189-190/ гэх мэдүүлэгээр цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байх тул эд мөрийн баримтыг устах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болох 9 шуудай бүхий нийт 450 кг жинтэй Натрийн нитрит нэртэй химийн хорт, аюултай бодисыг зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгах нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Б.У-н эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж тээврийн хэрэгсэлийн ар талын багаж хэсэгт ил ачиж улсын хилээр нэвтрүүлсэн болох нь гэрч С.Ц мэдүүлэгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ уг тээврийн хэрэгсэлийг ашигласан гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнийг гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байхын дээр түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцэж байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч өрхийн орлого тодорхойгүй байгаа нөхцлөөс хамаарч торгох ял шийтгэх нь тохиромжгүй учир дээрх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаанд оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2019 оны 12 сарын 05-ны 246, А/80 дугаартай захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтын 11.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 шуудай бүхий нийт 450 кг жинтэй Натрийн нитрит нэртэй химийн хорт, аюултай бодисыг зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б