| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0357/И |
| Дугаар | 353 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Бэлхийн 33 дугаар гудамж 5-69Б тоотод оршин суух, Өртөөчин овогт Дэмбэрэлийн Сүхбаатар /РД: ЕН50042218/-ын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Сүхбаатар, гэрч Ш.Ухна, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сүхбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие 1967 оны 06 дугаар сарын 10-наас Улаанбадрах сумын “Оргил” нэгдэлд барилгын бригадад туслах ажилтан, шаварчин, будагчин, мужаанаар 1968 оны 10 дугаар сараас Төв аймгийн Ар хусын сургууль комбинатад суралцаад тус сумын “Оргил” нэгдэлд 1969 оны 08 дугаар сарын 21-нээс тракторын жолоочоор 1970 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. Тэтгэвэрт гарах гэтэл энэ хоорондох баримтууд байхгүй болохгүй байгаа юм. Иймд тус сумын “Оргил” нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сүхбаатар нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Сүхбаатар нь 1967 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1968 оны 10 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд барилгын бригадад туслах ажилтан, шаварчин, будагчин, мужаанаар, 1969 оны 08 дугаар сарын 21-нээс 1970 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, цалингийн цэс, Оргил нэгдлийн даргын 1969 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ажилд томилсон тушаал, 1970 оны 01 дүгээр срын 14-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч Ш.Ухна, Б.Төмөрбаатар нарын тодорхойлолт болон мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Д.Сүхбаатарыг улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өртөөчин овогт Дэмбэрэлийн Сүхбаатар /РД: ЕН50042218/-г 1967 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1970 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд барилгын бригадад туслах ажилтан, шаварчин, будагчин, мужаан, тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ