Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                            

улсын яллагч Н.Дуламсүрэн,

хохирогч Б.Батхүү,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06976 0236 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т. М, 1997 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 54-766 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22:00 цагийн үед Шар хадны автобусны буудал дээр иргэн Б.Батхүүг нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж биед нь эрүү ясны зүүн үелэх сэртэнгийн далд хугарал, тархи доргиль, дээд нэг шүдний эмтрэл, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Б.Батхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шархадны эцэст найзтайгаа дэлгүүр орчихоод гарч байсан. Тэр өдөр Т.М нь хажуугаар зөрөх гэж байгаад намайг мөргөхөөр нь би түлхсэн. Тэгээд Т.Мтэй маргалдсан. Т.М нь намайг цохисон. 192,600 төгрөг авсан. Хагалгаанд орох зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Б.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22:00 цагийн үед Ганзориг гэдэг найзтайгаа хамт дэлгүүрээс тамхи авчихаад Шархадны автобусны буудал дээр явж байтал өмнө нь зүс таньдаг байсан. М гэдэг залуутай тааралдсан. Тэгтэл манай найз Ганзоригийг хоёр залуу салгаад цааш нь авч явсан. М гөлөг гэх мэтээр доромжлоод чамайг ална гээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход би газар унасан. Тэгтэл эрүү нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн...гэртээ ортол миний зүүн талын чихнээс цус гараад байхаар нь би түргэн дуудсан. Түргэний эмч ирж үзээд намайг өөрөө ГССҮТ-д очиж үзүүл гэж хэлэхээр нь би ээжтэйгээ хамт такси бариад очиж үзүүлсэн. Миний 2 чихнээс цус гараад бас шүдний даалан унасан байсан одоогоор тархи толгой өвдөөд зүүн чих юм сонсох нь бага болсон шөнө ч унтаж чадахгүй байна. Одоо эрүүний хагалгаанд орох болоод байгаа ба цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Надад 192.600 төгрөгийн баримт байгаа, дээр нь 1 сар ажлаа хийж чадаагүй сарын цалин 1.800.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/,

Яллагдагч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Батхүүг цохиж зосон нь үнэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлт дээр бичигдсэн Б.Батхүүгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13913 дугаартай дүгнэлт:

  1. Б.Батхүүгийн биед эрүү ясны зүүн үелэх сэртэнгийн далд хугарал, тархи доргилт, дээд нэг шүдний эмтрэл, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 23/, хохирогч Б.Батхүүгийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 26-33/, хурьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22:00 цагийн үед Шар хадны автобусны буудал дээр иргэн Б.Батхүүг нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж биед нь эрүү ясны зүүн үелэх сэртэнгийн далд хугарал, тархи доргиль, дээд нэг шүдний эмтрэл, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Батхүүгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22:00 цагийн үед ...Шархадны автобусны буудал дээр явж байтал өмнө нь зүс таньдаг байсан. М гэдэг залуутай тааралдсан. Тэгтэл манай найз Ганзоригийг хоёр залуу салгаад цааш нь авч явсан. М гөлөг гэх мэтээр доромжлоод чамайг ална гээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход би газар унасан. Тэгтэл эрүү нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн...гэртээ ортол миний зүүн талын чихнээс цус гараад байхаар нь би түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Батхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар 192.600 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Т.М нөхөн төлсөн болохыг дурьдав.

Мөн хохирогч Б.Батхүү нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Т.Мд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мд 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Мийн урьд цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /168 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 532 /таван зуун гучин хоёр/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  Т.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 192.600 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Б.Батхүү нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР