Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 531

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч Н.Дуламсүрэн,

шүүгдэгч Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06157 0527 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Гт, 1977 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Чойрсүмбэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор захад ачигч ажилтай, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 9-128 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10  дугаар сарын 14-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн П.Амгаланбаатарын баруун гуян тус газар хутгалж гүн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч П.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Амгалан захын лангуун дээр ажиллаж байгаад 18 цагийн орчим ажил тараад хамт ажилладаг Гтэй хамт гэр лүүгээ явах замдаа буюу Хонхорын колонкын автобусны буудал дээр буугаад бид хоёр  дэлгүүр орж 0.75 граммын Монгол стандарт архи нэг шилийг аваад гэр лүүгээ алхах замдаа ууж яваад Г бид хоёр маргалдаж, Г халааснаасаа хутга гаргаж ирээд миний баруун хөлний гуян тус газар өнөөх хутгаараа 1 удаа хутгалсан. Тэгээд Гийн гэрт очоод байж байтал Гийн эхнэр Оюунгэрэл гаднаас орж ирсэн. Тэгээд бид хоёроос юу болсон талаар асуухад нь би Оюунгэрэлд хандаж би төмөр замын торон доогуур гарах гэж байгаад хөлөө төмөрт хатгачихлаа гэж худал хэлсэн. Тэгсэн Оюунгэрэл түргэн дуудаж, би цэргийн эмнэлэг дээр очиж хөлөндөө боолт хийлгэсэн. Тэгээд цагдаа нар ирж байна гэхээр нь Г бид хоёр эмнэлгээс гараад зугтаачихсан. Г бид хоёр урьд нь 2019 оны намар самранд явж байгаад түүсэн самарнаасаа болоод хоорондоо маргалдсан юм. Тэгсэн тэр асуудлыг би сөхөж яриад л бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч Г миний баруун хөлөн тус газар хутгалчихсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 Гэрч Б.Оюунбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэр рүүгээ явж цэнэглэгчээ авах гээд 23 цагийн орчим явж байтал Амгаланбаатар, Г хоёр манай гэр лүү орж байсан. Би араас нь гэр лүү яваад ортол манай нөхөр Г, Амгаланбаатар хоёр шал согтуу Амгаланбаатарын баруун хөлөн тус газар цус гарсан бололтой өмд нь цус болчихсон байхаар нь би өмдийг нь тайлуулаад хартал Амгаланбаатарын баруун талын гадна гуянд хутгалж тус газар нь зүсэгдсэн юм шиг шарх байсан. Тэр шархнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2823 тоот дүгнэлтэд: 

  1. П.Амгаланбаатарын биед баруун гуянд сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 29-30/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-42-52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10  дугаар сарын 14-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн П.Амгаланбаатарын баруун гуян тус газар хутгалж гүн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч П.Амгаланбаатарын: “...2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Амгалан захын лангуун дээр ажиллаж байгаад 18 цагийн орчим ажил тараад хамт ажилладаг Гтэй хамт гэр лүүгээ явах замдаа буюу Хонхорын колонкын автобусны буудал дээр буугаад бид хоёр дэлгүүр орж 0.75 граммын Монгол стандарт архи нэг шилийг аваад гэр лүүгээ алхах замдаа ууж яваад Г бид хоёр маргалдаж, Г халааснаасаа хутга гаргаж ирээд миний баруун хөлний гуян тус газар өнөөх хутгаараа 1 удаа хутгалсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч П.Амгаланбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Гд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Гт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Гд 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Гд нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР